Саяхан судлаачид хүний цээж зурагнаас нь түүний бэлгийн чиг хандлагыг тодорхойлдог хиймэл оюун ухааны алгоритм бүтээснээ зарлажээ. Стэнфордын Их сургуулийн судлаачдын зохион бүтээсэн алгоритм эрчүүдийг 81 хувийн нарийвчлалтай, эмэгтэйчүүдийг 74 хувийн нарийвчлалтайгаар ижил эсвэл эсрэг хүйстэн болохыг нь таньж байгаа гэнэ. Тэдний судалгааны тайлан Journal of Personality and Social Psychology сэтгүүлд нийтлэгдсэн юм. Алгоритм нь АНУ-ын танилцах үйлчилгээний сайтад нийтлэгдсэн 35,000 хүний зураг дээр туршигдаж батлагджээ.
Судлаачдын олж тогтоосноор ижил хүйстэн эрчүүдийн нүүрний хэлбэр эмэгтэйлэг талдаа түлхүү шинж чанаруудтай байдаг бол ижил хүйстэн эмэгтэйчүүдийн хувьд эсрэгээрээ байсан гэнэ. Тухайлбал ижил хүйстэн эрчүүд нарийхан эрүү, урт хамар, том духтай байх нь түгээмэл бол ижил хүйстэн эмэгтэйчүүд том эрүү, жижиг духтай байдаг аж. Харин эсрэг хүйстнээ сонирхдог хүмүүсийн хувьд дээрхээс эсрэг шинжүүд давамгайлж байжээ.
Харьцуулбал хүний бэлгийн чиг хандлагыг хүмүүс машинаас муу ялгаж байсан гэнэ. Жишээ нь хүмүүс эрчүүдийг 61 хувийн, эмэгтэйчүүдийг 54 хувийн нарийвчлалтай таньж байсан нь компьютерийн таних чадвараас муу гэсэн үг. Гэтэл алгоритмд нэг хүний таван өөр зургийг үзүүлэхэд нарийвчлал нь нэмэгдэж, эрчүүдийг 91 хувь, эмэгтэйчүүдийг 83 хувийн нарийн ялгаж байжээ.
Судлаачид эндээс хүн төрөхөөсөө өмнө зарим нэг дааврын нөлөөнөөс болж бэлгийн чиг хандлага нь өөрчлөгдөж төрдөг гэсэн онолыг үндэслэлтэй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл хүн төрөлхийн ижил хүйстэн байдаг.
Харин тэд энэхүү шинэ технологийг буруу зорилгод ашиглахаас ихэд болгоомжилж байгаа гэнэ. Интернэт ертөнцөд маш их хэмжээний хүмүүсийн зураг хадгалагдаж байгаа тул хүнд мэдэгдэлгүйгээр бэлгийн чиг хандлагыг нь тодорхойлж, янз бүрийн зорилгоор ашиглах боломжтой болж байна.
Тиймээс хиймэл оюун ухаантай системүүдийг хэрхэн ашиглахыг хуульчлах, ёс зүйн хэм хэмжээг тогтоож өгөх нь улам бүр чухал болжээ.
Эх сурвалж: The Guardian
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт