-“Инчён 2014” Азийн наадмын алтан медалийн буухиаг үргэлжлүүлсэн танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Эх орондоо спортын амжилттай хөл тавих хамгийн сайхан баяр байсан биз?
-Баярлалаа. Онгоцноос буугаад л би ямар сайхан эх орон, ард түмэнтэй юм бэ гэдгээ мэдэрсэн. Тэр үед надад баярлах, бахархах, догдолсон мэдрэмж төрж байлаа. Монголын боксын холбоо, Хилийн цэргийн хамт олон, гэр бүл, ах дүүс, найз нөхөд маань намайг сайхан угтаж авсан шүү.
-Манай ширэн бээлийтнүүд хатуухан учраатай таарсан. Өөрийг тань тоглож байх үед шүүгчдийн луйвраас болж олон тамирчин сэтгэл гонсгор үлдсэн. Таны хувьд тэр бүхнийг хараад сэтгэл зүйн хувьд даван туулах амаргүй л байсан байх?
-Тийм ээ, шүүгчдийн шударга бус шүүлтээс болж ялагдсан тамирчдаа харах хүнд байсан. Тэр үед амжилтын төлөө өөрт байгаа бүхнээ дайчлан гаргаж тоглоно. Хамгийн гол нь тайван байж, сайн амрах ёстой гэсэн бодол төрсөн. Мөнгө, алтан медалийн төлөөх тоглолтын өмнө багш маань надаас ер холдоогүй. Шүүгчид манай боксчдын амжилтыг илт үгүйсгэж луйвардаад эхлэнгүүт тулааны өмнөх өдөр сэтгэлээр их унасан. Д.Банди багш багштай хамт зөвлөгөө өгч намайг амрааж, сэтгэлийн дэм их өгсөн. Мөнгөн медалийн төлөөх тоглолтод Японы боксчин Сатоши Шимизүг рингэн дээр ялчихаад “Одоо ганцхан тоглолт үлдлээ. Үүнийг л давж гарах хэрэгтэй. Тиймээс надад ялагдах эрх байхгүй” гэж өөртөө хэлж билээ.
-Монголчууд боксын тэмцээнийг амьсгаа даран сэтгэл догдолж үзсэн. Мөнгөн медалийн тоглолтын дараа одоо алт хүрчихээсэй гэсэн найдвар тээж байлаа тэр үед?
-Манай боксын тамирчид өмнө нь Азийн наадамд аварга болоогүй байсан. Инчёны наадамд бид алтан медаль авах зорилго тавиад явсан. Бид зорилгоо биелүүлж чадсандаа сэтгэл өндөр байгаа. Н.Төгсцогтыг рингэн дээр тоглож байхад би үзээд сууж байсан. Түүний тоглолтыг шүүгчид луйвардаж, ялагдсан тамирчинд ялалтыг өгсөн. Тийм шударга бус шүүлтийг хараад хэзээ ч бууж өгөхгүй юм шүү гэж бодож суусан. Миний тоглох хэсэгт олимпийн хүрэл медальтай Япон, мөн дэлхийн аваргын хүрэл медальтай Ташикстаны, нөгөө хэсэгт олимпийн мөнгөн медальтай БНСУ-ын тамирчин, Казахстаны хүрэл медальтай тамирчин байсан. Би эхлээд Ташикстан, дараа нь Казахстаны тамирчинтай тоглож ялсан. Мөнгөн медалийн төлөө Японы боксчинтой тоглохын өмнө багш нартайгаа зөвлөлдөж, зайнаас тоглох тактик боловсруулсан юм. Рингэн дээр тоглож байхад багш нар маань өрсөлдөгч тамирчдын тоглолтын онцлог, сул талыг ажиглаж суусан. Боксын тамирчин тоглолтынхоо явцад дасгалжуулагчийнхаа зөвлөгөөг сонсох нь амжилт гаргахад дөхөм байдаг. Намайг алтан медалийн төлөө тоглохын өмнө Д.Банди багш миний толгойг барьж, гар хөл, нуруунд массаж хийж өгөөд “За миний хүү үзүүлээд өг. Чи чаднаа”, харин Д.Батцэрэн багш “Өөрийнхөө мэдрэмжээр тоглоорой, амжилт хүсье” гэж хэлээд гаргасан. Д.Банди багш боксынхоо тамирчдад ааваас нь дутуугүй халамж тавьдаг хүн шүү дээ. Биднийг бэлтгэлтэй байхад хоол хийнэ, ядарвал хөл гар, толгой барьж, массаж хийнэ. Сэтгэлээр унавал урам өгнө, хүч дутвал зориг хайрлана. Шавь нартаа сайхан халамж, анхаарал тавьдаг багштайдаа бид баярладаг юм. Тамирчин болгон өөрийн гэсэн тоглолтын онцлогтой. Филиппиний тамирчин миний хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Зүүн Азийн наадмын аварга, ДАШТ-д хоёр удаа оролцсон туршлагатай тамирчин. Хэрвээ би энэ наадмаас мөнгөн медаль хүртсэн бол өөртөө сэтгэл гонсойх байлаа. Ард түмнээ баярлуулсан энэ амжилтынхаа буухиаг би хойшид ДАШТ, олимпийн наадамд үргэлжлүүлэх зорилго тавьсан.
-Сатоши Шимизүг ялахын тулд зайлшгүй тактик боловсруулах шаардлага гарсан уу?
-Тэрбээр намайг бодвол биеэр өндөр. Багш нар маань “Чи өөрийнхөө зайнд орж тогло” гэж зөвлөсөн. Филиппиний тамирчинтай би өмнө нь тэмцээнд таарч байсан болохоор тоглолтынх нь онцлогийг мэдэж байв. Түүнтэй эхэндээ хүлээх маягтай, дараа нь өөрийнхөө темпэд оруулж тоглоод хожсон. Монголдоо ирчихээд найз нөхөдтэйгээ уулзахад “Чамайг алтын төлөө тоглох тэр өдөр ажил хийсэн хүн ховор байлаа” гэж байсан. Филиппиний тамирчинг хожчихоод биеэ барьж дийлээгүй. Рингэн дээр “Би чадлаа” гэж хашгираад л багш руугаа гүйсэн. Баярын нулимстай намайг багш маань тэвэрч аваад үнссэн. Азийн аварга болно гэдэг миний олон жилийн мөрөөдөл, зорилго, тэмүүлэл байлаа. Би өмнө хоёр ч удаа ДАШТ-д оролцсон. Надад медаль авах боломж байсан ч шүүгчдийн луйвраас болж авч чадаагүй. Тухайн үед “Миний медаль авах цаг хугацаа хараахан болоогүй л юм байна” гэж бодоод өнгөрсөн. Харин энэ наадмын боксын тэмцээний талбарт өрсөлдөгчөө ялчихаад, гараа өргөн Монголчуудтайгаа мэндчилж зогсохдоо “Энэ мөчид би алтан медаль авч, монголын боксын түүхэнд өөрийнхөө нэрийг алтан үсгээр бичүүлэх ёстой юм байжээ” гэж бодож байлаа.
-Та Дорнод нутгаар овоглодог. Намар навчис хийсэж, шувууд нутаг буцах үеэр хүн нутгаа санаж үгүйлдэг дээ. Нутгаа зорих бодол төрж байна уу?
-Дорнод аймгийн төвд төрж өссөн. Миний хүүхэд насны нандин сайхан дурсамж тэнд үлдсэн дээ. Би ээжтэйгээ хамт Улаанбаатар хотод амьдардаг. Нутгаасаа гараад удсан болохоор их санадаг л юм. “Эх орон” телевизийн спортын нэвтрүүлгийн зочноор уригдаж ярилцлага өгч байтал шууд утсаар нутгийн маань нэг ах холбогдож “Отгондалай чамаар Дорнод нутгийнхан тань их бахархаж байгаа. Чи хэзээ ирэх вэ, бид хүлээж байгаа шүү” гээд баяр хүргэсэн. Одоо надад нутагтаа хурдан очих юмсан гэдэг хүсэл төрж байна.
-Та боксын зааланд бэлтгэл хийхээр ирсэн байна. Монголдоо ирээд тухтай амарч чадсан уу?
-Хоёр хоног амраад бэлтгэлээ базааж эхэлсэн. Онгоцноос буугаад л боксынхоо зааланд очсон. Энэ зааланд би тамирчин болж, амжилтынхаа гарааг эхэлсэн байлаа.
-Тэмцээний үеэр “Одоо тэднээс даагаа нэхэх сайхан боломж ирлээ” гэх бодол төрж байсан уу?
-Би өмнө нь Йордон, Филиппиний тамирчинтай тоглоод хожигдож байсан. Энэ удаа хоёулантай нь тоглох сугалаа таарч, рингэн дээр илүүрхэн ялж, даагаа амжилттай нэхсэн. Миний аваргын төлөөх тоглолтыг Н.Шинэбаяр, Б.Түвшинбат нар үзээд сууж байсан. Тэд тоглолтын дараа надад “Энэ хоёр үнэхээр үнэнд гүйцэгдлээ. Аварга болж, алтан медаль хүртэх тамирчин нь одоо л шагналын тавцан дээр жинхэнэ утгаараа зогсож байна” гэж хэлсэн.
-Эрчүүд спортын төрлүүдээс эрсдэл ихтэйд нь дурлаж сонгох юм. Боксыг эргэж буцахгүй сонгоход танд юу тэгтэл их нөлөөлсөн юм бэ?
-Би 2003 онд боксын спортод хөл тавьсан. Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа багшийн дугуйланд найзуудаа дагаж ирээд бүртгүүлж байв. Долоо хоног сургуулилт хийгээд л энэ спортод дурласан. Надтай хамт боксоор хичээллэсэн олон хөвгүүн бэлтгэлийн явцад орхисон доо. Надад шантарч халгах үе зөндөө байсан. Тийм үед сэтгэлд төрсөн таагүй бодлоо толгойноос авч хаяад нэгэнт энэ спортоор хичээллэсэн юм чинь үр дүнг нь үзье гэж хичээх болсон.
-Тийм үед спортоо эсвэл амьдралаа сонгох уу гэдэг шийдвэртэй тулгарсан биз?
-Би боксын спортоор тууштай хичээллэсэндээ баярладаг. Надад автобусны мөнгөгүй болчихоод алхах үе бишгүй байв. Тийм хэцүү үед бэлтгэл сургуулилтаа тасалж байгаагүй. Тэр үед би оюутан, шигшээ багт багтсан тамирчин байлаа. Хүн өөрийнхөө зорилго тавьсан зүйлд мөнгөгүй ч байсан зориод ирдэг. Бэлтгэлээ тарчихаад эхнэртэйгээ Офицерт байдаг гэр рүү алхаад харина. Тэр үеэ эргээд дурсахад сайхан байна. Хүнд хэцүү санагддаг байсан тэр бүхэн амьдралд минь сайхан дурсамж үлдээжээ. Бид хааяа “Спортын төлөө хоолтой, хоолгүй хоносон өдөр цөөнгүй. Одоо тэр бүх бэрхшээл ард хоцорчээ” гэж ярьдаг юм.
-Эхнэртэйгээ хүүхэд байхаасаа үерхсэн гэл үү?
-Бид хар багаасаа нөхөрлөсөн болохоор нэг нэгнийхээ зан чанарыг сайн таньсан. Спортын жаргал, зовлонг эхнэр маань надаас дутахгүй мэддэг. Тэмцээнд байнга оролцдог болохоор би гэртээ тухалж өнжсөн удаа ховор. Эхнэр л ар гэрийн бүх ажлыг хариуцаж өнөөг хүргэлээ. Тамирчин хүний ар тал байна гэдэг амаргүй. Гэр бүлээс нь хатуужилтай байхыг спортын орчин шаарддаг. Гэр бүлээ амжилттайгаа салшгүй холбож ойлгодог. Намайг ойлгож чаддаг болохоор бэлтгэл сургуулилтаа тайван хийж, амжилт гаргалаа. Бид нэг охинтой. Охин маань энэ жил дөрвөн нас хүрч байгаа. Намайг аваргын төлөө тулалдах тоглолтын өмнөх орой эхнэр утасдаад “Миний хань мундаг. Чамайг минь дийлэх тамирчин байхгүй. Чи ялж чадна” гэж хэлсэн. Сэтгэлээр уначихсан надад ханийн минь хэлсэн үг урам өгч, эрч хүч хайрласан шүү.
-Та хоёр хүүхэд байхдаа нэг ангид хамт сурдаг байсан юм уу?
-Бид нэг нутгийнх. Эхнэрийг минь Г.Хулан гэдэг. Надаас хоёр насаар дүү л дээ. Олон жил ойр дотно нөхөрлөсөн найзын маань дүү байгаа юм. Би ахтай нь нэг ангид хамт сурдаг байсан. Би эхнэрээ ах нь ах нь гэсээр байгаад аваад суучихсан хүн шүү дээ. Манай эхнэр үеийнхээ охидоос урт үстэй байсан. Тэр үед урт үстэй охид цөөн байлаа Одоо эхнэр маань Техник технологийн дээд сургуульд геодезийн багшаар ажилладаг.
-Эхнэр тань боксын тэмцээн сонирхож үздэг үү?
-Миний тоглолтыг сонирхож үзэх дуртай. Харин ээж халгаад үзэж чаддаггүй юм. Телевизээр боксын тэмцээн гарч байвал эхлэлийг нь үзчихээд гараад явчихдаг гэсэн. Хүүгээ рингэн дээр хүнд цохиулж байхыг харах хэцүү байдаг биз дээ ээжид минь. Намайг аваргын төлөө тоглоход эхнэрийн минь сургуулийн багш нар их дэмжсэн гэнэ лээ. Алтан медаль хүртэхэд бүгдээрээ баярлаж, эхнэрт баяр хүргэсэн байсан. Намайг медалийн тавцанд зогсож байхыг харчихаад охин маань “Аав медаль авчихлаа” гээд уйлсан гэдэг. Манай ээж Дорнод аймгийн онгоцны буудалд насаараа тогооч хийсэн. Хоол сайхан хийнэ. Би ээжийнхээ хийсэн бүх хоолонд дуртай. Ээж минь тэмцээнд оролцох болгонд амжилт хүсэж, үнсээд явуулдаг юм. Инчёнд байхдаа ээж, ханийнхаа гарын хоолыг их үгүйлсэн шүү. Энэ дашрамд намайг бүх талаар дэмжсэн Монголын боксын холбооны ерөнхийлөгч “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Монголын үндэсний олимпийн боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, “Дорнод нутаг” клубийн тэргүүн С.Отгонбаатар мөн Д.Хишигжаргал, Мөнхбаяр, Мөнхбат ах нарт, Монголын боксын холбооны хамт олон, шигшээ багийн тамирчдадаа, харьяалагддаг байгууллага болох “Хилчин” спорт хороо, “АПУ” ХХК-ийн удирдлага, хамт олон, ССАЖЯ, Спорт бэлтгэлийн техникийн төв, МҮОХ-ны спортын анагаах ухааны эмч мэргэжилтнүүдэд баярлаж талархсанаа илэрхийлье.
Г.Батцэцэг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт