Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаар нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг баталсан. Хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтад Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга орсон. Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатараас тодрууллаа.
Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга 1958 онд ашиглалтад орсон. Барилгыг мөнх цэвдэгтэй хөрсөн дээр барьж, барилгын суурийг чанарын муу түвшинд гүйцэтгэсэн учир ашиглалтын явцад зарим хэсгээрээ цууралт үүссэн. Мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт 2 удаа гарсан. Уг барилга нь газар хөдлөлтийн таван баллыг тэсвэрлэхгүй, аюултай, ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудын жагсаалтад орчихсон байгаа.
Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгыг нурааж, дахин шинээр барих төсвийн бололцоо байхгүй. Энэхүү барилга нь нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтад л орсон байгаа. Энэ нь өнөө маргаашгүй хувьчлана гэсэн үг биш. Хэрэв хувьчлах болбол өмч хувьчлалын комиссын хурлаар оруулж, хөндлөнгийн үнэлгээний компаниар хөрөнгийн үнэлгээ хийлгэж, үнийн дүнг өмч хувьчлалын хурлаар батлах бөгөөд 5-6 үе шат дамжиж, дуудлага худалдааг зохион байгуулдаг юм. Одоогийн байдлаар зөвхөн хувьчлах жагсаалтад л оруулсан байгаа гэдгийг дахин хэлье.
Хүүхдийн дугуйланг сургууль бүрт хичээллүүлж байна. “Нью капитал” төслөөр дүүрэг, хороодод олон нийтийн үйлчилгээний зориулалтаар барилга ашиглалтад оруулсан. Эдгээр барилгад хүүхдийн дугуйлан хичээллүүлэх бүрэн боломжтой. Мөн “Хүүхдийн ордон”-д зарим дугуйланг шилжүүлж болно. Ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгад хүүхдүүдийг хичээллүүлэх нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Төр иргэнийхээ аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрхийг хангах үүрэгтэй гэж хуульд заасан байдаг. Хуулийн дагуу албадан нураах арга хэмжээ авах эрхтэй гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт