ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Д.Норжмаа: Би зүүдэндээ итгэж, сурын спортоор хичээллэсэн

    Д.Норжмаа: Үндэсний спортоор нааддаг цөөн гэр бүлийн нэг нь манайх

    -Сурын спортод хөл тавьсан түүх чинь тун сонирхолтой санагдсан. Таныг харваач болгох гэж багш тань бүтэн жил ятгасан гэдэг, үнэн үү?

    -Би найман хүүхэдтэй өнөр айлд өсөж хүмүүжсэн. Бид улсын наадмаар улсын заан Д.Бумбаяр ахынхаа барилдааныг үзэж нааддаг байлаа. 1996 оны намар Х.Баянмөнх аваргын “Шонхор” БТДС-д ажиллахаар орсон юм. Сургуулийн сургалтын албаны даргаар ажилладаг байсан Санжаасүрэн гуай надад “Чи үндэсний сураар хичээллээч, амжилт гаргах юм шиг санагдаад байх юм. Би чамд сур хэрхэн харвах аргыг зааж өгье” гэж зөвлөнө. Энэ тухай гэрийнхэндээ хэлтэл Д.Бумбаяр ах дэмжиж, бусад нь таатай хүлээж авсангүй. Тэр үед манай баруун аймгийнханд үндэсний сурын харвааны тухай ойлголт бага байсан л даа. Би багшийнхаа зөвлөгөөг өдөр бүр сонсдог ч сураар хичээллэх сонирхол тэр бүр төрдөггүй байв.1998 оны долдугаар сарын 5-нд сурын спортод анх хөл тавьж билээ. Тэр жилийнхээ наймдугаар сард  Сэлэнгэ аймагт болсон бүсийн чуулга харваанд оролцож, мөнгөн медаль хүртэж их баярласан. 1999 онд спортын мастер цол хүртчихээд сурын харвааны гайхамшгийг мэдэрч урамшсан даа.

    -Та З.Баатар гуайн урласан нумаар олон жил харвалаа. Аз, амжилт аль алийг нь хайрлаад байх шиг санагддаг?

    -Түүний урласан нумаар харваж, олон хүн сурын алтан зурхайгаас улсын мэргэн цол хүртсэн. Би ч бас тэдний нэг. Миний спортын замнал зөв эхэлсэн. Спортын ертөнц өрсөлдөөнтэй ч би амжилтаа жилээс жилд ахиулсаар 2006 оны улсын их баяр наадмаар түрүүлж, улсын мэргэн цол хүртэж байлаа. Үндэсний сураар тууштай хичээллэж, амжилтад хүрсэндээ сэтгэл хангалуун байдаг. Эерэг энергитэй хүмүүсийн дунд  хөл тавьсандаа одоо ч олзуурхдаг юм.

    -“Алдар” спорт  хороо одоо таны хувьд овгоос тань дутахааргүй болжээ?

    -Би 2000 оноос эхэлж “Алдар” спорт хорооны тамирчин болсон. Энэ байгууллагын босгоор анх алхахад амжилт ялалтын их түүчээ шиг санагдаж билээ. Эндээс үе үеийн алдартай тамирчид төрж, тив дэлхийд нэрээ цуурайтуулан Монголын нэрийн хуудас болж явсан сайхан түүх бий. Амжилтаа би “Алдар” спорт хороотой холбож ойлгодог. Зэвсэгт хүчний сүр жавхаа, спортын гялалзсан амжилтууд энд л ундардаг юм шиг санагддаг.

    -Энэ жилийн наадмаар та улсын гоц мэргэн Х.Оюунчимэгтэй өрсөлдөж, товх харвасан. Товх харвах нь сурын харвааг улам сонирхолтой болгодог. Хоёр мэргэний хэн нь түрүүлэх бол гэж наадамчид амьсгаа дарж зогссон?

    -Тамирчин хүн хүчтэй өрсөлдөгчтэй байна гэдэг өөрийгөө хөгжүүлэх том алхам. Би улсын мэргэн цол хүртсэнээс хойш хоёр жил дараалан товхолсон. Тамирчин хүн хожигдох дургүй байдаг. Оноо тэнцэж товхлоод аман хүзүүднэ гэдэг хэцүү. Нэг хэсэгтээ л сэтгэл хямарна.Үндэсний спортоос сурын харваанд насны хязгаар байдаггүй тул амжилт дахин гаргахад хэзээ ч оройтохгүй.

     

    -Наадмаар үндэсний спортын гайхамшгийг мэдрүүлж нааддаг айл танайхаас өөр байдаггүй. С.Дамиран гуайн гурван хүүхэд бөх, сур, морьтой нөхөрлөж, амжилт гаргасан нь спортын түүхэнд бичигдэх ховор тохиол доо?

    -Аав маань аймгийн заан цолтой. Залуудаа бөх барилдаж, зээрэнцэг бөөрөнцөг шидэн, гар бөмбөг тоглож спортын олон төрлөөр хичээллэсэн. Багадаа аавынхаа шагнал өргөмжлөл, баярын бичгийг үзэх дуртай байлаа. Хүүхэд байхдаа “Надад дуулах, бүжиглэх, жүжиглэх авьяас алга. Тиймээс спортын ямар нэгэн төрлөөр хичээллэж, амжилт гаргая” гэж боддог байв. Нэг өдөр их сонин зүүд зүүдэллээ. Наадмаар үндэсний сур харваж түрүүлээд индэр дээр гарч, Ерөнхийлөгчөөс шагнал авч байна гэж. Би зүүдэндээ итгэж, маргааш нь сурын спортоор хичээллэсэн. Спортод хөл тавихад зүүд маань их нөлөөлсөн шүү.

    -Зүүд чинь биелж, та улсын мэргэн цол хүртжээ?

    -Тэр зүүд намайг нум сумтай нөхөрлөсөн үеэс салалгүй өнөөг хүргэлээ. Түүнээс хойш өөртөө “Би түрүүлж, амжилт гаргах ёстой” гэж хэлж зоригжуулдаг болсон.

    -Таны дүү Д.Баатархүү алдартай уяач. Морь уях эрдмийг ааваасаа суралцсан уу?

    -Дүү минь аймгийн алдарт уяач. Морь уяж наадамд уралдуулах хүнд хөдөлмөр. Адгуустай хүнчлэн харилцаж, зан аашийг нь мэдэрнэ гэдэг  уяач хүний эрдэм. Морины өнгө зүс хувирах, уяа сойлгыг өдөр бүр тааруулж, үйл хөдлөлөөс нь  хэлийг ойлгоно гэдэг амаргүй. Аав, ээж минь наадмын өглөө бөхийн дэвжээнд хүүгээ яаж барилдахыг, сурын талбайд охиноо хэрхэн цэц сорихыг, гийнгоон дуу хадах талд  уяач хүүгийнхээ морь хэр шандастай давхихыг харах гэж догдолдог. Би гэр бүлээрээ бахархдаг. Гурван хүүхэд нь үндэсний спортоор наадаж, ард түмнээ баясгадаг гэр бүл монголд ховор. Тэр ховор гэр бүлийн нэг нь манайх. Сур харваатай нөхөрлөсөн цагаасаа аав ээжийгээ баярлуулъя гэж боддог байсан  хүслээ би биелүүлсэн.

                                          Үндэсний спортоор нааддаг ах дүү гурав

    -Хүүгээ улсын заан, охиноо улсын мэргэн,  уяач хүүгээ алдарт уяач цолтой болоход аав, ээжийн тань магнай тэнийж их баярласан байх аа?

    -Д.Бумбаяр ах 2001 онд улсын заан цол хүртсэн. Ахыг улсын начин цол хүрэхэд аав “Миний хүү начнаар тогтох бөх биш. Зааны энтэй хүчтэн” гэж урам хайрлаж байсан. Ах минь наадамчин олны итгэлийг алдалгүй барилдсаар улсын заан цол хүртсэн түүхтэй. Намайг улсын мэргэн болоход аав мөн л “Миний охин наадамд нэгээр тогтохгүй түрүүлэх харваач” гэж сайхан үгээр шагнаж билээ. Ах, дүү, бид гурав аавынхаа итгэлийг дааж яваа. Бидний спортод дуртай болсон маань ааваас улбаатай.

    -Хүүхдүүдээс тань мэргэн харваач төрөх нь үү?

    -Манай ах дүүс спортод элэгтэй. Тэдний дунд спортын тамирчин бий. Том ахын хүү Мянганбаяр чөлөөтөөр барилддаг, “Арслан” клубийн тамирчин. АНУ-д болсон Оюутан залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай барилдсан. Америкт байхдаа спортоор хичээллэхийн зэрэгцээ үнэт цаас, банк санхүүгийн мэргэжлээр суралцаж эх орондоо ирсэн. Мөн Батаа ахын охин Сайнбуян жүдогоор хичээллэдэг. Аав, ээж минь ач, зээ нарынхаа спортод чамлахааргүй амжилт гаргаж явааг хараад баярлаж суудаг юм. Манайх гурван хүүхэдтэй. Өнгөрсөн хавар хүүгээ сурын спортоор хичээллүүлж, наадмын бэлтгэл хамт хийсэн. Үндэсний сур харвадаг харваачид “Сурын харваа гайхалтай спорт. Өргөөшөө бяр, уртаашаа ухаан хөгжүүлдэг юм” гэж зөвлөдөг. Хүү минь 11 настай. Энэ жил Увс аймгийн 90 жилийн ойн наадамд хүүхдийн сурын харваанд түрүүлж баярлуулсан. Аав, ээжийнхээ нутгаас анхныхаа алтан медалийг  хүртлээ гэж бид ч и х билгэшээсэн. Д.Бумбаяр ахынх хоёр охинтой. Сүүлийн үед охид нь үндэсний сур сонирхон харваж байгаа. Нэг охин нь мөн л Увс аймгийн Тэс сумын 90 жилийн ойн наадамд үндэсний сур харваж, мөнгөн медаль хүртсэн. Миний дасгалжуулсан хоёр шавь харваач болохоор сэтгэл шулуудаад байгаа.

                                            Увс аймгаас төрсөн спортын алдартнууд

    -Нөхөр тань залуудаа бөхийн спортоор хичээллэдэг байсан гэл үү?

    -Манай нөхрийг Ц.Цэдэндамба гэдэг, багш дасгалжуулагч мэргэжилтэй. Увс аймгийн, аймгийн арслан  Цэцэндэлгэрийн хүү. Намайг “Шонхор” БТДС ажиллахаар ороход дасгалжуулагчаар ажилладаг байсан юм. Биднийг спортын орчин учруулсан даа. Нөхөр маань айлын ганц хүү болохоор эрх өссөн. Хүүхэд байхдаа Увс аймгийн хүүхдийн барилдаанд хоёр удаа түрүүлж, 21 насандаа аймгийн арслан цол хүртсэн. Аав, ээжийнхээ аль аль талаас бөхийн удамтай.

    -Наадмаар гоёдог дээлээ өөрөө урладаг уу?

    -Манай ээж олонсог эвсэг хүн. “Хойгуураа өнгөрснийг хооллож, урдуураа өнгөрснийг ундалж” гэдэг шиг өөрт байгаа бүхнээ хуваалцдаг. Монгол хүүхдүүд голдуу гэрийн хүмүүжлээр өссөн байдаг. Ээж хүнд хүүхдүүдээ өөрийнхөө арга барилаар хүмүүжүүлдэг гайхалтай ухаан бий. Би ээжийнхээ харамгүй занг илүү дуурайсан. Өвөө минь номтой лам хүн байлаа. Биднийг хүүхэд байхад  хүн, амьтныг хайрлан, хооллож ундлах дээд буян байдаг юм шүү” хэмээн захиж, зөв хүн болж хүмүүжих талаар сургадаг байв. Ээж намайг сурагч байхад “Чи дээл эсгээд сайхан оёж сур” гээд  бүс даавуу авчирч өгнө. Тэгэхээр нь “Одоо дээл өмсдөг хүн ховор болсон шүү дээ” гэж дурамхан хариулдаг байлаа. Намайг үндэсний суртай нөхөрлөж, дээлээр гоёно гэдгийг ээж минь зөнгөөрөө мэдэрч байж.

    -Та сурын талбайд цэнхэр өнгөтэй  дээлээр гоёж ирдэг. Билгэшээдэг өнгө чинь үү?

    -Би цэнхэр, хөх өнгөнд дуртай. Дэлгүүр орохдоо цэнхэр өнгийн даавуу, торго руу түрүүлж хардаг. Миний дээлийг урладаг оёдолчин “Чи цэнхэрээс өөр өнгө мэддэггүй байх. Дандаа ийм өнгөтэй торгоор дээл хийлгэх юм” гэж хошигнодог юм. Надад цэнхэр, шар өнгө ээлтэй байдаг. Улсын мэргэн цол хүртэхдээ шар торгоор урласан дээл өмссөн. Хүн өтөлж үхдэггүй, хөшиж үхдэг гэх үг бий. Сурын спортоор хичээллэх олон давуу талтай. Байнга хөдөлдөг болохоор хөдөлгөөний дутагдалд орохгүй. Хараа хурц, оюун ухаан саруул байдаг. Сүүлийн үед хүүхдүүд компьютер ширтэж тархиа ядаргааж, өвчинд өртөмтгий болж байна. Хүнд өөрийгөө хөгжүүлэх олон боломж бий. Үүний нэг үндэсний сурын харваа. Биеэ эрүүл байлгая гэвэл хөдөлгөөнтэй амьдрах л чухал.

    -Монголчууд үндэсний спортоос 6000 мянган бөх барилдаж, 10 мянган морь уралдуулж Геннисийн номонд бичигдсэн. Одоо сурын харваа  үлдлээ?

    -Үндэсний сурын харваачид 1000 сур харваачийн наадам хийе гэж ярилцаж байгаа. Энэ яриа удахгүй хэрэгжих байх.

    -Танд хүүхдүүдээ хөтөлж ирээд шавь оруулсан хүн байдаг уу?

    -Бий, бий. Үндэсний сурын харваа бол Монголчуудын эр зориг, эрч хүч, сүр жавхаа, дайчин занг харуулсан спорт. Би Үндэсний сурын холбооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа сурын харваанд анхаарал хандуулж ажилласан. МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаяр гуайтай  уулзаж, үндэсний сурын тэмцээнийг тайлбартай явуулж байх гэрээ хийсэн юм. Үндэсний сур харвааг телевизээр тайлбарлаж, олонд дамжуулан хүргэдэг болсон нь үр дүнд хүрсэн. Үүний нөлөөгөөр олон залуус сурын спортод хөл тавьсан гэж боддог. Сүүлийн жилүүдэд гадаадын жуулчид сур сонирхож харвадаг боллоо. Сурын талбай үзэгчдээр дүүрдэг тул талбайн хэмжээ нь багадаж байна.                                                                                                                      

                                                                                                                                 Г.Батцэцэг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй