ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ж.Нурлан: Шагналын тавцанд Монгол гэж зарлахад олон орны тамирчид их гайхсан

    Бодибилдинг, фитнессийн ДАШТ Энэтхэгийн Мумбай хотод зохиогдоход эрэгтэйчүүдийн 85 кг-ийн жинд мистер 40-49 насны ангилалд Ж.Нурлан түрүүлэн дэлхийн аварга болсон баяртай мэдээ Монголчуудын магнайг тэнийлгэсэн билээ. Тэрбээр 1991 оноос энэ спортоор хичээллэн,  2004, 2005, 2006, 2012 оны УАШТ-ий үнэмлэхүй аварга “Монголын мистер”, ААШТ-ээс 2012 онд V байр, 2013-2014 оны хошой хүрэл медаль хүртсэн амжилттай. Монгол Улсын анхны бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга болсон түүний хүсэл мөрөөдөл 24 жилийн дараа ийн биеллээ олсон нь энэ. Одоогоор Монголын бодибилдингийн тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн түүн шиг тамирчин алга. Спортын амжилтаа жилээс жилд ахиулсаар дэлхийн аваргын цом гардсан түүнийг зочноор урьж ярилцлаа.  

    Ж.Нурлан:Дэлхийн аваргын тэмцээнээс хүртсэн шагнал маань надад эрч хүч хайрлалаа

    -Энэтхэгийн Мумбай хотод зохиогдсон бодибилдинг, фитнессийн ДАШТ-д амжилттай оролцож, дэлхийн аваргын цом гардаж Монголчуудаа баярлуулсан танд дахин баяр хүргэе. Тэмцээнээс ирээд бэлтгэлдээ шууд оров уу?

    -Баярлалаа. Тэмцээнээс ирээд нэг хэсэгтээ амарлаа. Ирэх тавдугаар сард Төв Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны нийслэл Алма-Атад хотод болох юм. Тиймээс ирэх долоо хоногоос бэлтгэл сургуулилтаа шаргуу хийж эхэлнэ дээ.

    -Шинэ оны өмнөхөн төрийн одонгоор шагнуулсан санагдах юм. Таныг спорт сонирхогчид их дэмжсэн шүү?

    -Тийм ээ, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан. Шагнал авах гэж байгаагаа мэдээгүй явтал “Та маргааш 11 цагт ирээрэй, шагнал авахаар боллоо” гэж хэлсэн. Төрийн шагнал хүртсэндээ сэтгэл өндөр байгаа.Тамирчин хүн амжилт гаргах гэж тэмцээнд оролцдог. Дэлхийн аваргын тэмцээнээс хүртсэн шагнал маань надад урам зориг, эрч хүч хайрлалаа. Дэлхийн аварга хүртсэн амжилтаа бататгаж, хойшид болох тэмцээнүүдэд амжилттай оролцоно.

    -ДАШТ-д хэд дэх удаагаа оролцсон бэ. Энэтхэг танд их ээлтэй орон шиг санагдлаа?

    -Би хоёр дахь удаагаа оролцож байна. 2012 оны тэмцээнд өрсөлдөж байсан маань энэ жилийн тэмцээнд амжилттай оролцох эхлэл байв. Тэр тэмцээнээс ДАШТ-д ямар хэмжээний тамирчид өрсөлддөг юм бэ гэдгийг сайн ойлгож авсан.

    -Бодибилдингийн спортоор хичээллэдэг Азийн олон орон бий. Энэ удаа тэд Монголын тамирчныг дэлхийн аварга болчихно чинээ санаагүй байх л даа?

    -Азийн орнуудад бодибилдингийн спорт өндөр хөгжсөн. Тэр дундаа Зүүн Өмнөд Ази, Арабын орны тамирчид хүчирхэг. Азидаа бус дэлхийд өрсөлддөг. ДАШТ-ий эхний гурван жинд Азийн орны тамирчид шагналын тавцанд байнга зогсдог юм. Сүүлийн үед Монголын тамирчид тэднээс дутахааргүй өрсөлддөг боллоо. Тамирчдын маань ур чадвар, бэлтгэл сургуулилт, туршлага жилээс жилд сайжирч байна. Тэд хойшдын тэмцээнээс дэлхийн аваргын цом эх орондоо авчирч ард түмнээ баярлуулах биз ээ.

    Шагналын тавцанд Монгол гэж зарлахад олон орны тамирчид их гайхсан

    -Дэлхийн аварга цол хүртэх тамирчны нэрийг эх оронтой нь дуудна гэдэг сэтгэл догдлуулсан хамгийн сайхан агшин байдаг. Шагналын тавцан дээр Монгол гээд дуудах мөчид таны сэтгэл ямар их огшсон бол  оо?

    -Тэр баяр мөчийг үгээр илэрхийлэхэд ч багадана. Бодибилдингийн ДАШТ-д  20 гаруй орны шилдэг тамирчин өрсөлдсөн. Тэдний дунд 10 удаа түрүүлж домог болсон тамирчин байлаа. Тэмцээний сүүлчийн шалгаруулалтад Бразил, Энэтхэг, Иран, Украйн, Монгол зэрэг оны топ таван тамирчин үлдсэн. Тэд Монголын тамирчныг ДАШТ-д оролцохоор бэлдсэн гэж огт бодоогүй байх. Шагналын тавцанд Монгол гэж зарлахад олон орны тамирчин их гайхсан шүү. Тэр үед төрийн дууллаа сонсоод сэтгэл минь өөрийн эрхгүй огшиж баярын нулимс унагасан.

    Энэхтэг орон надад ээлтэй санагдсан. Тэндээс би алт, хүрэл медальтай ирлээ. Бодибилдингийн спортод Монгол гэж алтан үсгээр бичүүлсэн түүх минь үлдсэн. Миний жинд хамгийн хүчтэй нь Бразилын тамирчин байв. Тэрбээр насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээний +100 кг-ийн жинд өрсөлддөг. Түүнийг анх хараад “За даа би энийг ч барахгүй биз дээ”  гэж бодож байлаа. Гэхдээ тэрбээр надаас булчингийн ялгаралт багатайг тэмцээний явцад ажигласан. Миний давуу тал түүнээс булчингийн ялгаралтаар илүү байв.

    Мөн 75 кг-ийн жинд түрүүлсэн Малайзын тамирчин 48 насандаа 10 дахь удаагаа дэлхийн аваргын цом гардсан. Тэрбээр өмнө нь 2012 онд Гуанжуод болсон Азийн АШТ-д тэмцээнд 10 удаагаа түрүүлж, Азийн аварга болж байсан юм. Амжилтаараа бол Ази тивдээ алдартай, домог болсон тамирчин.

    -Та 17 настайгаа эхэлж бодибилдингийн спортоор хичээллэсэн гэдэг. Энэ спорт сэтгэлийг тань юугаараа тэгтэл их татсан гэж?

    -Тэр үед би жаахан хүүхэд байлаа. Эрүүл чийрэг биетэй, гоё булчинтай болъё гэж бодибилдингийн спортоор хичээллэж билээ. Жилээс жилд бэлтгэл хийх тусам энэ спортоос салж чадахгүй нь гэдгээ мэдэрсэн. Бодибилдингийн спорт гайхамшигтай. Түүнд сэтгэл нэг л татагдвал хэзээ ч холдож чаддаггүй. Олон жил хичээллэсэн тамирчид энэ спортоос хөндийрч байхыг би лав хараагүй.

    Шавиа богино хугацаанд амжилт гаргаж яваад баярладаг

    -ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Б.Хүсэлтүвшин таны шавь гэсэн байх аа?

    -Тийм ээ. Би түүнээс өмнө хэдэн шавь энэ спортод бэлдсэн. 2007 онд Монголын Мистер болсон Д.Ууганбаяр миний шавь. Түүнийг өөрөө дагуулаад бэлтгэл сургуулилт хийлгэж, тэмцээнд хамт оролцдог байлаа.

    Б.Хүсэлтүвшингийн ч гэсэн бэлтгэл сургуулилтыг нь өөрөө хийлгэж, тэмцээнүүдэд оролцууллаа.

    Шавиа богино хугацаанд амжилт гаргаж яваад баярладаг. Тэрбээр Ази тивийн АШТ-ээс мөнгөн медаль, Энэтхэгийн Мумбайд болсон ДАШТ-ий фитнесс ангилалд мөн мөнгөн медаль хүртэж магнайг минь тэнийлгэлээ.    

    -Казахстаны Алма-Атад зохиогдох тэмцээнд Дэлхийн аварга болсон Монголын тамирчин Ж.Нурлан хэр оролцох бол гээд олон орны тамирчид харна даа?

    -Тэгэлгүй яахав. Дэлхийн аварга болсон маань олон орны тамирчдын анхаарал өртсөн. Тэр ч хэрээрээ өрсөлдөгчидтэй боллоо. Тэгэхээр хойшид тэмцээнүүдэд амжилтгүй оролцох эрхгүй болж байна. Дэлхийн аварга цол хүртэнэ гэдэг амаргүй. Олон жилийн хөдөлмөр, энэ спортод өөрийгөө зориулж тууштай хичээллэсэн цаг хугацаа, туршлага их нөлөөлдөг. Бэлтгэл сургуулилтаа сайн базааж байж амжилттай өрсөлдөнө шүү дээ. Миний хувьд булчингаа сайн хөгжүүлж, өөхөн даваргаа багасгах бэлтгэл түлхүү хийнэ.

    Дуртай амттанаа шүүрээд идчихэж болдоггүй тул сэтгэлийн хат тэвчээр их шаарддаг

    -УАШТ-д дөрвөн удаа түрүүлж аварга болсон тамирчин одоогоор та л байна. Амжилтыг минь эвдэх тамирчин төрөөсэй гэж боддог уу?

    -Тийм ээ. Олон сайн тамирчин төрөөсэй гэж хүсдэг. Би УАШТ-д 13 удаа оролцохдоо найман алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Монголын Мистер цол дөрвөн удаа хүртлээ.

    2012 онд Ази тивийн АШТ-д оролцож V байр, 2013, 2014 онд хошой хүрэл медаль хүртсэн амжилттай. Би 2012 оноос хойш 85 кг-ийн жинд өрсөлдөж байна.            

    -Дэлхийн аварга болсноос чинь хойш хүүхдээ таны шавь болгохоор олон хүн санал тавьсан гэж сонссон. Үнэн үү?

    -Хүмүүсээс ийм санал их ирж буй.Одоогоор тамирчин болохоор шавь бэлтгэх зав гарахгүй л байна.Тэмцээний тов ойртсон үед өдөрт 2-3 удаа бэлтгэл хийдэг. Бодибилдингийн тамирчид нойр, хоолны дэглэм нарийн чанд баримталдаг. Дуртай зүйлээ шүүрээд идчихэж болдоггүй тул сэтгэлийн хат тэвчээр их шаарддаг. Эхэн үедээ ингэж тэвчинэ гэдэг үнэхээр хэцүү санагддаг байж билээ. Одоо дасчээ. Дэлхийн аваргын тэмцээнээс ирээд дуртай зүйлээ идэх үнэхээр сайхан санагдсан.

    Миний дуртай хоол төмс хийгээд, гурил хучсан чанасан мах. Ойрд дуртай амттанаасаа татгалзахгүй хүртээд байгаа болохоор жин нэмээд байна. Би тэмцээнд орох гэж долоон сар хоолны дэглэм баримталсан. Заримдаа дургүй хүрэх үе ч гарна. Ирэх есдүгээр сард Узбекстанд бодибилдингийн Ази тивийн АШТ, мөн арваннэгдүгээр сарын 15-21-нд Тайландад ДАШТ, 2016 онд Бразилд болно. Энэ жил Бразилд болох байсан ч олимпийн наадмаа хийчихээд үргэлжлүүлээд ДАШТ зохион байгуулах санал тавьсан учир Энэтхэгт болсон.

                24 жилийн дараа хүсэл мөрөөдлөө биелүүллээ

    -Бодибилдингийн спортоор хичээллэсэн таны хүсэл мөрөөдөл хэдэн жилийн дараа биелэв?

    -24 жилийн дараа хүсэл мөрөөдлөө биелүүлж, дэлхийн аварга боллоо. Энэ спортод зориулсан цаг хугацаа, он жил бага биш. Би амьдралаа энэ спортод зориулж яваа.Аливаа хүнийг тууштай чанар, тэвчээртэй зан амжилтад хүргэдэг. Анх тамирчин болох гээд бодибилдингээр хичээллэж байхад шантармаар зүйл бишгүй л гардаг байлаа. Зарим үед ингэж өөрийгөө зовоохын хэрэг юу байна гэж бодно. Хэцүү бүхнийг,  саад бэрхшээлийг сэтгэлийн хат тэвчээрээр даван туулсан. Спорт хүнийг зөв хөгжүүлж, хатуужил тэвчээртэй болгодгийг хичээллэх тусам сайн ойлгож билээ. Тэр үеийн тамирчид сонин, сэтгүүлээс гадаадын тамирчдын зураг харж, өөрийгөө ингэж хөгжүүлэх ёстой юм байна гэдэг багахан мэдээлэл авч, бэлтгэл сургуулилт хийж тэмцээнд оролцдог байлаа. Одоо нийгэм хөгжиж, энэ спортоор хичээллэх залуус жилээс жилд нэмэгдэн хүрээгээ тэлж байна. Тэд өөрт хэрэгтэй мэдээллээ интернэтээс хайгаад олж байна. Өөрийг нь дэмжих байгууллага, клуб хүртэл бий болчихлоо. Хамгийн гол нь амжилт гаргахын төлөө хичээх хэрэгтэй.

    Эхнэр маань “Чиний амралт ихдэх нь, бэлтгэлээ хийгээрэй” гэж сануулаад л байгаа

    -Таныг гэр бүл тань хэр ойлгож дэмждэг вэ?

    -Тамирчин хүний ар талыг гэр бүл нь хариуцна гэдэг маш том үүрэг шүү дээ. Гэр бүл маань сайн дэмждэг болохоор бодибилдингийн спортод цаг зав чөлөөтэй гаргаж байна. Амжилт гаргахаар зүтгэж явахад ар талын бүхий л ажлыг эхнэр л миний оролцоогүйгээр зохицуулдаг. 

    ДАШТ-ээс ирээд хэд хоног амартал  эхнэр “Чиний амралт ихдэх нь. Хавар болох тэмцээнд оролцоно шүү дээ. Бэлтгэлээ даруй хийгээрэй” гэж сануулаад л байгаа. Эхнэрийг маань Б.Ундрах гэдэг, нягтлан бодогч мэргэжилтэй. Одоо Юнител группт ажилладаг юм. Манайх хоёр хүүтэй. Том хүү маань спорт сонирхдог. Хэрвээ бодибилдинг сонирхоод хичээллэвэл нэг их хорихгүй. Бид хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлыг дэмжиж, хөгжүүлнэ гэж боддог. 

    -Тамирчид бэлтгэл хийгээд эхэлчихсэн үедээ жаахан бухимдангүй болчихдог юм билээ. Танд бас тийм байдал ажиглагддаг уу?

    -Бодибилдингийн тамирчид бэлтгэлээ хийчихээд амарч байх үедээ ярьж хөөрнө. Зөвхөн би биш тэд ч гэсэн бухимдангүй, хөдөлгөөн нь хурдан түргэн, ширүүн болсноо ярьдаг л юм. Эхнэр саяхан надад “Чи өмнөх жилүүдээ бодвол энэ жил харьцангуй тайван байна” гэж хэлсэн шүү.   

    -Найзуудтайгаа уулзах зав гардаг уу?

    -Ховор гардаг. Удахгүй найзуудтайгаа салхинд гарч амрах бодол бий.

    Мэргэжлийнхээ ажлыг хойш тавьж, зөвхөн энэ спортын төлөө зүтгэсэн

    -Таныг өмнө нь Баян-Өлгий аймагт төрсөн байх гэж боддог байлаа?

    -Би Улаанбаатарын унаган иргэн. Үе тэнгийнхээ хүүхдүүдтэй Амгаланд тоглож, тэндхийн 27-р сургуульд суралцаж дүүргэсэн. Бид эцэг эхээс олуулаа өссөн. Есөн хүүхэдтэй айлын отгон хүү. Гэрийнхнээсээ тамирчин болсон нь би. Дэлхийн аваргаас цом медальтай ирэхэд гэр бүл, ах дүүс, найз нөхөд, хамт олон маань их баярласан. Би уг нь барилгын чиглэлээр мэргэжил эзэмшсэн хүн шүү дээ. Бодибилдингээр хичээллэсэн цагаасаа мэргэжлийнхээ ажлыг хойш тавьж, зөвхөн энэ спортын төлөө зүтгэлээ.

    -Та бодибилдингийн тамирчдаас ахмад нь биз?

    -Тийм ээ. Ахмад тамирчдын нэг болж байна.

    -Энэ жил танд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон зорилго бий байлгүй дээ?

    -Бий, бий. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн хоёр хүрэл медалийнхаа өнгийг хувиргах бодолтой байгаа. Узбекстаны Ташкент хотод ирэх есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 3 хүртэл болох тэмцээнд амжилттай оролцохоор хичээж буй.Энэ тэмцээнээс ирээд үргэжлүүлээд арваннэгдүгээр сарын 15-21-нд болох ДАШТ-д өрсөлдөнө. Энэ дашрамд бодибилдингийн спортоор хичээллэдэг тамирчдад хандаад “Аливаа зүйлд өөдрөг бодлоор хандаж, ямар ч үед өөртөө итгэлтэй байгаарай. Энэ спортын төлөө тууштай зүтгэж, хүсэл зорилгынхоо төлөө уйгагүй хөдөлмөрлөвөл амжилт гаргах боломж та бүхэнд ойрхон байгаа шүү” гэж хэлье.

                                                                                                                 Ярилцсан Г.Батцэцэг     

                

      

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй