ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Д.Даваадорж: Хоолоо жирийн үеийнхээс хэтрүүлэн идэхээр хүний хууч өвчин сэдэрдэг

    Бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай шимт бодис агуулсан хоол хүнсийг нас, хүйс, байгаль, цаг уур, ахуйн нөхцөл, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн байдалдаа зөв тохируулан хэрэглэхийг зохистой хооллолт гэнэ.Хүн өөрийн ажил мэргэжил, хөдөлгөөний идэвх, нас, хүйс, эрүүл мэндийн байдалдаа тохируулан хоол, хүнсээр хоногт авах нийт илчлэгийн хэрэгцээгээ тооцон хянах шаардлагатай. Өөрийн хэрэгцээнээс илүү их хэмжээтэй илчлэг бүхий хоол, хүнс хэрэглэх нь илүүдэл жин, таргалалтад хүргэх бөгөөд улмаар чихрийн шижин, зүрх судасны өвчин, хавдраар өвчлөх эрсдэлтэй. Хоногт хоол хүнсээр авах нийт илчлэгийг зургаан хэсэгт хуваавал, түүний нэг дэхь хэсэг нь уураг, хоёр дах хэсэг нь өөх тос, гурав дах хэсгийг нүүрс уснаас авч байвал таны хоногт хэрэглэх хоол, хүнс зохистой харьцаатай байна гэж үзэж болно. Иймд төрөл бүрийн хоол, хүнсийг хооронд нь зөв зохицуулан, хослуулж хэрэглэх шаардлагатай юм. Ингээд АУ-ын доктор, АШУҮИС-ийн элэг, хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн багш, клиникийн профессор, АШУҮИС-д Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал   Д.Даваадоржтой зөв, зохистой хооллолтын тухай ярилцлаа.

    Д.Даваадорж: Даршилсан,хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс хүмүүс их өвчилж байна

    -Та хаана боловсрол эзэмшиж, ямар сургууль дүүргэсэн бэ?
    -Би 1985 онд арван жилийн VI дунд сургууль, 1992 онд АУИС-ийг төгсөж, хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн. 1992-1994 онд АУИС-д төгсөлтийн дараах сургалтанд суралцаж, АУ-ны магистр, хоол боловсруулах эрхтэн судлалын эмч буюу Гастроэнтерологи Гепатологи эмчийн мэргэжил эзэмшсэн. 1999-2005 оны хооронд Польш улсын Лодзь хотын АУ-ны сургуульд суралцаж, АУ-ны докторын зэрэг хамгаалж, элэгний эмгэгийн эмч болсон.

    -Хоёулаа зөв хооллолт гэж яг юуг хэлдэг юм бэ, зохистой хооллохын ач холбогдлын талаар эхлээд ярилцъя?
    -Миний ажиллаж байгаа тэнхим хоол боловсруулах эрхтэн системийн эмгэг судалдаг юм. Сүүлийн үеийн анагаах ухааны чиг хандлага хооллолт буюу тэжээл эмчилгээний талаар судлах болсон. Хүн өөрт хэрэгцээтэй бодисыг гаднаас хоол боловсруулах замаар дамжуулж авдаг. Гаднаас авч байгаа тэжээл нь химийн цөөн бодис байдаг. Үүнд: Уураг, нүүрс ус, өөх тос, минералууд, витаминууд байдаг. Үүний хэмжээ болон харьцаа алдагдахад зохисгүй хооллолт үүсдэг. Дээр дурьдсан зургаан төрлийн бодисын хэмжээ хоорондоо 4:1:1 гэх мэт харьцаатай. Энэ хэмжээ харьцаагаар хүн хоол тэжээлийг авч байх ёстой юм. Дээрх харьцаанууд алдагдаад ирэхээр эдгээр бодис нь тодорхой хэмжээгээр хуримтлагдаж, организмд нөөцлөгдөхөөр эрхтэнд эмгэг үүсдэг юм.

    -Сүүлийн үед зохисгүй хооллолтын улмаас дотор эрхтний өвчлөл газар авч байгаа тухай ярих боллоо?
    -Манай өвөг дээдэст хоол боловсруулах эрхтний эмгэг бага байсны учир нь зуны улиралд хөнгөн хооллож, өвлийн улиралд илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэж, өөрсдийнхөө эрхтний ачааллыг зөв тохируулж байсанд байгаа юм.

    Гэтэл сүүлийн үед нүүдэлчний хооллох дэглэм алдагдаж, суурин соёл иргэншлийн хооллох дэглэмийг хольсноос хоол боловсруулах эрхтний өвчлөл ихсэж байгаа.

    -Элэгний хорт хавдар ихэссэн нь үүнтэй холбоотой  биз?

    -Манайд В, С вирусын болон бусад танигдахгүй вирусын халдвар өндөр байгаа. В, С вирусыг одоогоор оношлож байгаа ч бусад вирусын хувьд оношлогооны түвшин хүрэхгүй байгаа. Үүнтэй холбогдуулж ярихад архи болоод архины төрлийн хортой бүтээгдэхүүн их хэрэглэснээс элэгний үрэвсэл, хатуурал, хавдар  буурахгүй өссөөр л байгаа. Элэгний хорт хавдар 15-20 жилийн дараа илэрдэг. Манай орны хувьд 1960-80-аад онд халдварт шар өвчин дэгдэж байсны үр дагавар одоо ч үргэлжилсээр байна. 1990 оноос хойш хүнсний аюулгүй байдал алдагдаж эхэлснээр улам ихэссэн. Дэлхийн стандартын жишиг үзүүлэлтээр наймаас дээш хувьтай бол өндөрт ордог. Гэтэл Монгол улс цөөн хүн амтай хэрнээ гурав дахин илүү тархалттай байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байна.

    -Хүн бүр л цөсний чулуутай, цөсөө авахууллаа гэж ярих болсон байна?
    -Цөсний чулуу хөдөлгөөний хомсдолтой холбоотой үүсдэг өвчин. Өмнө нь хүмүүс хөдөлгөөнтэй амьдарч байсан. Хөдөлгөөнтэй амьдарна гэдгийг нааш цааш гүйгээд байна гэж ойлгож болохгүй. Хамгийн гол нь зөв хооллож, биеийн хүчний ажил хөдөлмөр эрхэлж байсан учраас цөсний эмгэг бага байсан. Орчин үед хүмүүс ажил мэргэжлийнхээ онцлогоос шалтгаалаад ихэвчлэн суугаа байдалд хөдөлмөр эрхэлж буйгаас цөсний чулуу үүсэж байна.

         Хүнсний бүтээгдэхүүнийг  шинэ үед нь хэрэглэ

    -Монголд баталгаагүй хүнс гаднаас ихээр орж ирж байна. Хүмүүс хүнсний ямар бүтээгдэхүүнээс голдуу өвчлөөд байна вэ?
    -Сүүлийн үед утсан, даршилсан, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс хүмүүс харьцангуй их өвчилж байгаа. Даршилсан бүтээгдэхүүнийг удаан хадгалахын тулд янз бурийн химийн бодис, будагч бодисууд нэмэгдэж орсон байдаг. Энэ нь яваандаа өвчин үүсгэх шалтгаан болдог.

    Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүнийг аль болох шинэ байгаа үед нь хэрэглэж сурах хэрэгтэй. Химийн бодисын нөлөөгөөр дотор эрхтнүүдийн хортой, хоргүй өвчлөлүүд үүсдэг.

    Би нэг жишээ тайлбарлаж ярья. Үе мөч өвддөг хүн байлаа гэхэд үе мөчний өвчин намдаах эм байнга уухад ходоод өвдөх, ходоод шархлах зэрэг өөрчлөлт ордог. Үүнээс гадна химийн хортой бодис үйлдвэрлэдэг үйлдвэрт ажилладаг ажилтнууд хорт уур амьсгалснаас болж уушгины эмгэг, элэгний хорт эмгэгээр өвчилдөг.

    -Хоолноос болж хүмүүс таргалах тохиолдол их байдаг. Таргалах нь олон өвчин үүсэх үндсэн шалтгаан болдог байх л даа?
    -Хүн өөрийнхөө биед тохирсон жинтэй байх ёстой юм. Биеийн жин хэвийн байна гэдэг нуруу, өвдөг шагайнд авах ачаалал бага байдаг. Хэрэв биеийн жин хэвийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд үенүүдэд, нуруунд, зүрхэнд өгөх ачаалал нэмэгддэг. Ачаалал ихэссэн тохиолдолд хэвийн хэмжээнээсээ хоёр дахин илүү хүчээр ажиллаж байгаа эрхтэн аажимдаа ачааллаа дийлэхээ больж эмгэг үүсгэх гол шалгаан болж эхэлдэг.

    Зохисгүй хооллосноос хөдөлгеөний дутагдалд орж таргалалт үүсдэг

    -Хоолоор эрүүлжүүлэх засал эмчилгээ гэж байх уу?
    -Хоолоор эрүүлжүүлэх засал эмчилгээ гэж бий. Сүүлийн үед хүмүүсийн хоолны хэрэглэх хэмжээ их хугацаа ойртсоноос хөдөлгеөний хомсдолж орж таргалалт үүсэж байна. Тэгэхээр ердийн байдлаар хэрэглэж байгаа хоолныхоо хэмжээг багасгавал давхар ачаалал өгөхгүй. Хоолны хэмжээ бага байвал ходоод гэдэс хэвийн хэмжээнд хүлээж авч, зарцуулалт багасдаг. Зарцуулалт багасаад ирэхээр өөрийн биед хуримтлагдсан илүүдэл жингээс зарцуулалт явагдаж аажимдаа биеийн жин багасдаг.

     

    -Танаар эмчлүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь дотор эрхтний ямар өвчтэй байдаг вэ?
    -Улаан хоолой сөргөөт өвчин, ходоодны шарх, цөсний хүүдийн үрэвсэл, нойр булчирхайн үрэвсэл, вирусын гаралтай элэгний эмгэг давамгай тохиолдож байна.

    Хүний биед уураг, махан бүтээгдэхүүн удаан шингэж боловсордог

    -Олон жил өөх тостой, махан хоол идсэн хүмүүс насны эцэст ямар өвчтэй болдог вэ?
    -Өөх тостой хоол олон жил идсэн хүн нэгдүгээрт судас хатуурах өвчинд, хоёрдугаарт цөсний үрэвсэлт өвчин, гуравдугаарт элэгний өөхжилт өвчинд өртөнө. Ямар ч вирусгүй, элгэнд нөлөөлөх ямар ч хорт бодис хэрэглээгүй байсан ч өөх тостой хоол олон жил идсэнээс элгэнд өөхжилт үүсдэг.

     

    -Сар шинийн дараа хүмүүсийн дотор эрхтний өвчин сэдрэх, хууч нь хөдлөх шинж ажиглагддаг. Энэ нь бууз, мах, сүү гээд хүнд хоол идсэний нөлөө юү?
    -Хүн өдөрт 3000-3600 ккал-тай хоол тэжээл хэрэглэх ёстой. Гэтэл ачааллаа жирийн үеийнхээсээ таваас зургаан дахин илүү хэтрүүлж идэхээр дотор эрхтнүүд тэр хэмжээгээр боловсруулахын тулд хүчтэй ажилласнаас тухайн хүний өвчин хууч эргээд сэдэрдэг. Ийм үед бүх дотор эрхтний ачаалал нэмэгдсэн байдаг.

    -Хүн эрүүл явахын тулд хоол хүнсэндээ ямар бүтээгдэхүүн түлхүү хэрэглэж, ямар бүтээгдэхүүнээс татгалзах ёстой вэ?
    -Зөв хооллох нүүрс ус, уураг, өөх тосны 4:1:1 гэсэн зохистой харьцаанууд байдаг. Үүнийг л баримтлах ёстой. Хэрвээ энэ харьцаа хэмжээг баримтлахгүй бол өвчин болно. Тухайлбал: Мах, уураг-1, гурилан бүтээгдэхүүн, нүүрс ус-3 гэсэн харьцаатай байх ёстой юм. Нүүрс ус хүний биед хурдан шимэгддэг бол уураг, махан бүтээгдэхүүн удаан шингэж боловсордог

    Өдөрт 800 мл архи тогтмол хэрэглэдэг хүн 8 жилийн дараа нойр булчирхайн архаг үрэвсэлтэй болдог

    -Архийг ямар хэмжээтэй уух ёстой юм бэ. Монголчууд баяр ёслолын үед архийг илүү хэрэглэдэг нь ажиглагддаг шүү дээ?
    -Архи гэдэг зүйлийг дэлхий нийтээрээ бодож олсноос хойш эрүүл мэндэд яаж нөлөөлөх, ямар хэмжээтэй хэрэглэх талаар маш олон судалгаа хийгдсэн. Судалгаа хийсний үр дүнд архи хэрэглэх стандарт хэмжээг тогтоосон. Нэг удаа хэрэглэх хэмжээ нь 30 гр архи агуулсан ундаа гэж үздэг. Энэ нь 100 гр вино, 330 мл шар айраг, 30 мл хатуу архи гэж тооцож үздэг. Ийм хэмжээтэй хэрэглэж байхад хэвийн хэмжээнд байна. Харин үүнээс хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд өвчин үүсгэх бололцоотой. Хэрэв 800 мл архи тогтмол хэрэглэдэг хүн найман жилийн дараа нойр булчирхайн архаг үрэвсэлтэй болдог.

    - Архи ууж эхэлсэн тохиолдолд ямар эрхтэн хамгийн түрүүнд хорддог вэ?
    -Хамгийн түрүүнд улаан хоолой улмаар ходоод, элэг, цөс, нойр булчирхай өвчилнө. Тухайлбал нойр булчирхай нь өөрөөсөө хоол боловсруулах, уураг, нүүрс ус, өөх тос задлах гол шүүс ялгаруулдаг эрхтэн. Дотоод шүүрлийн эрхтэн учир сахарын хэмжээг хэвийн хэмжээнд барьж байх үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Дотоод шүүрлийн үйл ажиллагаа алдагдахаар бие организм дахь хэвийн үйл ажиллагаа алдагдаж  эмгэг үүсдэг.

    -Улаан хоолой яаснаас өвчилдөг юм бэ. Монголчууд улаан хоолойн өвчнийг "нарийн өвчин" гээд яриад байдаг тал бий...
    -Хоол орохгүй болохыг монголчууд "нарийнтах" өвчин гэж ярьдаг. Нарийнтана гэдэг нь улаан хоолойн хавдар өвчин юм. Мөн үйл ажиллагааны хямралтай холбоотой улаан хоолойн агшилт үүсдэг. Орчин үед улаан хоолойтой холбоотой маш олон өвчин бий болсон. Улаан хоолойн хавдрын хамгийн гол шалтгаан нь тамхи байдаг. Эрэгтэйчүүдэд уг өвчин эмэгтэйчүүдийг бодвол тав дахин тохиолддог. Улаан хоолойн хавдар үүсгэдэг шалтгаан нь сөргөөт өвчин юм. Сөргөөт өвчин нь мэдрэл сэтгэцийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотой үүсдэг. Дурангийн шинжилгээгээр оношлогдож байгаа сөргөөт өвчтэй хүмүүсийн ихэнх нь 20-40 насны залуучууд илүү байна. Сүүлийн үед нийгмийн бухимдлаас үүдэж хүмуүсийн сэтгэл санаа тайван бус болсноос сөргөөт өвчин газар авч, залуужиж байгаа.

                                                                                                                           Г.Батцэцэг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй