HiTalk булангийн энэ удаагийн зочноор “Хазаар цэцэгсийн дуулал” ОАК-ны гол дүрд тоглосон Э.Монголжинг урилаа. Тэрбээр видео сангуудад байршаад удаагүй байгаа “Хазаар цэцэгсийн дуулал”ОАК”-нд гол дүрийн охин Нандингийн дүрийг чадварлаг бүтээсэн юм.
-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу!
Намайг Э.Монголжин гэдэг. Монгол гуравдугаар сургуулийн 11-р ангийн сурагч, “Gloria” загварын агентлагт харьяалагддаг. Миний аав Х.Энхтайваныг “Классик Жем” хамтлагийн дуучин гэдгээр нь сайн таних байх. Харин ээжийг минь Ц.Баярмаа гэдэг. Ээж, эгч, дүүтэйгээ амьдардаг. Урлагийн гэр бүлд өссөн болоод ч тэр үү бүгд л урлагт маш элэгтэй хүмүүс байдаг даа. Манай дүү л гэхэд дуулах маш дуртай.
-Телевизийн олон ангит бүтээлийн гол дүрд тэнцэж тоглоно гэдэг аз завшаанаас гадна маш хүндтэй хариуцлага. Киноны гол дүрд сонгогдсон үеийг эргэн дурсвал?
“Хазаар цэцэгсийн дуулал” ОАК бол миний хувьд анх удаа проб өгч тэнцсэн бүтээл. Анх жүжигчин бэлтгэх “Chance” агентлагт шалгуулсан юм. Хэд хоногийн дараа Б.Нарантуяа багш залгаад ЭКО телевизийн олон ангит киноны сонгон шалгаруулалтад ороод үзээч гэсэн санал тавьсан. Гэрийнхэндээ ч хэлэлгүй шалгуулалтад орсон доо. /инээв/ Тэнцэхгүй байх гэж бодож байсан чинь долоо хоногийн дараа Б.Нарантуяа багш над руу утасдаж миний охин шалгаруулалтад тэнцсэн байна, ээжтэйгээ хамт очиж уулзаарай гэсэн. Маш их баярласан ч дотроо жаахан айдастай байсан. Би чадах болов уу л гэж бодогдсон. Тэгж л Нандингийн дүрд тоглохоор болсон.
-Зохиолоо анх уншихад ямар сэтгэгдэл төрсөн бэ?
Анх уншихад үнэхээр таалагдсан. Ээж ч надаас миний охин чадах уу гэж асуусан. Би ийм гоё зохиолыг хүмүүст хүргэж чадах болов уу гэж жаахан эмээсэн ч уншлагадаа ороод үзье гэж шийдсэн.
-“Хазаар цэцэгсийн дуулал” ОАК киноны гол дүр, завьчин Хантайн охин Нандинд тоглоход бэрхшээлтэй зүйл хэр байв?
Маш их хямарч, гашуудаж уйлдаг үзэгдлийн дараа инээдэг, аз жаргалтай байгаа үзэгдэлд тоглох надад жаахан бэрхшээлтэй байсан. Бас хамгийн сүүлийн хэсэг болох үүрээр хүйтэн бороонд, манан дунд Тэлмэнтэй уулздаг хэсэг, нойтон эмээл дээр суугаад морьтой давхидаг зураг бас хүндрэлтэй байсан. Найруулагч П.Мөнхболд өөрийнхөө өмсөж байсан дээлийг өгөөд “За миний охин тэсээрэй. Зургаа дуусгаад гэртээ харина” гэж зоригжуулж байсан. Энэ мэтчилэн надад анхаарал хандуулж байсан хамт олныхоо хүчээр халширч, шантармаар бэрхшээлтэй зүйл тохиолдоогүй ээ.
“Хазаар цэцэгсийн дуулал” ОАК-г үзэж байхад үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөх олон сайхан үзэгдлүүд гарч байна лээ. Тэгвэл өөрийн тань сэтгэлд хүрсэн хамгийн дуртай хэсгээсээ хуваалцаач?
Миний аавын дүрд тоглосон Т.Төмөртогтох ах одоо ч намайг миний охин гэдэг. Уржигдар над руу залгаад миний охин гээд л ярьсан. Кино зураг авалтын үед ч надад яг аав шиг минь анхаарал тавьж, миний охин хоолоо идээрэй, миний охин гээд анхаардаг байсан. Зураг авалтын талбайд гэр бүлээ авчирчихсан аавтайгаа байгаа юм шиг сайхан сэтгэгдэл надад төрүүлсэн. Киноны нэг хэсэгт амиа хорлох гээд ус руу ороход аав минь авардаг үзэгдэл үнэхээр гоё. Ус залгичихсан ухаан балартаж байх тэр үед хацрыг минь зөөлхөн илээд л “Миний охин ухаан ороорой” гээд уйлахад нь нүдээ нээтэл харц нь хүртэл миний аав шиг санагдсан. Би бүр дүрдээ орчихсон уйлаад л байсан. Тэр хэсэг үнэхээр гоё санагддаг.
-“Хазаар цэцэгсийн дуулал” ОАК-ны нээлт маш сүр дуулиантай болсон шүү дээ. Анх киногоо үзэхэд юу бодогдож байв?
Тэр өдөр үгээр хэлэхийн аргагүй гайхалтай өдөр байсан. Анх удаа өөрийгөө кино театрын том дэлгэцээр харсан чинь бас сонин л юм билээ. Өөрийгөө шоолмоор, шүүмжилмээр ч юм шиг сонин мэдрэмж төрж байсан. Хоёр сарын турш нэг гэр бүл шиг амьдарсан багийнхантайгаа дахиж уулзахад бүр үнэхээр сайхан. Маш их санасан байсан. Кино маань есдүгээр сарын 20-ноос видео сангуудад байршиж үзэгчдийн хүртээл болоод байгаа.
-Гэр бүлийнхэн, найз нөхөд нь киног тань ямар сэтгэгдэлтэй хүлээж авч байна? Охиноороо, найзаараа бахархан шимтэн үзэж суугаа байх.
Гэр бүлийнхэн, хамаатнууд гээд намайг таньдаг хүмүүс өдөр бүр л үздэг гэсэн. Ялангуяа ээж, аав, эгч, дүү маань үзсэн ангиа дахин дахин л үздэг. Гэхдээ Тэлмэнтэй болздог, үнсэлцдэг хэсгийг үзэхээр ичээд байдаг юм. Анх удаа үнсэлцэж үзэж байгаа маань тэр л дээ. Киноноос ирээд ээжээ ийм хэсэг гарна шүү дээ гэж хэлсэн чинь зүгээрээ миний охин. Энэ бол урлаг, кино шүү дээ гэж хэлэхэд нь тайвширсан ч бас л эвгүй юм билээ. Манай киноны OST-уудыг үзэгч сонсогчид их сайхан хүлээж авч байгаа нь ажиглагдсан. Жишээ нь миний үеийнхэн Bebe, D.N.K, Б.Замбалгарав ах нарын дуулсан “Тунадас” дууг их сонсож байна. Сургуулийн дүү нар, найзууд, таньдаг хүмүүсээс кино, клипэнд тоглосон байна, мундаг байна гэхчилэн олон урмын үгс сонссон.
-Киноны зураг авалт хөдөө тосгонд хоёр сар үргэлжилсэн гэж сонссон. Ямар санагдав?
Киноны зураг авалтаа Булган аймгийн Хялганат гэх үзэсгэлэнт тосгонд хийсэн. Би багаасаа л биеэ дааж сурсан. Гэсэн хэдий ч явахаасаа өмнө танихгүй орчинд огт танихгүй хүмүүстэй байх хэцүү гэж бодож байсан ч эсрэгээрээ маш хурдан дасаж, ЭКО телевизийн бүрдүүлсэн хөдөлмөрч, чадварлаг, найрсаг хамт олны ачаар маш их зүйл сурсан, өөрийгөө нээж чадсан гэж бодож байгаа. Маш хүйтэн бороонд цохиулсан зургийн дараа ч “Надя даарсан шүү. Эмээ уугаарай” гэхчилэн үнэхээр сэтгэлтэй ах эгч нартай ажилласан болохоор бэрхшээлийг ажиралгүй киногоо дуусгасан.
-Нандин ч бас сурагч. Нандингийн дүр Э.Монголжинтой хэр төстэй бол?
Нандин бол нөхөрсөг, найзархаг, сэргэлэн, гялтгануур, маш гоё мөрөөдөлтэй охин. Харин миний хувьд дуу цөөтэй, даруухан талдаа хүн. Нандингийн дүрд тоглосноор би хувьдаа өмнөхөөсөө задарч, өөрчлөгдсөн. Заримдаа одоо ч гэсэн дүрээсээ гараагүй байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Бас натурт байх хугацаанд кино багийнхан байнга Надя гэж дууддаг байсан болохоор гэртээ ирээд Э.Монголжин гэж дуудуулсан чинь бараг л нэрээ мартчихсан, дасаж өгөхгүй байсан. Харин гэрийнхэн, ойр дотныхон маань “Хазаар цэцэгсийн дуулал” ОАК-г үзсэнээс хойш бүгд л Надя гэж дууддаг болсон. Ингээд Надя нэрээр тогтож байх шиг байна.
-“Хазаар цэцэгсийн дуулал” ОАК-ны аль дүр таалагдсан бэ?
Тэлмэн ахад минь надаас дутахгүй хайртай Үүлэнгийн дүр маш их таалагдсан. Анх проб өгөөд тэнцсэн гэдгээ дуулаад гол дүрд гэж төсөөлөөгүй. Үүлэнгийн дүрд тэнцсэн байх гэж бодож байсан л даа. Миний ажигласнаар эсрэг дүрд тоглох нь илүү их ур чадвар шаарддаг.
-Кинонд тоглосны дараах сэтгэгдлээ хуваалцаач?
Жүжигчин хүн бол нэгэнт тэр натурт, зургийн талбайд ирсэн бол бүх зүйлд бэлтгэлтэй байх ёстой гэдгийг ойлгосон. Жүжигчин мэргэжлийн сайхан, саар, бэрхшээлийг хоёр сарын хугацаанд багахан ч гэсэн мэдэрсэн. Тэр бэрхшээлүүд нь хүртэл туршлага болдог учраас ажлын хүнд нь хүртэл надад таалагдсан. Энэ чиглэлийг илүү их сонирхох болсон.
-Энэ чиглэлийг илүү их сонирхох болсон гэлээ. Жүжигчин болох бодолтой гэж ойлгож болох уу?.Цаашдын төлөвлөгөөнөөсөө сонирхуулбал?
Эхлээд сургуулиа сайн төгсөөд эрх зүйн чиглэлээр гадаадад сурах бодол өвөрлөж явна даа. Гэхдээ кинонд тоглосноос хойш жүжигчний ангид шалгалт өгч үзье гэж бодогдох болсон. Их зүйлийг зааж сургасан кино багийнхандаа бүгдэд нь маш их баярлаж байна.
-Бидэнтэй цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Баярлалаа.
Ярилцсан: Э.Баасансүрэн
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт