ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ариунаа Сүри: Байгалийн үзэгдлээс загварынхаа санаа, өнгийг олдог

    Азийн загварын ертөнцөд Ариунаа Сүри хэмээх монгол бүсгүй өөрийн өнгө төрхийг тодорхойлж яваа. ХБНГУ-ын Бремен хотын урлагийн их сургуульд суралцаж, загвар зохион бүтээгч мэргэжил эзэмшсэн тэрбээр 2013 онд дэлхийн 50 гаруй орны дизайнертай мөр зэрэгцэн “Mercedes benz fashion week Tokyo” шоуд оролцож, өөрийн брэндийг танилцуулсан. Мөн тэр жилийнхээ зун Монголдоо “SS2014 international festival” буюу усан дээрх загварын шоуг амжилттай зохион байгуулсан билээ. Энэ амжилт нь түүнд 2014 оны Токиогийн загварын долоо хоногт дахин оролцох урам өгсөн гэдэг.  

    Ариунаа Сүри: Би хөдөлмөрлөх замынхаа дөнгөж захад нь яваа

    -Загварын ертөнцөд бүтээлээ  танилцуулахын тулд содон, сонирхол татах нэртэй байх ёстой. Та ч гэсэн энэ зарчмаар дагаж Ариунаа Сүри хэмээн нэрлэсэн үү?

    -Тийм ээ. Манай аавыг Ц.Сүрэнжав гэдэг. Загварын ертөнцөд бүтээлээ таниулахын тулд тогтсон, содон нэртэй байх хэрэг гарсан л даа. Аавынхаа нэрийн эхний хэсгийг авч, өөрийн нэрэнд тохируулсан. Энэ нэр оюутан байх үеэс намайг илэрхийлэх болсон. Хэтдээ брэндээ нээхэд энэ нэр загварын ертөнцөд намайг тодорхойлж болох юм шиг санагдсан. Санамсаргүй өгсөн нэрийн маань утга бэлгэшээлтэй байсныг хожим мэдэж билээ. Сүри гэдэг нь цэцгийн нэр юм гэсэн.

    -Та “Mercedes benz fashion week Tokyo” шоуд хоёр ч удаа оролцож бүтээлээ танилцуулсан. Энэ шоуны товлосон хугацаа ойртсоор. Энэ жил оролцоно биз дээ?

    -Дэлгүүрээ нээх гээд завгүй ажиллаж байгаа тул энэ удаа  оролцохгүй өнжихөөр шийдсэн.

    -Та хаврын улиралд завгүй ажилладаг хүн шиг санагдсан. Сар шиний дараахан  “Viva sity” хотхонд загварын хувцасны томоохон дэлгүүр нээх гэж байгаа гэл үү?

    -Гаднаас ирсэн хүмүүс тухайн загвар зохион бүтээгчийн урласан бүтээлийг өөрийн нүдээр харж, гараараа барьж үзэх сонирхолтой байдаг. Тиймээс урлангийнхаа ажлын өрөөг томсгож, өөрийн бүтээлээ танилцуулах зорилгоор дэлгүүр нээе гэж бодсон юм.

    -“Viva sity”-д өөрийн тань дэлгүүр нээгдсэнийг сонсоод сонирхож үзэх хүн олон байх биз ээ?

    -Дэлгүүрээ ямар газар нээвэл тохиромжтой байх вэ гэж олон газар судаллаа. Би байгальтай ойр байх дуртай. Надад энэ газрын орчин нь их таалагдсан. Ажлынхаа, бас дэлгүүрийнхээ цонхоор Туул гол, бас гол дагаж ургасан шугуй, цэцэг навч харах гэж энэ газрыг сонгосон. Миний хувьд зуны улиралд сэтгэлээ сэргээхийн хажуугаар байгалийн өнгө, үзэгдэл, хувирлыг харж бүтээлийнхээ санааг олдог. Тиймдээ ч найзуудтай хөдөөгүүр аялж зураг авах сонирхолтой.

    -Сар шинийн дараахан Олон улсын эмэгтэйчүүдийн баяр боллоо.Та ямарваа нэгэн баяр ёслолоор өмсөх гоёлоо ажлынхаа заваар урлачихдаг байлгүй?

    -Ажилдаа анхаарал хандуулаад өөртөө гоёл урлаж амжаагүй л сууна. Би өөрийгөө хойш нь тавьдаг хүн шүү дээ. Гэр бүл, найз нөхөддөө гоёлыг нь зэхэж өгье гэж хичээгээд ч заримдаа амждаггүй тал бий. Гэрийнхэн маань миний завгүй ажилладгийг мэддэг болохоор ажилтай маань хэдийнэ эвлэрсэн. Сүүлийн үед олны танил хүмүүс надад тохирох загвар гаргаж өгөөч гэж санал тавих боллоо. Гэхдээ надад санал тавьсан болгоныг барьж авах цаг хугацаа, боломж ховор байдаг. Олны танил хүмүүсээс нэвтрүүлэгч Т.Чимгээ, сэтгүүлч Б. Ганчимэг  нарыг гоёлыг урлалаа. Тухайн хүний стиль имижэд тохируулж хувцас урлана гэдэг амаргүй санагдсан шүү.  

    Монголын нэрийг гаргахын тулд бүтээлээрээ харуулахыг зорьсон

    -Германд олон жил амьдарсан таны сэтгэлийг Япон улс юугаараа татаж чадсан бэ?

    -Германы Бремен хотын урлагийн их сургууль дэлхийд нэр хүндтэй. Тэнд байхдаа “Zero” брэндийн туслах загвар зохион бүтээгчээр ажилласан. Сургуулиас зохион байгуулсан загварын уралдаанд идэвхтэй оролцдог дайчин оюутан байлаа.

    Надад германчуудаас сурсан зүйл их. Амжилт гаргахад ч нөлөөлсөн. Япон, Герман хүмүүсийн царай, амьдралынх нь хэв маяг өөр боловч ажилдаа сэтгэл гаргаж үнэнч ханддаг байдал, цэвэрч нямбай, хөдөлмөрч зангаараа адилхан. Ажиглаж байхад япончууд германчууд шиг хүнтэй амархан дотносож нөхөрлөдөггүй юм билээ.

    Японы ард түмэн дэвшилт технологийг өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж чадсан. Загварын тал дээр өндөр мэдрэмжтэй, хувцаслалтаараа ч өвөрмөц стилтэй. Аливаа зүйлийн донжийг олохдоо гаргууд.

    -Олон орны оюутнаас бүтээлээрээ ялгарна гэдэг амаргүй. Таныг загварын ертөнцөд хөл тавихад энэ сургууль их нөлөөлсөн биз?

    -Наймдугаар ангид сурдаг байхдаа загвар зохион бүтээгч болно гэж шийдсэн. Германд очоод загвар зохион бүтээнэ гэдэг зүгээр зураг зурдаг бус улс оронд нөлөөлж чаддаг мэргэжил юм гэдгийг ойлгосон.

    Би Монголын нэрийг гаргахын тулд бүтээлээрээ харуулахыг зорьсон. Багш нарт маань миний загварын санаанууд таалагддаг байв. Тэд намайг санаагаа зөв гаргадаг, зоримог, дайчин, бас өнгөний мэдрэмжтэй гэдэг байсан. Загвараа гаргахын тулд хэдэн зуун жилийн өмнөх хувцасны түүхийг сөхөж, уйгагүй судалдаг байлаа.

    -Германчуудын ямар зан чанараас суралцсан бэ?

    -Германчууд хүнд найдлага төдийлэн тавьдаггүй. Өнөөдөр танилцаад, маргааш найз болно гэдэг ойлголт хэзээ ч байдаггүй. Хүний зан чанарыг цаг хугацааны явцад алгуур таньж, нөхөрлөдөг. Тэдэнтэй, найз болохын тулд цаг хугацаа багагүй зарцуулна. Хүнийг таньсан бол нөхөрлөлдөө үнэнч. Надад тэдний итгэл даадаг зан таалагддаг.

    Би ямар ч хүнтэй уулзсан эртний танил шигээ угтдаг зантай. Надтай ярилцсан хүн “Чамтай өмнө нь уулзаж байсан юм шиг сэтгэгдэл төрлөө” гэж хэлдэг юм. Би суралцах хугацаандаа ангийнхаа нөхдөд Монголын ёс заншил, уламжлалт зан үйл, түүх соёлтой бага боловч танилцуулъя гэж боддог байсан. Завтай үедээ бууз хийгээд ангийнхнаа дайлна. Тэд монгол хоолны амтанд орчихсон “Ариунаа, өнөөдөр бууз хийх үү” гэж асуудаг болсон шүү.

    Би өнгөнд хязгаар тавьдаггүй, надад завсрын өнгө таалагддаг

    -Та загварынхаа эсгүүр, оёдолд анхаарал хандуулдаг хүн шиг санагдлаа?

    -Оюутан байхдаа Ази хувцасны түүхийг мэдэхийн тулд Япон, БНСУ, Индонез, Тайланд улсын хувцасны оёдол, эсгүүрийг судалсан. Ази хувцасны эсгүүр нийтлэг шинжтэй. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өмсөх хувцасных нь загвар, эсгүүр ижил байдаг гэсэн үг.

    Тухайлбал, монголчуудын хувьд дээл. Эрэгтэй, эмэгтэй алинд ч таардаг тул өмсөж болдог. Тэгвэл европчуудын хувьд ялгаатай. Эрэгтэй хүн өмд, эмэгтэй хүн даашинз өмсөнө гэдэг ойлголт олон зуун жил сэтгэлгээнд нь оршсоор ирсэн. Үүнийг эвдэхэд ази хувцасны эсгүүр нөлөөлж чадна. Үүнийг л би гол ажлаа болгон сонгож авсан.

    Монгол үндэсний хувцасны түүхийг судлахад амьдарч буй орчин, нийгмийн байдлаасаа хамаараад хувьсан өөрчлөгдсөн байдаг. Хамгийн сүүлд Хүннүгийн үеийн олдвор болох дээлэнд судалгаа хийлээ. Миний загварын чиг хандлага монгол хувцасны эсгүүрийн нарийн онцлогийг тодотгож харуулдаг. Би загвартаа тусгал, давтамжуудыг харуулах дуртай. Эсгүүрээ ч гэсэн өвөрмөц гаргахыг хичээдэг. Хүний харц татах нууцлаг увидас, сүнслэг байдал хувцасны эсгүүр, оёдолд байдаг гэж боддог.

    -Өнгөний хувьд зөөлөн, дулаан байгалийн өнгө түлхүү сонгох юм аа?

    -Би өнгөнд хязгаар тавьдаггүй. Надад завсрын өнгө таалагддаг, байгалийн шинж чанар агуулдаг болохоор тэр шүү дээ.

    Бүтээл урлахдаа саарал, ногоон, цэнхэр өнгө голдуу сонгодог.

    -Та ярилцах зуураа миний загварууд “Өрнө дорнын хооронд нууцлагаар оршигч” гэж цухас дурдсан. Энэ үг сонирхолтой санагдсан тул асуухгүй өнгөрч чадахгүй нь?

    -Би Ази, Европыг холбож, арван жил амьдарсан. Миний бүтээсэн загварт аль алиных нь шинж шингэсэн байгаа. Тиймээс нууцлагаар оршигч гэж хэлсэн юм. Би байгалийн үзэгдлээс загварынхаа санаа, өнгийг олдог. Хүн байгальтай салшгүй холбоотой. Тиймээс байгалиа шүтэж, аргадаж амьдрах хэрэгтэй.

    -Та хувцсаа маалинга өвснөөс гаргаж авсан даавуугаар урлах дуртай. Энэ даавуу юугаараа онцлогтой вэ?

    -Мааланги өвснөөс гаргаж авсан даавуу байгалийн шинж чанараа хадгалж чаддаг. Хувцас хийхэд хамгийн тохиромжтой тул угааж, цэвэрлэхэд өнгө, хэлбэрээ алддаггүй. Өмсөхөд зөөлөн, биеийн дулааны хэмийг нэгэн жигд барьдаг.

    -Та нээлттэй хэрнээ хувийн амьдралынхаа талаар ер ярихгүй юм?

    -Би хувийн амьдралаа ажлаас хол байлгахыг хичээдэг. Тийм болохоор энэ талаар ярих дуртай биш.

    -Ирэх жил танилцуулахаар бэлдсэн таны коллекцийг сонирхож болох уу?

    -Ирэх жилийн загваруудынхаа санааг ерөнхийд нь гаргачихсан байгаа. Миний урласан бүтээлийн өнгө голдуу завсрынх байдаг. Одоогоор бүтээлүүдийнхээ загварын хийц, оёдол, эсгүүр, өнгө ямар байх тал дээр судалгаа хийж буй. Би загвараа сонирхолтой болгохын тулд сүнслэг чанарыг харуулахыг хичээдэг. Шашинд үүнийг ховсдож, анхаарлыг нь татах гэсэн утгаар хэрэглэдэг. Хувцасныхаа загвар, хийц, эсгүүрийг өвөрмөц, шинэлэг байлгахаар зорьж, багагүй эрэл хайгуул багагүй хийдэг юм. Тэр ч хэрээрээ туршилтын олон материал, даавууны ард гардаг тал бий. Хүмүүсийн сэтгэлгээнд байдаг хувцас загварын хэвшмэл нэг ойлголтыг зоригтой эвдэх гэж хичээдэг. Бидэнд дэлхийд тоогдох бүтээл урлах хэрэгтэй байна. Дэлхийн загвар зохион бүтээгчид “Энэ бол Монголын брэнд байна шүү дээ” гэж дуу алдаж, тоогдох бүтээлтэй байхыг хүсдэг

    -Өөрийгөө хэр авьяас, мэдрэмжтэй дизайнер гэж боддог вэ?

    -Авьяасыг хөдөлмөр тордоно. Би өөрийгөө хөдөлмөрлөх замынхаа дөнгөж захад нь яваа гэж ойлгодог. Тиймээс Сүри минь хөдөлмөрлө, дахиад хөдөлмөрлө гэж өөртөө хэлдэг.

    Хөдөөгийн нам гүм орчноос амар амгалан, тайтгарлыг илүү мэдэрдэг

    -Та хөдөө өссөн үү. Бүтээлдээ байгалийн өнгө, үзэгдлийг түлхүү шингээдэг болохоор ингэж асуумаар санагдлаа л даа?

    -Ховд аймгийн Чандмань сум эмээ, өвөөгийн минь төрсөн нутаг. Би багадаа өвөө, эмээ дээрээ өссөн. Тэднийхээ амьдралын ухаанаас бага боловч сурч чадсандаа баярладаг. Өвөө намайг хүүхэд байхад булаг, шандны ус бохирдуулж болохгүй, цэцэг, навч тасдаж, уулын чулууг байрнаас нь хөдөлгөж болохгүй гээд захидаг байв. Бага байхаас минь ингэж байгаль хайрлах ухаанд сургасан. Өвөөгийнх маань зун болохоор мөнх цастай өндөр уулын бэлд зусдаг. Би хичээл тарангуут хөдөө явах гэж тэмүүлдэг байж билээ. Хөдөө өссөн болоод ч тэр үү хийсэн бүтээлдээ байгалийн өнгө, үзэгдлийг шингээх дуртай. Амжилттай явбал өөрийгөө тэр уулсын оргил өөд тэмүүлж явна, сэтгэлээр унасан үедээ бэлд нь сууж байна даа гэж боддог юм.

    -Өвөөг тань уран дархан, зурдаг хүн байсан гэж сонссон. Авьяасаас нь өвлөсөн үү?

    -Би өвөөгийнхөө зураг зурах авьяасыг нь өвлөсөн. Нутгийнх нь хүмүүс өвөөгөөр ээмэг, бөгж урлуулж, эмээл, хазаар, хээтэй ор, авдар хийлгэдэг байсан. Өвөө минь аливаа зүйлийг ажиглаж харах дуртай. Намайг уул руу дагуулж яваад, эмийн ургамал түүлгэнэ. Хатааж, нүдээд тан хийнэ. Өвс, ургамал заагаад “Энэ өвсийг тийм өвчинд, тэр ургамал ийм өвчнийг анагаах увидастай” гээд зааж өгнө.

    Уяан дээр үүрсэж зогсох морийг заагаад “Миний охин энэ морийг сайн ажигла. Харандаа аваад зур” гээд зуруулдаг байсан. Оюутан болчихоод, өвөөгийндөө зургийн аппараттай очоод нутгийнх нь уул ус, ой мод, өвс, ургамлын зургийг авдаг байв. Хөдөөгийн нам гүм орчноос амар амгалан, тайтгарлыг илүү мэдэрдэг юм. Би байгальтай аль болох ойр байхыг хүсэж, нар мандах, жаргахыг ажиглах дуртай. Ээж минь залуудаа зурагчин байлаа. Ээжийн хообий надад ч бас нөлөөлсөн. Миний хувьд загварын ертөнц рүү түлхүү анхаарч, гэрэл зураг авахаа сонирхол төдий үлдээсэн дээ.

    -Та бөөгийн шашин сонирхож судалдаг гэсэн. Хувцас, эдлэл хэрэгслээс нь санаа авч загвартаа шингээж урладаг юм уу?

    -Би дипломын ажлаа 2008 онд “Бөөгийн шашны өмсгөл, хувцасны онцлог шинж чанар” сэдвээр хамгаалсан. Германд байхдаа 20 гаруй орны бөөгийн шашны онцлогийг Монголынхтой харьцуулж судалсан. Бөөгийн далд мэдрэмж өндөр хөгжсөн байдаг тул байгаль, дэлхийтэй хүнчлэн харилцдаг. Монгол, тува, солонгос, африк, индонез, индиан, тури гээд олон үндэстэн бөөгийн шашинтай. Германы музейд тавигдсан тува бөөгийн хувцасны 300 жилийн өмнөх олдворыг очиж үзсэн юм. Тэр музейн захирал 1980-аад оны үед бөөгийн шашин, өмсгөл хувцас, эдэлж хэрэглэдэг зүйлсийг сонирхож судалдаг байсан юм билээ. Тэр хүнээр дэлхийн орон орны бөөгийн шашны түүх, ялгарах онцлогийн талаар яриулсан. Монголд амралтаараа ирээд, Монгол бөөгийн холбооны тэргүүнтэй уулзаж дэлгэрэнгүй мэдээлэл авсан. Бөөгийн шашны зан үйл, далд мэдрэмж, хувцас (манжиг), эдэлж хэрэглэж буй зүйлс тухайлбал могой, шувуу, тас, бүргэдийн өд, баг, нар, сарны дүрс хүнийг муу сүнснээс авардаг юм бол яагаад өнөөгийн хүмүүсийн аж амьдралд нөлөөлж, муу зүйлээс аварч болохгүй гэж бодоод бэлгэдлийн чанартай хэрэглэдэг эд зүйлсээс нь өдөр тутмын хувцсанд шингээж, элемент болгож оруулсан. Миний дипломын ажил сургуулийн маань багш нарт их таалагдсан.

    Сайн бүтээл урлахын тулд хувцасны загвар дээр ухаанаа чамгүй зарах үе бий

    -Спортоор сонирхож хичээллэх зав гаргадаг уу?

    -Багадаа усан сэлэлт, марафон гүйлтээр хичээллэдэг байсан. Оюутан болоод ч орхиогүй. Спорт надад эрч хүч, урам өгдөг болохоор ямар ч ажилтай байсан хаяхгүй гэж боддог.

    -Та зуны улиралд хөдөөгүүр аялж, амралтаа үр дүнтэй өнгөрүүлдэг бололтой.Цахим хуудас руу тань зочилж, өөрийн тань авсан гэрэл зургуудийг үзлээ?

    -Би зун хөдөө, байгалийн сайханд аялж өнгөрүүлэх дуртай. Өнгөрсөн зун Увс аймгийг зорьж, Хяргас нуурын ойролцоох Хэцүү хад хэмээх газрыг сонгож, зураг авсан. Энэ газрын орчин нөхцөл, байгалийн тогтоц нь их таалагдсан юм. Өмнө нь би энэ газар очиж үзээгүй байлаа. Тэгтэл нэг найз маань зуныхаа амралтаар аялж явахдаа тэндхийн зургийг сонирхож авснаа надад үзүүлсэн юм.

    Зургийг нь хараад энэ газар руу очиж үзэх хүсэл төрсөн. Би бүтээлийнхээ зургийг устай газар оролцуулж авна, гэхдээ яг хаана авах вэ гэж их бодож байв. Найзынхаа авсан гэрэл зургуудыг үзээд тэр даруй шийдвэр гаргаад гурав хоногийн дараа зургаа авахаар Улаанбаатараас хөдөлсөн. Хүмүүс Хөвсгөл нуур, Орхоны Улаан цутгалангийн хүрхрээг сайн мэддэг тул надад тэр бүр очиж үзээд байдаггүй, алслагдмал, бас байгалийн өвөрмөц тогтоцтой, өнгө хувирал нь сонирхол татахаар газар сонгохыг хүсдэг байв.

    Есдүгээр сарын сүүлчээр намар сэрүү орчихсон үед очиж зураг авч билээ.Загвар өмсөгчид хүйтэн сэрүүн, халуун гээд ямар ч орчинд зохицож зураг авахуулах чадвартай байх ёстой. Тухайн орчинд дасан зохицох чадвар, урласан бүтээлийг амилуулж хүмүүст хүргэх нь загвар өмсөгчдийн авьяас, мэдрэмжээс их шалтгаалдаг.

    -Бүтээлтэйгээ уялдуулж зураг авах газруудыг би байнга судалдаг уу?

     -Тийм ээ. Монголынхоо байгалийн үзэсгэлэнт газар бүрт зураг авалтаа хийх юмсан гэж боддог. Надад бодож төлөвлөсөн зүйл, хүсэж мөрөөдсөн, бас зорьсон, зорилгоо болгосон зүйл олон бий. Би баруун, зүүн аймгуудыг нутгаар явж үзлээ.

    Ирэх зун говийн нутгаар явах бодол төрөөд байгаа. Би хүүхэд байхдаа зуныхаа амралтаар байгалийн үзэгдэл, хувирлыг харж ажигладаг байсан маань хожиж энэ мэргэжлийг сонгох хүсэл төрүүлсэн гэж боддог.

    - "Тютю" кинонд тоглосон жүжигчдийн хувцсыг урласан гэл үү?

    -Миний хувьд өнгөрсөн зуныг өрнүүн ажилтай үдсэн. Жүжигчин  Г.Ундармаа эгчтэй хамтарч "Тютю" кинонд тоглосон жүжигчид, гол дүрүүдийнх нь хувцасны загвар дээр ажилласан. 1980-аад оны үеийн залуусын хайр дурлал, амьдралыг харуулсан кино байсан тул тэр үе рүү хүмүүсийн сэтгэлгээг аваачихын тулд хувцас загварыг нь судлах шаардлагатай болсон.

    1980-аад оны залуусын загварыг барьж авахад надад илүү ойр байсан. Тиймээс 1980-аад оны Орос, Монгол, Япон кинонуудыг үзэж, хувцас загварын тухайд ямар байсныг нь  харьцуулсан. Тэр үеийн кинонуудаас харж байхад залуус хувцаслах тал дээр дэгжин, мэдрэмжтэй ханддаг байсан нь анзаарагдсан.

    Тэр үед хувцас загвар ойр ойрхон шинэчлэгддэг байсан нь тэр үеийн залуусын хувцаслалтаас тодорхой харагддаг.Энэ л үед дэлхийн алдартай одууд дэгжин хувцаслалтаараа тайзнаа ялгарч гарч ирж байсан  үе шүү дээ.Тухайлбал, Майкл Жексон, Мадонна. Миний хувьд 1980-аад оны үе рүү эргээд оччихсон мэт санагдсан шүү.  

    -Одоогоор урлагийнхнаас ямар санал хүлээж авсан бэ?

    -Одоогоор XIII зууны нүүдэлчдийн амьдралыг харуулсан түүхэн кино хийх уран бүтээлчидтэй хамтран ажиллаж буй. Тэр үеийн түүх соёл, нийгмийн байдлыг, хүмүүсийн сэтгэлгээ, амьдралын зан үйлийг мэдэхийн тулд кино зохиолыг олон дахин уншиж, судалгаа хийж байгаа. Тухайн үед өмсөж байсан хувцасны загвар, хийц, хэрэглэж байсан эд зүйлс, өв дурсгалын зүйлийг зайлшгүй мэдэх шаардлага алхам тутамд гарч байгаа тул судалгааныхаа ажилд нэлээн цаг хугацаа зориулах байх. Тэр тусмаа 800-гаад жилийн хувцасны түүхийг сөхөж, олонд харуулна гэдэг амаргүй. Тиймээс тэр үе рүү очихын тулд сэтгэлдээ төсөөлж, нүдэнд зураглан харах үе ч цөөнгүй гарч байна. Товчхон хэлбэл сайн бүтээл урлахын тулд хувцасны загвар дээр ухаанаа чамгүй зарах болох нь.

                                                                                                                                   Г.Батцэцэг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй