ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Зохиолч, судлаач П.Батхуяг: Бие биенээ гэх халуун сэтгэл үгүйлэгдэж байна

    -Сайхан зусч байна уу?

    -Сайхан зусч байна.

    -Сүүлийн үед та нам гүм байх чинь?

    -Харин ч завгүй ажиллаж байгаа гэж өөрийгөө бодоод байгаа шүү. Сүүлийн үед моно жүжгүүд бичиж байна. Саяхан "Монголын театрын түүх" номын "жүжгийн зохиол" бүлгийг бичиж дуусгасан. Нилээдгүй цаг зарцуулсан судалгааны бүтээл боллоо. Энэ бүтээлдээ сэтгэл хангалуун байна.

    -Монголын театрын түүх, Жүжгийн зохиол бүлэг гэхээр маш том ажил болох нь шууд сэтгэлд бууж байна. Монголын жүжгийн зохиолын онцлогууд, өвөрмөц шинжүүд гээд их л зүйл ажиглагдсан биз?

    -Монголын театрын түүх өөрөө жүжгийн зохиолын түүх юм шүү дээ. ХХ зууны монголын жүжгийн зохиолын түүхэнд хоёр том багана байна. Би тэгж ажиглалаа. Гэхдээ хувь судлаачийн ажиглалт шүү. Нэг багана нь Д.Намдаг ба түүний өмнөх үе, дараа үе, шавь нар. Нөгөө багана нь Д.Батбаяр ба түүний дараах үе юм. Магадгүй түүхийг илүү нягтлаад, судлаад ирэхээр Д.Намдаг ба Д.Батбаяр гэсэн хоёр том үзэгдэл байгааг анзаарах болно.

    -Сүүлийн үед олон кино гарлаа. Сайн муу, чанартай чанаргүй гээд үзэгчид янз бүрээр ярих юм. Таны хурц, ончтой, мэдрэмжтэй, хатуухан шүүмжлэлүүд дутагдаад байх шиг?

    -Кино шүүмж бичихээ хэсэг завсарласан. Намраас олон кинонуудын талаар жинтэйхэн шүүмжүүд гарна. Харин сүүлийн үед нийтлэл түлхүү бичиж байна. “Сонгууль дөхөх цагаар" нэртэй томхон нийтлэл бичиж байна. Өвөрмонголын яруу найргийн талаар бас нэг захиалгатай шүүмж эхлүүлсэн. Ашиг хөөсөн сүржин, даржин кинонуудын талаар шүүмж бичихээр заримдаа дэмий юманд дэмий цаг зарцуулж байгаа мэдрэмж төрөөд байх юм.

    -Та өнөө цагийн монголчуудын сэтгэлгээг хэр түвшинд байна гэж боддог вэ?

    -Миний ажигласанаар сэтгэлгээний дээд доод түвшин их заагтай байна. “Хаан” тодрууулахад цэнгэлдэх дүүрэн хүн, найр наадам, ой, хурал цуглаанд дүүрэн хүн. Зарим хүн гэнэн цагаан ард түмэн гэдэг. Тэр худлаа харин сэтгэлгээний хэт доод түвшинд унасан ард түмэн. Энд хэн буруутайг хайхаас, яагаад ийм болсныг  олох гэж хөөцөлдөх бараг л үр дүнгүй зүйл. Учир нь бид бүгдээрээ буруутай.

    Харин ялимгүй өөдрөгөөр харвал энэ байдлаасаа татгалзаж, сэтгэлгээний хувьд өөрчлөгдөхийг хүсэх хэсэг нийгэмд чамгүй өсч байна.

    -Монголын утга зохиолын өнөөгийн нөхцөл байдлыг тойдорхойлж хэлвэл? Хөгжиж байна уу? Хэр түвшинд явна гэж бодож байна вэ?

    -Монголын утга зохиолын хувьд "Амьсгалж байна уу, тэгвэл амьдарч байгаад тооц" гэдэг шиг л хар зөнгөөрөө явж байна. Олон авьяаслаг зохиолчид одоо ид бүтээх насандаа явна. Энэ бол Монголын утга зохиолын гэрэл гэгээтэй тал. Тэд бүтээж байна, бүтээх ч болно. Хэнээс ч, юу ч гуйхгүй. Тийм шаардлага ч байхгүй.

    Номоо хэвлүүлээд, санхүүгээ өөрсдөө зохицуулаад, уншигчдаа бэлдээд, хүрээллээ бий болгоод, нийгэмд нөлөөлөөд явж байна. "Түүнээс цааш газар үгүй" гэдэг шиг үүнээс өөр яах юм. Гэхдээ л тодорхой бодлого хамтын хүчээр хийх ажлууд бий гэдгийг бид мэдэрч байна. Дээрээс нь бие биенээ гэх халуун дулаан сэтгэл үгүйлэгдэж байна.

    -Зохиолч нар маань таныхаар яах ёстой вэ?

    -Би том зохиолч гэх хэт хувийн мэдрэмжээсээ салж бусдынхаа сайн сайхныг нээх, хүлээн зөвшөөрөх, утга зохиолдоо илүү сэтгэлтэй хандах цаг ирсэн. Энэ цаг үе хүмүүсийг магадгүй илүү хувьсаг болгон хувиргаж байна.

    -Надад та хэт шударга, хатуу үгтэй хүн шиг санагддаг. Ном, киног байгаагаар нь шүүмжилчихдэг. Үүнд чинь олон хүн бас "гомддог" л байх? Ийм байдал ажиглагддаг уу?

    -Би хатуу үгтэй гэхээс илүү ялимгүй шударга зантай л хүн. Хатуу үг хэлэхээрээ хайр найргүй хэлчихдэг гэмтэй. Шүүмжилдэг, зааварладаг гээд өс санасан "гомдсон" уран бүтээлчид цөөнгүй бий. Гэхдээ би хувь хүнийг муу хэлдэггүй, уран бүтээл, буруу үйл хэргийг шүүмжилдэг. Гэтэл олон хүн намайг мууллаа гэж ойлгоод байдаг бололтой юм билээ.

    -Таныг өөрийгөө шүүмжил гэвэл юу гэж шүүмжлэх бол?

    -Надад сул тал дэндүү олон бий. Сул талаа хамгийн сайн нуудаг хүмүүсийн давуу тал илүү тод харагддаг гэдэг үг бий. Хэрэв чин үнэнээр чи өөрийгөө шүүмжил гэвэл хүн муутай тал нь давуу болов уу. Би сайн хүн биш. Сайхан хүн бүүр ч биш. Тэгэхээр бурхан биш учраас хүн шиг л хүн байх.

    -Хүн болгонд хайртай зохиолч, ширээний ном гэж байдаг. Таны хувьд?

    -Би хүүхэд байхаасаа л Толстойд дуртай байсан. Одоо ч уншдаг. “Анна Каренина”-г хэд уншсанаа хэлж мэдэхгүй. Орос хэл гадарладаг болоод Анатоль Франсад дурласан. Даанч монгол хэлээр " Ундаассан бурхад" гэж ганц роман нь хэвлэгдсэн. Түүний эсээ, "Оцон шувуун арал" нэртэй зохиолд дуртай. Оросын онгоц зохион бүтээгч Яковлевын "Амьд явахын учир" номонд хүүхэд байхдаа үнэхээр дурлаж байсан. Ер нь ухаан алдуулсан номнууд зөндөө дөө. Гандийн "Миний намтар, Герценийн "Туулсан замд төрсөн бодол", жүжгээс Беккетийн "Годог хүлээхүй". Харин сүүлийн үед Ким Ки Дукийн кинонууд, “Шиндлерийн бүртгэл”, “Рашемон”, “Солярис” гээд нэрлээд байвал цөөнгүй тоо гарна.

    -Удахгүй наадам боллоо. Та хаана, хэрхэн нааддаг вэ?

    -Хээр хөдөө өсөөгүй, хот газрын хүүхэд. Наадмаар голын эрэгт дэгээ шидээд юм бодоод суухыг илүүд үздэг. Ер нь элдэв баяр цэнгэл, зугаанаас зугатааж амьдардаг зожигдуухан хүн шүү дээ. Олон хүн цуглаж хөөрч дэгэлзсэн газар очихоор бие жаахан эвгүйрхээд байдаг юм.

    Уншигч та бүхэндээ зохиолч, яруу найрагч, судлаач, СУИС-ийн багш П.Батхуягийн нэгэн гайхалтай уран бүтээлийг хүргэе.

    БУРХАН БА ЯЛАА

    Их л эрт цагт. Бүр эрт урьдын цагт бурханг бүтээжээ. Хожим тэр бурханыг шилэн хоргонд залсан юм гэнэлээ. Түүнээс хойш даруй нэг мянган жил улиран өнгөрчээ. Нэг мянган жил гэдэг бидэнд харьцангуй урт хугацаа л даа. Харин бурханд ямрыг хэлж мэдэхгүй юм. Хормын төдий хугацаа байж ч болох юм. Ер нь цаг хугацаа гэдэг хачин зүйл. Би л гэхэд залуудаа нэг охинд сэтгэл алдраад бүхэл бүтэн зуны гурван сар надад уртаас урт ганц өдөр шиг санагдаж билээ. Өглөө нь би моносны цагаан цэцэг бултайж байхад тэр охинд дурлаад үдэш харин хөл дор навчис хөглөрч байсан юм. Толгой өндийлгөөд л харсан чинь модод нүцгэрчихсэн байв. Хожим хичнээн удаа нэхэж бодох гээд тэр зун өнөөх охиноос өөр юу ч санаагүй билээ.

    Бурхан үнэндээ мянган жил ганцаарджээ. Хоргон дотроо залбиран, бясалгагч дүртэй ч үнэндээ унтсан ажээ. Хүмүүс л түүнийг сэрүүн гэж итгэдэг, итгэхийг хүсдэг болохоос биш дахиад мянган жил унтах байсан биз. Гэтэл нэг л өглөө хоргон дотор нь ялаа дүнгэнээд түүнийг сэрээчихэв. Бив битүү хоргон дотор хаанаас яаж орж ирсэн юм. Хачирхалтай нь ороод ирсэн байлаа. Эхлээд баахан дүнгэнэж байснаа ядарсан бололтой, бурханы духан дээр суув. Амталж, үнэрлэж үзээд удалгүй хацар дээгүүр нь гүйв. Бурхан хий дэмий л нүүрээ үрчилцүүлнэ. Их л загатнаж байгаа бололтой. Гараараа үргээхийг хүссэн ч тэр залбирч байлаа. Эцэст нь аргаа бараад биеэрээ ялимгүй займчин хөдлөв. Ялаа үргэж нисээд уруул дээр нь суучихав.

    -Хүүе, муу тамын амьтан, хаанаас гараад ирэв гэж бурханыг асуухад ялаа дэмий баахан дүнгэнэлээ. Миний л ойлгосноор бол “тамын амьтан тамаасаа л ирлээ” гэх шиг болсон юм. Бурхан ялимгүй мушилзаад “ –Чи миний нүүрэн дээр суугаад, чихэнд тээртэйгээр дүнгэнээд бясалгалд минь саад болоод байна гэв. Бясалгал гэдэг үгийг сонсонгуутаа ялаа учиргүй ууртайгаар дүнгэнэв. Миний ойлгосноор “-Орчлонд баясалгах зүйл үлдээгүй” гэлээ. Их л зоригтойгоор бурханы хамрыг эрвэгнүүлж, хүзүү заамаар нь орж гарав. Бурхан толгойгоо хэдэнтээ сэгсрэв. Ялаа тэрхэн зуур холдож нисээд эргээд л духан дээр суулаа.

    -Муу заяаны амьтан. Яаж яваад битүү шилэн хоргонд минь ороод ирэв. Өчүүхэн төдий нүх сүв байхгүй дээ хэмээн баясалгаж суугаа газрынхаа эргэн тойрныг нягтлан харжээ. Үнэндээ нүх сүв харагдсангүй. Гайхшраад дэмий л нүдээ анин бясалгах дүр үзүүлэв. Ялаа харин дүнгэнэж гарлаа.

    -Та санахгүй байна уу? Ариун мөрний эрэг дээр, өвгөн даяанчийн агуйд ном үзэж суусан бяцхан хуврага насаа. Бурхан гүн санаашралд автав.

    * * *

    Өвгөн даяанчийн нүүрэн дээр эрвээхий нисэн бууна. Өнгийн ургамал дамжин цэцгийн бал цуглуулах шиг санагдана. Өвгөн түүнийг анзааралгүй сууна. Харин бяцхан хуваргын гар загатна. Өөрийнх нь дэргэдүүр нисэн өнгөрөх үед орхимжоороо хэд хэдэн удаа ороолгосон ч бултаж нисээд оногдсонгүй. Агуйн үүдээр тусах нарны гэрэл нүүрэн дээр нь тусчээ. Тунамал царайгаа түвшин болгох гэж хичээвч, нарны гэрэл нүүрэн дээр бүжиглэж, хүү нүдээ онийжээ. Гэвч эрвээхийг барих хүсэл нь хэвээрээ. Харин эрээн цоохор эрвээхий хүүг үл тооно. Гагцхүү өвгөн багшийнх нь нүүрэн дээр буун сууж гоёмсог далавчаа дэлгэнэ. Энэ бүхнийг харсан хүүгийн сэтгэл бүр ч байж ядна.

    -Хүү минь, номоо унш. Элдэвт зүйлд бүү сатаар. Эрвээхий ч хоосон юм. Өнгө төдий юм. Түүнийг байна гэж бүү бод.

    -“За багш, аа” гэсэн хэдий ч харцаа эрвээхийнээс салгаж үл чадна. Гартаа барьж үзэхийн хүслэнд автана. Эсвэл эрвээхийг агуйгаас хөөж гаргаад цэцэгт нуга дундуур хөөцөлдөн гүйхийг хүснэ. Голын баруун тохойд бал дүүрэн цэцэгс алаглаж байхад өвгөн багшийнх нь үрчгэр нүүрэн дээр суух гэж тэмүүлэх эрвээхий хүүд хачин сонин байжээ. Хэсэг үүлс нарыг халхлаад эргэн тойрон бүүдгэр болов. Мөрний эргийг эмжин ургасан ногоон өвсөн дунд царцаахай “цар, цар” хийн дуугарч, илжиг одосны хөлөөр гарсан нарийн жим уулыг даван цааш одсон нь шидтэн мөнгөн утас өнхрүүлээд түүнийгээ нийтгэсэн мэт харагдана. Хуварга хүү өмнөө дэлгээтэй номоо нэг хараад:

    - Багш, аа. Эрвээхий хөөх сайхан болов уу. Сайхан байх, аа. Сайхан л байж таарна. Сайхан л даа” хэмээн өөрөө асуугаад өөрөө хариулж суулаа. Гэтэл эрвээхий гоёмсог далавчаа сэгсрээд хүүгийн яг дэргэлдүүр нисэн өнгөрөв. Бяцхан хүү орхимжоороо түүнийг гөвж орхижээ. Хялгасан чинээ хэврэг амь нь тасрах тэр л мөчид эрвээхий хүүгийн сониуч харцыг олж харжээ.

    * * *

    Би эрвээхий байна. Бурхан бүгдийг эргэн санажээ. Үхсэн эрвээхийг орхимжин дотроо нуугаад багшийгаа унтсан хойгуур орой сарны гэрэлд удаан харжээ. Тийм гайхал төрүүлэхээр зүйл байсангүй. Ердийн л нэг далавчтай шавьж.

    -Чи зүгээр л намайг алж орхисон. Зүгээр л шүү дээ гэж ялаа уурсан дүнгэнэв. Бурхан юу ч дуугарсангүй. Ялаа бүр догшрон хамрынх нь нүхээр шургах үед бурхан тэсэлгүй найтааж орхижээ. Өөрөө ч найтаасандаа итгэсэнгүй. Амандаа “бурхан өршөө” хэмээн шивнэв. Хэсэг хугацаанд нүдээ аниад “Би өөрөө өөрийгөө өршөөх гэж үү, тэнэг явдал” гэж бодоод мянган жил огт хөдөлгөөгүй залбирагч гараа анх удаа хөдөлгөж хацраа арчжээ. Ялаа бурханы хамар дээр сууж, нүдийг нь цоо ширтэхийг хүслээ. Даанч бурхан нүдээ нээсэнгүй. Тэр өөр нэгэн явдлыг бодож байлаа. Энэ явдал бас л мянган жилийн өмнө болжээ.

    Анх бурханыг хүрлээр цутгажээ. Тэр нигүүлсэнгүй хүрэл харцаар орчлонг тольдож байв. Гэтэл хүмүүс түүнийг орчлонгийн тоос шороо, салхи шуурганаас хамгаалахаар шийдэж битүү шилэн хоргонд залжээ. Анхандаа хоргонд хэсэгхэн агаар байж. Тэр чив чимээгүйд агаартай ярилцдаг байв. Агаарын сүүлчийн үгийг ч тэр сонссон билээ.

    -За бурхан минь чи ингээд ганцаар үлдлээ. Би энэ хоргонд удаан байж чадсангүй. Нарны гэрэл намайг бага багаар хороожээ. Би сүүлчийнхээ үгийг чамд найдаж үлдээе. Эцэстээ бүгд ууршина. Чи бүү мартаарай. Бүгдээрээ ууршина гээд амьсгал хураасан билээ. Агаар гэдэг ааш нь олдохгүй, хачин зантай байж билээ хэмээн бурхан бодоод инээвхийлэв. Харин ялаа түүнийг өөрийг нь шоолж байна гэж боджээ. Уур хилэн нь улам бадрав. Чих рүү ороод эрвэгнүүлж эхлэв. Энэ удаа аргагүй тэсгэл алдсан бурхан “Одоо боль” хэмээн уурлан хашгирав. Ялаа агаарт зогтусав. Бурхан “Би чамаас асуух зүйл байна. Чи яаж шилэн хоргийг нэвтэрч орж ирээ вэ? Хэлээд орхи.”

    -Зүгээр л нэвтрээд ороод ирсэн юм. Гэхдээ би мянган жил хичээсэн, эцэст нь чадсан л юм даа? Хүсвэл шилэн хорго агаар шүү дээ.

    -Тийм боломжгүй. Өчүүхэн муу заяаны амьтан... ингэх боломжгүй хэмээн бурхан дахин хамаг тэнхээгээрээ хашгирав. Ялаа агаарт мөн л зогтусав. Бурхан тайвшрахыг хичээж, нүдээ анилаа. Ялаа харин дүнгэнэн эргэлдэж ”Хүсвэл чи ч энэ шилэн хоргийг нэвтэлж чадна. Би дуртай үедээ эндээс гараад явахыг хүсэж байна. Даанч...” гээд “зийн зийн” гэхээ болив. Хүн байсан бол ялааны царай мэнчийсэн байх байлаа.

    Бурхан нүдээ нээж “даанч” гэдэг чинь юу гэж байгаа юм. Ялаа ээрэн дүнгэнэж “би нэвтрэн ороход л суралцсанаас буцаж гарахыг сураагүй” хэмээн хэлэх шиг болов. Бурхан байж ядан уураа тэвчин байв.

    Тэр өдрөөс хойш дахин мянган жил өнгөрчээ. Бурхан ялаа хоёр хоорондоо нэг ч дуугарсангүй. Ялаа ч бурханы нүүрэн дээгүүр дур мэдэн гүйхээ больж, хоргоны буланд суусаар байжээ. Гэтэл нэг л өдөр ялаа дүнгэнэжээ.

    -Би гарахад суралцчихжээ. За баяртай гээд хоргийг нэвтлэн гарах үед Бурхан нүдээ нээснээ “би ч гэж” хэллээ. Шилэн хоргийг нэвтлэн гарах үед ялаа эргэн харвал залбирагч хоёр гарч хоргийг мөн нэвтлээд хөөрхий ялааг алгаараа хавсарч орхив. Ялаа сүүлчийн удаа бурханы хилэнт харцыг харжээ.

    * * *

    Бяцхан хуварга гэнэт сочин нүдээ алгуурхнаар нээв. Өвгөн багшийнх нь нүүрэн дээр эрвээхий нисэн бууна. Бяцхан хуварга алгаа хавсран залбирчээ. Агуйн үүдэнд шингэх нарны зурвас туяа татна. Даяанч өвгөн хүүгийн толгойг илээд эрвээхийг нүүрэн дээрээсээ нисгэн агуйгаас чөлөөлжээ.

    П.Батхуяг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй