ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ч.Гал:Элэг судлалын үндэсний төвд 3.8 га газрын зөвшөөрлийг Д.Оюунхорол сайд олгосон

    БОАЖЯ-ны Тусгай хамгаалалтттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Галаас Богдхан уулын Дархан цаазат газрын ашиглалтын асуудал тойрсон маргааны талаар тодрууллаа.

    -Элэг судлалын үндэсний төвийн газрыг БОАЖ-ын сайдын сүрээр далайлган дээрэмдэж байгаа тухай мэдээллийг тус төвийнхөн өгч байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

    -Уламжлалт анагаах ухаан, элэг судлалын үндэсний төв нь Богдхан уулын Зайсангийн аманд үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Цагдаагийн хүчийг ашиглан нэр бүхий бөхчүүдийн хамт тус төвийн газрыг булааж байгаа тухай миний нэрийг оруулсан мэдээлэл сүүлийн үед тархаж байна. Түүхийг нь эргэн харвал 2008, 2010 онд ажиллаж байсан сайд нарын тушаалаар тус төвийн эргэн тойронд газар ашиглах эрхийг тодорхой компаниудад олгосон байдаг. Тэдгээр компани нь газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх гэхээр Элэг судлалын үндэсний төв хүлээн зөвшөөрдөггүй, шүүхийн маргаантай байсаар 2012 онтой золгосон юм билээ. Тус төвийн урд газар ашиглах эрх авсан “Дэжид”, “Дэжид дэлгэрэх”, “Милл стар трейвэл” компаниуд орц, гарцаа шийдүүлэх хүсэлтийг салбарын сайдад нь удаа дараа тавьж,  хажууханд нь орших “Энигма” компанитай тохиролцсоны үндсэн дээр Н.Батцэрэг сайд 2016 онд орц, гарц гаргах, давхцал арилгах тушаал гаргасан байдаг. Энэ тушаалаар дээрх 3 компани ашиглахаар болсон газар руугаа орох, гарах гарц гаргуулахаар Газрын тухай хуулийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргад хүсэлт гаргаж, орц, гарцаа чөлөөлүүлэх ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн юм байна. Үүнийг нь мушгин гуйвуулж, “Д.Оюунхорол сайд шийдвэр гаргаж, Элэг судлалын үндэсний төвийн газрыг дээрэмдэж байна” гэж мэдээлэл өгч байна. Элэг судлалын үндэсний төв одоогийн байгаа байрныхаа хойно орших нийтийн байрны 1 га газар ашиглах гэрчилгээнээс өөр зөвшөөрөлгүй өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байхад нь Д.Оюунхорол сайдын тушаалаар 2016 онд А/169 тоот тушаал гарган одоо ашиглаж буй 3.8 га газрыг нь ашиглах эрхийг нэмж олгосон. Гэтэл одоо эсрэгээр нь ярьж, тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.

     -Элэг судлалын үндэсний төвтэй хаяа залгаж байгаа Богдхан уулын аманд 42 га газар ашиглах эрх бүхий “Энигма” компанийн газраас 3 га газрынх нь эрхийг цуцалж, авто машины цогцолбор, ариун цэврийн байгууламж, хогийн цэг байгуулах шийдвэрийг та гаргасан. Гэтэл “Энигма” компанийн гэгдэх газар дээр биш Элэг судлалын төвийн газар дээр дээрх цогцолбор барих ажлыг эхлүүлсэн. Авто зогсоол барина гэдэг анхнаасаа шоу байж, Элэг судлалын үндэсний төвийг дайруулан зам гаргаж байгаа компаниудын замыг зассан асуудал байж гэх шүүмжлэл гарч байна?

    -Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт орсон аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Ерөнхий сайд Богд уулын аманд  аялагчдад зориулсан цогцолбор байгуулах тогтоол гаргаж, газар чөлөөлөх үүргийг БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд, санхүүжилтийн асуудлыг шийдэхийг Нийслэлийн Засаг дарга С.Батболдод даалгасан. Үүний дагуу цогцолбор барих боломжтой газрыг судлуулж, иргэдээс санал авсны үндсэн дээр Богдхан уулын аманд 42 га газар хашаалсан “Энигма” компанийн ашиглах эрх бүхий газраас 3 га-г нь нийтийн эрх ашгийн өмнөөс цуцлах шийдвэр гаргасан. Энэ компани нь аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахаар анх газрын гэрчилгээ авчсан ч газрын төлбөрөө төлдөггүй байсан нь шалгалтаар илэрсэн. Мөн Газрын тухай хуулийн “Боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулбал газрын төлбөр төлөхгүй” гэсэн заалтыг ашиглан 42 га газраа өөрийн охин компани болох Монголын үндэсний их сургууль, Универсал политехникийн коллежийн нэр дээр хэсэгчлэн шилжүүлсэн байдаг. Тухайн компанийн газраас 3 га-г нь цуцлах шийдвэр гаргаснаас хойш их сургууль барих байсан газрыг нь дээрэмдэж, казино, зочид буудал байгуулах гэж байгаа мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй нийтлэлүүд гаргуулж байсныг хүмүүс санаж байгаа байх. Богдхан ууланд аялж, алхдаг хүмүүсийн санал санаачилга дээр үндэслэн нийтийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж БОАЖЯ-наас гаргасан шийдвэрүүд маань хөрөнгөтэй, эрх мэдэлтэй компаниудын ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байгаа.

    Хуулиар тусгай хамгаалалттай газар нутагт газрыг зөвхөн ашиглах эрхийг олгодог.  Өөрөөр хэлбэл, энэ нь төрийн газрыг түрээсээр түр ашиглаж байгаа гэсэн үг. Тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад ашиглаж буй газрыг өмчлүүлээгүй, тэдний хувийн өмч нь болоогүй, 15-60 жилээр эзэмшүүлээгүй гэдгийг энд онцгойлон хэлмээр байна. Тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрхийг төрөөс 5 жилийн хугацаатай олгодог. Тэгэхээр төрөөс нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслээд ард иргэдийнхээ сайн сайхны төлөө түрээслүүлж буй газрынхаа ашиглуулах эрхийг хэзээ ч цуцалж, бүтээн байгуулалт хийж болно. Тэгээд ч бид “Энигма” компанийн ямар нэг обьект бүхий газрын эрхийг цуцалчихаагүй. Олон жил хоосон байсан газрын эрхийг ард түмний шаардлагын дагуу, Засгийн газрын шийдвэрийг үндэслэн цогцолбор байгуулахаар чөлөөлсөн. 

    Энэ цогцолборын ажил нь Элэг судлалын үндэсний төвийн газарт нэвтэрсэн  асуудал огтхон ч байхгүй. Бид өнгөрсөн 7 хоногт “Энигма” компани МХЕГ-ын лацыг хуулан, байгаль орчны үнэлгээгээ хийлгээгүй атлаа газар шорооны ажил эхлүүлсэн байхтай газар дээр нь очиж танилцсан. Үүнийг мушгин гуйвуулж байгаа бололтой.

    -Элэг судлалын үндэсний төвийнхний мэдээллийн дараа иргэд “Дэжид”, “Дэжид трейд”, “Милл стар” гэх зэрэг орц, гарц гаргуулаад байгаа компаниудынх нь газар ашиглах эрхийг нь цуцалчихаж болдоггүй юм уу гэдэг асуудлыг тавьж байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

    -Бид хуулийн дагуу л ажиллах ёстой. Газрын тухай хуульд тухайн газарт үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй бол эрхийг нь цуцална гэж заасан. Тэгэхээр эдгээр аж ахуйн нэгж газар ашиглах эрхээ хэрэгжүүлээгүй ч газрын төлбөрөө өгч байсныг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан мэдээлсэн. Хуульд газар ашиглахтай холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхдээ хамгаалалтын захиргаа болон дүүргийн газрын албанаас ирүүлсэн саналыг үндэслэж сайд шийдвэр гаргана гэсэн байдаг. Тиймээс газрын төлбөрөө төлөөгүй, тухайн төсөл байгаль орчинд нөлөөлөх байдал нь ерөнхий болон нарийвчилсан үнэлгээнд заасан үйл ажиллагаагаа биелүүлээгүй зэрэг зөрчилтэй бол бид газар ашиглах эрхийг нь цуцлах бүрэн боломжтой байсан. Нөгөө талаас төрөөс тухайн газар дээр нийтийн эрх ашигт нийцсэн аливаа бүтээн байгуулалт хийх төлөвлөгөө байхгүй. Иймд бид шийдвэрээ хуулийн хүрээнд л гаргаж байгаа. Үүнийг мэдэж байгаа хэрнээ бидний шийдвэрийг муу, муухай харагдуулах гэж турхирдаг нэг хэсэг байхад мэдэж ойлгодог дэмжиж байгаа олон хүн байна. Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн газар ашиглах эрхийг бид цуцлаж байгаа талаар уншигчид маань тухай бүрт нь мэдээлэл авч байгаа байх аа.

     -Д.Оюунхорол сайд саяхан Туул голын бургасыг хядаж байгаа компанийн газар ашиглах эрхийг цуцалсан. Харамсалтай нь таны шийдвэр хэрэгжихгүй байгааг мөн л шүүмжилж байна. Тухайн компани үйл ажиллагаагаа эхэлсэн тухай мэдээлэл гарч эхэллээ. Танай яамны зүгээс ямар хяналт тавьж ажиллаж байгаа вэ?

    -Их, бага тэнгэрийн амны хойно Туул голын эрэгт бургас их хэмжээгээр сүйтгэсэн асуудалтай холбоотойгоор “Зүүн баян рефайнери” гэх компанийг байгалийн унаган төрхийг алдагдуулсан гэж үзэн газар ашиглах эрхийг нь цуцлах тушаалыг Д.Оюунхорол сайд үндэсний их баяр наадмын өмнө гаргасан. Үүний дараа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд энэхүү газрыг чөлөөлөх, унаган төрхөнд нь оруулахад анхаарч ажиллах үүрэг өгсөн байгаа. Хамгаалалтын захиргааныхан маань тухайн дүүргийн газрын алба, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч ажиллах үүрэгтэй. Цаашдаа бид тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хуулиа хэрэгжүүлэхгүй бол мэдэгдэх хуудас, сануулга өгөх, газар ашиглах эрхийг нь цуцлах зэргээр үе шаттай арга хэмжээ авна. Энэ тухай тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Саяхан Д.Оюунхорол сайд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 33 хамгаалалтын захиргааны дарга нартай уулзаж, хэлэлцүүлэг хийхдээ энэ талаар тодорхой мэдээлэл, чиглэл өгсөн байгаа.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй