Хорвоод эрдэнэт хүний биеийг олж мэндэлдэг нь буянаар олж төрдөг гайхамшигтай төрөл ажээ. Ертөнцөд орших юм бүхэн учиртай. Хүний амьдрал, хувь заяа, тавилан төөрөг тайлагдашгүй оньсого мэт боловч үүнийг төрсөн өдөр, он сар, од гариг, эрхэс, дуудах нэрээс нь шинжлэн судалж, толь мэт тодорхой тайлан уншдаг байна. Монголчуудын эртнээс уламжилж ирсэн сар шинийн баяр хаяанд ирлээ. Морилон ирж буй XVII жарны “Галзууруулагч” модон хонь жилд эрхэм уншигч авхай та бүхэн юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн биелж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан сайхан шинэлээрэй. Энэ удаа Бурханч лам Г.Пүрэвбатын cонирхолтой цуврал ярилцлагын эхний хэсгийг хүргэе.
-Сүүлийн үед хүмүүс үр хүүхдээ өөдрөг явахыг бэлгэдэж эрдэмтэй ламаас асууж нэр хайрладаг болжээ?
-Монгол төдийгүй дэлхийн улс гүрний ард түмэнд үр хүүхдүүддээ нэр өгөх эртний уламжлалт ёс бий. Азиас Хятад, Солонгос оронд нэрийн тухай онолын томоохон ном байдаг. Хүний нэрийг тоон ухагдахуунд шилжүүлэн шинжиж байж нэр хайрладаг. Нэр өгсний дараа төрсөн он, сар, өдрөөр нь хөөж амьдарч буй цаг хугацааны бүхий л үйл явдал, зурлагыг нь гаргадаг. Нэргүй ямарваа зүйл байдаггүй. Тэр дундаа хүний нэр жирийн нэг байгалийн юмс үзэгдлээс онцгой чухал. Хүн амьдарч байх хугацаандаа нэртэй холбогдсон олон зан үйлийг бий болгосон. “Нэр хугарахаар яс хугар. Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө” хэмээх үг гарсан хүн өөрийн нэршсэн нэрээрээ байх ёстой хэмээх ухагдахууныг эрхэмлэсэн хэрэг. Сүүлийн үед Монголчууд хүүхдэдээ хайрлах нэрийг нэлээн бодож байж өгдөг болжээ. Эрдэмтэй сайн хүнээс нэрийн утга учрыг лавлан мэдэж, хүүхдэдээ хайрлах нь зөв юм. Монгол хүний нэрийн лавлах толь үзэж байхад төвд, санскрит нэр голчилсон байдаг. Монгол хэмээх улс өөрийн соёл иргэншил, хэлтэй байж монгол ёс язгууртайгаа хэвшин дадна. Тиймээс гаднын нэр бус монгол нэр хайрлах нь чухал юм.
-Зарим гэр бүлд үр хүүхэд олдоггүй, эсвэл тогтдоггүй тал бий. Үүнд ямар нэг шалтгаан байдаг уу?
-Монголчуудад үр хүүхэд тогтдоггүй, тогтсон ч үр хүүхэд нь эмзэг тал байдаг. Үүнтэй холбоотой гадаад болон дотоод, бүр нууц шалтгаан бий. Үрийн заяа тогтдоггүй хүмүүст хамааруулж, “Хөвүүн асрагч охин тэнгэр” манайхан Бүзү Лхаму хэмээн нэрлэдэг Ногоон дарь эх бурхны өмнөөс үрийн заяа дууддаг. Дуудах дуудахдаа удам залгах сайн заяат үр дууддаг. Үр удам, хишгийн даллага гээд олон янзын зан үйлийн тогтсон арга бий. Эр эм хоёрын үйлийн үр, бие эрхтэнтэй холбоотой нарийн зан үйл гарсан байдаг. Ганц нэг шалтгаанаас үүдэж үр хүүхэд тогтохоо больсон гэж ойлгож болохгүй. Хүн болгон өөр өөрийн гэсэн хувь заяа, тавилан төөрөгтэй шүү дээ.
-Монголчуудад үр хүүхдээ багад нь өндгөн сүй тавьдаг ёс байсан. Харин уламжлал өдгөө мартагдсан байна?
-Энэ нь журмыг мэддэг ухаант хүмүүний нандин ёс юм. Амьдралыг цогцлоох ул суурьтай эртнээс хэвшүүлэн тогтоож өгсөн дээдсийн ёс. Угаас эр эм хоёр бүхэл бүтэн үйл хураасан амьтан. Зохицон нийлнэ гэдэг тун ярвигтай хэрнээ түмэн гайхамшиг гарах гүн увдистай. Эцэг, эх нь удам харж, язгуур үзэн, бэрийн зурхай, төөргийг харж шинжинэ. Гэр бүл болж нийлэхэд нь зөвхөн тухайн хоёр хүнийг хувьчлан хардаггүй. Хоёр талын аав, ээжийн жилээс авахуулаад бүх таарамжийг нь хардаг. Тэр таарамжаас хосын хувь заяа сайн, муу явах шалтгаална. “Удам муутын заяа муу. Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэдэг үг байдаг. Хувь хүний гадаад шинж, бие царай зүсийг харж “Энэ хоёрын хувь заяа нийлбэл ийм байх юм” гэж заяа төөргийг нь үзсэний дараа эцэг, эх хоёр удам залгах үр хүүхдийнхээ хувь заяаг бодож, өндгөн сүй тавьж, багаас нь бие биед нь ээнэгшүүлэн дасгадаг. Амьдралд бие даахаас өмнө нэг нэгнийхээ зан ааш сайн, мууг эрт мэдүүлвэл хэр баргийн зүйлд гомдож тунихаа больдог. Эр, эм хоёрыг бие гүйцсэний дараа гэрлүүлдэг. Энэ нь нэг хүний амьдралтай холбоотой бус тэдний үйл барилдсан сэтгэлийг ариунаар тэтгэж байх удам угсааны залгамжтай холбоотой асуудал юм.
-Хуримын зан үйлд бэр авах цагийг тусгайлан заасан байдаг нь ямар учиртай юм бэ?
-Эртний сударт бэрийн үйл болон хуримын өдрийг сонгож болохгүй өдөр гэж бий. Сонгож болохгүй сар, одтой өдрүүдэд хурим товловол зурхайг үзэж буй хүн муу байдаг. Үл итгэвээс хожмын цагт их гэмшил болно. Бэр буулгах цаг, охин мордуулах өнгө гэж бий. Тухайлбал, Хулгана жилтэй охиныг хар морь унуулж,хар дээл өмсгөж, луу цагт мордуул гэж заасан байдаг. Хаврын гурван сарын туулай өдөр хурим найр, бэрийн ямар нэгэн үйлийг огт хийж болохгүй. Тэнгэрийн бэлэвсрэл, адгийн бэлэвсрэл, эр эмийн бэлэвсрэлийн өдөр бэр буулгах, ураг төрөл барилдах, хурим найр хийх үйлийг ихэд цээрлэдэг. Бэр буулгах сайн, муу өдөр, охин өгөх далд сар, хүү, бэр авах харш жил гэж бий. Бэр хүргэх хүний жил ямар байх, бэрийн унах морины өнгө зүс, бэрийн явах цаг, зүг, өмсөх хувцасны өнгө, гэрт оруулах, угтах, тулга тулах, гал асаах, үс угаах хүний жил, бэр мөргөх цагийг нарийн үздэг. Могой өдөр бэрийн үйлд муу, луу өдөр бэр богтлох, охин гуйхад сайн өдөр. Хурим хийх сар, өдрийн сайн мууг хүртэл зурхайн ухаанд гаргачихсан байдаг. Бар сарын улаан, цагаан бар өдөр, улаагчин, шарагчин, цагаагчин туулай, улаан, шар хулгана өдөр сайн. Хурим хийж болохгүй сарын ням гаригт бэр авбал дахин солино, гал голомтоо хаях тул муу, тахиа өдөр хуримлавал хоорондоо тэмцэлдэх тул хоригло хэмээн заасан байдаг. Тиймээс Дашням, Балжиннямтай өдөр гээд таамгаар хийж болохгүй.
-Сүүлийн үед гэр бүл салалт ихэссэн. Ивээл жилтэй хэрнээ таарч тохирдоггүй хүн олон байдаг. Энэ нь ханийн заяа төөргөөс шалтгаалдаг уу?
-Гэр бүл салж байгааг ажиглахад нэг талаар нийгмийн өөрчлөлт нөлөөлж байна. Манайхан ханиа сонгох, гэр бүл болох уламжлалт нарийн ёс жаягийг өнөө цагт хаясан. Сүүлийн 70-80 жилд Монголын үнэт өв соёл, эрдэмтэн мэргэдийн сургаал, номын эх хэлээ гээж, бидний яриа цөөн үгэнд эргэлдсэнээс үүдэж хохирол их амссан. Тэр дундаа үр хүүхдийнхээ гэр бүлийн асуудалд эцэг эх нь хайнга хандаж “Санаа нийлж байвал боллоо” гэдэг үүднээс үг ч хэлж чадахгүй гэрлүүлж байна. Иймэрхүү адармаатай зүйлээс болж салж байгаа нь худлаа бус. Үүнийг засахын тулд цэцэрлэг, бага, дунд, ахлах сургуулиас нь уламжлалт ёс заншлаа өвлүүлэх бодлогыг төрөөс соёлын бодлого болгож нийгэм даяар хэрэгжүүлж байж, нэгэн бүхэл бүтэн сайхан үеийг төрүүлж хойч үеэ аварна. Ингэхгүйгээр улс орныг эмзэглүүлсэн гэр бүлийн асуудал амархан засарна гэж байхгүй.
-Эмэгтэй хүнд бэр болдог, болдоггүй нас гэж байдаг гэж та ярилаа. Ямар учиртай юм бэ?
-Бэр болоход үл зохих нас гэж байдаг. Тухайлбал, хулгана жилтэй эмэгтэй 17, 18, 26, 27, үхэр жилтэй эмэгтэй 14, 16, 18, бар жилтэй эмэгтэй 17, 22, 26, 30 насандаа айлд бэр болж очих хэрэггүй. Эдгээр заасан насанд гэрлэвэл аж амьдрал, ажил үйлс, ирээдүй хойчид нь сайнгүй төдийгүй элдэв саад бэрхшээл, гай тотгор, ихтэй хэмээн өгүүлсэн байдаг. Хэрвээ гэрлэхээр болбол сайнд нь урвуулж болдог арга заслыг хийлгэх хэрэгтэй. Үүнээс гадна туулай сарын Ровагинь Анурад, Ударасад, Ударабадра бад одтой өдөр хурим хийвэл үгүйрч хоосорно. Хэрвээ энэ өдөр хуримын өдрийг товлож үзвэл үзсэн хүнд нь гамшиг нүүрлэх тул цээрлэ хэмээсэн байдаг.
-Монголчууд бэр болох бүсгүйг хэрхэн шинждэг байсан бэ?
-Эмэгтэй хүний язгуураар нь лянхуа, лавай, зүрэн, заан, тэнгэр, дагина, мангас, ягчис, язгуурын хэмээн ангилдаг. Бүсгүй хүний зүүн хацрын дор улаан мэнгэний өнгө тогтвол залуугийн цагт зовлон амсах боловч 30 насандаа амгалангийн цогийг олох болно. Улаан уруултай бол баяны, ягаан уруултай бол сэхээтний, том уруултай бол шүтлэгтэйн, урт уруултай бол найр цэнгэлд дуртай, муруй уруултай бол амьдрал нь аз жаргалгүйтэх, сэрэлзсэн улаан уруултай бол сайхны, уруул дундууруу зураастай бол амны хишигтэй гэх зэргээр нарийн шинжинэ.
-Хүний хувь тавилан, заяа төөрөг гэж юу юм бэ. Бид юу хүсэж мөрөөдөх нь хамаагүй. Бүх зүйл цаанаасаа заяа төөргөөр зурагдчихсан байдаг гээд хүмүүс ярих юм?
-“Санаа сайн бол заяа зөв.Сайхан төрөх заяаных, сайн явах санааных” хэмээх ардын зүйр үг байдаг. Энэ үгэнд олон утга санаа бий. Хүн тэргүүлшгүйгээс орчлонд хязгааргүй олон удаа төрөл авсан байдаг. Эрдэнэт хүмүүний биеийг авсан хэдий ч зовлонгоос салж чадаагүй. Бүгд өтөлдөг, өвддөг, орчлонгийн найман зовлонг хүссэн хүсээгүй туулдаг. Хүний гадаад биеийн хэлбэр, дуу авиа гээд бүх зүйл урьд төрлийн толь юм. Төрсөн өдрийн төөргөөс хамаараад идэх хоол, наслах нас хэмжээтэй. “Заяа минь ийм хойно яах билээ дээ” гэж амьдралын хатууд буулт хийх нь ухаант хүний ёс биш. Хэрвээ буулт хийсээр байвал амьдралын шалгуураар өөрийгөө төрөл доошлуулж, муу заяанд унагах болно. Бид тэртэй тэргүй зовлонтой газар төрсөн болохоор тэмцэлтэй амьдрах хэрэгтэй. Харин тэмцэл нь ухаалаг, зөв байх ёстой. Зовлонгийн шалтгааныг ойлгох нь чухал. Хорвоод биднийг барьж буй гай бол муу сэтгэлийн гэм юм. Үүнийг сайнд нь урвуулж чадвал хүн өөрийн сэтгэлийг хөгжүүлж сайханд хүрч болно. Тэр бүү хэл бурхан болж, өндөр төрөлд төрж болох арга замыг бурхны номд заасан байгаа. Өөрийн төрсөн заяаг сайн, муу болгох нь бидний гарт байдаг. Хувь заяагаа хүн сайн зүгт эргүүлэх хэрэгтэй. Зовлонг хүсэхгүй жаргахын тухайтад тэмүүлдэг нь хүн төрөлхтний зорилго юм. Хүн жаргах гэж есөн шидийн зүйл хийдэг. Сайн, муу үйлийг ялгахгүй учраас хийсэн үйл нь эцэст нь зовлонгийн үрийг тарих тохиолдол цөөнгүй. Аливаа нэгэн муу сэтгэлийн үрд зовлон, сайн үйлийн үрд жаргал гэдэг зарчмыг ойлгож, өөрийн зовлон гаргаж буй 84000 муу сэтгэлийг сайн увдист урвуулах бурхны заасан 84000 номын цогцыг ашиглаж, өөрийн амьдралыг сайханд хувиргах хэрэгтэй.
Г.Батцэцэг
Үргэлжлэл бий.Дараагийн дугаарт хайр сэтгэл, үр хүүхэд болж төрөх, гэр бүл, хүмүүний амьдралын тухай өгүүлсэн сонирхолтой яриаг толилуулна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт