Ипотекийн зээлээр орон сууц худалдан авахад урьдчилгаа төлбөрийн 20 хувьд Засгийн газар баталгаа гаргахаар болсон. Энэ хөтөлбөрийн талаар Барилга, хот байгуулалтын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга У.Отгонбаяраас "Өнөөдөр" сонины сэтгүүлч Н.Санжаасүрэн тодруулжээ.
-10 хувийн урьдчилгаа зээл хүссэн иргэдэд ямар шалгуур тавих вэ?
-Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах, эдийн засгийн хүндрэлийн үед барилгын салбарынхныг дэмжиж, эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх зорилгоор олон жил хийж байна. Үүний нэг нь болох иргэдийн зээлээр худалдаж авч буй орон сууцны урьдчилгаа төлбөрийн 20 хувьд төр баталгаа гаргах ажил удахгүй эхэлнэ.
-Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журамд зээлээр худалдан авах орон сууцны талбай нь 80 ам метрээс дээшгүй байна гэснийг өөрчлөх болов уу гэж иргэд харж байгаа байх. Энэ талаар ямар шийд гарсан бэ?
-Ирэх аравдугаар сард багтаан зээлээр авах орон сууцны талбайн хэмжээг нэмэх эсэхийг судлан, санал боловсруулах чиглэлийг Засгийн газраас холбогдох яаманд өгсөн. Зээл хүссэн иргэн нь тогтмол орлоготой, сүүлийн хоёр жилээс доошгүй хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн байх гэсэн гол шалгууртай. Үүнээс гадна өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 7-15 дугаар бүлэгт хамаарах иргэнд зээл олгоно.
-Иргэдэд өрхийн мэдээллийн сангийн хэддүгээр бүлэгт хамаарч байгаагаа яаж мэдэх вэ?
-Харьяа аймаг, дүүргийнхээ нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст хандаж тодорхойлолт авч болно. Үүний дараа банк тогтсон шалгуурын дагуу үнэлээд тухайн иргэнд орон сууцны зээл олгох боломжтой эсэхийг шийднэ.
-2013 онд баталсан орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журамд өөрчлөлт орсон зүйл өөр бий юу?
-Уг журмын 2.2 дахь заалт болох “Орон сууцны зээлийн хугацаа нь 20 жил хүртэл байна” гэдэг дээр нэмж “Худалдан авч байгаа орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэлхи хувьд зээлийн баталгаанд хамрагдсан иргэдийн ипотекийн зээлийн хугацаа 30 жил хүртэл байна” гэсэн заалтыг оруулсан байгаа.
-Иргэд энэ зээлийг хэзээнээс авч болох вэ?
-Бид ирэх сарын эхний хагаст багтаан уг зээлийн хөтөлбөрийг эхлүүлэхээр төлөвлөсөн.
-Ипотекийн зээлийн ерөнхий журам хэвээр байгаа боловч банкууд дотоод журамдаа өөрчлөлт оруулах байдлаар шалгуураа өндөрсгөж байна шүү дээ.
-Энэ талаар арилжааны банкуудтай ярилцаж тохирсон зүйл байгаа. Энэ журмыг батлахаас өмнө Монголын банкны холбооноос санал авч, тусгасан.
-Зарим арилжааны банк улирлын шинж чанартай уул уурхай, газар тариалан зэрэг салбарын ажилчдад зээл олгохгүй байгаа. Үүнийг яаж шийдэх вэ?
-Ийм асуудал гарахгүй байх гэж бодож байна. Учир нь Хөгжлийн банк зээлийн баталгаа гаргахдаа арилжааны банктай гэрээ байгуулна. Тиймээс үүнийг гэрээгээр зохицуулж болно.
-Ипотекийн зээлийг олгож эхэлснээр хуучин орон сууцны үнэ нилээд өссөн. Иргэд 10 хувийн урьдчилгаатай зээлээр хуучин орон сууц авч болох уу?
-Энэ хөтөлбөрт шинэ орон сууцыг л хамруулахаар заасан байгаа.
Сэтгүүлч Н.Санжаасүрэн
Эх сурвалж: "Өнөөдөр" сонин
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт