ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ж.Жамсран: Нартыг харж, амьд явахсан гэж монгол аргаар өөрийгөө эмчилсэн

    Өмнөх ярилцлагууд:

    Ж.Жамсран: Элэг эмзэг номхон эрхтэн ч өвчилж догшрохоороо дийлддэггүй

    Ж.Жамсран: Би хүмүүст “Үхэхгүйн тулд хонины мах ид” гэж зөвлөдөг

    Нартыг харж, амьд явахсан гэж монгол аргаар өөрийгөө эмчилсэн

    -Та бараг л домог шиг амьдрал туулсан хүн дээ. Энэ удаагийнхаа ярилцлагыг таны төрсөн нутаг, амьдралаас яриагаа эхэлье гэж бодлоо?

    -Бололгүй яахав. Би XX зууны хүн. Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд 1923 онд төрсөн. Аав Жамц, ээж Долгор насаараа мал дагасан улс. Аав, ээж минь намайг долоон настай байхад лам болгохоор Хэрлэнгийн хүрээнд шавь болгон суулгасан юм билээ. Бурхны ном овоо гадарлах болж байтал “лам дагах биш, нам дагах” хувь ерөөл минь намайг хөтөлж билээ.

                     Хэнтий аймгийн Цэнхэр мандал сум

    17 настайдаа төрийн албанд зүтгэж, XXI зуунд ажиллаж амьдарч ирлээ. Ховд, Завхан, Дорнод, Дорноговь гээд эх орныхоо дөрвөн зүг найман зовхист ажилласан. Монголын бүх аймаг сумдаар явсан. Надад очиж үзээгүй газар ховор. Эвлэлийн хорооны нэгдүгээр даргаас эхлээд аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн алба хашиж явлаа. Засгийн газарт хэлтсийн дарга, Ардын армид нэгдүгээр орлогч дарга, намын төв хорооны гишүүн, Ардын хурлын депутат гээд хүний эрхэлдэг ажлыг хийж, авдаг цалин, шагналыг нь хүртэж явсан. Би хийж буй ажилдаа сэтгэл зүрхээ зориулж явсан юм шүү. Тэр бүх дурсамжаа эргэж санахад сайхан байна. 

                                             Бурхан Халдун уул

         Төрсөн нутгаа тэврэн энэрэл гуйн нулимс унагаж билээ

    -Яриаг тань сонсоод төрсөн нутгаа зорьсон нь зөв шийдвэр байжээ гэж бодсон. Хүний төрсөн нутгийн хүй дарсан чулуу, хөрсөн дээр нь гишгэж хөлд, хэлд орсон газрынх нь энерги, эрч хүч ямар агуу ид шидтэй юм бэ гэдгийг мэдэж авлаа?

    -Тийм ээ. Төрсөн нутгийн ач тус, аврал энэрлийн тухай хэдэн өдөр ярьсан ч багадна. Хүн төрсөн нутагтайгаа хүйн холбоотой амьдрах хэрэгтэй. Унасан газар, угаасан ус гэдэг чинь агуу их ид шидтэй. Үеийн үед хишгээ харамгүй хайрлаж ирсэн нутаг усаа ан амьтан, хүн ардтай нь хайрлах сэтгэлтэй амьдрах л хамгийн  чухал. Нэг өдөр армийн нөхөд маань намайг амин голоос холбоотой бага насаа элээсэн тэр газарт минь хүргэж өглөө. Би ч “Миний газар ус, ариун байгаль, ой хөвч минь. Би таныгаа зорьж ирлээ. Намайг өвчин зовлонгоос салгаж өгөөч” гэж эх газраа тэврэн энэрэл гуйн нулимс унагав. Эргэн тойронд өнгө өнгийн цэцэг навч алаглан ургаж, бал бурмын  адил үнэр сэнгэнэн уулын голын авиа хоржигнон дуугарч байлаа. Би зорьсон газраа иржээ. Ингэх л миний ганц хүсэл байсан даа. Сайхан байгаль, уул усандаа хань болж эндээ шингэхэд гомдол алга гэсэн бодол тэр үед төрсөн. Би эхлээд нутгийнхаа уснаас ууя гэж бодов. Тэгээд “Таван махбодийг тэтгэн тэнхрүүлэгч чандмань эрдэнэ ус минь ач тусаа ивээгээч” гэж хангай дэлхийдээ залбиран гурав балгасан. Ходоод руу зурж ёстой л тамир тэнхээ алдах шиг болсон. Нэлээн хэд хоног аяганы тал уус уудаг боллоо. Гэдэсний дүүрэнг суларч дотор цанхайх нь гайгүй болох шиг санагдав. Сүүлдээ ч өөрөө босож усаа авчихдаг боллоо. Хэзээ би ингэж байлаа. Биеийн байдал дээрдэж байна даа гэж баярлаж сэтгэл сэргэнэ. Нутгийн ус гэдэг үнэ цэнэтэй хэрийн юмыг анагаадаг ид шидтэй эрдэнэ юм шиг бодогддог нь миний итгэлийг улам сэргээдэг байсан. Үүнийгээ хэнд ч хэлдэггүй байв. Ойр зуур гарч заримдаа модны хожуул, хад зүлэг, ногоон дээр сууж эргэн тойрон, байгалийн тансаг гоог бишрэн харж, биеийнхээ зовиур, гуниг уйтгарыг мартдаг болсон доо. Байгальтай харьцаж байхад сэтгэлээс салдаггүй зовиур, дарамт хэдэн цаг, өдрөөр ч талийн оддог байлаа. Ингэх нь өвчинд шаналсан хүнд хэчнээн их аврал авчирдгийг тэр зовлонг амссан хүн л илүү мэдэх байх. Намайг үхэлтэй тэмцэлдэн зэрлэг шахам байхыг мэдсэн сайн нөхөд, ах дүүс, ангийнхан маань бишгүй ирж, эргэж тойрч тус дэм болдог байсан даа.

                              Би байгалийг шүтэж амьдардаг

    -Байгаль дэлхий биднийг ээжээс дутахааргүй хайрлаж халамжилдаг юм байна шүү дээ. Тэгэхээр эх орноо хайрлана гэдэг том зүйлээс бус дэргэдээ буй бүхнээ хамгаалахаас эхэлдэг байх нь. Байгалийн эмчилгээ энгийн хэрнээ эрүүл амьдрах ид шид болдгийг та л бусдаас илүү мэдэх байх?  

    -Би байгалийг шүтэж амьдардаг. Байгалийн эмчилгээний хажуугаар цагаан гүү, ямааны сүүг түүхий чигээр ууж байв. Дулаан өдөр хөлөө усанд дүрж толгой цээжээ усаар шавшиж, наранд биеэ хөнгөн шарж дасгаж эхэлсэн.

                                                     Халгай

    Удвал-Ломбо, шархны шар цэцэг, хунчир, үхэр мэхээр, шүүдэргэнэ, ванжингарав, хусны онгол, бамба цэцэг, хээрийн халгай, шивлээ зэрэг эмийн ургамал ууж байсан маань элэг, цөс, ходоод, бөөр, архаг хууч, аливаа хордлого тайлах сайн талтай байв. Өөрийн орны ургамлаар хийж болох цагаан танг (норовдүмтэн манашатан) хонины дөрвөн шимт ясны шөлөнд буцалган ууж байсан нь үр дүнд хүрсэн.

    -Хаврын улирлыг бусдаас нь илүү онцгойлж ярих дуртай  юм. Ямар учиртай болоод тэр вэ?

    -Хавар шимтэй бүхэн дэлгэрдэг хамгийн  сайхан улирал. Тавдугаар сарын эхээр хусны шүүс ууж, тэр үед ургадаг далийн ягаан цэцгэнд суудаг байлаа. Энэ цэцэг ядарсан хүнийг тэнхрүүлж, тамир тэнхээ суулгадаг юм билээ.

                                           Далийн ягаан цэцэг

    Далийн ягаан цэцэг уушиг, астма зэрэг өвчнийг анагаадаг. Нарс, хус, улиастай зэлүүд газрынх нь бүр ч сайн. Ой хөвчид хавар, намар явах нь хамгийн ашигтай эмчилгээ. Хавар болохоор хус модны шүүсийг зохих журмаар уухад амьсгалын замын өвчнийг эмчилж, элэг ходоодонд эм болно.

                                                 Хусны шүүс

    Хавар хөхөө донгодох, намар буга урамдахыг сонсох урт наслуулах увдистай. Монгол орны ой тайгад хүний эрүүл мэнд, урт наслуулахад тустай олон эмийн ургамал бий. Тэдгээрийг нээн илрүүлж, амьдрал ахуйдаа хэрэглэж чадвал өөрийн эрүүл мэндэд тустай төдийгүй өвдөж шаналсан олонд тус болох нь лавтай. Намайг аюулт өвчинтэй эцсээ хүртэл тэмцсэн гэж Чингисийн дэлхийн академи “Морьтон баатар” одонгоор шагнасан. Энэ одонгоор шагнуулсан хүн дэлхийд 50 гаруй байдаг гэнэ лээ. Мөн Монголын бүтээлч иргэдийн холбоо надад “Мөнх тэнгэр язгуурт гайхамшигт Монгол хүн” хэмээх өргөмжлөл олгосон шүү.

                    Зөв хооллохыг ямар ч эмээс илүү гэж боддог

    -Таны амьдралын замнал ээдрээтэй бас сонирхолтой болохоор яриулаад л баймаар байна. Ингэхэд хүн амьдралын төлөө зүтгэсээр өөрийгөө хайрлахгүй орхидог бололтой?  

    -Амьдралаас илүү багш гэж байхгүй. Харин амьдрах ухаан бол зөвхөн эдийн засгийн тал. Түүнээс хавьгүй илүү амьд явах ухаан гэж бас байна. Хүн өчүүхэн төдий ч өөрчлөлтийг өөрөө мэддэг байвал өвчнөөс төдий чинээ амар сална. Хүмүүс ямар ч эмийг эмч жор бичиж өгсөн юм чинь гээд дэг баримтлахгүй хамаагүй уудаг. Хамгийн гол нь ууж байгаа эм биедээ хэрхэн нөлөөлж байгааг ажиглах хэрэгтэй. Биеэ огт хайхардаггүй хүмүүс байдаг. Амьд явна гэдэг ховор аз завшаан юм шүү дээ. Хүн энэ хорвоод нэг л амьдарна. Тиймээс хайрлаж, хамгаалж амьдрах хэрэгтэй. Хүн бүр машины мотор эд ангийг мэддэг шигээ өөрийнхөө бие махбодийг тэгж мэддэгсэн бол өвчлөөд байх учиргүй. Би зөв хооллохыг ямар ч эмээс илүү гэж боддог. Тиймдээ ч их биш бага багаар иддэг. Махнаас хонины, ногооноос манжин, лууван сонгож иддэг. Орой 23 цагт унтаж, өглөө зургаан цагт босож, 7-8 цаг унтаж амрах нь насанд хүрсэн хүмүүст хамгийн тохиромжтой. Өглөө сэрэнгүүтээ орноосоо босохгүй хөрвөөн хэвтэх нь алжаалыг тайлж байгаа жаргал мэт санагдах боловч биед хуримтлагдаж хэрэггүй болсон зүйл (шаар хуримтлагдах, цус бүлэгнэх, үе мөч хөших, шар ус хурах) муугаар нөлөөлдгийг анхаарахад илүүдэхгүй.

    Нартыг харж, амьд явахсан гэж монгол аргаар өөрийгөө эмчилсэн

    -Таны эмчилгээний арга, туршлага өөрийн гэсэн онцлогтой. Тиймээс элэгний өвчний зарим шинж, ууж байсан эн тангийн жор хэмжээ хэрэглэх аргаас сонирхуулаач?

    -Шинэ цагийн дуу мэт хурдан онгоцоор нисэн Берлинээс Улаанбаатар хүрч чадахгүй байх гэсэн онош, элэгний хүнд өвчтэй ирсэн би ганц хором боловч нартыг харж явахсан гэж монгол аргаар өөрийгөө эмчилж, монгол эм тан ууж өдий болтол эрүүл саруул сайхан л явна. Биеэ тэнхрүүлэн эдгэрүүлсэн энэ арга зовлонд учирсан хэн нэгэнд тус болоосой гэж би үргэлж бодож явдаг. Эрдэмтэн, эмч нараас байнга зөвлөгөө авахын зэрэгцээ дорно дахины эмнэлгийн зарим ном судар, “Анагаах ухааны дөрвөн үндэс” хэмээх алдарт бүтээлийн зарим хэсэг, “Монголын анагаах ухааны тухай нэвтэрхий толь”, “Монгол эмийн судлал”, ӨМӨЗО-ны “Монгол эм эмнэлэг” зэрэг ном, судалгааны материалыг байнга уншиж ирлээ. Элэгний үйл ажиллагаа муудсанаас элэг, дэлүү хавдах буюу хэвлий устах, улаан хоолой болон ходоодны амсрын хөх судал нь гүрийж ажиглагдана. Гол шалтгаан нь цус, шар, бадгана, шар уснаас үүдэлтэй бөгөөд архи, тамхи хэтрүүлснээс үгдрэх нь олон. Энэ шинжүүдийг хайхрахгүй явснаас өвчин газар авч хялбар эмчлэгдэхгүйд хүрнэ. Элэг муудах шалтгаан бол гашуун ундаа, хурц идээ хэтрүүлсэн, цаг дэглэмгүй ажиллаж биеэ ядраасан, доргиж бэртээсэн зэрэг өөрийн буруугаас болдог. Зүүн баруун хавиргаар хөшиж өвдөх, бие хүндэрч цээжээр хатгуулах, цомцойж суухад доош татаад байгаа мэт санагдах, бас мах арьс нь шарлах, бөөр бэлхүүс өвдөх шинж тэмдэг илэрдэг. Үүнд элэгний тан, элэгний халууныг дарагч Гүргүм-7, Манагчембу ууна. Цусны хувь нь их бол Гиван-9 буюу дээд Гүргүм-7-г хавсарч ээлжилж ууна.

    -Элэг томорсон үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

    -Элэг томорсон үед нойр багасах, ядарч нозоорох, санаа сэтгэл тогтворгүйтэх, хоол унданд дургүй болох, бие нь хатангирч турах шинж илэрнэ. Өвчнийг засахад цусны халууныг арилгах Оюу-8 буюу халууны Гүргүм-7-г буцалсан усаар даруулан ууж хэрэглэнэ. Элэгний хатуурах өвчин биеийн шим тэжээл олигтой авахгүй, толгой эргэх, тамир тэнхээ суларч үе үе шархирах, нойр муудах, хоол унд идсэн ч шим тэжээл олигтой авахгүй, толгой эргэх, чичрэх биеийн баруун талаар хөндүүрлэх, нүүр царай, арьс, нүдний өнгө шарлах байдлаар илэрнэ. Ийм маягийн элэгний өвчнийг Анар-8, Тунгалаг-5, Танчин 25-ыг нэлээд удаан хугацаагаар хэрэглэнэ. Танчин-25 буюу Их Танг монголын зэрлэг гахайн цусаар хүчжүүлж уухад нэг хүчтэй нөлөөлдөг. Элэгний элч буурч доройтох нь элэгний цусны тунгалгийг боловсруулах чадвар дутсанаас үүсдэг өвчин юм. Өвчний шинж илэрмэгц эмчлүүлээгүйтэй холбоотойгоор хоол ундны дараа элэгний орчмоор өвдөх, хүч тамиргүй болох, заримдаа бөөлжих, хагас  дутуу эвшээх зэргээр биеийн хэвийн үйл ажиллагаа алдагдана. Ийм тохиолдолд хийг дарж, шарыг онцлон анхаарч эмчлэх нь зүйтэй. Үүнд: Анар-8, Даль-8, Тунгалаг-5 зэрэг эмийг Мана-4-ийн тангаар хүлэг болгон хүртэх бөгөөд Танчин 25-ыг бүрж бас ууна.

    -Гурван үрийн тан, Тугал өвс танг элэгний өвчний ямар үед хэрэглэдэг юм бол?

    -Элэгний цус нь өөрийн орших орон, гүйх мөрөөсөө урваж доош бөөр, нуруу, хөлд унаснаас шалтгаалж элэг өвчилнө. Энэ нь архи мэт халуун чанартай хоол ундыг хэтрүүлж хэрэглэсэн зэргээс болно. Элэгний ийм шинжийн өвчний үед голдуу бөөр нуруугаар шархирч халуурна. Гар, хөлийн шөрмөс татах, өвдөх, царай улайх, хоолой сөөх, цайвар цэр гарах шинжтэй байна. Энэ өвчний үед Гурван үрийн тан дээр Тугал өвс гурван граммыг нэмж сайн буцалгаж хүртэх зэрэг олон арга амьдрал дээр үр дүнтэй болохыг харуулсан.   

    -Элэгний хор харшилдах өвчин гэж юуг хэлдэг юм бэ?

    -Элэгний хор харшилдах өвчин гэдэг нь элэгний цул хоргодож цусыг үүсгэж боловсруулах, тэнцүүлж тохируулах чадвар нь доройтсон халуун чанарын өвчин юм. Энэ нь зохихгүй хоол унднаас гадна нян халдвартай хорын халуун, элэгний хор харшсанаас шалтгаалдаг. Нүд шарлах, царай хөхрөх, элэг ходоод дүүрэх, хоол унд шингэхгүй байх, идсэний хойно элэг өвдөх, өтгөн хатах, заримдаа хөлийн өлмий хавдах шинж илэрнэ. Өвчнийг засахад хор тайлах тан, Танчин-25 удаан хэрэглэнэ. Гиван-9, дээд Гүргүм-7, Ланчин 13 зэрэг эм танг зохицуулан ууна. Элэгний халуун өвчин нь цус шар арвидаж элгэнд  нөлөөлснөөс болно. Голдуу халууныг нь арилгах хэрэгтэй. Харин элэгний хүйтэн өвчин бол бадгана хий арвидаж элгэнд нөлөөлөн үүссэн болохоор хүйтнийг арилгаж элгийг төлжүүлэх чиглэлээр эмчлэх нь чухал. Халуун чанартай элэгний өвчний үед тодорхой хэсэгт өвдөх, нүд улайх, биеийн илч нэмэгдэх, бие хөших, ам хэл татах, ундааших, хамраас цус гарах, нүүр тослог болох, судас түргэн лугших, шээс үнэр ихтэй болно. Энэ өвчин дөрвөн улиралд дэлгэрэх боловч намрын улиралд улам илүү тохиолдоно. Идэх уух зүйлд дургүй болж бөөлжис хүрэх, суулгах, хэвлийн баруун талд өвдөх, шээс шарлаж үнэр их болох, бие халуурахгүй боловч бүхэлдээ шарлана. Судал нь түргэн лугших бөгөөд хэлний хөвөөгөөр улбар, голдоо шар өнгөтэй болно. Хүйтэн чанартай элэгний өвчин бол голдуу эс шингэсэн бадгана, хий, цайвар хаван зэргийн шинж тэмдгээр илэрдэг. Ходоод элэг хоёр наалдах мэт санагдана.Элэг унжирч өвдөх, олон эвшээлгэх, нүднээс нулимс гоожих, зогисох, тамир тэнхээ муудаж, нүүр царай цонхийх шинж илэрнэ.

     

    Элэгний 18 төрлийн өвчин бий. Тэдгээр нь шинж тэмдгээрээ ялгаатай

    1.Элгэн дээр болоод баруун зүүн богино хавирга хөөж өвдөх, бие зулай хүндрэх, цээжээр хатгуулах, цомцойн суухад доошоо унжиж байгаа мэт мэдрэгдэх, арьс шарлаж, бөөр бэлхүүсээр өвдөнө.

    Засах арга: Юунин-8, Гүргүм-16, Чинцад-8 танг өгч болно. Бас Гиван-9, 11, 13-ын аль нэгийг өгнө. Халуун талдаа дийлэнх байвал Гүргэм-7 өгч болно. Энэ үеэр тохойн гадна талын судсыг ханаж хэвтүүлэн сэрүүн талын хоол унд хэрэглэнэ.

    2. Нойр муудаж бие хүндрэх, идэх уух дургүй болох, цус багадаж, арьс мах шуугдана.

    Засах арга: Хордлого тайлах талын эмчилгээг хийж Гүргэм-16, Гүргэм-7, Гүргэм-Чогдон уулгана. Хордлого тайлахдаа Дүржид-10 хэрэглэвэл сайн.

    3. Нүд улайж, нүүр хөхөрнө. Ходоод, элэг дүүрэх, цанхайх мэт санагдаж идсэн уусан зүйл амар шингэхгүй болж, өтгөн хатаж, зарим тохиолдолд ханиаж ч болно.

    Засах арга: Юунин-8, Гүргэм-7, Гиван-9, Дэгд-8, Танчин-25 өгнө.

    4. Дотор хөөнө, цээжин биеийг дарахаар намдах мэт болж, нуруу хөшиж, элэг унжиж мэдрэгдэнэ.

    Засах арга: Элгэнд ус алдсан бол гурван үрийн тан болоод Чинцад-8 өгнө. Энэ найрлагад Ар-үр, Бар-үр, Жүр-үр тус бүр 5 цэн, барагшуун 7 цэн, Балига-9 цэн, Башига-5 цэн, Гүргүм-5 цэн орсон байвал өвчинд тун сайн.

    5. Хөл хүйтэн оргиж цээжээр хатгуулна. Зовхи нь бууна. Мөрний тус газар хатгуулах болоод хүзүүний судас хөшдөг. Харин юм идэхээр бага зэрэг тус болох мэдрэгдэнэ.

    Засах арга: Гүргэм-7, Гиван-9, Гүргэм-9 өгнө, халуун их бол шарын туулга уулгаж болно.

    6. Элэгний цус бэлхүүсэнд буувал шархирч өвдөнө. Хөлд унавал сүүж шархирч өвдөх, шөрмөс таталдах байдал мэдрэгдэнэ.

    Засах арга: Ар-үр-10-ыг Марвуу-3 тангаар даруулан өгч, булчин шилбэний үзүүр судало, шагайн судсыг ханавал тус болно.

    7. Элэгний цус уушиг, ходоодонд цалгина. Уушгинд цалгивал цээж тэлж нүд улайна. Суганы доод хэсгээр хатгуулах бөгөөд цустай цэр гарч ханиана.

    Засах арга: Уушгинд цалгисан бол Жуган-25, Зандан-8 өгч, уушигны судас Рутунг ханана. Мөн Гиван-9 зэрэг сэрүүн чанарын эм өгнө. Ходоодонд цалгисан бол Гүргүм-13, Гүргэм-7 өгнө.

    8. Хөл, гар нь хөшиж, үе бүхнээр өвдөнө. Гэдийж бөхийхөд хэцүү болж, цээжээр хатгуулан шил таталдаж мэдрэгдэнэ.

    Засах арга: Элгэн судсыг ханаж шувууны баасыг архинд шингээж суга, нуруунд нь жин тавина. Бас Агар-35 өгвөл бүр сайн.

    9.Бүх бие хөндүүрлэн, хөдөлгөөн хийхэд өвдөнө.

    Засах арга: Гурван үрийн тан, Норов-7 тангаар хөлсөө гаргаад туулгах байдлаар эмчилнэ. Бойгор 10, Танчин 25 өгч болно.

    10. Бие нь загатнаж чичрэх, баруун талаар нь хүндрэн өвдөнө. Нүдний өнгө өөрчлөгдөж хараа муудаж, ам их цангана.

    Засах арга: Юуны өмнө Рутинг ханана. Есдүгээр үеийг ханана. Юуна 8, Анар-13 өгч болно.

    11. Аюулхайн баруун зүүн захад өвдөж нойр нь их болно. Ам нь цангана. Хавирганы хажуугаар хатгуулж өвдөнө.

    Засах арга: Гүргэм 13, Гүргэм 7, Гүргэм Чогдонг өгнө.

    12. Амин  судас, зүрх өвдөж, дотор хоосноор хөөнө. Аюулхай орчимд өвдөнө.

    Засах арга. Гүргэм 16, Гиван 9, Чинцад 8 зэргийн танг барагшуунаар даруулан өгнө. Рутинг ханаж, наймдугаар үеийг төөнөж болно.

    13. Цээжээр хатгуулж мөр өвдөнө. Цээж, ходоод, элэг хөндүүрлэж, ханиахад элгэн тус газраар өвдөлт мэдрэгдэнэ. Хамраас нь цус гарч, идсэн хоол унд шингэхгүй болно.

    Засах арга: Балигын тан өгч гурван үрийн туулга хэрэглэх хэрэгтэй.

    14. Эвшээхээр нулимс их гарна. Элэг ходоод унжран өвдөнө. Өглөө оройд өвдөлт илүү мэдрэгдэж зогисуулна.

    Засах арга: Анар 4, Анар 5, Элэгний анар 8, Гурван үрийн тосон эм өгч, есөн үеийг ханаж болно.

    15.Хоол унд идсэний дараа элэг өвдөнө. Халуун ус мэтээ бөөлжиж, эвшээхэд дотор эрхтэнүүд хөндүүрлэнэ.

    Засах арга: Элэгний хийг засаад, Даль 8 эм өгнө.

    16.Өвдөгний орчимд даарч загатнана. Цээж тэлж хуурайгаар ханиан, гэдийж бөхийхөд цээж, хэвлийн тус газраар хөндүүрлэнэ.

    Засах арга: Элэгний хор тайлах эмүүдийг өгч, элэгний билчирийг төөнөх хэрэгтэй.

    17.Бие хавагнаж, нүүр царай харлаж, хэл уруул цайрч, толгой эргэн, үс хөмсөг загатнана.

    Засах арга: Гурван үрийн танг уулгаж, есөн үеийг төөнөх хэрэгтэй.

    18. Дотор хүйтэн оргиж, нүүр царай хавагнаж ирнэ.

    Засах арга: Даль 8, Анар 5 өгч, 5,6 үе, мөн аюулхай орчимд төөнөх хэрэгтэй. Настайчуудад хонины зөөлөн бор махаар шөл өгч болно.

    Хэрэв танд эдгээр шинж тэмдгээс аль нэг нь танд давамгайлан байх аваас элэгний нарийн шинжилгээнүүдийг хийлгэж оношоо зөв тогтоосны дараа монгол эм хүртэх ёс горимыг сайтар дагаж хэрэглэх нь илааршихад тустайг дахин сануулъя.   

                                                                                              Г.Батцэцэг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй