ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шинэ Цирк төвийн захирал Н.Зориг: Цирк бол хил хязгааргүй интернационал урлаг

    Монголын циркийн урлагийн үүх түүх, өнөө маргаашийн тухай Шинэ цирк төвийн захирал, СТА Н.Зориг амттай яриа дэлгэлээ.

    Циркийн тухай бодоход юун түрүүнд алиалагч буудаг. Тэгвэл Монголын цирк хэзээ байгуулагдсан бэ?

    Цирк гэхээр алиалагч, агаарын гимнастикч, амьтан, алиалагч төсөөлөгддөг. Дэлхийн бусад орны цирктэй харьцуулахад Монгол цирк харьцангуй залуу. Анх 1941 оны 7-р сарын 9-нд 3000 хүний суудалтай театрт анхны тоглолтоо толилуулсан, 75 настай циркийн урлаг даа. Циркийг ер нь таван мянган жилийн өмнө бий болсон гэж үздэг. Цирк ард түмний ахуй амьдралаас бий болсон урлаг. Амьтан сургах, үхэр саах, морь унах нь амьтан сургалтын төрөл, модонд авирч самар жимс түүх нь тэнцвэрийн урлаг зэргээр амьдралаас урган гарсан хамгийн анхны урлагийн илэрхийлэл гэж үздэг. Харин өнөөгийн хэлбэрээ 1800 оны сүүл үед Англи, Франц улсад олсон. Манайд цирк үүссэн нь ЗХУ-аас эхлэлтэй. Энэ улс циркээрээ дэлхийд толгой цохидог орны нэг. ЗХУ-ын анхны циркийн бүрэлдэхүүн 1931 онд Монголд ирж  хөдөө орон нутгаар аялан тогложээ. ЗХУ-ын циркийн анх гадаад айлчлал нь энэ байсан. Нийт гурван удаа буюу 1934, 1936 онд дахиж ирсэн.  Цам харайхаас өөрийг үзээгүй монголчууд дээш доош үсэрсэн хүмүүс, сургуультай амьтан үзээгүй учраас их гайхаж хүлээж авсан. Ж.Раднаабазар /Монгол циркийг үндэслэгч/ энийг суръя, монголчууддаа үзүүлье гэж шийдсэн. Тухайн үед Ж.Раднаабазар өөрөө Улаан-Үдэд сурч байсан. Тэнд онц сурсан хүүхдүүдийг гучаад оны дундуур Москвад аваачиж, үзүүлжээ. Москвагийн циркийн сургуулийг үзээд ерөөсөө энд суръя гэж шийдэж, Монголоос Л.Нацаг, Д.Гомбо нарыг дагуулж энэ сургуульд сурч, дүүргэсэн. Гурвуулаа төгсч ирээд Бөмбөгөр Ногоон театрын хажууд циркийн бүлгэм байгуулж, удалгүй төр засагт цирк байгуулах хүсэлт тавьсан. Тун удалгүй оросоос арав гаруй циркийн багш нар авчирч, Ардын зураач, төрийн шагналт Л.Намхайцэрэн хуучин Дарь-Эхийн сүмийг цирк болгож өөрчлөөд, 1940 онд анхны элсэлтээ авсан. Ингээд 1941 онд анхны тоглолтоо хийж байсан түүхтэй.

    Ер нь боловсон хүчний асуудалд хэр анхаардаг байв? ЗХУ-д л зөвхөн бэлтгэдэг байсан уу?

    Орос школ гэж ярьдаг. Манай кино, сонгодог хөгжим, балет бүгд орос школтой. Тэрэн шиг Монгол цирк ч бас орос школоор бий болсон. Циркийн урлаг өөрөө гэгээлэг залуу хүнийх. Таван настай хүүхэд цирк үзлээ гэхэд аав ээж гээд бүх хүн хөлөөрөө явдаг бол тэнд гараараа явна. Арсланг жишээ нь муур, нохой шиг тоглуулахаар хүүхдийн ертөнцөд үлгэрийн юм шиг дурсамж хоногшиж үлддэг. Тиймээс хүүхдийн хүмүүжилд, төлөвшилд зайлшгүй байх ёстой.

    Цирк таван мянган жилийн настай гэлээ. Орчин үеийн цирк хэзээнээс үүсч хөгжсөн бэ?

    ЗХУ-ын циркийн байгууллага хориод оноос эхлээд циркийг урлаг болгож хөгжүүлсэн. Хуучин буюу 17, 18-р зуунд  циркийг зугаа цэнгээний төрлөөр хөгжүүлж байсан бол ЗХУ хөгжим, бүжиг, драм бүгдийг нийлүүлж цогц болгон хөгжүүлсэн. Одоо драмын цирк гэж бий. Жараад оныг хүртэл цирк бол урлаг биш спорт, зөвхөн биеийн хүч хөдөлмөрөөр хийж байна гэж ярьдаг байсан.

    Манай цирк ямар түвшинд байна гэж та бодож байна вэ?

    Манай улс циркийн урлагийг хөгжүүлэх гэж 1940-өөд оноос бодлого хэрэгжүүлж байсан. 1968 онд Сайд нарын зөвлөлөөс 2000 хүний суудалтай цирк барих шийдвэр гарсан. Тэр үед Улаанбаатар 300 мянга гаруй хүн амьдарч байсан учраас уг шийдвэрийг эсэргүүцэх явдал гарч байв. Румын улсын тусламжтайгаар 1971 онд цэнхэр оройтой цирк бэлэн болсон. Манай цирк 1970-1990 он хүртэл дэлхийн тавцанд эхний тавд орж байв. Хятад, Орос, Солонгос, Ардчилсан Солонгос, тэгээд Монгол гэж яригддаг байв. Амьтан сургалт, уран нугаралт, акробат үсрэлтээрээ, алиаллаараа нэртэй учраас хаана ч циркийн уралдаан тэмцээн болсон Монголыг урьдаг. Ямар ч том тоглолт болсон монголын уран нугаралт, акробат, хүнд жингийн үзүүлбэрийг урьдаг байдал 1990 он хүртэл үргэлжилсэн.

    Миний дараагийн асуулт циркийн нууцтай холбоотой байж болох юм. Тэр том шарикууд их хүнд жинтэй байдаг уу?

    Хүнд байна аа. Д.Дамдин аварга гэхэд л өөрийнхөө дээр 850 кг-ыг өргөж байлаа. Д.Дамдин аваргын шавь нар МУГЖ Я.Амаржаргал, МУГЖ Г.Хишигдаваа, дараа нь бурхан болсон Хадбаатар, Доржнамжил нар дандаа хүнд жин хийдэг байсан. Тэдний авч байгаа жин адилхан.  Тэдний эргүүлдэг гэр хамгийн бага нь 16 кг. Цаашлаад 24 кг хүртэл байдаг. Худлаа биш гэдгийг нь батлах түүх яръя. Унгар улсад 1978 онд тоглолтоор явж байхад Д.Дамдин аварга 20 кг гэрийг чигчий хуруун дээрээ өргөөд үзэгчдэд өгнө. Үзэгч авангууд доош тавина.  Тэгэнгүүт үзэгч онхолдоод хөл нь гозолзоод уначихдаг байж билээ. Залуу жүжигчид бид Д.Дамдин аваргад одоо тэр хүнд өг гээд л зааж өгнө. Гурван удаа тэгж онхолдуулсны дараа Т.Цэнд-Аюуш багш Д.Дамдин аваргыг дуудаад “Аварга хүн байж хүүхдүүдтэй ингэж болохгүй. Хүн гэмтвэл яана” гэж зэмлэж байсан.

    Аюултай үзүүлбэр байдаг даа? Хүнд шарик эргүүлж байгаад л шилэн хүзүүн дээрээ тогтоодог.

    Тэр нь найман кг. Найман литрийн савтай усыг л хүзүүн дээрээ тавьж байна гэсэн үг.

    Хүндийн өргөлтийн дэлхийн дээд амжилт хэдэн кг байдаг вэ? Дамдин аваргын 850 кг-ийг эвдсэн хүн байдаг уу?

    Хамгийн хүнд жинг Д.Дамдин аварга тогтоосон. Дөрвөн мөч, бүх бие дээрээ 850 кг жин авдаг. Хуучин орост бол 650 кг, 750 кг жин өргөж байсан. Энэ үзүүлбэрийг дэлхийн аварга Навак гэдэг хүн Орост хийж байсан. Энэ үзүүлбэрийг Монголд Д.Дамдин аварга 1970-аад оны эхээр хийсэн.

    Зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс циркийн урлагийн үзэгч багассан гэж би хөндлөнгөөс хардаг. Таны хувьд?

    Далаас ерээд оныг хүртэл цирк энэ сайхан том байрандаа, тэрнийхээ хэргийг үнэхээр гаргаж байлаа. Бүхэл бүтэн дөрвөн хөтөлбөр байв. Нэг хөтөлбөрт 30 гаруй уран бүтээлчтэй. Нийт 120-160 бүтээлч. Нэг хөтөлбөр нь тэр жилдээ хөдөө орон нутгаар буюу бригадуудаар явна. Нэг хөтөлбөр нь буюу гучаад хүн дараа жилийнхээ шинэ уран бүтээлийг туурвиж байна. Нэг хөтөлбөр нь дандаа гадаад явж байна. Нөгөө хөтөлбөр нь бэлтгэлээ хийнэ. Ингэж шилждэг дөрвөн хөтөлбөр байлаа. Ерээд онд нийгэм солигдоод хаа сайгүй бүх юм хэцүү болсон үед манай циркийнхэн гадаад зах зээлтэй, үнэлэмжтэй болсон байлаа. Хэрэгцээтэй болсон байсан учраас ерээд он гарангуут мундаг сайн нугараачид маань, сайн сайн акробатын жүжигчид маань амьдралын эрхээр явсан. Энд таван зуу, зургаан зуун төгрөгийн цалинтай байхад тэнд нэг тоглоод зуун доллар аваач гэхэд бүгд л явсан. Би ч бас 1993 оноос эхнэр хүүхэдтэйгээ Герман руу явж л байсан. Өнөөдөр ч монголын циркийн нэр хүнд уран нугаралт, хүнд жин, акробатаараа хаана ч нүүр улайхгүй явна. Жишээ нь саяхан манай акробатын жүжигчин н.Золбаяр очоод мөнгөн медаль авчирлаа. н.Намуунаа Москвагаас шагналтай ирлээ. Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэдэг шиг хуучин школ байсаар л байна.

    Монголын циркчид Монте-Карлогийн наадмаас хичнээн шагнал авсан бэ?

    Монако улсад болдог Монте- Карлогийн тэмцээн циркийн урлагийн дэлхийн олимп юм. Манай уран нугараач, хоёул МУГЖ Я.Оюунчимэг, Э.Эрдэнэтуяа нар 1987 онд хамгийн анх удаа тус наадамд орж хос уран нугаралтаар “Мөнгөн алиалагч” цом хүртсэн. Дараа нь 2010 онд манай циркээс шавь нар маань очиж оролцоод “Хүрэл алиалагч” цом авсан. Дараа нь Ч.Хатанбаатарын циркийн хүүхдүүд очоод бас хүрэл цом авсан. Ингэхээр Монта Карлогийн буюу томчуудын тэмцээнээс манайх нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Манайх олимпийн мөнгө, хүрэлтэй гэсэн үг. Тэрний дараа БНХАУ-д зохиогддог “А” зэрэглэлийн дэлхийн том тэмцээн бий. Энэ тэмцээнээс манайхан мөнгө, хүрэл зөндөө түүж байсан. Парист болдог Залуу циркчидийн тэмцээн байна. Тэр бол гуравдахь боловч “А” зэрэглэлийн тэмцээн. УГЖ Л.Энхцэцэг алтан медаль, эрэгтэй нугараач мөнгөн медаль, н.Оюунтуяа алтан медаль авч байсан. Ингээд харвал дэлхийн чанартай тэмцээнд манайх орсон болгондоо айрагдана гэдэг шиг гранпри, алт, мөнгө, хүрэл авдаг.

    Та циркийн урлагтай анх хэрхэн холбогдсон бэ?

    Намайг 1986 онд төгсч ирэхэд Соёлын яамны орлогч сайд Ж.Баатарцогт тушаал гаргаж,  О.Машбатыг Уран сайхны удирдагч, намайг Ерөнхий найруулагч болгож томилсон. Би 1993 он хүртэл Ерөнхий найруулагчаар ажилласан. Харин О.Машбат 1993 онд кино урлагийн чиглэлээр ажиллах болсон. Нийгэм давалгаатай болж цирк эдийн засгийн тооцоонд орох үед би алиалагч Д.Батсүхийг авч “Шандас” цирк байгуулсан. Бид  1996 он хүртэл Германд хоёр жил ажиллаж байлаа.

    Герман гэснээс та циркийн шугамаар дэлхийн хэдэн оронд аялсан бэ?

    Олон орноор явсан.

    Таван тивийг тавууланг нь үзсэн үү?

    Хүмүүс америк гүрэн л гээд байдаг би америкт л очиж үзээгүй.

    Яагаад? Циркийн шугамаар явсан баймаар юм.

    Би америк руу зөндөө хүн явуулж байлаа. Тохироо бүрдээгүй. Тэрнээс Европын орнуудаар бүгдээр нь явлаа. Ази тивд очсон. Австрали тивд очоогүй юм байна бас. Тэрнээс зүүн өмнөд Ази, Япон, Сингапур, Хонконг, Тайвань, Европын орнууд руу очсон.

    Циркийн урлагийн Ази школ, Европ школ гэсэн ялгаа байдаг уу?

    Циркийн урлагт нөлөө үзүүлж байгаа хоёр улс л бий. Нэг нь  одоогийн ОХУ, Зөвлөлтийн цирк. Циркийг Европт сонгодог урлагтай холбож, циркийг урлагийн түвшинд аваачсан. Хоёрдахь нь Хятад. Хүний хийж чадахгүй тэнцвэр, янз янзын зүйлийг он удаан жил бэлтгэж байгаад гайхшруулж чаддаг ард түмэн. Нарийн техник, трукийг  хятадууд хийж өгөөд, хөгжим, хувцас, урлагийн бүтээлийг оросууд хийж өгсөн. Бид их азтай. Оросоос ч тэрийг нь аваад, хятадаас ч тэрийг нь авангуут мэргэжлээ сайн эзэмшсэн манай уранбүтээлчид хоолтой явж байна. Өнөөдөр чи ганц гар дээрээ сайн зогсдог, мэргэжлийн хэмжээнд нугардаг, сайн жонглёрддог байхад өнөөдөр Европт ажиллаж болж байна. Манай жүжигчдийг гүйцэх жүжигчид европт ховор. Мөн Европын жүжигчид сарын хоёр мянган евро нэхдэг бол монгол жүжигчнийг 1500 еврогоор ажиллуулъя, хүрээд ир гэдэг. Цирк бол хил хязгааргүй интернационал урлаг юм.

    Циркийг амьтангүйгээр төсөөлөхөд хэцүү. Ер нь амьтан сургагч нарыг яаж бэлддэг байв? Орос руу явдаг байв уу? Эндээ амьтан сургадаг байв уу?

    Циркийн гол татах хүч нь бага насны хүүхдэд үлгэрийн ертөнцийг нээж өгдөг. Нэгдүгээрт амьтан,  хоёрдугаарт алиалагч, гуравдугаарт дээр нь нисч онхолдож байгаа акробат байгаа учраас хүмүүсийг татдаг хүчтэй урлаг. Амьтан сургахад оросын мэргэжлийн багш нар байсан. Анхны сургагч Ц.Цэрэнболд УГЖ болсон. Оросууд манайд гурван арслан бэлэглэж байлаа. Ц.Сандаг гэж морь, тэмээ сургагч анхны жүжигчин байлаа. УГЖ н.Амгалан холимог амьтад буюу буга, янгир ямаа, сарлаг зэргийг энд сургаад 1986 онд Чехийн 14 хотоор аялан тоглож байлаа. Тэмээн жин дээр үсэрч харайгаад л явж байлаа. Одоо л харамсалтай нь ийм нөхцөл байхгүй, амьтан байхгүй.

    Монгол уран нугаралтыг дэлхийг гайхаж, биширдэг. Энэ уран нугараач хүүхдүүдийг сонгон шалгаруулж авахдаа юуг гол болгодог вэ?

    Монгол циркийн анхны уран нугараач Ж.Эрдэнэцэцэг /Ирина орос нэр/ 94 настай өнөөдөр амьд сэрүүн байна. Тэр хүн 1942 онд Монголын анхны циркийн хамтлаг гадаадад тоглоход Улаан-Үдэд очоод амандаа юм зуугаад нугарч байгаа орос хүүхнийг харжээ. Уран нугаралт бол гаднаас орж ирсэн урлаг шүү дээ. Манай түүхэнд хадны сүг зурган дээр байдаг, Данзанравжаагийн театрт тоглож байсан гэж яригддаг. Бодитоор бол гаднаас орж ирсэн. 1940-өөд он хүртэл уран нугаралт гэдэг Европын циркүүдэд хөлөө толгойныхоо хажууд авчраад хөлийн хуруугаараа тамхи зуудаг ч юм уу этгээд гаж байдлыг нь үзүүлдэг байсан. Харин орос уран нугаралтыг урлаг руу нэлээд дөхүүлсэн. Манайх шиг нугардаг хүмүүс дэлхийгээр дүүрэн байна.

    Гэхдээ Монголын уран нугаралт яагаад дэлхийд брэнд болов гэхээр дөчөөд он, тавиад онд Төрийн шагналт, Ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш, н.Ирина нарын агуу гавьяагаар монгол эмэгтэйг уран нугаралттай холбож өгсөн. Монгол эмэгтэйн уян налархай, даруухан ааш аяг, тэр сайхан намуун аялгуу, бурхны суулт зэргийг уран нугаралттай холбосон. Монгол эмэгтэйг бурхан болгоод, амандаа юм зууж,  үегүй юм шиг нугаруулж, хөгжим нийлж бүгд урлагийн бүтээл болж гарч ирсэн. Нугаралтыг хаана ч хэзээ ч ингэж найруулж тавьж байгаагүй. Б.Норовсамбуу анх удаа энэ үзүүлбэрийг үзүүлж, дэлхийн орнуудад гайхагдаад Монгол уран нугаралт монголын брэнд болж эхэлсэн түүхтэй. Тэрнээс хойш хоёулаа  нугардаг болоод агаарт  нугарч байна. Хятадууд ч тэгж хийж чадаагүй, оросууд ч чадаагүй. Харин монгол эмэгтэйд яг зохицож чадсан. Одоо дэлхийн аль ч өнцөгт байсан монгол нугаралт байхгүй бол тэр цирк дутуу юм шиг үзэгчдэд санагддаг болсон.

    Дуучин хүнийг бол байнга хоолойны бэлтгэл хийлгүүлээд бэлтгэж болно. Харин хүний үе мөчтэй харьцдаг багш хэрхэн ажилладаг бол?

    Багаасаа сонгодог бүжигт явсан хүүхэд өсөхдөө зэгзийгээд бусдаас өөр болоод эхэлдэг. Нугаралт яг тийм. Багаасаа биеэ дааж сурдаг. Арван хүүхэд авлаа гэхэд  хоёр гурван жилийн дараа таван хүүхэд л үлдэнэ. Өдөр бүр дасгал хийнэ, өдөр бүр нуруугаа уяруулна, хэцүү. Гэхдээ байгалийн уян гэж байна. Байгалийн уян биш мөртлөө нугарч болдог. Ганц гар дээрээ тогтоно. Шүдээрээ зууж, биеэ өргөнө. Тийм учраас таваас зургаан настайгаас нь эхэлж бага багаар дасгах ёстой. Сунгалт хийнэ, хүчний дасгал хийнэ. Ингэж таван настайгаасаа хичээллэсэн хүүхэд арван настайдаа бэлэн нэг үзүүлбэртэй болохын зэрэгцээ шал өөр бие хаатай болсон байдаг. Өнөөдөр миний харамсдаг зүйл юу вэ гэхээр 1990-ээд оны сүүл, 2000 оны эхэн үеэр нугаралтыг бизнес болгох гэсэн. Хэн нэгэн биеийн тамирын багшийн хийх ажил биш. Мэргэжлийн хүн хүүхдийг багаас нь бэлтгэх ёстой. Үгүй бол хорин нас гарахад л тухайн хүүхэд нурууны өвчтэй болно.  

    Циркийн уран бүтээлчдийн амьдралын түвшин ямар байдаг вэ?

    Би 1997 онд циркт буцаж оронгуутаа “Алиалагч” студи байгуулж байсан. Тухайн үед авсан арваад хүүхдээ эргээд харахад тэд ажлынхаа үр шимийг үзэж байна. Сайн алиалагч болсон н.Энхтөр, н.Пүрэвжаргал, н.Баярсайхан, н.Ренцендорж нар байна. Би юмаа сайн хийж чаддаг, мэргэжлээ сайн эзэмшсэн хүмүүс сайхан амьдарч байна гэж үздэг. Тэд гадаадад найз нөхөдтэй, хөрштэйгөө түншилсэн байна.

    Ер нь цирк ч гэлгүй бүх мэргэжил дээр энэ зарчим үйлчлэх байх.

    Хөдөлмөрлөх хэрэгтэй. Өөрийгөө чин сэтгэлээсээ зориулах хэрэгтэй.  Гэхдээ цирк хэцүү шүү дээ. Залуудаа дуртай учраас агаарт гурав дөрөв эргэж байгаад ойчно, хөлөө хугална. Шантрах юм байна шүү дээ.

    Эх сурвалж: Эко телевиз, "Тайван яриа" нэвтрүүлэг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй