Монгол Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн 2011 оноос эхлэн дэлхийн хамгийн залуу орон буюу Зүүн Африкт орших Өмнөд Судан улсад НҮБ-ын мандатын дагуу зохион байгуулж байгаа энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа билээ. Тэд НҮБ-ын байрлалын аюулгүй байлыг хангах, энгийн иргэдийн болон тусламжийн цувааг хамгаалах, хүмүүнлэгийн ажиллагаанд оролцох гээд энхийг сахиулагчдын хийх ёстой бүхнийг хийж гүйцэтгэсээр өдгөө дөрөв дэх жилийн нүүрийг үзэж байна. UNMISS буюу Нэгдсэн үндэстний байгууллагын Өмнөд судан дахь энэ ажиллагаанд давхардсан тоогоор нийт 3500 орчим цэргийн алба хаагчид оролцоод байна. НҮБ-ын Өмнөд Судан дахь “UNMISS” ажиллагааны Хойд секторын командлагчаар ажиллаж байгаа бригадын генерал Д.Баярсайхантай ярилцлаа. Тэрээр эх орондоо түр амралтаар ирээд байгаа ажээ.
Манай цэргүүдийн байрлаж байгаа хэсэгт цагийн байдал хүнд байдаг
-Сайн байна уу. Юуны өмнө монгол генералуудын өдрийн баярын мэнд хүргэе. Таныг ирсэн тухай сонсоод ярицлага авах гэж нэлээд эрж сурлаа. Таны алба тавлаг уу?
-Баярлалаа. Тавлаг сайхан байна аа. Нутагтаа түр амралтаар ирээд байна.
-Монголын Зэвсэгт хүчин өнөөдөр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд удирдах төвшинд ажиллаж байна. Тэр нь мэдээж та. Олон орны цэрэг удирдах хэцүү юм уу, цагийн байдал ямархуу байгаа бол?
-Анхандаа олон орны цэрэг удирдах нь нэлээд төвөгтэй юм шиг байсан. Одоо гайгүй ээ, учрыг нь олоод байна. Ерөнхийдөө бүх үндэстний цэргийнхэн зорилго нь ойлгомжтой болоод тэгдэг юм уу захирагдахын хувьд боломжийн гэсэн ойлголттой болсон. Танай уншигчдад цагийн байдлыг ойлгомжтой ярихын тулд энэ улсад болж байгаа улс төрийн хямралын эхлэлийн талаар ярих ёстой байх. Анх манай улс Өмнөд Суданд цэргээ илгээж байхад буюу 2011 онд энэ улс тусгаар тогтнолоо зарласан. Тэр үеэс эхлэн НҮБ улс гэр болж төвхнөхөд нь туслалцаа үзүүлье гэсэн зорилготой энхийг сахиулах ажиллагаа зохион байгуулж байсан. Гэтэл хоёр жил гаруй хугацаа өнгөрч байтал буюу 2013 оны арванхоёрдугаар сарын дундуур улс төрийн дээд төвшинд Ерөнхийлөгч болон Дэд Ерөнхийлөгч хоёр нь зөрчилдөж эхэлсэн. Тэдний зөрчилдөөн бүр газар авч Ерөнхийлөгч Салва Кийрийг дэмжигч “динка”, Дэд Ерөнхийлөгч Рэйк Мачарыг дэмжигч “нуэр” ястны хоорондох зэвсэгт мөргөлдөөн болсон байдаг юм. Үндсэндээ иргэний дайн үүссэн гэсэн үг. Дайны уршгаар 10 гаруй мянган энгийн номхон иргэд амь үрэгдэж олон сая хүн орон гэрээсээ дайжсан гэдэг тооцоо бий. Энэ нөхцөл байдалд НҮБ дүгнэлт, үнэлгээ өгч “энгийн иргэдийг хамгаалах” гэсэн мандат дэвшүүлж, энхийг сахиулагч цэргийн тоог 12500-д хүргэх шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар цагийн байдал нь нэгэн хэвийн журамд шилжлээ гэж би хардаг. Юу гэхээр, сөргөлдлөгч талууд нь байлдааны ажиллагаа явуулах нь ойлгомжтой болж цэргийн хөдөлгөөн ажиглагдаж эхлэхээр иргэд нь тэр нутаг районоос гарч НҮБ-ын байрлалууд руу ойртдог. НҮБ-ынхан ч тэднийг хамгаалалт хяналтандаа авдаг гэх мэтчилэн үйл явдал өрнөж байна. Харин цагийн байдлын хувьд намайг энд ирсний дараахан нэлээд ширүүссэн гэсэн мэдээ ирүүлсэн. Үндсэндээ манай сектор буюу бүсийн командлал байрладаг Малакал хотод ширүүн тулалдаан болсон гэдэг мэдээ авсан. Одоогоор энэ асуудал хэлэлцээ тохиролцооны төвшинд байна.
-Манай цэргүүд аюулаас хол биз дээ?
-Миний хариуцаж байгаа секторт Монгол Улсын зэвсэгт хүчний батальон буюу 850 хүний бүрэлдэхүүнтэй баг цэрэг багтдаг. Шуудхан хэлэхэд, манай цэргийн байрлаж байгаа хэсэг буюу Бентью хот хамгийн хүнд цагийн байдалтай районд тооцогддог. Хаа очиж намайг энд ирснээс хойш Бентью харьцангуй тайван байгаа гэсэн мэдээтэй байгаа.
-Таны командлалд хэдэн орны хэдэн цэрэг байна?
-Хойд секторт дээд командлалаас олгогдсон Монгол, Энэтхэг, Руанда, Ганна, Этиопын цэргийн нийт 4000 гаруй хүн байна. Одоогийн байдлаар 3000 орчим нь газар орон дээр байрлаж байгаа. Яах вэ, зарим улс нь цэргээ дутуу нийлүүлсэн, удахгүй ирэх юм гэсэн. Дээр хэлсэнчлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс шийдвэрлэж гаргасан 12500 цэрэг гэдэг нь мэргэжлийн хүний нүдээр бол явган цэргийн нэг дивиз хэмжээний бүрэлдэхүүн болдог. Тэгээд энэ олон цэргийн удирдлага, зохион байгуулалтыг нь оновчтой байлгах зорилгоор дөрвөн секторт хуваагаад секторын командлал гэж байгуулсан нь энэ.
Суданчууд биднийг "Монголын зөгийнүүд" гэж хочилсон байна лээ
-Монгол цэргүүдийн ажил гүйцэтгэх ур чадвар бусад орны цэргүүдтэй харьцуулахад ямар байна. НҮБ болон олон улсын байгууллагаас "Монголын цэрэг энхийг сахиулж байгаа үед тайван унтаж чаддаг" гээд л магтдаг. Магадгүй олон орны цэргийг удирдаж яваа та илүү бодитой хариулт өгөх байх?
-Энэ UNMISS гэдэг ажиллагаанд Монголын цэрэг хамгийн нэр хүндтэй нь. Өмнө нь “Монголчуудыг сайн” гэж магтаад байхад нь “Ажлаа хийлгэхийн тулд цаасан малгай өмсүүлж байна" гэж боддог байлаа. Яг газар орон дээр нь очоод харахаар манайхан үнэхээр сайн юм байна. Манайхан ямар зүгээр суух биш, байнга ямар нэгэн ажил хийж байдаг болохоор тэгсэн болов уу Бентью хотод байдаг НҮБ-ынхан "Монголын зөгийнүүд” гэж нэрлэдэг юм гэнэ лээ. Миний хариуцсан секторт командлагчийн орлогч буюу миний орлогч гэж хүн ирэх ёстой, уг нь. Гэтэл өнөөх нь ирж өгдөггүй. Уг нь тэр хүнийг ирвэл Бентьюд байрлуулъя гэсэн бодол, төлөвлөгөө байна. Нэгэнт орлогч нь ирэхгүй болохоор Монголын батальоны захирагч, хурандаа М.Батчулуунд тэр орчмын газартаа хяналт тавиад ажилла гээд үүрэг өгчихөөд санаа зовох юмгүй явж байна. Ер нь тэгээд манай секторт, төдийгүй UNMISS ажиллагааны хэмжээнд зэвсэг техникийн хангалтаараа ч, үүрэг гүйцэтгэх чадвараараа ч тэр манайхныг гүйцэх батальон байхгүй.
-Та очсоноосоо хойш ямар ажил хийж амжуулав. Миний сонссоноор цэрэг удирдах л үүрэгтэй гээд суугаагүй гэнэ лээ?
-Миний өдөр тутмын үйл ажиллагаа бол бүхэлдээ цэрэг удирдахад чиглэгддэг. Тэдний үйл ажиллагааг хэрхэн явуулах, ар талын хангалтыг нь хэрхэн зохистой явуулах вэ гээд ажил их бий. Гэхдээ энэ улсын дэд бүтэц тэр дундаа зам харгуй маш муу хөгжсөн. Тэгээд агаарын тээврээр алслагдсан хойд секторын жижиг хэмжээний хангалт буюу хүнс, шатахууны хангалтыг хийдэг. Ялангуяа, Бентью хотыг сүртэйхэн шиг хэлэхэд эх газраас тугаарлагдсан арал л гэсэн үг. Хангалт хүргэх боломжийн зам нь борооны улирлаар эвдэрчихсэн. Дээрээс нь өөрсдөө бас мийнжүүлсэн байсан. Харин энэ замыг монгол цэргүүдийн хүчээр цэвэрлээд ашиглалтанд орууллаа. Ингэснээр Бентью рүү очих НҮБ-ын болоод хүмүүнлэгийн байгууллагын ар талын хангалтын 10 гаруй цуваа манайхны хамгаалалтын дор орж ирж байна. Энэ ганц миний ажил биш юм шүү, манай монгол цэргүүдийн гардан хийсэн ажил. Миний хувьд шийдвэр гаргасан, сөргөлдөгч талуудын удирдлагатай уулзаж замын талаар, түүгээр зорчих цувааны аюулгүй байдлыг хангах талаар ярилцсан. Дээд командлалд нь ар талын хангалтын цувааг хөдөлгөх талаар шаардлага тавьсан гэх мэтийг нь л зохицуулах шив.
-Тэгээд аюулгүй байдал нь хангагдаж чадсан уу?
-Нэг удаа тэнэсэн сум байсан уу эсвэл “нөхдүүд” санаатай буудсан уу, манай нэг ажиглагчийн машины хаалгыг араас нь буудсан бололтой хаваад гарсан байдаг юм. Түүнээс өөр эрсдэлтэй аюул гараагүй.
UNMISS ажиллагааны дүр төрх манай сектороос харагдах ёстой
-Одоо тэгвэл ямар ажилд анхаарлаа хандуулж байна вэ?
-Төлөвлөсөн ажлууд бий, зарим нь хэрэгжих шатандаа явж байгаа. Юуны өмнө секторын штабын бүтцэд өөрчлөлт хийх шаардлага байгаа. Учир нь одоогийн хэрэглэж байгаа бүтэц нь НҮБ-аас тогтмол авч хэрэгжүүлдэг “сөргөлдөгч талуудын хооронд байгуулсан гал зогсоох гэрээний биелэлтэнд хяналт тавих” гэдэг уламжлалт мандатын дагуу боловсруулагдсан байдаг. Гэтэл Өмнөд Судан улсад явагдаж байгаа энэ ажиллагааны мандат нь дээр хэлсэнчлэн "энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах” болоод хувирчихсан. Тийм болохоор иргэд рүүгээ хандсан бүтцээр штабууд ажиллах ёстой. Энэ талаар би дээд командлалд танилцуулсан. Тэд ч хүлээн зөвшөөрөөд байна. Түүнээс гадна улс төрийн ач холбогдолтой нэг том арга хэмжээ бол сөрөг хүчний хариуцлагын бүсэд 150 орчим хүний бүрэлдэхүүнтэй цэргийн салбар байрлуулах юмсан гэдэг санаа байна. Учир нь манай секторын төдийгүй Өмнөд Суданд байрлаж байгаа НҮБ-ын цэргийн бүх анги салбарууд Засгийн газрын цэрэг буюу динкачуудын мэдлийн газарт байрлаж байгаа. Нэгэнт НҮБ сөргөлдөгч талуудын аль нэг талд үйлчлэхгүй гэж төвийг сахисан байдалд байх ёстой учраас хоёр талд нь байрлах ёстой.
-Энэ талаар НҮБ-ын удирдлагуудад уламжилсан болов уу?
-Хэлсэн. Тэд нааштай хүлээж авсан. Ажил хэрэг болох эсэхийг нь мэдэхгүй юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элчид танилцуулаад ажил хэрэг болсон нэг ажиллагаа бий. Тэр нь орон гэргүй болсон нутгийн иргэдийг бүрэн хяналтандаа авах асуудал юм. Одоогийн байдлаар зөвхөн манай секторт 336,7 мянган орон гэргүйчүүд байна. Эдгээрийн зөвхөн 20 хувийг нь НҮБ-ынхан хамгаалж байна. Энэ тоог ихэсгэхийн тулд дээрх хүмүүсийг шууд хамгаалалтанд байгаа, ажиглалтанд байгаа, хяналтанд байгаа гэсэн зэрэглэлд хуваагаад өөрсдийн хүрч чадахгүй байгаа газар оронд нисдэг тэргээр очиж тоог нь гаргаж, тэдэнд нэн тэргүүнд шаардлагатай байгаа үйлчилгээг нь тодорхойлж, ойр хавьд нь байлдааны ямар ажиллагаа өрнөж болох, тэдгээрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах зэрэг асуудлыг тодорхойлж байна. Өнгөрсөн гуравдугаар сард гэхэд бид хоёр ч лагераар орж 27 мянган хүмүүсийг хяналтандаа авлаа. Энэ ажиллагаа цаашид үргэлжлээд явна. Ер нь НҮБ-ын энэ ажиллагааны хамгийн хүнд сектор нь миний хариуцаж байгаа Хойд сектор. Тэр ч утгаараа UNMISS ажиллагааны удирдлагын анхаарлын төвд манай сектор байдаг. UNMISS ажиллагааны дүр төрх манай сектороос харагдах ёстой.
-Сөрөг талын нутаг дэвсгэрт цэрэг байрлуулах тухай ярилаа. Таны удирдаж байгаа секторын цэргээс явах уу?
-Би хувьдаа Ганна улсын цэргийн нэг салбар явуулах санаа байгаа. Хэрэв хангалт нь бүтвэл Ганнийн батальон нь ч очиж магадгүй. Өмнө нь энэ асуудлыг яриагүй биш зөндөө ярьсан. Яриад ажил хэрэг болгоё гээд тохирч байхад нь “Тийш нь илгээх цэрэг байхгүй ” гэх ухааны юм ярина лээ. Тэгэхээр нь би өөрийн цэргээс гаргана гээд хэлчихсэн. Хэрэв миний төлөвлөлт бүтвэл Ганна цэргүүд явна да.
-Өмнөд Суданы Ийда тосгон дахь дүрвэгсдийн амь насыг Монголын цэргүүд аварсан тухай сайн мэдээ саяхан цацагдлаа. Нэгдүгээрт, монгол цэргүүд, хоёрдугаарт таны секторын цэргүүд энэ гавьяаг байгуулжээ?
-Манайхан гал түймрийн аюулаас иргэдийн амийг аварсан гэсэн мэдээ надад ирсэн. Ер нь Африкийн энэ хэсэгт гурав, дөрөвдүгээр сард их халдаг бололтой юм. Намайг ирсний дараахан манайхан утасдаад "Дарга аа, их халуун байна" гээд байх юм. "Хэдэн хэм байна, хэмжиж үзэв үү" гэхэд "Манай термометрийн хамгийн дээд тал нь 58 хэм. Тэр нь тулчихсан байна" гэчихсэн хөхөрч байна лээ. Бодвоос 60 хэм гарсан бололтой юм. Ингэж их халснаас түймрийн аюул их гарна. Дээрээс нь орон гэргүйчүүдийн лагерт байнга шахам гал гарна. Түүнийг нь манай секторын бие бүрэлдэхүүн тэр дундаа монголч цэргүүд маань унтраана.
Хэрэгслүүд элэгдэлд орчихсон учраас шинэчлэх шаардлага бий
-Өмнөд Суданд өлсгөлөн болж байна гэсэн яриа байдаг?
-Улс орон даяар өлсгөлөнд нэрвэгдсэн гэвэл худлаа. Яахав хүнсний хомсдлоос болоод хүүхдүүд тэжээллэг хоол хүнсээр дутагдаж байна гэсэн мэдээ байдаг л юм. Ямар ч байсан манай секторт өлсгөлөнгөөс болоод хүн, хүүхэд үрэгдлээ гэж дуулдаагүй. НҮБ болон бусад олон улсын байгууллага, хүмүүнлэгийн байгууллагууд хоёр долоо хоногт хүнс тарааж өгдөг болохоор өлгөсөн болдоггүй гэж баттай хэлнэ.
-Халуун орон учраас халдварт өвчин, түүний тархалт ямар байдаг бол. Малиар гэж айхтар өвчин байна гэнэ. Манайхан түүнээс яаж хамгаалж вэ?
-Нутгийн иргэд нь тэр малиар өвчиндөө дархлаажчихсан байдаг юм уу. Манайханы ханиад хүрдэгтэй ижилхэн байдаг юм шиг байдаг юм. Нутгийн цагдаагийн дарга нь "Би малиар тусчихсан, халуураад байна" гэсэн атлаа олон нийтийн арга хэмжээнд орчихсон хүмүүстэй гар бариад тууж явдаг юм. Манайханы хувьд бусад орны цэргийнхэнтэй адил эм ууж, шумуулаас хамгаалах тосон түрхлэг түрхэж байна. .
-Монгол цэргүүдийн ар талын хангалт ямар байна?
-Байнга хөдөлгөөнд байдаг учраас машин техник, эдэлж хэрэглэж байгаа хувцас хэрэглэл нь эдэлгээний элэгдэлд орчихжээ. Дөрвөн жил хэрэглэж байгаа зүйлсийг нь шинэчлэх шаардлагатай байна уу гэвэл байна. Гэхдээ үүрэг гүйцэтгэлд одоохондоо сөргөөр нөлөөлсөн зүйл алга. НҮБ-ын ар талын хангалт хариуцсан хүмүүс жаахан хойрго талдаа. Магадгүй цэргийн биш энгийн хүмүүс ажилладаг учраас хэлсэн ярьснаа хэрэгжүүлдэггүй тал байдаг биз.
-Танд баярлалаа, хариуцлагатай албанд тань амжилт хүсье.
Д.Болормаа
Эх сурвалж: Батлан Хамгаалах Яам
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт