“Kалифорниа жем” клубийн тамирчин, Улаанбаатар хот, Улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Г.Гансаруул өөрийгөө ялж амжилтад хүрсэн нууц их энгийн атлаа сонирхолтой. 104 кг жингээ 53 болгон хасч сонирхогчоос тамирчин болсон тэрээр өнгөрсөн сарын сүүлчээр Макаод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, шилдэг таван тамирчны нэгээр шалгарсан билээ.
Г.Гансаруул: Намайг муулж байсан хүүхнүүд одоо тааралдахаараа уулга алддаг
-Макаод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд монголын тамирчид амжилттай оролцлоо. Таны хувьд шилдэг таван тамирчны нэгээр шалгарна гэдэг чамлахааргүй амжилт шүү?
-Баярлалаа. Миний хувьд анх удаа хилийн дээс алхаж, гадаадад болсон тэмцээнд оролцлоо. Онгоцноос буугаад л Азийн шилдэг тамирчидтай нүүр тулсан. Тэдний тухай, бас тэмцээнд оролцсон бичлэгийг нь сэтгүүл, интернэтээс багагүй судалсан болохоор хараад л эхэндээ сүрдсэн ч тэдэнтэй ярилцахад эртний танилтайгаа уулзсан юм шиг байлаа. Макаог зорьсон монголчууд Азидаа хүчтэй өрсөлдөгч төдийгүй дэлхийн хэмжээнд хүрсэн тамирчид гэдгээ амжилтаараа харууллаа.
-49 кг-ийн жинд хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар улсын тамирчин байсан бэ?
-Орон орны шилдэг тамирчин өрсөлдсөн болохоор бүгдээрээ хүчтэй байсан. Тэр дундаа Тайландын тамирчин, Ази, ДАШТ-ий аварга Wilaiporn Wannaklang хамгийн хүчтэй нь байлаа. Тэрбээр бодибилдингээр 10 гаруй жил хичээллэсэн туршлагатай тамирчин. Бид тэмцээний дараа танилцаж сайн анд нөхөр болж чадсан. Одоо цахим хуудсаар харилцаж байгаа.
-Түүнээс суралцах зүйл их байв уу?
-Тайзан дээр биеэ авч яваа соёл, биеийн пооз барилт нь их таалагдсан. Би анх удаа бодибилдингийн ангилалд өрсөлдлөө. Хүчтэй өрсөлдөгчтэй байна гэдэг өөрийгөө хөгжүүлэх том боломж. Хойшид болох тэмцээнд амжилттай оролцохын төлөө хичээнэ. Би Макаод очоод жин их хассан. Тиймээс ирэх арван хоёрдугаар сарын 5-10-нд Энэтхэгт болох ДАШТ-д 55 кг-ийн жинд өрсөлдөнө. Гадаадын шилдэг тамирчдаас тэмцээнд жингээ тооцоолж орох, өрсөлдөгч тамирчдынхаа давуу талаас суралцах, биеийн жин, поозоо хэрхэн барьж болох талаар олон зүйл мэдэж авсан.
-Фитнессээр хичээллэсэн түүхийг чинь анх сонсоод их гайхсан. 104 кг жинтэй бүсгүй өдгөө тамирчин болчихсон нь бахархмаар санагдлаа?
-Би бага хүүгээ төрүүлээд жин их нэмсэн. Хэт их таргална гэдэг нэг бодлын стресс. Үе тэнгийнхээ бүсгүйчүүдийг хараад тэдэн шиг болох юмсан гэж атаархдаг байлаа. Хоёр хүүхдийг минь харах хүн байхгүй тул фитнесс клубт дагуулж ирээд л бэлтгэл хийнэ. Өөрийгөө тамирчин болно гэж бодож байгаагүй. Зөвлөх багшгүй жил гаруй дасгал хийтэл арьс суларч унжсан. Тэр үед арьсаа чангалахын тулд төхөөрөмж дээр ажиллах хэрэгтэй юм байна гэдэг бодол төрсөн юм. Өөрийгөө ялахаар зориг шулуудсан байх үед Мягаа багш намайг олж харсан гэдэг. Миний хичээллэдэг байсан клуб тухайн үед бодибилдинг фитнессийн холбоонд албан ёсоор бүртгүүлээгүй байлаа. Тамирчин биш хэрнээ тэмцээнд оролцох хэмжээний бэлтгэл хийсэн тул багш маань 2013 оны УАШТ-д оролцуулахаар ““Kалифорниа жем” клубт оруулж билээ.
-Охид, бүсгүйчүүдийг бодибилдинг фитнессээр хичээллэхийг гэр бүл нь таатай хүлээж авдаггүй шүү дээ?
-Ойр дотны маань хүмүүс дэмжиж “Гансаруул аа хичээгээрэй. Чи өдрөөс өдөрт гоё болж байна” гэдэг байв. Тэднээс өөдрөг үг сонсоод их баярласан. Тарган байхад таарах хувцас олдохгүй болохоор дэлгүүр хэсэхээс ч дургүй хүрнэ. Гоёж гангалах хүсэл төдийлэн төрөхгүй. Нөхрийнхөө цамц, подволкыг биеийн тамирын өмдтэй өмсдөг байлаа шүү дээ. Одоо бол дэлгүүр рүү сэтгэл хангалуун алхдаг болсон. Хүүхдээ хараад гэртээ өдөржин стресстэж суудаг өмнөх үе маань зүүд, зэрэглээ мэт санагддаг.
-Бодибилдинг, фитнессээр олон жил хичээллэсэн шилдгүүд УАШТ-д оролцдог. Өмнө нь нэр нь дуулдаагүй шинэ тамирчин оролцохыг хараад их гайхсан байх?
-Тэмцээнд оролцсоны дараа шүүгчид уулзаад “Чамд мэргэжлийн тамирчин болох боломж байна. Хойшдоо тууштай хичээллээд тэмцээнд оролцоорой” гэж урам хайрласан. Тэдний энэ үг намайг тамирчин болоход их нөлөөлсөн. УАШТ-д медаль хүртэх гэхээсээ илүү энэ спортоор хичээллэдэг тамирчид ямар байдаг юм, тэдэнтэй өөрийгөө харьцуулж ямар болсноо мэдэрье гэх бодлоор орсон. Тэмцээний фитнесс ангилалд мөнгө, модель ангилалд хүрэл медаль хүртэж их урамшсан. Сонирхон хичээллэгчээс тамирчин болно гэдэг амаргүй. Хоолны дэглэм нарийн баримталж, мэргэжлийн тамирчдад тавигдах шаадлагыг дагана. Дуртай амттан, хүссэн зүйлээсээ татгалзахад сэтгэлийн хат тэвчээр шаарддаг. Бодибилдинг, фитнесс тэсвэр тэвчээрийн спорт. Жингээ хасахын тулд олон сар бэлтгэл хийж, тахианы цээж мах, нарийн ногоо давс, хачиргүй хэрэглэхээр идэхээс ч дургүй хүрдэг тал бий.
-Яг одоо тухтай амрах юмсан гэдэг хүсэл төрж байгаа биз дээ?
-Хавраас хойш амрах зав гарсангүй. Хотын аварга шалгаруулах, УАШТ, Макаод болсон Азийн АШТ-д оролцлоо. Тэмцээн өндөрлөсөн болохоор нуруунаас хүнд ачаа аваад хаячихсан мэт санагдаж байна. Хамгийн түрүүнд дуртай амттан, бас гэрийн хоолоо идэж, хэд хоног сайхан амарлаа. Энэ намар том хүү сурагч болж, бага хүү цэцэрлэгт орлоо. Миний ажлын ачаалал, үүрэг хариуцлага өмнөхөөсөө илүү нэмэгдсэн. Төлөвлөсөн зүйлээ амжуулах, дээр нь бэлтгэл сургуулилтаа таслахгүй хийх, фитнесс клубтээ багшаар ажиллах гээд цаг хугацаатай уралдаж байна. Зорилго хүнийг өөрчилж, олон зүйлд тэмүүлэлтэй болгодог. Би өмнөх шигээ байсан бол өөрийгөө хэзээ ч өөрчилж чадахгүй.
-Та энэ жил Хотын, УАШТ-д түрүүлж алтан медаль хүртсэн. Богино хугацаанд ийм амжилт гаргах тамирчин ховор доо?
-Надтай өрсөлддөг сайн тамирчин олон бий. Тэд энэ спортод амьдралаа зориулж яваа.
Тиймээс өөрийгөө мундаг гэж бодохгүй байна.
-Фитнессээр хичээллэхийн гайхамшгийг өөр дээрээ үлгэрлэсэн гэж таныг хэлж болно. Хичээллэхийн өмнөх болон дараах Гансаруулд олон өөрчлөлт байгаа байх?
-Бие болоод сэтгэл зүйд томоохон өөрчлөлт гарсан. Өөрийгөө ямар ч үед ялан дийлж чаддаг боллоо. Аливаад тууштай хандаж, хэцүү гэж бодсон зүйлээсээ ухрахаа больсон. Өвддөг байсан өвчнүүд ул мөргүй алга болж, эрүүл болж эдгэрчээ. Эрүүл болно гэдэг хамгийн сайхан жаргал. Фитнессээр хичээллэснээс хойш эмнэлэгт хэвтэх зав гараагүй. Саяхнаас өвчин хэлэлгүй хэдэн жил болсноо мэдсэн шүү.
-Та шартай зантай. Энэ чанар тань амжилт руу хөтөлсөн үү?
-Магадгүй. Хор шарыг зөв ашиглавал амжилтад хүрдэг л юм байна. Намайг бага хүүгээ төрүүлсэн байхад үеийн бүсгүйчүүд ”энэ бүдүүн хүүхэн гэртээ сууж, тогоо шанага хангинуулахаас өөр зүйл хийж мэдэхгүй” гэж ярьдаг байсан. Хүүхнүүдийн ийм яриа нөхөрт маань таатай санагдаагүй л байх. Би өмнө нь мөнгөнд их үрэлгэн ханддаг байв. Хоёр хүүхдээ дагуулаад хоолонд орно, амттан их иднэ. Тамирчин болсноос хойш дэлгүүр тоотойхон хэсэж, гадуур ховор хоолложээ. Намайг муулж байсан хүүхнүүд одоо таарахаараа “Хүүе ээ чи Гансаруул мөн үү” гэж уулга алддаг юм. Нүдэн дээр нь өөрчлөгдөөд байхаар найзууд маань гайхаж “фитнессээр хичээллэхээр яг ийм болж байна уу. Тэгвэл хичээллье” гэдэг юм. Би нөхдөө фитнессээр хичээллэхийг уриалдаг. АНУ-д амьдардаг нэг найз маань намайг тамирчин болсныг хараад танихгүй дуу алдсан гэнэ лээ. Тэрбээр үеийнхээ бүсгүйчүүдэд фитнессээр хичээллэх санал тавьж, гурван сарын дотор хүссэн хэмжээндээ хүрэх бооцоо тавьсан гэж дуулдсан. Чамайг хараад биширч байна. Чамаас үлгэр дуурайл авч фитнессээр хичээллээд 10 кг турсан” гэж АНУ-аас саяхан хүмүүс ярилаа.
-Одоо танилын хүрээ өргөн болж, спортынхонтойгоо нөхөрлөдөг болсон биз дээ?
-Зөвхөн спорт гэлтгүй өөр бусад салбарт танилын хүрээ өргөн болж байна. Бодибилдинг, фитнессээр хичээллэдэг тамирчид намайг сайн танина. Сүүлийн үед охид, бүсгүйчүүд надаас фитнессээр хэрхэн хичээллэх талаар зөвлөгөө авч байгаа.
-Нөхөр тань фитнессээр хичээллэхийг чинь дуртай хүлээж авсан уу?
-Нөхөр маань намайг анх хичээллэх үеэс дэмжиж, өнөөг хүртэл ар гэрийн бүх асуудлыг зохицуулж ирсэн. Амжилт гаргаж эхлэнгүүт баярлаж, урам хайрлах болсон.
-Европ хоолын тогооч мэргэжлээрээ ажилласан уу?
-12 жил ажилласан. Монголд анх пицца захиалга нээгдэж байх үед ажиллаж эхэлсэн. Жуулчны баазад тогоочоор ажиллаж байхдаа нөхөртэйгээ танилцсан. Амралтын өдөр гэр бүлээ гоё хоолоор дайлах дуртай. Тэмцээний товлосон хугацаа дөхсөн үед хоол хийж, хормогч өмсөх завгүй гүйсээр орой л гэрийн бараа харна. Бэлтгэл хийж их ядардаг болохоор аль болох тайван орчинд сайн унтаж амрахыг боддог. Тамирчин хүнд хоол, нойр, амралт чухал. Заримдаа дуртай зүйлээ идэх хүсэл их төрдөг. Тийм үед зорилгоо бодож, тэвчинэ. Надад шантрах үе зөндөө л байсан. Зориг, зорилго, хор шар, тэвчээр намайг урагшлуулсан.
-Бодибилдинг, фитнессийн спорт өртөг өндөртэй. Спонсорлодог байгууллагатай болсон уу?
-Болсон. Нөхөр маань спонсорлох байгууллага олсон. Үндэсний уул уурхайн олборлолт компани тэмцээнд оролцох бүх зардлыг даадаг.
-Танилууд тань хүүхдүүдээ шавь болгох санал тавьдаг уу?
-Сүүлийн үед хүмүүс багшаар ажиллаач гэсэн санал тавиад байгаа. Тэмцээнд бэлдэхийн хажуугаар хүнд зааж, сургана гэдэг хэцүү юм билээ. Миний хувьд тамирчин болж энэ спортын зах зухаас мэдэрч эхэлж байна. Тиймээс амжилт гаргачихаад дараа нь багшлах тухай бодно доо.
-Илүүдэл жингээсээ салах гэж фитнессийн клубийг зорьсон бүсгүй тэр үед мэргэжлийн тамирчдыг хараад ямар бодол төрж байсан бол?
-Фитнессээр хичээллэдэг хүүхнүүдийг хараад ямар гоё юм бэ, би хэзээ ийм болох бол гэж боддог байсан. Телевизээр солонгос кино үзчихээд гоолиг болох тухай хамгийн түрүүнд төсөөлдөг байлаа. Бэлтгэл сургуулилтаа дундаас нь хаяхгүйн тулд тэвчээр их гаргасан. Тэсвэр гаргасныхаа үр дүнг тэмцээнээс харлаа. Нүүрс ус хасах үед би бухимдуу уцаартай болдог. Хүмүүстэй харилцахдаа хүртэл төвөгшөөнө. Ядарчихсан байхад хүнтэй дуугарах, утсаар ярих, хүүхдүүдийн дуу чимээ сонсох хэцүү. Манай хүүхдүүд намайг жаахан бухимдуу байхыг андахгүй. Цүнхээ үүрэхээр “Ээж ээ та бэлтгэлдээ явах гэж байна уу, амжилт хүсье, баяртай” гэдэг юм. Өрсөлдөгчид маань намайг хурцалж, амжилтад хөтөлсөн гэж боддог. Энэ спортод эргэж буцахааргүй хөл тавихад олон зүйл нөлөөлсөн. Хүн сайн өрсөлдөгчтэй байх тусмаа өөрийгөө хөгжүүлж чаддаг. Спортын гайхамшгийг мэдрэх тусам баярладаг. Хааяа сэтгэл унах өдөр байдаг. Тийм үед клубтээ ирж эрч хүч авдаг юм.
-Гоёж гангалах зав гаргаж байна уу?
-Сүүлийн үед гоёж, гангалахыг мартаад, бэлтгэлийн өмд цамц, пүүзтэй л гүйж явна. Өмнө нь өөртөө таарах өргөн хувцас хайдаг байсан бол одоо хамгийн бага размерээс сонголт хийдэг болсон. Би толинд харах дуртай. Харчихаад “Гансаруул аа зөвхөн урагшаа. Ингэж их хөлс гаргаж хөдөлмөрлөчихөөд шантарч, ялагдах эрх чамд байхгүй шүү” гэж хэлдэг. Фитнессээр хичээллэж буй эмэгтэй тамирчдаас одоогоор би хамгийн ахмад нь. Гурван жил хичээллэсний эцэст спорт ямар гайхалтай юм бэ гэдгийг өдөр бүр мэдэрч байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт