ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ж.Цолмон: Онгоц шувуутай мөргөлдөхийг үгүйсгэхгүй

    Зам, тээврийн яамны харьяа Нислэгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны дарга Ж.Цолмонтой ярилцлаа.

    –Сүүлийн жилүүдэд Буянт Ухаа нисэх буудал орчмын суурьшлын бүсээс үүдэж түүнийг дагасан хог хаягдал ч нэмэгдэж байна. Сүүлийн үед хог хаягдлын үнэр танараар шувуу, зэрлэг амьтад цугларч, бүр онгоцны нислэгийн явцад аюул учруулах эрсдэл байгаа талаар мэдээлэл байна. Үүнд Та хариулт өгнө үү?

    -Нисэх буудал баригдахтай холбогдож тавигдах шаардлага гэж байдаг. Тэр шаардлагыг манай улс зах зээлд шилжсэн 90-ээд оны эхэн үеэс ерөөсөө хангахаа больсон гэж хэлж болно. Замбараагүй газар олголт  сүүлийн жилүүдэд маш их хийгдсэн. Үүнийг хүн бүхэн мэдэж байгаа. Онгоцны хөөрч, буух зурвас дагасан бүхэл бүтэн суурьшлын бүс бий болж эхэлсэн шүү дээ. Нөгөөтэйгүүр аж ахуйн нэгжүүд элс хайрганы карьерийг эрхлэх болсонтой холбогдуулж Туул гол дагуу маш олон хиймэл нууруудыг бий болгосон байна. Үүнийг дагаад хиймэл нууруудад загас үржиж, нүүдлийн шувууд тэнд олноороо цуглах нөхцлийг бүрдүүлж өгсөн. Онгоц хөөрч, буухад шувуу ямар аюултай вэ гэхээр шувуутай онгоц мөргөлдсөнөөс үүдэж, онгоцны хөдөлгүүр эвдрэх, хөөрч буух үед хөдөлгүүрт шувуу орох, онгоцны эд ангийг мөргөж эвдэх гэх мэт маш олон аюултай асуудлууд үүсдэг. Үүнээс үүдэж эдийн засгийн хохирол цаашлаад хүний амь нас эрсдэх гэх мэт үзэгдлүүд өнгөрсөн хугацаанд ялангуяа Скандиновын орнуудад ихээр гарсан байдаг. Дээр хэлсэн хүчин зүйлүүдээс улбаалаад энэ байдал манайд ч давтагдахыг үгүйсгэхээргүй хэмжээнд хүрсэн гэж үзэж болох үндэслэл бий.

    -Ер нь олон улсад ийм нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг юм болов уу?

    -Монгол Улс  Иргэний нисэхийн олон улсын байгууллагын гишүүн орны хувьд Annex 14, Doc 9137-оор тогтоосон нислэгийн явцад шувуу, зэрлэг амьтад агаарын хөлөгтэй мөргөлдөх эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний стандартын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байдаг. Тэгвэл нисэх буудал дагасан барилга байгууламж, замбараагүй газар олголт, элс хайрганы карьер олборлолтоос үүдэж энэ шаардлагыг манайх сүүлийн жилүүдэд биелүүлж чадахаа больчихоод байна гэж хэлж болно. Ер нь бол хот нь тэлж хөгжих үү, нисэх буудал нь нүүх үү гэдэг асуудал олон улсын хэмжээнд тавигдсаар ирсэн. Японд гэхэд л энэ асуудлаас үүдэж нисэх буудал нь гурван удаа нүүсэн байдаг. Буянт-Ухаа буудлаас баруун тийш айлууд нүүгээд маш их тэлэлт үүсгэсэн. Мэдээж хэрэг хүн суурьшиж байгаа газар хог хаягдал бий болох нь тодорхой. Харин хог хаягдлыг дагаад төрөл бүрийн шувуу үүрлэх нөхцөл байдал үүсэж байна.

    –Танай байгууллагын зүгээс дээрх байдалтай тэмцэх тал дээр өнгөрсөн хугацаанд ямар ажлуудыг хийсэн бэ?

    -Иргэний нисэхийн тухайд өөрийнхөө хашаан доторх хог хаягдлаа цэвэрлээд, шувуу үүрлэх асуудлаас сэргийлээд явдаг. Харин хашаанаас гаднах асуудал нь иргэний нисэхийн эрх мэдлийн асуудал биш учраас давагдашгүй хүчин зүйл болчихоод байна. Ирэх онд болох АСЕМ-ийн хурлаар 53 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар манай улсад ирнэ. Дандаа тусгай нислэгүүд. Энэ үеэр тусгай нислэгийн онгоц шувуутай мөргөлдөх асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Хэрвээ ингэх аваас бид өөрсдөө томоохон асуудалд унана.  Нисэх буудлын нийт барилга байгууламжийн дээврийг битүүлж шувуу үүрлэхгүй байх нөхцлийг хангах, нисэх буудлын талбайд байгаа өндөр өвсийг шатааж, шувуу байрлаж, өндөглөж болохуйц дов сондуулыг арилгах арга хэмжээ ав гэсэн улсын байцаагчийн зөвлөмжийн дагуу “Чингис хаан” нисэх буудал тодорхой арга хэмжүүнүүдийг өнгөрсөн хугацаанд авч ирсэн.Үүний зэрэгцээ онгоц буух хөөрөх үед шувуудыг тусгай аргаар болон хүний оролцоотойгоор үргээх гэх мэт ажлуудыг хийдэг. Гэх мэтээр ажил хийгдээд явж байгаа боловч гаднах асуудлууд дийлдэхээ больчихоод байна. Тухайлбал, Эмээлт орчимд байрлах мал нядалгааны хогийн цэгүүд байна. Тас, элээ гэх мэт сэг дагасан том шувуунууд  Эмээлт орчмын хогийн цэгүүд дээр маш их хэмжээгээр үүрлэсэн байдаг. Эдгээр шувууд онгоц дөрөвдүгээр эргэлтээ хийгээд нам өндөрт орж ирчихсэн буух гээд эргэж байх үед онгоцтой халз таарах эрсдэл байдаг.

    –Шувуу ихээр үүрлэж байгаа болон арга хэмжээ авах шаардлагатай газруудын байршлыг тогтоосон уу. Үүнд ямар газрууд багтаж байгаа вэ?

    -Төв цэвэрлэх байгууламжийн усан сан шуудуу, Биокомбинат дахь хогийн нэгдсэн цэг, Туул гол дагуух хайрганы карьерийн усан сангууд, 22-ийн товчоо, Эмээлт зэрэг газруудад байрлах мал нядалгааны цэг, түүнийг дагасан хогийн цэгүүд байна. Эдгээр газруудад нүүдлийн шувуудаас гадна, сохор элээ, нөмрөг тас, хар хэрээ, хон хэрээ, нүүдлийн бүргэд зэрэг шувууд үүрлэж байгаа нь онгоцны нисэх буух үеийн аюулгүй байдалд эрсдэл учруулах өндөр магадлалтай байна.

    –Өнгөрсөн хугацаанд “Чингис хаан” нисэх буудлын газардах зурваст агаарын хөлөг шувуутай мөргөлдөх тохиолдол хэдэн удаа гарч байсан бэ?

    -2014 онд зургаа, 2015 оны эхний есөн сарын байдлаар таван тохиолдол тус тус гарсан. Энэ нь олон улсад дагаж мөрдөж байгаа шувуу, зэрлэг амьтдын агаарын хөлөгтэй мөргөлдөх эрсдлийн үнэлгээгээр мөргөлдөх магадлалын болон ноцтой байдлын зэрэглэлээр өндөр гэсэн ангилалд орж байна гэсэн үг. Энэ нь эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байгаа юм.

    Эх сурвалж: www.mcaa.gov.mn

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй