И.Урангоо:Үндэсний хэв маяг шингэсэн, байгалийн өнгө зонхилсон загвар ирэх жилийн трэнд болно
-Өөрийг тань Италид болсон загварын шоуд түрүүлж, шагнал хүртсэн баярт мэдээ чих дэлссэн. Монголынхоо нэрийг дэлхийд гаргана гэдэг сайхан хэрэг шүү?
-Загварын бүх шоуг хамарсан томоохон наадам Италийн таван хотод долоо хоногийн турш үргэлжилдэг. Тэнд загварын ертөнцөд хүч сорьж яваа дизайнер, загвар өмсөгч, гоо сайханчид цуглаж, тус тусдаа баг болж өрсөлддөг. Би “Make Up” студийн нүүр будагч Отгонцэцэг, “Matrix” салоны үсчин Гэрэлээтэй хамтарч түрүүлсэн. Монгол, Итали, Казахстан, Узбекстан зэрэг долоон орны 30 гаруй уран бүтээлч оролцсоноос Итали хоёр, ОХУ-ын баг гуравдугаар байрт шалгарлаа. Би Монгол хэв маяг шингээсэн 2015 оны хавар, намрын өдөр тутмын загвараа танилцуулсан юм. Бидэнд бахархах түүх, өвөрмөц ёс заншил, давтагдашгүй өв соёл өвлүүлж үлдээсэн өвөг дээдсээрээ их бахархлаа.
-Өдөр тутмын хувцасны загвар зохиодог олон дизайнер бий. Тэднээс загвар чинь юугаараа ялгардаг вэ?
-Нэг зүйл дээр тууштай, олон жил дагнаж ажилладаг байдал маань бусдаас ялгардаг болов уу. Би зургаан жил өдөр тутмын хувцасны загвар дээр ажиллаж байна. Материалдаа хөвөн даавуу сонгож, загвартаа үндэснийхээ хэв шинжийг тусгахыг эрхэмлэдэг. Бидэнд өвөг дээдсийн минь өвлүүлсэн түүх өнөө цагт хамгийн хэрэгтэй чухал зүйл боллоо. Монголчууд хувцаслах соёлыг гайхалтай эзэмшсэн ард түмэн. Хаана ч давтагдахгүй хийц, загвар монголчуудын эсгүүр, оёдолд байдаг. Ёс заншил, нүүдлийн аж ахуй, цаг улирлын байдалд зохицуулж торго, даавуугаар хувцас урладаг байсан нь одоо ч олон орны сонирхлыг татдаг.
-Хүмүүс загварыг чинь хэр их сонирхож байх юм?
-Миний загвар гарсан даруйдаа зарагддаг. Би тухайн хүн бүрт зориулж сонирхолтой бас давтагдахгүй байхаар урладаг. Дизайнер хүнд орчин нь мэдрэмжтэй, өвөрмөц байхыг үргэлж сануулдаг юм. Тиймдээ ч бизнесийн ертөнцтэй салшгүй холбоотой ажилладаг.
-“Шилмэл загвар” компанийн босгоор авьяастай, чадалтай дизайнерүүд л алхдаг гэж сонссон юм байна?
-2009 онд “Сити” дээд сургуулиа алтан медальтай дүүргэж, “Шилмэл загвар” ХХК-д дизайнераар орсон. Ажиллах хугацаандаа БНСУ-д мэргэжлээрээ суралцаж, 2010 онд “Vancouver fashion”-д оролцож үзэгчдийн таашаалд нийцсэн номинаци, 2011, 2012 онд монголынхоо “Гоёл” наадмаас “Шилдэг дизайнер”, мөн ОХУ-д зохиогдсон үндэсний хувцасны фестиваль наадамд тусгай байрын шагнал хүртээд их урамшиж билээ.
-БНСУ-д суралцаж байхдаа загварынхаа чиг хандлагад юу хэрэг болохыг мэдэрсэн бэ?
-Хувцас хүний дотоод ертөнцийг илэрхийлж чаддаг бол изайнер хүн өөрийнхөө үзэл бодол, дотоод ертөнцөд амьдардаг. Тэр ч хэрээрээ хэрэг болох зүйлээ өдөр тутмын амьдралаас олж хардаг. Солонгосчуудын амьдралын хэв маяг надад олон зүйл сурахад нөлөөлсөн. Тэнд хэн сайн хөдөлмөрлөнө түүнийхээ хэрээр амжилттай явдаг. Ард түмнийх нь хөдөлмөрч занг хараад хаана ч очсон налгар, тайван амьдарч болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Хүн чаддаг зүйлээ сайн хийдэг байх хэрэгтэй. Түүндээ цаг хугацаа харамгүй зарцуулж, ажиллах ёстой гэсэн зарчим тэнд үйлчилдгийг мэдэрсэн. Солонгосчууд энэ зарчмыг баримталж, 20 жилийн дотор улсаа хөгжүүлж чадсан гэдэг. Тэднийг гар хумхиад зүгээр сууж байхыг ер хараагүй. Тэгж завгүй ажиллахыг хараад бид яагаад ингэж хөдөлмөрлөж чадахгүй гэх хор шар өөрийн эрхгүй төрдөг. Тэнд байхад надад үүнээс ч өөр газар очиж үзэх ёстой юм байна гэдэг бодол төрсөн шүү.
-Бодол чинь тэгээд таныг хааш нь хөтлөв?
-Итали руу. Тэнд болсон загварын шоунд тэргүүн байрын шагнал хүртэж, мэргэжлээрээ Италийн их дээд сургуульд суралцах эрхтэй боллоо. Мөн Миланд болох загварын шоунд оролцох урилга авсан. Тиймээс хэлний бэлтгэлд сууж, ирэх жилээс магистрт сурахаар төлөвлөсөн.
-Дэлхийн алдартай дизайнеруудад бүтээл чинь “тоогдсон” байна лээ. Тэдний хэрхэн үнэлснийг дуулаад өөрөөр тань бахархаж л байлаа?
-Дэлхийн алдартай дизайнерүүд жил жилийн загварын чиг хандлагыг баримталдаг. 2015 оны загварын чиг хандлагад үндэсний өвөрмөц хэв шинж агуулсан, байгалийн өнгө шингээсэн загвар давамгайлж буй. Тэд “Монгол загварыг хоцрогдсон гэж бодож байлаа. Гэтэл ингэтлээ хөгжиж, загварын ертөнцөд тэргүүлнэ гэж бодсонгүй. Орчин үеийн загварын чиг хандлагад үндэснийхээ онцлогтой хослуулсан бүтээл чинь сонирхол их татлаа. Загварт чинь байгалийн өнгө зонхилсон нь дэлхийн уур амьсгал хувьсан өөрчлөгдөж буй энэ үед цагаа олжээ” хэмээн үнэлж, урам хайрласан. Хүнд урам, зориг эрч хүч хайрладаг.
-Загвартаа саарал, хүрэн бор, цагаан, цайвар ногоон өнгө түлхүү оруулах юм аа. Бүтээлүүдийг чинь хараад байгальтай ойр өсчээ гэх бодол төрсөн?
-Би байгальд дуртай. Ийм өнгөнүүд түлхүү сонгодог нь миний тайван зан чанартай холбоотой байх. Зүлгэн дээр гоё загвартай хаус бариад нам гүм орчинд тайван амьдрахыг мөрөөддөг. Эд хөрөнгөөс илүү шувуудын жиргээ, горхины урсах чимээ, ойд модны салхинд найгах шуугиан, цэцэг навчны үнэрт байхыг хүсдэг. Багадаа зуны амралтаар Булган аймагт амьдардаг өвөө эмээ дээрээ очиж амардаг байв. Хөдөөгийн хүмүүсийн эгэл, стрессгүй амгалан амьдрал сэтгэлд мартагдахааргүй үлджээ. Өглөө нар мандаж, орой нар жаргах, айлуудын үнээн зэл дээр уугиулсан аргалын утаа, малчин залуусын аж байдалдаа зохицсон энгийн хайнга гэмээр хувцаслалтын тэр дүр зураг одоо ч миний нүдэнд харагддаг. Хөдөөгийн амьдрал, ахуй орчноос харсан зүйлээ би загвартаа тусгахыг хичээдэг. Энэ жил найз нөхөдтэйгээ хөдөөгүүр аялж, байгалийн зураг авлаа. Байгалийн орчинд зураг авахаар бүтээл урлах хүсэл төрдөг юм. Тийм л үед би эрч хүчтэй болдог.
-Загварын ертөнц дэлхийд ноёлж байгаа цагт тэднээс өөр байна гэдэг амаргүй. Ялгарах өвөрмөц онцлогтой байж л тоогдоно шүү дээ?
-Дэлхий нийтээрээ хүнд элементтэй хувцаснаас аль болохоор татгалзах болсон. Тиймээс үндэсний хэв маяг шингэсэн, байгалийн өнгө зонхилсон загвар ирэх жилийн трэнд болно. Загварын ертөнцөд тэднээс ялгарч гарч ирэх арга бол үндэснийхээ хувцасны түүх, соёлд судалгаа хийх. Би XIII зууны үед эдэлж хэрэглэж байсан хувцасны түүхэнд судалгаа хийсэн. Европчууд XVI-XVII зууны хувцасны загвар, хийц, өнгийг их сонирхдог.Загварын ертөнцөд нэг алхам урагшилсан маань миний гол зорилго байсан. Италид очоод олон зүйл ажиглалаа. Улс орон хөгжихийн хэрээр ард түмэн нь байгаль руугаа тэмүүлж байна. Ийм амьдралын хэв маяг италчуудаас ч харагдсан. Тэд хөгжил эцэстээ ямар зүйлд хүргэдгийг мэдэрсэн учраас аль болох амгалан орчныг хүсэж байна шүү дээ. Монголчуудын энгийн зүйл гадныхны сонирхлыг их татдаг. Бидний ойшоож тоодоггүй бүхэн тэдний хувьд чухал зүйл байх жишээтэй. Тиймээс бид байгаа зүйлдээ сэтгэл ханаж, өөрт байгаа авьяас боломж, бололцоогоо хөгжүүлж амьдрах хэрэгтэй.
-Монголчуудын хувцас дэлхийн олон оронд гайхал төрүүлдэг нууцыг та юутай холбож ойлгодог вэ?
-Би үндэсний хувцсаа дэлхийд номер нэг гэж боддог. Бид азтай улс. Монголчуудын хүчирхэг байсан үе бол XIII зуун. Миний хувьд энэ зууны хувцасны загварт тулгуурлаж үндэсний хувцас урладаг. XIII зуунд өвөг дээдэс минь хувцасны түүх соёлыг гайхалтай эзэмшиж чадсан нь түүхийн улбаатай зүйлүүд дээр харагддаг. Тэр үеийн баатарлаг сүр хүч, энергийг хувцастаа шингээж тусгахыг зорьдог маань үүнтэй холбоотой. Намайг Италид загварын шоуд оролцож байхад “Чиний хувцасны загвар их таалагдлаа. Худалдаж авъя” гэх хүн олон байсан.
-Их ажлын ард гарчихаад тухтай амарч чадав уу?
-Миний баримталдаг зүйл бол эрүүл амьдрах. Хүн эрүүл байж өөрийн хүссэн, зорьсон зүйлээ хийж чаддаг. Тиймээс ажил амралтаа зохицуулж, зөв хооллолтыг одооноос өөртөө хэвшүүлж сурч байна. Монголчууд амрах ёстой цагтаа ажиллаж, алжаал тайлах үедээ завгүй ажилладаг болохоор их ядардаг юм шиг санагдсан. Хүн өөрийгөө хайрлах хэрэгтэй. Ажиллах цагтаа хөдөлмөрлөж, амрах үедээ алжаалаа зөв тайлдаг байх ёстой.
Г.Батцэцэг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт