ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Таргалалтын талаар бидний мэдээгүй нууц

    Таргалалт гэдэг нь эд эрхтэн, арьсан дор хэвийн бус өөхний хуримтлал буюу биеийн жин хэт нэмэгдэх бодисын солилцооны эмгэг юм. Таргалалтын үндсэн шалтгааныг дурьдвал:Хоол тэжээлээр авч байгаа илчлэг, илч зарцуулалт, авбал зохих илчлэгийн тэнцвэр алдагдах; хөдөлгөөний хомсдол; өөхөн эд, өөхлөг эдээс ялгарах даавруудын нөлөө юм. Эдгээрт нөлөөлөх гол хүчин зүйлүүд гэвэл:

    • Өөх тос, нүүрс ус ихтэй хоол, түргэн хоол, хийжүүлсэн ундаа, чихэр шоколад зэргийг ихээр хэрэглэх.
    • Хөдөлгөөний хомсдол, буруу дадал хэвшил
    • Стресс, нойргүйдэл, ажлын хэт ачаалал
    • Хорт зуршил /шар айраг, архи, тамхи/
    • Дотоод шүүрлийн зарим эмгэгүүд
    • Эм, эмийн бүтээгдэхүүн/кортикостероид, антидепрессант/
    • Төв мэдрэлийн тогтолцооны зарим эмгэгүүд/тархи гэмтэх, үрэвсэх, хавдар/
    • Удамшлын хүчин зүйл /Ген болон гэр бүлийн /гэх мэт

    СҮҮЛИЙН СУДАЛГААНААС ХҮН АМЫН ХЭДЭН ХУВЬ НЬ ТАРГАЛАЛТТАЙ ГЭЖ ГАРСАН БЭ?

    Монгол Улсын хувьд “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний судалгааг 1992 оноос хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 2017 онд Үндэсний 5 дахь удаагийн судалгааг хийгээд байна. Эдгээр судалгаагаар жил ирэх тусам хүн амын хоол тэжээлийн байдал өөрчлөгдөж улмаар таргалалт биеийн жингийн илүүдэлтэй хүмүүсийн эзлэх хувь өссөн дүн харагдаж байна. Үндэсний 5 дугаар судалгааны зарим үр дүнгээс дурьдвал илүүдэл жин ба таргалалтын тархалт 5 хүртэлх насны хүүхдэд 11.7 хувь, 6-11 насны хүүхдэд 28.6 хувь, 15-49 насны эмэгтэйчүүдэд 46 хувь, 15-49 насны эрэгтэйчүүдэд 49 хувь тус тус байна.

    ТАРГАЛАЛТ ЯМАР ӨВЧИН ҮҮСГЭХ ЭРСДЭЛТЭЙ ВЭ?

    Чихрийн шижин, цусны даралт ихсэх, тархинд цус харвах, судас хатуурах, зүрхний шигдээс, элэг өөхлөх, хатуурах, ясны сийрэгжилт, цөс чулуужих, нойр булчирхайн үрэвсэл, ходоод сунах, шархлах, бодисын солилцооны хам шинж, хавдар гэх мэт маш олон өвчний шалтгаан, эрсдэлт хүчин зүйл болж байна. Зарим нэг судалгааны тоо баримтаас дурьдвал БЖИ 25 ба түүнээс дээш хүмүүс чихрийн шижин өвчөнөөр хэвийн жинтэй хүнээс 9 дахин их, БЖИ 30 ба түүүнээс дээш бол 40 дахин ихээр өвчилдөг байна.

    Цусны даралт ихсэх өвчтэй нийт өвчтөнөөс эрэгтэйчүүдийн 78% нь, эмэгтэйчүүдийн 64% нь таргалалттай байсан. Биеийн жин 10%-иар нэмэгдэх тутамд цусны плазмын холестрины хэмжээ 0.3 ммольл, илүүдэл 4.5 кг тутамд цусны даралт эрэгтэйд 4.4 мм.муб, эмэгтэйд 4.2 мм.муб-р нэмэгддэг.

    Чихрийн шижин өвчний хувьд БЖИ 30-34 буюу таргалалтын 1-р зэргийн үед 2 дахин, БЖИ 35-39 буюу 2-р зэргийн таргалалттай үед 5 дахин, БЖИ 40-с дээш буюу 3-р зэргийн таргалалттай үед 10 дахин их өвчлөх магадлалтай байдаг. Иймээс илүүдэл жин, таргалалттай хүмүүс чихрийн шижин өвчнөөр өвчлөмтгий бөгөөд ЧШӨ-ний хүндрэл болох нүдний хараа муудах, сохрох, бөөрний дутагдалд орох, хөлийн судасны нарийсал, хөлөө тайруулах зэргээр хөдөлмөрийн чадвараа алдах,хөгжлийн бэрхшээлтэй болох,эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл санааны маш их хохирол амсаж байна.

    ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААС ТАРГАЛАЛТТАЙ ЯМАР БАЙДЛААР ТЭМЦДЭГ ВЭ?

    Олон төрлийн судалгаа хийж дүгнэлт гарган, үе шаттай арга хэмжээг авч байдаг. Жишээ нь: чихэр, давсны хэрэглээг бууруулах, идэвхитэй хөдөлгөөний зөвлөмж гаргасан. Мөн илчлэг өндөртэй тэжээллэг чанар багатай чихэрлэг ундаа зэрэг “эрүүл бус” хүнсний татварыг нэмэгдүүлэх, хүүхдэд чиглэсэн худалдааны зар сурталчилгааг албан журмаар хориглох замаар хэрэглээг хязгаарлахыг зөвлөсөн байдаг.

    Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд өөр өөр байдлаар таргалдаг гэж сонссон. Энэ нь юунаас болдог вэ?

    Эр, эм хүмүүсийн физиологийн онцлог, биеийн галбиртай холбоотойгоор дийлэнх хүмүүст өөхний тархалт 2 янзын хэлбэрээр илэрч байдаг. Биед хуримтлагдсан өөхөн эдийн хэмжээ ба байрлалаар нь :

    1. Эрэгтэй буюу алим хэлбэрийн таргалалт: Хэвлийн ба төвийн таргалалт энэ нь өөхний үндсэн хуримтлал нь хэвлий, хэвлийн урд хана, их бие, нүүр, хүзүү хэсгээр байрладаг.
    2. Эмэгтэй буюу лийр хэлбэрийн таргалалт: Глютеофемораль хэлбэрийн таргалалт энэ нь гуя, өгзөгний хэсэгт өөх хуримтлагддаг.

    Биед агуулагдах өөхлөг эдийн хэмжээг биеийн жин, биеийн жингийн индекс /БЖИ/, бүсэлхийн тойрог /БТ/, ташаан тойрог /ТТ/-ийн үзүүлэлтүүдээр үнэлдэг.

    Бүсэлхийн тойргийн үзүүлэлт: Хэмжилтийг миллиметрийн туузан метрээр хүнийг эгц зогсоож, гэдсийг чөлөөтөй байлган,хүйсийг тааруулан нүцгэн биен дээр хэмжилт хийнэ. Энэхүү үзүүлэлт нь эрэгтэйд 90 см-ээс бага, эмэгтэйд 80 см-ээс бага байвал хэвийн гэж үнэлнэ.Харин энэ хэмжээнээс ихэссэн тохиолдолд тухайн хүний БЖИ хэвийн байсан ч, төвийн таргалалттай буюу халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэлтэй гэж үзнэ.

    Биеийн жингийн үзүүлэлт: Биеийн жинг насанд нь /хүүхэд/ эсвэл өндөрт /насанд хүрэгсдэд/ харьцуулан тооцож таргалалтыг илрүүлдэг.

    Байвал зохих эрүүл жинг тооцох томъёо:

    • Байвал зохих эрүүл жин =(Биеийн өндөр / м)2 х Тогтмол тоо
    • Тогтмол тоо: Эр=22,Эм =21

    Биеийн жингийн индексийг тооцох томъёо:

    Тураал

    <18.5

    Хэвийн

    18.5 – 24.9

    Илүүдэл жин

    25 – 29.9

    Таргалалтын I зэрэг

    30 – 34.9

    Таргалалтын IIзэрэг

    35 – 39.9

    Хэт таргалалт буюу Таргалалтын IIIзэрэг

    40 <

    Жишээ нь:Биеийн өндөр - 160 см буюу 1.6 метр, жин 61.5 кг эрэгтэй хүний байвал зохих эрүүл жин, БЖИ-ийг тооцон олцгооё.

    БЗЭЖ =(1.6 х 1.6)х 22 =56.32 кг БЖИ =61.5 кг / (1.6 х 1.6)м =24 Хэвийн жинтэй

    ХҮҮХДИЙН ТАРГАЛАЛТЫН ТУХАЙД ЯМАР БАЙНА ВЭ?

    Аливаа улс орны хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн үзүүлэлт нь хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндтэй шууд холбоотой бөгөөд ихэнх архаг өвчний суурь нь өсвөр наснаас тогтсон буруу зан үйлээс үүдэлтэй болохыг судлаачид нотолсон. Жирэмсэн эхийн хоол тэжээлийн байдал, биеийн жингийн илүүдэл нь хүүхэд илүүдэл жин таргалалттай төрөх, хүүхэд насандаа илүүдэл жинтэй болох эрсдлийг дагуулдаг.

    2016 оны статистикаар, дэлхий дээр 5-19 насны 340 сая хүүхэд илүүдэл жин, таргалалттай гэсэн судалгааны дүн байна.

    Манай улсын хүн амын 25 орчим хувийг 5-19 насныхан буюу өсвөр үеийнхэн эзэлж байна. “Монголын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний 5 дугаар судалгаагаар 6-11 насны сурагчдын 28.6% илүүдэл жин, таргалалттай байна. Хүүхэд өсвөр үеийн таргалалт жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь бидний анхаарлыг хамгийн татаж буй цаашид аюул дагуулж болох тулгамдсан асуудал болоод байна .Судалгаанаас үзэхэд хүүхдийн илүүдэл жин, таргалалт 2009 онд 9.1%, 2013 онд 12.1% байсан бол 2017 онд 28.6% болж огцом өссөн байна.

    Хүүхдийн таргалалтад нөлөөлөх олон шалтгаануудын заримаас дурьдвал: сургуулийн орчин дахь хүнсний бүтээгдэхүүний худалдаа,үйлчилгээний байдалд хийсэн судалгаагаар чихэр, чихэр ихтэй хүнс,хийжүүлсэн ундаа,төрөл бүрийн чихэрийн агууламж өндөртэй ундаанууд,шоколад,жигнэмэг, гурилан бүтээгдэхүүн,түргэн хоол, исгэгч агуулсан бүтээгдэхүүнүүд ихээр худалдаалагдаж байгаа нь тогтоогдсон ба эдгээр бүтээгдэхүүний байнгын болон илүүдэл хэрэглээ нь сургуулийн хүүхдүүдийн таргалалтад шууд нөлөөлж байна.

    Мөн амьдралын хэв маяг өөрчлөгдөж нэг гэр бүлд байх хүүхдийн тоо цөөрөх, хүүхдийн хөдөлгөөний дутагдал, цахим орчин, телевиз кино гэх мэт зүйлүүд ихээр нөлөөлж байна.

    ТАРГАЛАЛТААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ЮУ ХИЙХ ВЭ?

    • Хөдөлгөөний хомсдолд орохоос сэргийлж биеийн тамир, спортоор хичээллэх, идэвхитэй амьдралын дадал хэвшилд сургах, ТВ үзэх, компьютер тоглоом тоглох цагийг хянах,хязгаарлах,гэрийнхээ ажилд туслуулах, цахилгаан шат хэрэглэхгүй байх, биеийн жингээ тогтмол хэмжиж,хянадаг дадлыг хэвшүүлэх.
    • Таргалалт бол хэвийн үзэгдэл биш бөгөөд хүний биед үүсэх ихэнх эмгэгийн суурь болдог тул эрүүл мэндэд уршигтай өвчин гэдгийг хувь хүн бүрт ойлгуулах, насанд хүрэгчид жингээ тогтмол хэмжиж, БЖИ-ийг 24.9-с ихгүй байлгахыг эрмэлзэх.
    • Өөрийн амьдралын хэв маягаа үнэлдэг байх.Үүнд:
    • Илчлэг ихтэй хоол хэрэглэдэг эсэх - Чихэр, чихэртэй бүтээгдэхүүн, өөх тос ихтэй хоол хүнс ба утсан бүтээгдэхүүн хэр хэрэглэдэг вэ ?
    • Хооллох хэв маягаа үнэлэх – Хурдан иддэг, хэр зэрэг хэмжээтэй иддэг, голчлон ямар хүнс хэрэглэдэг, хооллох үедээ ном,сонин уншдаг эсэх, хэр зажилж иддэг, давс ихтэй хоол хүнс хэрэглэдэг гэх мэт
    • Хөдөлгөөний идэвхээ үнэлэх – Суугаа ажил эрхэлдэг эсэх, явган явдаг, машинаар явдаг, дасгал хийдэг эсэх, спорт тоглоом тоглодог эсэх
    • Амьдралын эрүүл хэв маягт суралцах – Биеийн жингээ тогтмол хэмжиж, хянаж хэвших, Эрүүл хоол хүнс сонгож хэрэглэх, хооллолтын буруу зан үйлээ өөрчлөх, идэвхитэй хөдөлгөөн, дасгал хийж хэвших
    ИЛҮҮДЭЛ ЖИНГЭЭС БОЛЖ АМЬ НАСАА АЛДАХ ТОХИОЛДОЛ ЭЛБЭГ БАЙДАГ УУ?

    Таргалалтаас болж шууд нас барах нь ховор боловч таргалалтын улмаас үүсэх өвчөний хүндрэлээр нас барах нь их байна. ДЭМБ-ын дүгнэлтээр биеийн жин 10%-иар нэмэгдэхэд эрэгтэчүүдийн 11%, эмэгтэйчүүдийн 7%-д нас баралт нэмэгддэг гэжээ.

    Таргалалттай хүмүүсийн нас баралтыг харьцангуй эрүүл хүмүүстэй харьцуулахад тархинд цус харвалт 4 дахин их, зүрхний шигдээсээр нас баралт 5 дахин их байна. Иймээс илүүдэл жин таргалалттай хүмүүсийн дундаж наслалт 7-12 жилээр бага байдаг байна.

    Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй