Монгол Улсад жил ирэх тусам ашиглалтад орсон орон сууцны барилгын тоо өссөөр иржээ. 2010 онд 9.800, 2011 онд 11 мянга, 2012 онд 12 мянган айлын орон сууц ашиглалтад орсон бол өнгөрөгч онд улсын хэмжээнд 20.300 болон нэмэгдсэн байна. Үүнээс 16.500 айлын орон сууц нь Улаанбаатарт хотод баригдсан бөгөөд 22 хувь нь тансаг зэрэглэлийнх, 36 хувь нь стандарт сайн гэсэн үзүүлэлттэй ажээ. Энэ 2014 оны хувьд 21.000 айлын орон сууц ашиглалтад орохоор төлөвлөгдөж, үүнээс тансаг зэрэглэлийн гэсэн тодотголтой орон сууц 20 хувийн жингээ хадгалсаар байх гэнэ.
2020 он хүртэл нийслэлд 180 мянга орчим орон сууцны хэрэгцээ байгааг судалгаагаар тогтоосон. Гэтэл жилд ашиглалтад орж байгаа барилгын тоог энэхүү орон сууцны хэрэгцээтэй харьцуулвал чамлалттай байгаа юм. Дээр нь баригдаж байгаа орон сууцны барилгын чанарын асуудал хурцаар тавигдах болжээ. Шинэ орон сууц худалдаж авахыг хүссэн иргэдийн дунд явуулсан судалгаанаас үзэхэд тэд юуны түрүүнд барилгын чанар, аюулгүй байдлыг эхэлж сонирхож дараа нь үнэ, байрлал зэргийг хардаг болохыг тогтоожээ. Сүүлийн жилүүдэд орчин үеийн тансаг зэрэглэлийн барилгууд гадна талаа шилэн фасадаар барих нь ихэссэн.
Хотын өнгө үзэмжийг нэмсэн, орчин цагийн шийдэлтэй, олон жилийн баталгаатай зэргээс үүдэн иргэд ч ийм төрлийн тансаг зэрэглэлийн орон сууцыг сонирхох нь илт нэмэгдсэн байна. Учир нь ийм төрлийн барилга нь байгалийн гэрэл, агаарыг нэвтрүүлэх тал дээр тоосгон, цементен ханатай, плитадсан барилгуудаас хамаагүй илүү ажээ. Нарны гэрлийн ашиг тусын талаар Мэргэжлийн Хяналтын Газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа “Байгалийн гэрэлтүүлгийн ач холбогдол маш их л дээ. Нарны гэрэл нян, ашиггүй бичил биетнийг устгадаг бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Харин нарны гэрэл тусдаггүй барилга дотор нян үржиж байдаг гэж ойлгож болно. Нарны гэрэл нь хаагдсанаар тухайн барилгад хөгц, мөөгөнцөр үүсэх асуудал үүсдэг. Мөн нарны гэрэлтүүлэг хүний биед нөлөөлж бодисын солилцоонуудыг идэвхжүүлдэг. Хүмүүс нарны гэрэлд биеэ ээж D витаминыг нийлэгжүүлнэ гэдэг шүү дээ. Энэ асуудлууд байхгүй болсноор ажлын байр, гэр орон, байнгын үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцлийг бүрдүүлдэг” хэмээн хэлсэн байдаг.
Гэхдээ шилэн фасад болгон ийм ашиг тустай биш юм. Шилэн фасад нь хямдхан байх тусам гэрлийг буцаан ойлгох чадвар нь муудаж, зун нарны элчийг шууд нэвтрүүлэн барилгын дотор талыг халааж эхэлдэг. Харин үнийн хувьд өндөр, чанартай шилэн фасад нь зуны цагт нарны гэрлийг ойлгож, өвөл дулаан алдалт бага төдийгүй нарны элчийг нэвтрүүлж барилгыг халаах чадвартай байдаг онцлогтой ажээ. Үүнээс гадна барилгын шилэн фасад нь гал болон салхинд тэсвэртэй, дулаан хадгалах чадвартай нарийн технологи бүхий бүтээгдэхүүн юм.
Шилэн фасад нь сайжруулсан хөнгөн цагаан хийц, шил гэсэн хоёр хэсгээс бүрддэг тул бусад барилгын материалыг бодвол харьцангуй насжилт сайтай эд ажээ. Мөн маш бат бөх чанартай, засвар үйлчилгээ, арчилгаа бага шаарддаг. Бетонон, блокдож шавардсан барилгууд нь хоёр жил тутам шавардах, шохойдох зэрэг урсгал засвар заавал хийх шаардлагатай болдог бол шилэн фасадан барилгад ингэх шаардлага байдаггүйгээрээ давуу талтай. Бохирдлоо ч борооны усаар өөрийгөө цэвэрлэчихдэг аж. Монгол Улсад баригдсан шилэн фасадан барилгууддаа барилгын компаниуд 50 жилийн баталгаа өгдөг байна. Харин чанартай шилэн фасадаар барих юм бол энэ тоо хоёр дахин уртсах боломжтой гэнэ. АНУ-д шилэн фасадан барилгад 100 жилийн баталгаа өгдөг ажээ. Мөн ирээдүйд шилэн фасадны гадаргуу дээр нарны гэрлийг эрчим хүч болгох тусгай наалт наах технологи нэвтрэх боломжтой гэнэ. Учир нь Герман улсад энэ технологийг нэвтрүүлээд эхэлжээ. Монголд энэ технологи орж ирвэл тухайн шилэн фасадан барилга өөрийгөө нарны гэрлээс гаргаж авсан эрчим хүчээр бүрэн хангаж цахилгаан хэмнэх боложтой болох юм. Энэ бүгдээс үндэслэн иргэд шилэн фасадан барилга, орон сууцыг илүүд үзэх болсон байна.
Тэгвэл нийслэлд шилэн фасадтай орон сууц одоогоор нэг ширхэг ч байхгүй ажээ. Харин “Жигүүр гранд” группийн төв цэнгэлдэхийн хойд талд барьж буй “Romana Residense” үйлчилгээний төв, орон сууц хосолсон байгууламж анхдагч нь болох юм байна. Одоогоор Монголд баригдсан хамгийн анхны шилэн фасадан барилга ямар ч урсгал засвар хийлгүйгээр 13 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа ажээ. Юутай ч шинээр орон сууц худалдан авахыг хүссэн иргэддээ зориулж шилэн фасадны талаар танилцуулахад ийм байна.
Б.Гарьд
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт