Сүүлийн үед онц ноцтой гэмт хэргүүд нэлээд гарлаа. Бурхны шашинд хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй байх, хүний амь нас бүрэлгэхгүй байхтухай ямар номлол, сургаал байдаг вэ?
Бурхны шашинд арван хар гэж нүгэл байдаг тухай бид бүгд мэднэ. Бие, хэл, сэтгэл гурваараа нүгэл үйлдэх тухай олонтаа уншсан, сонссон. Сэтгэл бол хамгийн гол ажил нь байгаа юм. Сэтгэлдээ мэдлэг, боловсрол, хүнийг хайрлаж энэрэх нинжин сэтгэл, бусдыг гэсэн сэтгэл байхгүй хоосроод ирэхээр л бие, хэл хоёр нь муу үйл хийж эхэлдэг.
Сайхан төлөв төвшин, мэдлэг боловсролтой, эрдэм чадалтай, хүнийг хайрладаг, энэрдэг, нигүүлсдэг, аав, ээж, ахан дүүс, эх орноо хайрладаг сайхан сэтгэл бий болох тусам л нүгэл гэдэг зүйлийг хийхгүй буян зүгт чиглэдэг. Энэ хоёр яагаад ийм муу юм бэ гэхээр нүглийг хийх тусам өөрт нь байгаа төгөлдөр сайхан эрх чөлөө, тансаг сайхан амьдрал, жаргалтай сайхан байдал, хайрлаж дурлаж байгаа тэр сайхан бүх зүйлээ хөнөөж, зовлонд унагадаг. Би сайхан амьдрана, сайхан гэр бүл болно, сайн ханьтай болно гэж бодож байгаа. Энэ бүх сайхан хүсэл мөрөөдлийг нүгэл үгүй хийж хөнөөдөг. Цагдаа, шүүх хууль хяналтын байгууллагынхан маань их л тэмцэж байна даа. Уг нь хувь хүн өөрөө л хичээчихвэл хэнд ч ажил удахгүй амар амгалан байх юм шүү дээ.
Энэ тухай иргэдэд хэрхэн ойлгуулах вэ?
Энэ гэмт хэрэг, бусармаг үйлдэл, нүглийн цаана гурван том сэтгэл байдаг. Хамгийн цаад талд нь мунхаг сэтгэл байдаг. Яагаад гэхээр би ийм нүгэл хийхээр жаргалтай сайхан амьдрал, миний бодож байсан тэр сайхан ирээдүй, миний гэр бүл, үр хүүхэд бүгд алга болно. Цаашлаад шоронд орж өчнөөн жилийн ял эдлэж, хүний эрхэнд, байнгын харуул хамгаалалтанд байхаа мэдээгүй мунхаг сэтгэл орж ирж байгаа. Тэр мунхаг сэтгэл нь үүсээд ирэхээр бусад муу сэтгэлээ зардаг юм. Жишээ нь мунхаг сэтгэл байснаас уур гэнэт хүрэхэд дийлэхийн тулд энийг алсан ч яадаг юм, зодсон ч яадаг юм гэж боддог. Тэр хийсэн үйлдэл нь эцсийн үр дүнд хүний эрүүл мэнд бүр цаашлаад амийг тасдах хэмжээнд хүрдэг. Ингээд амар амгалан амьдралаа орвонгоороо эргүүлж, шоронгийн зүг явдаг даа. Тэнд ямар амьдрал тосож авах нь ойлгомжтой. Харин Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хоригдлуудаа бясалгалд суулгаж сайхан үйл бүтээсэн байна лээ. Энэ их чухал шүү.
Бусдын амь насыг хохироосноор ямар нүгэл хуралдах вэ?
Бусдаас өсөө авах юм уу дийлнэ гэж зодож, алж хядаж байгаа бол ерөөсөө л хоёр нүхээ ухаж байгаатай адил. Үхсэн хүн бол амь насаараа асар их хохирч, жирийн сайхан амьдралаа алдаж, хань ижил үр хүүхдээсээ жам бусаар хагацдаг. Энэ юутай хохиролтой. Ингээд яахав жамаараа дараагийн төрөлдөө яваад огт мэдэхгүйгээр дахиад төрөл аваад явна. Хүн алсан гэмт этгээд мөн л ах дүү, амраг садан, жаргалтай сайхан бүхнээ алддаг. Хэдэн арван жилээр зовно, зүдрэнэ. Цаазын ял ч авч магадгүй. Үр хүүхдийнхээ жаргалтай сайхан бүхнийг булаагаад, хайртай хүн бүхнээ тамд унагаж байгаа юм. Тэрнээс гадна сэтгэлийн дэв, нүглийн авьяас гэж байдаг. Сэтгэл гэдэг чинь муу нүглийг хурааснаар дараагийн төрөл, дараагийн амьдралд маш их саадтай. Жишээ нь шоронд ороод ялаа эдлээд гарч ирээд тайван амьдралд шилжлээ ч гэсэн үргэлжилдэг. Ажилд авахгүй, ах дүү нь сэтгэл санаа нь сэвтэй. Ижий нь их зовдог доо.
Энэ бүхэнд яавал зохистой вэ?
Эцэг эхийн талаас хүүхдүүдээ анхаарч, төр засаг , боловсролын байгууллагууд бид олон талаас нь хавсарч байж засрах учиртай. Буддын шашинд бол номхон дөлгөөн байх ёстой гэж байдаг. Тэгэхээр номхон дөлгөөн болоод энэ ард түмэн чинь хаачих юм бэ, юу яриад байна гэдэг. Бид харин зоригтой, жигтэйхэн зэрлэг болоод хаачих юм бэ гэдэг асуултыг өөдөөс нь тавимаар байгаа юм. Тэгэх юм бол дэлхийн хүн төрөлхтөн биднийг үзэж чадахаа болино. Зөв юм боддог, сэтгэдэг, зөв тийшээ явж байгаа тийм орон биднийг тоохоо болно. Зориг золбоо гэдгээ буруугаар ойлгож, түрэмгий, ууртай уцаартай, эв түнжингүй болсноор монгол хүн гэдэг ёс жудаг, хүн гэдэг мөн чанараа алдана. Тэгээд хэнд ч үнэлэгдэхээ болино. Өс хонзонгоо авдаг хүн болоод яах юм. Ямар хэрэгтэй юм. Оронд нь хүнийг хүндэлж, аав ээж, эх орноо хайрлаж чаддаг, өршөөж, уучилж, хайрлаж, эвтэй найртай байвал бид олуулаа болж улс орноо хөгжүүлнэ. Монголчууд бид жоохон өсмөөр байна ш дээ. Яагаад бие биенээ ингэж хөнөөгөөд байгаа юм бэ? Хэдүүлээ эвтэй найртай сайхан амьдарья л даа. Хөгжил дэвшилттэй сайхан орнуудын хэмжээнд очъё, хэнээс ч дутахгүй сайхан амьдарцгаая. Энэ бүхэнд садаа болж байгаа энэ их уур омог, энэ их хүсэл тачаалаас болоод түүнийгээ ялан дийлэх гэж бусармаг зүйл хийж байна.Цаана нь мунхаг харанхуй байгаа. Ийм л юм. Уургүй л байгаасай.
Гэмт хэрэг үйлдэж байгаа хүн бүхэн л хүүхэд байсан. Хүн болж төлөвшихөд хүүхэд насны амьдрал, гэр бүлийн хүмүүжил нөлөөлдөг тухай багш, сэтгэл судлаачид хэлдэг. Бурхны шашинд юу гэж сургадаг вэ?
Эхийн хэвлийд байхаас хүмүүжүүлэх ёстой. Үр хүүхдээ төрүүлчихээд хүн болгож хүмүүжүүлэх нь эцэг эхийн асар их үүрэг, хариуцлага байгаа юм. Айл гэр ч гэсэн дүрэм журамтай. Эцэг эх хэтэрхий эрхлүүлээд гэрт нь эд хогшил нь салаад унасан байхад юу ч хэлэхгүй дураар нь өсгөж байна. Улс оронд хууль журам, албан байгууллагад дотоод дүрэм бий. Тэрэнд захирагдаж амьдрах ёстой гэдэг сэдлийг үүсгэлгүй бүхнийг зоргоороо үйлдэж болох юм шиг өсгөхөөр хүүхэд амьдралд ямарваа нэг барцад саад гарч ирэхээр тэрнийг давах гэж л хүч хэрэглэж уур омог нь бадардаг тийм хэмжээнд хүргэж байгаа юм. Гэр гэлээ гэхэд гэрийн эзэн, гэргий хоёроор баталгаажсан хууль, ёс зүй гэж байдаг. Хэн нэгэн орж ирээд дураараа орж ирээд айлд бужигнаад байх эрх байдаггүй. Түүнтэй адилхан хэн нэгэнтэй уулзаж учирч байгаа бүх үйл явц ямар нэгэн хууль, ёс зүй дотор явагддаг. Үүнийг л багаас нь үр хүүхэддээ сургах хэрэгтэй.
Монгол хүний нэг том алдаа байдаг. Нэг машинтай мөргөлдчихлөө гэж бодоход гэртээ ирээд хүүхдийнхээ хажууд хэнийг таньдаг билээ, хэн даргаар яриулах уу гэдэг. Америкт бол дүрэм зөрчсөн байлаа гэхэд торгуулийг заавал төлдөг. Монголд бол яах уу, энэнээс бага мөнгө өгөөд гарах арга юу байна, эсвэл таньдаг цагдаа руугаа цаггүй утасдаж ажлыг нь хийлгэхгүй их зовлонтой. Нөгөө цагдаа нь бүтээж өгөөгүй бол хүүхдийнхээ дэргэд муурхаж элдвээр хэлнэ. Энэ бол гэр дотор хүүхдэд муу үлгэр дууриал сургалт явагдаж байгаа гэсэн үг. Тиймээс улс оронд гарч байгаа хэрэг зөрчлийн үндсэн шалтгаан бидэнд л байгаа. Бид засрах хэрэгтэй, бодох хэрэгтэй, үр хүүхдүүд рүү хандсан ажлыг гэр бүл болгон хийж, багш, хүмүүжүүлэгч болгон ажиллах ёстой. Шашин ч гэсэн энэ тал дээр зүгээр суулгүй лекц, дугуйлан хийж, хүүхдүүдэ сайн сайхан байлгах дээр ажиллах нь зүйн хэрэг.
Архидалт их байна. Архидалтаас болж танхай, гэр бүлийн хүчирхийлэл, бусад гэмт хэргүүд үйлдэгдэж байгаа нь статистак тоо баримтаар батлагддаг. Архины хот хөнөөлийн талаар...
Архи уудаг хүн түүнээсээ их таашаал авч жаргалтай ч юм шиг, баян цатгалан ч юм шиг сонин ухаан дотор нь орж ирж байгаа юм. Тэрнийг л авчирах гэж архи уудаг: Энэ бол дээд зэргийн хувиа бодолт. Яагаад гэхээр тэр хүн ямар ч шалтаг хэллээ гэсэн хар тамхи, архи хэрэглэж мансуураад байгаа тэр оюуныг ирүүлэх гээд байгаа юм. Архи уух бол ухамсартай ухаан биш. Архи уухаар нэг зарим хүнд жаргалтай болоод байгаа юм шиг ухамсар үүсээд энэ нь муу бүхний эх үүсвэр болдог. Үүнийг ухаанаар захирч болох уу гэвэл болно. Ширээн дээрээс жүнз аваад амандаа хүргэхгүй бол архи өөрөө аманд орохгүй. Өөрөө дурласнаас, өөрөө хувиа хичээснээс болж байгаа үйл. Тэрний оронд охиндоо ном, хувцас авч өгөөд, сургалтанд хамруулвэл хичнээн сайхан. Өөрийн хөдөлмөрийн үр дүнд олж авч байгаа жаргал бол зөвөөр ирж байгаа жаргал. Архины хамгийн муу тал нь санамцарыг алга болгодог. Би үүнийг хийчих юм бол хэрэг зөрчилд орох юм байна.юаа, ээж, эхнэрээ гомдоочих юм байна гэж санадаг санаа алга болдог. Тийм учраас нэг л уугаад мансуурчих юм бол бүх зүйлээ сүйдлээд хаяж чаддаг. Аюултай 27 зүйлийн муу юмыг бурхан багш дурьдсан. Хамгийн аюултай нь санамцарыг алга болгодог. Гэхдээ сайн хүмүүс зөндөө байна шүү.
Бид бүгд л Монгол гэдэг айлын хүүхдүүд. Уурын мунхагийг дарж гэгээрцгээе, архинаас хол байя, асар их хувиа бодолтоос хол байцгаая. Гэр бүлээ, үр хүүхдээ бодоцгооё. Ийм асуудал дээр зоригтой, золбоотой өөрчлөлт хийж, архинаас гарцгааж, гэмт хэрэггүй орчин бүрдүүлж, улс орон маань тайван амгалан, гадаад дотоодод үнэлгээтэй, хаана ч гэсэн монгол хүн гэдэг ёстой жудагтай сайхан хүмүүс байна гэдэг орон болохын төлөө хамтдаа зүтгэцгээе.
Цагдаагийн ахлах дэслэгч Б.Төгсжаргал
Эх сурвалж: https://www.police.gov.mn/
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт