Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад УИХ дахь АН-ын бүлгээс нэр дэвшсэн ч намынхаа ҮЗХ-ны хурал дээр ялагдсан Р.Амаржаргал гишүүн “Өнөөдөр” сонинд “Бид маргааш, нөгөөдөр, нөгөөдрийн маргаашийг яаж туулах вэ?” хэмээн өнөөгийн эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгсөн ярилцлага өгчээ. Тэрээр “Монголд хамгийн ховор, нандин зүйл бол хүн. Ялангуяа мэдлэг боловсролтой, ур чадвартай, ёс суртахуунтай, өндөр сахилга бат, хариуцлагатай боловсон хүчин. Хамгийн үнэтэй капиталуудаа улс төрийн намууд нь үзэл бодол, намын батлахаар нь ялгаварлан гадуурхаж, гудамжинд гаргадаг байдлаа орхих ёстой. Энэ бол Монголын хувьд хэтэрхий тансаглал. Одооноос намын харьяаллаас үл хамааран чадалтай хүнийг бүрэн хэмжээгээр ашиглах тогтолцоо бий болгох нь гуравхан сая монголчуудын хувьд орших, эс оршихын асуудал шүү” хэмээн анхааруулсан байв. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал шинэ Засгийн газар хэрхэн ажиллах талаар өөрийн бодлоо ярьсныг нь товчлон хүргэж байна.
Шинэ Засгийн газар эдийн засгийн хямралыг сааруулна, тулгамдаж буй олон чухал асуудлыг шийднэ гэвэл сайд нараа мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлээд, хэрэгжүүлэх гэж байгаа бодлогоо нээлттэй болгох нь зүйтэй. Ингэж чадвал төр засагт, Засгийн газарт итгэх олны итгэл сэргэнэ.
Засгийн газрын танхимаа УИХ дотроос биш, гаднаас томилбол илүү эрүүл харагдах байх. Шинэ Засгийн газар эрдэмтэд, судлаачдаа түшиж ажиллаасай гэж бодож байна.
Сүүлийн жилүүдэд судалгаа шинжилгээнд тулгуурласан шийдвэр огт гарахаа больсон. Маш сайн судалсан эрдэм шинжилгээний экспертүүдийн түвшинд хэлэлцсэн бодлогыг ажил хэрэг болгоход анхаараасай.
Улс төрийн намуудын итгэлийг даах хэмжээнд ажиллаж байж Засгийн газраа тогтвортой байлгана. Ажлаа хийж чадахгүй байгаа нөхдөд хариуцлага тооцож, болохгүй бол халж, солих хүртэл арга хэмжээ авах ёстой.
Шинэ цаг үе, шинэ хөгжилд нийцсэн засаглалын тотолцоо, төрийн механизм, санхүү эдийн засгийн бүтэц бий болгож, хүн ам зүйн бодлого хэрэгжүүлэх ёстой.
Эдийн засаг уул уурхайгаас ихээхэн хамааралтай болсон. Үүний сөрөг тал нь бид голланд өвчин нэрвэгдсэн. Одоо үүнээс яаж гарах вэ гэдгээ сайн ярих хэрэгтэй. Уг нь үүнээс гарах маш ойлгомжтой шийдлүүд бий. Хамгийн гунигтай нь барьж аваад, зоригтой шийдэж чадахгүй байгаа юм.
Уул уурхайн хөгжлийг дагаад том гүрнүүдийн сонирхолын зөрчил илэрч байна. Гэхдээ тэдний сонирхол зүгээр илэрдэггүй. Улс төрийн тодорхой хүчин, улс төрч, бизнесийн тодорхой группээр дамжин гарч ирдэг. Ийм учраас Монголын төр, эдийн засаг хэврэгшээд байна. Эдийн засаг хэдий чинээ хэврэг, төрийн тогтолцоо нь улс төржиж томорч байна, төдийчинээ гадныханд ашигтай байх нь тодорхой. Тийм тохиолдолд тэд өөрсдийн байр суурь, ашиг сонирхлоо бидэнд тулгах, шаардах хүч нь нэмэгдээд байгааг анхаарах ёстой.
Уул уурхай дагасан гадныхны ашиг сонирхол эдийн засагт нөлөөлөөд зогсохгүй, төр, төрөөр дамжуулж үндэсний болон тусгаар тогтнолын аюулгүй байдалд заналхийлсэн хүчин зүйл болох вий. Энэ бүхэн Монголыг дорвитой хөгжихөд саад болж байна. Эхний ээлжинд үүнд тулгуурлаж бид цааш яах ёстой, юу хийх ёстой вэ гэдгээ тал бүрээс нь хэлэлцэх хэрэгтэй байна. Асуудлаа олж тодорхойлоод УИХ, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрт тусгаад цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой.
Монгол Улс хүн ам зүйн асуудлаа одоо анхаарахгүй бол оройтно. Одоогийн байдлаар хүн амын өсөлт 2.8 хувьтай байгаа. Гэхдээ энэ өсөлтийг ажиллах хүчний эрэлт, эдийн засгийн өсөлттэй харьцуулахаар асуудал үүсч байгаа юм. 2023 он гэхэд 1960-1970 оныхон тэтгэвэрт гарна. Энэ үед ажиллах хүч багасна. Гаднаас ажиллах хүч авна гэвэл хүн амын гурваас илүү хувийг эзлэхээр байгаа. ...Биднийг чиглэж яваа ийм хүндрэлүүдийг бид яаж шийдэх вэ гэдгээ одоо л хэлэлцэх ёстой юм. Хуримтлагдаж буй эдгээр бэрхшээлийг шийдэх эхлэл, суурийг шинэ Засгийн газар тавьж чадвал сайн.
Монголын эдийн засгийн аюулгүй байдлын амин сүнс бол түлш эрчим хүч. Монгол Улс өөрсдөө ганц литр бензин, шатахуун үйлдвэрлэдэг болох хэрэгтэй байна. Нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг техник технологи эзэмшээд, цахилгаан эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэдэг болчихмоор байна. Энэ хоёрыг хийж чаддаг болсон цагт Монгол Улс хэнтэй ч, юу ч ярих хэмжээнд хүрнэ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өгөх Баабарын 10 зөвлөгөө
"Өнөөдөр" сонин 2014.11.24
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт