ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхдээ хуруугаа хөхөх зуршлаас нь хэрхэн салгах вэ?

    Хүүхдээ хуруугаа хөхөж эхлэх үед шууд болиулах гэсний хэрэггүй. Энэ зуршлыг аажим аажмаар болиулах гэж оролдон, хүүхэд тань үүнээс өөрөөр тайвширах аргыг олтол нь хүлээ. Мөн хүүхдээ аль болох уурлуулж, уйлуулж, сандаргахгүй байхыг хичээгээрэй. Үргэлж сэтгэл нь зовинож, айж түгшиж байдаг хүүхэд их сургуульд орсон хойноо ч хуруугаа хөхөж тайвширдаг зуршлаа хаяж чадахгүй байх тохиолдол байдаг. Хүүхдийн хувьд уг зуршлаасаа салах нь тун хэцүү. Тиймээс эцэг эх нь янз бүрийн арга хэрэглэж, ихээхэн хичээл зүтгэл гаргасан ч талаар болж, хүүхэд хуруугаа хөхсөөр л байдаг. Ялангуяа 5, 6 нас хүртлээ уг зуршлаасаа салж чадаагүй бол байдал улам л төвөгтэй болох болно. Тиймээс удахгүй сургуульд орох гэж байгаа хүүхэд тань хуруугаа хөхсөөр л байгаа бол дараах аргыг хэрэгжүүлээд үзээрэй.

    1. Олон нийтийн газар хуруугаа хөхөхийг хориглохыг хичээж, харин гэртээ хөхөхийг нь хязгаарлахгүй байвал зохино.

    2. “Битгий хөхөөд бай”, “Үүнээс хойш эрхий хуруугаа хөхөж болохгүй” зэргээр загнаж, зандарч харьцах нь төдийлөн тус болохгүй. Хүүхдийг айлгаж, сандаргасанаар зуршилд нь улам автуулах эрсдэлтэй. Тиймээс үүний оронд түүнийг ойлгохыг хичээж, хуруугаа хөхөөгүй үед нь магтаж, бахархаж байгаагаа илэрхийл.

    3. Хүүхэддээ хуруу хөхөх нь буруу зуршил гэдгийг сайн ойлгуулж, ярилцах нь үр дүнтэй арга юм. Хэрвээ хүүхдийг хуруугаа хөхөх болгонд нь уурлаж, уцаарладаг бол тэр таны нүдэнд хуруугаа хөхөж харагдахгүйг хичээх болно. Гэвч таниас нууцаар тэр үргэлж хөхнө гэдгийг санаарай.

    4. Хүүхэд унаж гэмтсэн, уйлсан, айж сандарсан үед нь хуруугаа хөхөхийг нь хориглож болохгүй. Түүнд тайвшрах боломжийг өг. Эгзэгтэй үед хориглосноороо түүнийг улам эмгэнэлтэй байдал руу түлхэх болно.

    5. Хүүхэд буруу зүйл хийж байгаагаа өөрөө ухаарах боломжийг олго. Хүүхэд тань хуруугаа хөхөж байх үед нь “Чи яг одоо хуруугаа хөхөж байгаагаа мэдэж байна уу” гэж асуу. Үгүй гэж хариулж байгаа бол түүнийг энэ үйлдлийг хийж байгааг нь ухааруулж, ойлгуул. Уйлсан, сандарсан үед нь өөр аргаар сатааруулж, тайвширахад нь тусла.

    6. Ихэнх эцэг эхчүүд үүнийг болиулах гэж хуруунд нь муухай амттай зүйл түрхэж, жигшүүлэхийг оролддог. Гэвч ингэж хэрхэвч болохгүйг эмч мэрэгжилтэн, сэтгэл судлаачид зөвлөж байна. Жаахан хүүхэд өөрийгөө ая тухтай байлгах тааламжтай зүйлийг нь шууд таслан зогсоосноор та хүүхэддээ тусалж байгаа биш харин ч хорлон сүйтгэгчтэй төс бүхий үйлдэл хийж байгаа хэрэг гэж судлаачид дүгнэдэг.

    7. Хүүхэддээ чи том болж байгаа, нэг л өдөр хуруугаа дахиж хөхөхгүй байх болно гэдгийг таниулж ойлгуулах нь чухал юм. Хайртай үлгэрийн баатар нь хуруугаа хөхдөг эсэхийг түүнээс асуу. Мэдээж хайртай баатар нь хуруугаа хөхдөггүй тул тэр түүнийг даган дууриах болно.

    8. Зуршлаас нь салгах гэж бээлий өмсгөх хэрэггүй. Энэ нь тэд нарыг улам айлгаж, далд түгшүүрийг бий болгодог. Учир нь тэд бээлийгээ тайлж хаячихаад өмнөхөөсөө илүү их хөхдөг болох нь судалгаагаар батлагдсан.

    9. Хүүхэд сэтгэл зүйн бэлтгэлтэй болсон үедээ өөрөө аяндаа хуруугаа хөхөхөө больдог тул эцэг эхчүүд тэвчээртэй байхыг зөвлөж байна. Хэт их хүчлэх тусам олон сөрөг үр дагавар үүсэж бий болдог.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй