ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ЮНЕСКО-гийн Ерөнхий захиралд “Алтан гадас” одон олгоно

    Нэгдсэн Үндэсний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО) 70 жилийн өмнө буюу 1945 оны 11 дүгээр сард байгуулагдсан билээ. Энэ тухай ЮНЕСКО-гийн МҮК-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхантай ярилцлаа.

    ЮНЕСКО байгуулагдаад 70 жил болж байгаа юм байна, ярилцлагаа олон улсын нэр хүнд бүхий энэ байгууллага  хэзээ байгуулагдаж байсан тухай эхлэвэл ямар вэ?

    1945 оны 11 дүгээр сарын 16-нд Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллагыг \ ЮНЕСКО \ үүсгэн байгуулж, Дүрэмд 37 улс гарын үсэг зурсан юм. Дүрмийг 1946 онд Өмнөд Африк, Саудын Араб, Австрали, Бразил, Канад, Хятад, Дани, Египт, Америкийн Нэгдсэн Улс, Франц, Грек, Энэтхэг, Ливан, Мексик, Норвеги, Шинэ Зеланд, Бүгд Найрамдах Доминикан Улс, Их Британи, Чехословак, Турк зэрэг 20 улс батламжилснаар хүчин төгөлдөр болжээ. Нэгдсэн Үндэстний Байгууллага дэлхийд энх тайван, аюулгүй байдлыг тогтоох зорилготой мөн олон улсын эрх зүйн баримт бичгийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг. Иймээс ЮНЕСКО өөрийн 195 гишүүн улс, 10 холбоот гишүүн улсад Конвенц, Мэдэгдэл, Тунхаглал, Зөвлөмж батлан хэрэгжүүлдэг. НҮБ-ийн төрөлжсөн байгууллага бөгөөд боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл, харилцаа холбооны салбарт хамтын ажиллагааг хөхиүлэн дэмждэг.

    ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 38 дугаар чуулганы үеэр буюу 11 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд ЮНЕСКО-гийн төв байранд Парис хотноо 70 жилийн ойн гол арга хэмжээ болно.  

    Манай орны хувьд ЮНЕСКО-д элсэн орсон талаар?

    Монгол Улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны дараа жил буюу 1962 оны 11 дүгээр сарын 1-нд 108 дэх гишүүн болж ЮНЕСКО(Нэгдсэн үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага)-д нэгдэн орсон.  Ингэснээр манай улс Боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл харилцаа холбооны салбараа дэлхийн түвшинд хөгжүүлэх, ЮНЕСКО-гийн шугамаар олон улсын хамтын нийгэмлэгийн тусламж дэмжлэг авах, хамтран ажиллах боломж бүрдсэн юм.

    ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын гол чиг үүрэг юу байдаг вэ?

    ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Дүрмийг 1963 онд засгийн газар баталсны дагуу  тус Комисс нь « ЮНЕСКО-гийн үйл ажиллагаанд Монгол улсын идэвхтэй оролцоог  хангаж, боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээллийн салбарт ЮНЕСКО, түүний бүсийн төвүүд, үндэсний байгууллагатай идэвхтэй хамтын ажиллагааг зохицуулдаг. Мөн Монгол орны түүх, соёлын өв, дурсгалт зүйл, байгалийн өвөрмөц тогтоц, үнэт ховор баялаг, нөөцийг хайрлан арвижуулах, нөхөн сэргээх талаар ЮНЕСКО, түүний гишүүн орнуудтай хамтран ажилладаг бөгөөд Монголын нүүдэлчдийн соёл иргэншил, уламжлалт соёл, боловсрол, шинжлэх ухааны талаар гадаад ертөнцөд таниулах, эдгээр салбарын хөгжлийг хүн төрөлхтний нийтлэг ололт амжилт, өөрийн орны өвөрмөц онцлогийг харгалзан хөнжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Товчхондоо бол Монгол Улс, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагааг боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, соёл, мэдээлэл, харилцаа холбооны салбар дахь тэргүүлэх чиглэлүүд, тулгамдсан асуудлыг зохицуулахаас гадна ЮНЕСКО-гийн үзэл санааг дэлгэрүүлэх, зорилтуудыг хэрэгжүүлэхэд Засгийн газартаа зөвлөж, төрийн бодлого чиглэлд тусгах гэж хэлж болно.

    Комиссын Дүрмээс харахад үйл ажиллагаа нь өргөн хүрээг хамрах юм байна, үүнийг яаж хэрэгжүүлж ирэв, хүн хүчний хувьд?

    Монгол Улс, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагаа, харилцаа жилээс жилд өргөжсөөр ирсэн. Манай улсын төсөв санхүүгийн хүндрэлтэй байсан 1990-ээд оны эхэн үед ч ЮНЕСКО-той хамтран ажиллахад анхаарч Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 18 дугаар тогтоолоор Комиссын бүрэлдэхүүнийг баталж 4 хүний орон тоо бүхий ажлын алба байгуулан, зардлыг нь ЮНЕСКО-гийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн бие даан ажиллах замаар санхүүжүүлж эхэлсэн байдаг. Үүний дараа Засгийн газрын 1996 оны 238 дугаар тогтоолоор тус Комисс нь Боловсрол, шинжлэх ухаан, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд багтаж 2011 оноос улсын төсвөөс санхүүждэг болсон байна.  Засгийн газрын 2012 оны 172 дугаар тогтоолоор ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Дүрэмд өөрчлөлт оруулж тус комисс Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд хамруулахаар, орон тооны бус 18 гишүүнтэй боллоо. Өнөөгийн байдлаар манай комиссын ажлын алба нь  нийт 11 хүнтэй ажил үүргээ гүйцэтгэж байна.

    ЮНЕСКО-гийн үйл ажиллагаанд хамрах конвенц хэд байдаг, Монгол Улсын нэгдэн орсон конвенцуудын тухайд?

    ЮНЕСКО-гийн гуч гаруй Конвенци байдаг, эдгээрийн аравт нь Монгол Улс нэгдэж орсон. Хамгийн анх Зэвсэгт мөргөлдөөний үед соёлын өвийг хамгаалах тухай Гаагийн Конвенц болон Боловсролын салбарт ялгаварлан гадуурхахтай тэмцэх Парисын Конвенцид 1964 онд нэгдэн орж байсан бол  хамгийн сүүлд Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг Конвенци болон Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай Конвенцид 2007 онд нэгдэн орсон. Манай нэгдэн орсон Конвенциудын 5 нь соёл, 3 нь боловсрол, 1 нь спорттой холбоотой байна.

    Түүнээс гадна Монгол Улсаас Франц улсад суугаа Элчин сайд 1969 оноос ЮНЕСКО-гийн дэргэд суух Байнгын төлөөлөгчийн үүргийг хавсран гүйцэтгэх болсон нь ЮНЕСКО-гийн конвенцуудад нэгдэн орох, ЮНЕСКО-той хамтран ажиллахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэнийг тэмдэглэх нь зүйтэй юм.

    Конвенцуудад нэгдэн орсны үр дүн юу байдаг вэ?

    Манай улс Дэлхий өвийн Конвенци болон Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцид нэгдэн орсноор манай улс байгаль, соёлын өвөө ЮНЕСКО-д бүртгүүлж, дэлхийд сурталчлах боломж нээгдсэн юм.

    Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай 1972 оны Конвенцид манай улс 1990 онд нэгдэн орсноос хойш Увс нуурын хотгор, Орхоны хөндийн , “Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ийг Дэлхийн өвд бүртгүүлээд байна. 2015 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн Сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр холбогдох яамд хамтран Монгол Улсын Дэлхийн өвийн Урьдчилсан Жагсаалтыг шинэчлэн боловсруулж батлуулсан.

    Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенцид манай улс 2005 онд нэгдэн орсноос хойш тус Конвенцийн Яаралтай хамгаалах болон Төлөөллийн жагсаалтад монгол тууль, бий биелгээ, цуур хөгжмийн уламжлалт урлаг, монгол ардын уртын дуу, морин хуурын уламжлалт урлаг, монгол наадам, хөөмий, бүргэдийн ан, монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа, Монгол гэрийн уламжлалт урлал, Монгол уран бичлэг, Монгол Шагайн харвааг Хүн төрөлхтний Төлөөллийн жагсаалтад, нийт 13 соёлын биет бус  өв бүртгүүлээд байна. Өнөөдөр дэлхийн хэмжээнд Яаралтай 38, Төлөөллийн 314, нийт 352 өв бүртгэгдээд байгаа. Мөн манай улс ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрт оролцон “Лу. Алтан товч”, “Монгол Шунхан Данжуур”, “Есөн эрдэнийн Ганжуур” -ыг Дэлхийн баримтат өвийн бүртгэлд оруулсан. “Сахиусан Дара эх” судар дэлхийн дурсамж хөтөлбөрийн Ази номхон далайн бүс нутгийн өвд 2014 онд бас бүртгүүллээ.

    Монгол Улсын санаачилж батлуулсан ЮНЕСКО-гийн тогтоолуудын байдаг боловуу?

    Байдаг.Монгол Улсын санаачилж батлуулсан ЮНЕСКО-гийн тогтоолоор НҮБ-ын чуулганаар тунхагласан “Бичигтэн болгох 10 жил”-ийн эхлэл суурийг
    тавьсан.
    Мөн 2013 онд “Ардчиллын боловсролоор дамжуулан дэлхийн иргэнийг төлөвшүүлэх зорилтыг дэмжих” тухай тогтоолын төсөл боловсруулан ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 37 дугаар чуулганаар батлуулсан

    ЮНЕСКО-гийн тусламж, дэмжлэгтэйгээр Монголд хэрэгжүүлсэн төсөл олон байдаг. Жишээ болгож бидэнд сонирхуулаач?

    Монголд ЮНЕСКО-гийн тусламж, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн хэдэн арван төслүүдийг санаачлах,  боловсруулахаас эхлээд тэдгээр төслүүдийг ЮНЕСКО-д санал тавьж батлуулах, хэрэгжүүлэх бүхий л үе шатуудад манай комисс идэвхи санаачилгатай ажиллаж ирлээ. Политехникийн дээд сургуулийг байгуулж тоноглох, МУИС-ийн зарим тэнхим, лабораторийг тоноглох, Багшийн дээд сургуулийн сургалт эрдэм шинжилгээний баазыг бэхжүүлэх, Монгол улсын vндэсний болон хэлний цөөнхөд зориулсан олон нийтийн радио, телевизийн 2-р суваг байгуулах төсөл, эртний уран барилгын нэг болох Амарбаясгалант хийдийг сэргээх зэрэг төслийг нэрлэж болно.

    Мөн Монгол улсын боловсрол, шинжлэх ухаан, соёлын мастер төлөвлөгөө боловсруулахад идэвхитэй хамтран ажиллаж байна.  Товчхондоо бол ЮНЕСКО манай улсад эрдэм боловсролыг тэгш хүртээмжтэй түгээх, шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбоог хөгжүүлэх, үндэстний соёл урлаг, түүх соёлын өв, байгаль орчныг хамгаалах гэх зэрэг олон үйлсэд монголчуудтай хамтран ажиллаж үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан.

    ЮНЕСКО-гийн МҮК нь зөвхөн хоёр талын асуудал төдийгүй ЮНЕСКО-гийн бүс нутгийн хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулан идэвхитэй ажилладаг болсныг 2013 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Хүн ба шим мандал хөтөлбөрт  бүртгэгдсэн нөөц газруудын сүлжээ”-ний Зүүн Азийн орнуудын бүсийн 13 дугаар хурлыг, 2014 онд “Зүүн хойд Азид Соёлын биет бус өвийн хадгалалт, хамгаалалтын талаар мэдээлэл солилцох, мэдээллийн сүлжээг өргөжүүлэх нь” сэдвээр ээлжит уулзалт семинарыг тус тус зохион байгуулснаас харж болно.

    Ярилцлагынхаа төгсгөлд ЮНЕСКО манай үйл ажиллагааг хэрхэн үнэлж байгаа талаар?

    ЮНЕСКО, Монгол Улсын Засгийн газраас хоёр талын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байсныг 1971 оноос хойш ЮНЕСКО-гийн 5 Ерөнхий захирал манай улсад айлчилж, Монголын Засгийн газартай хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсанаас харж болно. Хамгийн сүүлд 2011 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова манай улсад айлчилж Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн үндэсний байгууллагын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага хооронд 2011-2015 онд хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан нь амжилттай хэрэгжиж байна.

    Мөн ЮНЕСКО ч манай санал санаачилга, чармайлт, манай улсын ололт амжилтыг зүй ёсоор дэмжиж олон шагнал урамшуулал өгсөн байдаг. Жишээлбэл: ЮНЕСКО-гоос Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад онцгой гавьяа байгуулсан байгууллага, хүмүүст олгодог Н.Крупскаягийн нэрэмжит шагналыг Монгол Улсын ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнд 1970 онд, ЮНЕСКО-гийн Монгол улс дахь үйл ажиллагааг өндрөөр үнэлэн  ЮНЕСКО-гийн  хүндэт медалийг АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбууд 1971 онд, ЮНЕСКО-гийн Төв Азийн түүхийг бичих олон улсын хөтөлбөрт жинтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж ЮНЕСКО-гоос алтан медалийг Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, проф.Ш.Бирад 2005 онд, “Залуу эрдэмтэн эмэгтэйд олгодог “ЮНЕСКО-ЛОреал”-ийн тэтгэмжит шагналыг монгол эмэгтэй хүнд хоёр удаа  тус тус олгож байв. Түүнчлэн ЮНЕСКО-гоос зохион байгуулдаг “Тамга” нэртэй үзэсгэлэнд манай улсаас оролцсон гар урлалын болон эсгийгээр урласан бүтээлүүд шалгарч “Гар урлалын чанарын батламжит бүтээгдэхүүн”-ний гэрчилгээг 2008, 2010, 2012 ондуудад авч байв. Хамгийн сүүлд гэвэл ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Мишел Батиссын нэрэмжит шагналыг 2015 онд Хустайн нуруу байгалийн нөөц газрын ерөнхий захирал Др. Н.Бандид олгосон байна.  

    Монгол улс ЮНЕСКО-гийн хамрах салбаруудаар байгуулагдсан засгийн газар хоорондын 6 хорооны гишүүнээр сонгогдон ажилладаг.

    ЮНЕСКО байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын боловсрол, шинжлэх ухаан, соёл, харилцаа холбоо, мэдээллийн салбарын хөгжилд ЮНЕСКО-гоос оруулсан хувь нэмрийг нь үнэлж ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одон олгохоор болсныг мэдээлэхэд таатай байна.

    Ингээд ЮНЕСКО-Монголын харилцааны гүүр болон ЮНЕСКО-гийн МҮК-т ажиллаж байсан мөн хамтран ажиллаж байсан үе үеийн шилдэг сэхээтнүүд, төрийн ба төрийн бус байгууллага, үндэсний хороод, олон улсын байгууллага, нийт иргэддээ энэ түүхт ойн баярын мэндийг хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй