ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Декупаж хөгжүүлэгчид Монгол” группын админ П.Цэнд-Аюуш: Урлалдаа хэт дурлаад ирэхээр стрессдэх завгүй болдог

    Интернет хэрэглэгчдийн сонирхлыг энгийн эд зүйлсийг тансаг хээнцэр эд болгон хувиргасан гэрэл зургууд ихэд татаж байна. Эдгээр гоёмсог эдлэлийг нялх хүүхэдтэй ээжүүдээс эхлээд тэтгэвэрийн насныхан, төрийн албаны эмч багш нар гээд олон өөр ажил мэргэжилтэй монгол бүсгүйчүүд урладаг гэдгийг дуулгахад таатай байна. Энэхүү чимэглэх урлагийг хөгжүүлэхэд сэтгэл зүрхээ зориулж байгаа нэгэн бүсгүйтэй уулзаж, декупаж урлагийн тухай товч ярилцлаа. Тун удахгүй уншигч та ч нүд хужирлам тансаг эд зүйлсийг өөрийн биеэр очиж үзэх боломжтойг П.Цэнд-Аюуш бидэнд дуулгалаа.  

    Сайн байна уу, цаг заваа зориулж байгаад баярлалаа. Юуны өмнө танилцъя. Та хэзээнээс декупаж сонирхох болсон бэ?

    Сайн сайн байна уу, сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэнд.  Намайг      П.Цэнд-Аюуш  гэдэг. Эдийн засагч, инженер, сэтгүүлч мэргэжилтэй. Би Декупаж урлалыг сонирхож эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байна.

    Декупаж урлалын талаар танилцуулна уу? Үгчлэн орчуулбал монгол хэлэнд ямар утгатай вэ?

    Декупаж нь аливаа эд зүйлийг зориулалтын зураг, зурагтай сальфетик ашиглан гоёж чимэн, өөрчилж, засаж, шинэчилж болдог урлал юм. Монгол хэлнээ буулгавал чимэх урлал гэж болох юм. Дэлхийн олон улс оронд энэ урлалыг сонирхож гайхалтай бүтээлүүд хийж байна. Манай улсад ч мөн гоё бүтээлүүд хийдэг хүмүүс нийлээд байдаг. Миний хувьд энэхүү урлалыг гарын доорх материал ашиглан ахуйн болон бусад хэрэгцээндээ хэрэгтэй зүйл урлахыг хүсдэг. Бас  үүнийгээ хүмүүст заахыг хичээдэг. Шил, мод чулуу,  төмөр гээд бүх төрлийн гадаргуу дээр хийх боломжтой учир эзэгтэй нар гэрээ өөрийн гараар тохижуулахад их нэмэртэй шүү дээ.

     

     

    Монголд декупаж сонирхох хүн олон болсон нь таны удирддаг “Декупаж хөгжүүлэгчид Монгол” фэйсбүүк бүлэг, тус бүлгийн гишүүдийн уулзалт зэргээс харагдаж байна. Бүлгээ анх хэзээ байгуулав? Ер нь энэ чиглэлийн жижиг бизнес эрхэлж байгаа хүн олон байдаг уу?

    Тэгэлгүй яахав, намайг анх сонирхож байхад маш цөөхөн хүн байсан. Иймээс эрэл хайгуул туршилт их хийж байж л нэг бүтээл гараас гаргадаг байлаа. Анх энэ урлалыг сонирхоод  ижил сонирхолтой хүмүүсийг хайж байхдаа н.Тунгалаг гэдэг эмэгтэйтэй танилцсан. Энэ хүн бол декупаж урлалыг Монголд  дэлгэрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан. Өөрөө олон жил туршиж судлан маш сайхан бүтээлүүд хийсэн байдаг. Түүнийгээ  сургалтаар зааж өгсөн. Хэрэв тухайн үедээ н.Тунгалаг багштай таараагүй бол ийм хурдан хугацаанд олон зүйлийг сурч мэдэж чадахгүй байсан. Олны хүч оломгүй далай гэж анх фэйсбүүкт групп нээж байхад ижил сонирхолтой арваадхан хүн байсан бол ганцхан  жилийн дотор 5000 гаруй гишүүнтэй болжээ.

    Өнгөрсөн жил 11-р сард “Декупаж урлал хөгжүүлэгчдийн Анхдугаар уралдаан”-аа зохион байгуулж үзэсгэлэн гаргаж байсан. 

    Энэ жил  бол бүр өргөн хүрээг хамарсан гайхалтай сайхан бүтээлүүд олон ирэх нь мэдээж. Монгол хэлээрээ мэдээлэл заавар зөвлөгөө авах боломжтой, цуглаж туршлага солилцдог групптэй болсноор улам олон хүнд хүрэх болсон. Түүнчлэн энэ урлалаар тодорхой хэмжээний орлого олж өрхийн санхүүдээ нэмэр болж байгаа олон эмэгтэйчүүд байгаа. Тэгтлээ өндөр ашигтай биш ч гэсэн шинэ зүйл худалдан авалгүй гэр орноо тохижуулаад, найз нөхөддөө өгөх бэлэгээ урлаад сурчихсан байх нэмэртэй шүү дээ. Бас хүүхдүүдийн цагийг зөв өнгөрөөх урлалд дуртай болгох, өнгөний мэдрэмж сайжруулахад их тустай урлал даа.

    Бидний энэ яриаг уншаад декупаж хийж үзэх, турших сонирхол олон хүнд төрж байгаа. Декупаж хийхэд хамгийн зайлшгүй байх багаж хэрэгсэл, эд материал юу вэ?

    Декупажийн зориулалтын материалууд харьцангуй үнэтэй. Мөн гадаадаас худалдан авах хэрэгтэй болдог. Үүнийг гарын доорхи материалаар орлуулж  хийж болно. Тухайлбал зургийн хэрэглэлийн акрилкан будаг, лак, зурагтай сальфетик зэргийн ашиглана. Дээр нь бийр,  багс,  тарган цавуу хэрэгтэй. Тэгээд янзлах шил саваа сайтар угааж бэлтгэнэ. Ингээд л урлалаа эхлэнэ дээ. Зургийн зориулалтын будаг, лак үнэргүй, хурдан хатдаг, эрүүл мэндэд хоргүй гэсэн заавартай учир гэртээ хийхэд тохиромжтой.

    Анхлан суралцагчид эдгээрийг ашиглан хамгийн түрүүнд юуг чимэглэж өөрчилж болох вэ?

    Хамгийн эхлээд чанамал, сок, ундаа, компотны шилийг амтлагчны шил болгох, үзэгний сав хийх зэргээр гоёж ашиглаж болно. Сайтар лакдчихвал угааж арчихад арилахгүй. Дараа нь ширээ сандал, хаалга, паар, угаалтуур суултуур, гэрлийн бүрхүүл гээд хүссэн зүйлээ донжийг нь олж янзалж болно. Өнгөрсөн жилийн уралдаанд гутлаа хүртэл урлалаараа гоёж оролцсон хүн байгаа. Манай фэйсбүүк группээс болон интэрнэтээс олон сайхан санаа авч болно.

    Урлалдаа хэт дурлаад ирэхээр хаях зүйл гардаггүй бас уйдах стрессдэх завгүй болно гэдгийг манай идэвхтэй гишүүд бүгд хэлдэг шүү.

    Та бүхний хийсэн бүтээлүүдийг харахад урлагийн бүтээл ч юм шиг мэдрэмж төрж байна. Энэ чиглэлийн олон улсын тэмцээн, үзэсгэлэн бий болов уу? Бидэнд оролцох боломж байгаа юу?

    Олон улсын үзэсгэлэн тэмцээн бололгүй яахав. Гадаадад амьдардаг Монгол урлаачид ч цөөнгүй байгаа. Энэ жил Турк улсад зохион байгуулсан үзэсгэлэн уулзалтын урилга ирсэн. Харамсалтай нь оролцож амжаагүй. Миний хувьд өөрийгөө улам бүр боловсруулах хэрэгтэй анхан шатны сонирхогч шүү дээ. Монголдоо бол өнгөрсөн жил анхдугаар уралдаан үзэсгэлэн гэж зохион байгуулсан нь анхдагч болсон байх. Хүмүүс маш их сонирхож оролцсон. Улаанбаатар хотын музейд гарсан үзэсгэлэнг ч  олон хүн үзсэн, хугацаагаа сургаж гаргаарай гэсэн санал  их ирсэн. Энэ жил 10-р сарын сүүл, 11-р сарын эхээр  уралдаан, үзэсгэлэнгээ зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Манайд олон сайхан бүтээл хийдэг мундагууд зөндөө бий. Бас ижил төстэй фэйсбүүк группууд ч байдаг. Тэднийгээ уралдаандаа болон үзэсгэлэндээ идэвхтэй оролцохыг хүсье . 

    Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Удахгүй зохион байгуулах хоёрдугаар уралдаанд тань амжилт хүсье.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй