Өглөө худалдаж авсан эмийн үнэ орой болоход хэрхэн өөрчлөгдөхийг таашгүй. Харин өглөө дүүрэн хүнтэй байсан эмийн сан орой ч адил хөл гишгэх зайгүй хэвээр. Энэ нь эмийн үнэ нэмэгдсэн ч худалдан авагчдын тоо цөөрдөггүйг илтгэнэ. Хүмүүс түр ч атугай өвчнөө мартахын тулд “шидэт” үрэл болох эм, бэлдмэлд мөнгө зарцуулахдаа гар татдаггүй.
Хүн амын өвчлөл, улирлын чанартай сэдрэх элдэв эмгэгийг далимдуулан эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангууд аманд орсон үнээрээ бизнесээ цэцэглүүлж байна. Манай улс эм, бэлдмэлийнхээ 80 орчим хувийг импортолдог. Энэ хэрээр гааль, татвар, замын зардал, ажилчдын хөлс гээд нэмүү өртөг шингэдэг учир үнэ нь нэмэгдэхээс өөр аргагүй гэж энэ төрлийн худалдаа эрхлэгчид хэлдэг. Үүнийг үгүйсгэх аргагүй. Гэвч эцэстээ гааль, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан гээд олон шат дамжиж өртөг шингээсээр “ирсэн” эмийг худалдан авснаараа иргэдийн халаас л нимгэрч байна.
Дэлхий нийтээр эрүүл мэндийн салбарт эмийн хэрэглээний зардал хурдацтай өсөж буй. Манай улс энэ өсөлтийг зохицуулахын тулд эмийн бүтээгдэхүүний үнэд хяналт тавьж эхлэхээр зорьж байгаа юм. Ингэснээр эмзэг давхаргын иргэдийн халааснаас гарах төгрөгийг хэмнэж, эрүүл мэндийн салбар дахь эмийн зардлыг хянах гэнэ. Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан гаргажээ. Уг тайланд дурдсанаар Монголын эм ханган нийлүүлэх байгууллагуудын дундаж нэмэгдэх хэмжээ 17.4 хувь байгаа нь бага дунд орлоготой бусад улсын түвшинтэй (12.7 хувь) харьцуулахад өндөр гарчээ.
Тиймээс гурван аргаар эмийн үнийг бууруулж болох гэнэ. Тодруулбал, эмийн бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарт худалдах эмийн бүтээгдэхүүний үнэд нэмэгдэх хэмжээг хянах, зайлшгүй шаардлагатай эмийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, Эрүүл мэндийн даатгалын санд жишиг үнэ нэвтрүүлэх аж. Ингэхдээ эхний ээлжинд зөвхөн зайлшгүй шаардлагатай эмэнд нэмэгдэх дээд хэмжээг тогтоохыг ЭМЯ-нд зөвлөжээ.
Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад нэн шаардлагатай бус эмүүд багтсан нь үнийн ачааллыг нэмэгдүүлж буйг хаана хаанаа хүлээн зөвшөөрдөг
Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад нэн шаардлагатай бус эмүүд багтсан нь үнийн ачааллыг нэмэгдүүлж буйг хаана хаанаа хүлээн зөвшөөрдөг. Нэг жишээ хэлэхэд, 2015 онд Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн 51 хувийг зөвхөн таван эмэнд зарцуулжээ.
Тодруулбал, гурав нь даралт бууруулах эм, хоёр нь эмчилгээний үр нөлөө нь хангалттай нотлогдоогүй бүтээгдэхүүн байж. Өөрөөр хэлбэл, өргөн хэрэглээтэй 30 эмийн дунд байгаа зайлшгүй шаардлагатай бус, үр нөлөөгүй, хуучин таван эмийг жагсаалтаас хасахад 3.48 тэрбум төгрөгийн буюу даатгалын төсвөөс 21.7 хувийг хэмнэх боломжтой аж. Тиймээс энэ жагсаалтыг өөрчлөх, шинэчлэх эмийн нэр, төрлийг цөөлөх цаг болжээ. Үүнд ч харьяа яам нь анхаарч буй сурагтай.
Манай улс 1992 онд эмийн үнийг зохицуулж эхэлсэн байдаг. Эмийн үнийн хороог ЭМЯ-нд байгуулж, импортын болон дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний үнийг баталж байсан ч 1997 онд үйл ажиллагааг нь зогсоожээ. Харин 1999 оноос эмийн бүтээгдэхүүнд 10 хувийн НӨАТ ногдуулж эхэлсэн байна.
Энэ нь иргэдийн нуруунд давхар ачаа болж буйг дээрх судалгаан гаргасан мэргэжилтнүүд онцлов. Засгийн газраас зайлшгүй шаардлагатай эмийг гаалийн татвараас чөлөөлж, мөн НӨАТ-ыг тэглэснээр зайлшгүй шаардлагатай эмийн зардлыг 11.5-15.5 хувиар бууруулж болох гэнэ. Зайлшгүй шаардлагатай эмийн импортын татварын тав, НӨАТ-ын 10 хувийг хөнгөлөх нь Төрөөс эмийн талаар баримтлах бодлогод туссан зайлшгүй шаардлагатай эмийн худалдан авах боломжийг нэмэгдүүлэх зорилтод хүрэхэд хялбар аж.
Эмийн үнийн бодлого, тогтолцооны талаарх техникийн тайлан боловсруулахад оролцсон, Эмийн үндэсний зөвлөлийн зөвлөх З.Зузаанаас уг тайланд дурдсанчлан эмийн үнийг бууруулах боломжтой, эсэхийг лавлахад “Улс орнуудын эмийн үнийн бодлогын талаарх ДЭМБ-ын удирдамжид тусгасан олон улсын шилдэг туршлагыг энэ тайланд ашигласан. Зайлшгүй шаардлагатай эм болон тус жагсаалтад орсон эмийн түүхий эдийг импортын татвараас чөлөөлөх, НӨАТ-ыг тэглэх, нөгөө талаас жишиг үнэ тогтоосноор эмийн үнийг бууруулж болох юм” гэв.
Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлж буй эм тус бүрт өөрийн улс дахь жишиг үнийг (ихэвчлэн хамгийн бага үнэтэй ерөнхий нэршлийн эмийн үнэ) ашигладаг юм байна. Тиймээс хамгийн хямд үнэтэй ерөнхий нэршлийн эмийн үнийг ашиглан дотоодын жишиг үнэ тогтоохыг харьяа яаманд нь зөвлөсөн гэнэ. Засгийн газар үнэ нэмэгдэх дээд хэмжээг эм ханган нийлүүлэх байгууллагатай хэлэлцэн тохиролцох шаардлагатай аж.
Уг хэмжээг тогтоохдоо аль болох олон улсын бөөний үнэд нэмэгдэх дээд хэмжээний медиан (тухайн бүтээгдэхүүний үнэ Монгол ба олон улсын жишиг үнэ хоорондын индекс) болох 12.7 хувьд дөхөх нь хамгийн тохиромжтой гэнэ. Тайланд санал болгосон зөвлөмжийг хэрэглэх нь эмийн сангууд хэт их ашиг олохыг хязгаарлаж, улмаар өвчтөн болон Эрүүл мэндийн даатгалын сангийг орлогыг хамгаалах юм байна. Гэхдээ эдгээр зөвлөмжийг шууд хөрсөнд буулгах боломжгүй. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд тусгах болон эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт