ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Д.Цолмон: Өөрийгөө хэзээ нэгэн цагт алхана гэдэгт итгэдэг

     Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж “Бриллианд” клубээс өнгөрсөн сарын 3-нд “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” шалгаруулах тэмцээн Монголд анх удаа зохион байгуулсан.Тэмцээнд тэргэнцэртэй үе тэнгийнхээ олон бүсгүйчүүдийн төлөөлөл болж 15 гоо бүсгүй оролцож авьяас, ухаан, гоо сайхнаараа өрсөлдсөн. Тэдний дундаас Д.Цолмон хэмээх бүсгүй түрүүлж,“Тэргэнцэртэй сайхан бүсгүй”-н титэм хүртсэн билээ.

    Д.Цолмон: Хүн тэвчээр гаргаж, хичээж чадвал амжилтад хүрдэг гэдгийг ойлгосон 

    -“Тэргэнцэртэй сайхан бүсгүй” шалгаруулах тэмцээн Монголд зохион байгуулахад та бусдыгаа хошуучилж түрүүлсэн. Тэр үед танд ямар бодол төрж байсан бэ? 

    -Энэ тэмцээнтэй ижил төстэй олон тэмцээн, уралдаан дэлхийн бусад оронд зохион байгуулагддаг. Энэ тэмцээнийг Монголд яагаад зохиож болдоггүй юм бэ гээд “Бид чадна” цахим хуудас болон бидний төлөө үргэлж сайн зүйл хийж байдаг Отгонтуяа, Болороо гэх бүсгүйчүүд санаачлан зохион байгуулсан.“Бид чадна” сайтынхан өнгөрсөн жил “Тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын шоу”-г зохион байгуулсан бол энэ жил уг шоунаасаа гадна “Тэргэнцэртэй сайхан бүсгүй”-г шалгаруулсан юм. Сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн гурван жилд нэг удаа зохион байгуулагдана. Харин хувцас загварын шоугаа жил бүр зохион байгуулахаар болсон. Энэ тэмцээнийг “Бриллианд” клуб, ИЗОУ-ын их сургууль ивээн тэтгэсэн. Миний хувьд тэмцээн эхлэхээс хоёр сарын өмнө бэлтгэсэн. Тэргэнцэртэй бүсгүйчүүдэд ямар хувцас хийж өмсүүлэх вэ гээд ажиллагаа их шаардаж байлаа. Сууж байгаад хувцас сурталчлах, алхаад хувцас сурталчлах хоёр ялгаатай. Тиймээс тэргэнцэртэй бүсгүйчүүдийн онцлогт тааруулж хувцсаа урлах, загвараа гаргах гээд ажил их ундарсан. Энэ хугацаанд бүсгүйчүүд ч тэсвэр тэвчээр их гаргасан. Эхэндээ бид долоо хоногт нэг, хоёр удаа уулзаж, тэмцээнийхээ бэлтгэлийг базаадаг байсан бол товлосон хугацаа дөхөх тусам өдөр бүр уулзаж, хугацаа ойртох тусам сэтгэл догдолж байсан. Тэмцээнд авьяастай, хүчирхэг эмэгтэйчүүд өрсөлдсөн.

    -Тэмцээнд түрүүлсэн бүсгүйг Италид амраах тухай ярьж байсан. Хэзээ явах вэ?

    -Ирэх долдугаар сард Италид 18 хоног аялахаар болсон. Тэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сувилал байдаг юм билээ.Амрахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан үйлчилгээг нь судалж, Монголынхтой харьцуулсан дүгнэлт, дүрс бичлэг хийх юм.

    -Таны хувьд энэ тэмцээнд оролцсон гол зорилго юу байв? 

    -Тэмцээнээр дамжуулаад тэргэнцэртэй бүсгүйчүүд сайхан гэдгийг харуулах гэж байгаа бус. Харин “Энэ бүсгүй чинь тэргэнцэртэй л болохоос хүн юм шүү. Энэ хүнд гоо сайхнаас гадна урлагийн мэдрэмж байдаг юм” гэдгийг олонд мэдрүүлэхийг хүссэн. Бид бусадтай  адилхан зүрх сэтгэлтэй, бие махбодь, авьяас билэгтэй, нийгэмд гараад хэнээс ч гуйхгүй амьдрах чадвартай. Үүгээрээ бидэнтэй адил хүмүүст ертөнцийг өөрөөр харах сэдэл өгөхийг зорьсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмд эн тэнцүү хөгжиж, ажиллаж, амьдрах  чадалтай, сэтгэлтэй хүмүүс. Тиймээс энэ хүмүүст зориулсан хүртээмжтэй орчин бий болгож өгөөч гэдгийг хэлэхийг хүссэн болохоор тайзан дээр гарсан. Отгоо эгч надаас “Ийм тэмцээн болох гэж байгаа. Чи оролцох уу” гэж асуусан. Би өмнө нь тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын шоунд оролцож байсан учраас ер нь ийм тэмцээн зохион байгуулвал орно гээд бодож байсан тул зөвшөөрсөн. Манай гэрийхэн ч намайг энэ тэмцээнд оролцох болсныг сонсоод их дэмжсэн. Тэр дундаа эгч маань сайн дэмжиж, миний бүх зүйлд сэтгэл гаргаж тусалсан. Энэ тэмцээний оролцогчдын ихэнхийг нь фэйсбүүк, сайтуудаар мэдээлэл цацан шалгаруулж авсан. Отгоо эгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан англи хэлний сургалт, дууны болон хувцас загварын шоуг зохион байгуулдаг юм. Өөрөө ч  урлагт дуртай, ээлтэй. Түүний зохион байгуулж буй үйл ажиллагаа нь хувь хүнийг хөгжүүлэх тал руу чиглэгддэг болохоор хүмүүс ч оролцох дуртай. Энэ хүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод гэж бий. Тэднийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хөгжүүлэхээр олон ажил хийж байгаад баярладаг. 

    -Та дээд сургуульд сурдаг  гэл үү?

    -Тийм ээ, би “Чингис Соосэ” олон улсын харилцааны сургуульд суралцдаг.Удахгүй хоёрдугаар курсдээ үргэлжлүүлэн суралцана. Энэ жил хүүтэй болсон. Одоогоор биеэ тэнхрүүлэх шаардлагатай байгаа тул сургуулиасаа түр хугацаагаар чөлөө авсан юм. Бэрхшээлийг даван туулж, биедээ баймгүй тэвчээр хатуужил гаргаж байгаа бүсгүйчүүдийг хараад би эрч хүч авсан. Тиймээс энэ тэмцээн намайг өмнөхөөс минь илүү  хүчирхэг болгож чадсан.

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд таниулах ажил хийж яваадаа баярладаг 

     -Тэмцээнд оролцох гэж олон хоног бэлтгэл хийгээд ядарсан уу?

    -Бас нэг хөгжилтэй зүйл нь энэ тэмцээнд ороод би их турсан. Бүжгийнхээ хувцсыг сонгож байх үед надад 48 размерийн даашинз таарч байв. Тэгсэн тэмцээний өдөр даашинз маань нэлээн томдсон тул өөр даашинз өмссөн. Тэр үед ядарч байсан болохоор “Тэмцээн дуусангууны маргааш сайхан амарна даа” гэж бодож байлаа. Гэтэл жинхэнэ өөрчлөлтүүд маань тэмцээний дараах өдрөөс  эхэлсэн дээ. Олон хүнд танил болж, телевиз, радиогоос ярилцлагад орох хүсэлт ирсэн. Заримдаа өглөөнөөс орой хүртэл завгүй ажиллах шаардлага ч гардаг. Гэхдээ шантрахгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмд таниулах ажил хийж яваадаа баярладаг. 

    -Тэмцээний нэрнийг заавал “тэргэнцэртэй” гэж тодотгох хэрэг байсан ч юм уу гэж бодогдож байна л даа?

    -Нэрний тухайд нэлээд яригдсан л даа.“Сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн” гээд нэрлэчихвэл үнэндээ хэн ч сонирхохгүй байсан биз. Энгийн л нөгөө болдог тэмцээн байх гэж ойлгоно. Харин тэргэнцэртэй гэж гаргаж өгснөөрөө тэр хүмүүст өөрсдийгөө олон талаар зөв ойлгуулж чадсан гэж боддог “Тэргэнцэртэй” гэх үгэнд юунд нь сэтгэл эмзэглэх гэж. Хамгийн гол нь бид тайзан дээр гараад хэн болж хувирч чадсан нь чухал. Хүмүүс биднийг хөгжлийн бэрхшээлтэй болохоороо л хөдөлмөрлөж, хөгжиж чаддаггүй гэж ойлгодог. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн дэлгэцээр гарахдаа аз жаргалтай яагаад байж болохгүй гэж. Тэр хүнд баяр баясгалан, хүсэл тэмүүлэл бий. Гудамжаар явж байхад хажуугаар өнгөрсөн хүмүүс “хөөрхий амьтан” гээд бодоод өнгөрдөг нь худлаа биш. Хүнийг гадаад үзэмжээр нь дүгнэж болохгүй. Хамгийн гол нь бид “Тэргэнцэр дээр баяр баясгалан, гоо үзэсгэлэн байдаг юм шүү” гэдгийг харуулахыг л  зорьсон.

    -Өөрийгөө түрүүлнэ гэдэгт итгэлтэй байсан уу?

    -Үгүй. Хамгийн сүүлд тэмцээний дүн сонсох гээд биднийг тайзан дээр гарчихсан байх үед ивээн тэтгэгч байгууллагуудын шагнал их орж ирсэн л дээ. Тэрийг хараад би “За ямартай ч бэлэгтэй л юм байна” гэж бодож байв. Энэ тэндээс камер зураг аваад, аппаратны гэрэл гялалзаад л сүртэй байсан. Би дотроо “Кинон дээр л нэг иймэрхүү зүйл юм гардаг даа” гэж бодож байснаа нуугаад яахав.  Гэтэл тэмцээний тэргүүн миссээр зургаа дугаартай Д.Цолмон гээд зарласан чинь өөрийн эрхгүй баярлаад нулимс унагасан. Тэр үед аз жаргалтай байгаагаа  үнэхээр их мэдэрсэн. 

    -Тэргэнцэртэй бүсгүйчүүд бүжигчдээс дутахааргүй тун чадварлаг бүжиглэсэн шүү дээ?

    -Бид бүжгийн бэлтгэлд нэлээд хугацааг зориулсан. Бүжгийн багш маань өөрчлөгдөхөд хөдөлгөөн ч маань бас өөрчлөгдсөн. Тухайн  үед тайзан дээр гараад учраа олохгүй эвгүй байдалд орцгоохвий дээ гэж бид айж байлаа. Гэхдээ тийм асуудал гараагүй. Биднийг үзэгчдийн суудлаас харсан хүмүүс “Яг л нисэх гэж байгаа цагаан хун шиг үнэхээр гайхалтай харагдаж байна” гэсэн. Хэдийгээр тэргэнцэртэй иргэдийн бүжгийг бид Монголд анх удаа бүжиглэсэн ч дэлхий нийтэд аль хэдийнэ танил болчихсон. Олон улсад хөгжлийн бэрхшээлтэй ч гайхалтай бүжиглэдэг бүжигчин олон байдаг.Монголд тэргэнцэртэй иргэдийн бүжгийн дугуйлан  хөгжүүлэхэд боломжтой юм шиг санагдсан шүү. 

    -“Тэргэнцэртэй сайхан бүсгүй”олон улсын тэмцээнд оролцох бодол төрж байна уу танд?

    -Энэ талаар судалж байгаа. Олон улсад дуу хоолойгоо хүргэнэ гэдэг сайхан үйл хэрэг. Монголдоо өөрсдийгөө таниулж чадсан юм чинь олон улсын тэмцээнд оролцож болохгүй нь юу байхав гэж бодож байна. 

      Бид биш нийгэм маань хөгжлийн бэрхшээлтэй болчихжээ

    -Хөгжлийн бэрхшээлтэй гэж бодоод өөрийгөө хаалганы цаана “цоожилчихсон” олон хүн бий. Тэдэнд таныг үлгэр дуурайл болж чадсан гэж бодож байна?

    -Нийгэм бидэнд хөгжлийн бэрхшээлтэй гэх нэр зүүлгээд “тэтгэврийн мөнгө аваад гэртээ сууж бай” гээд хорьчихсон юм шиг санагддаг. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад огт өөр шүү дээ. Тухайлбал, Японд дөрвөн мөч нь саажилттай, булчингийн сулралтай, зөвхөн нүд нь хөдөлдөг залуу их сургуульд багшилж байна. Тэр улс хүнийхээ оюуныг өндөр үнэлж байна шүү дээ. Гэтэл Монголд бидэн шиг хүмүүс нийгэмд гарч ирэхээр хөгжил хойшоо суучих гээд байгаа юм шиг л ханддаг.  Үнэндээ бол бид хөгжлийн бэрхшээлтэй бус, нийгэм маань өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болчихжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэр бүлэгт, эрүүл хүмүүс энэ бүлэгт байна гээд хуваагаад өгчихсөн. Миний сурдаг дээд сургууль манай гэртэй ойрхон ч гаднаа тэргэнцэртэй хүмүүст зориулсан налуу зам байдаггүй юм. Би сургуульдаа нэг найзтайгаа хамтарч төсөл хэрэгжүүлж байсан. Тэр төслийн гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй залуус сурах боломжтой. Сурах боломжийг нь сайн дурын оюутан залуусаар хангуулж болох юм гэсэн утгатай. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд төслөө хэрэгжүүлж хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад өөрсдийн санаагаараа туслах 20 залууг нэгтгэж клуб байгуулсан. Тэр залуус маань “Түгээмэл хөгжил” клубт очиж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хэрхэн харьцах вэ, тэргэнцрийг яаж ашигладаг вэ гэх зэргээр сургалт аваад нэг жилийн хугацаанд надтай харилцсан. Хоорондоо ярилцаж, төлөвлөгөө гаргаж байгаад өглөө автобуснаас буулгаад сургуульд оруулж өгнө. Завсарлагаанаар ариун цэврийн өрөөнд оруулна гэх мэтээр надад туслалцаа үзүүлсэн. Ерөнхийдөө бол боломжтой юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Шийдвэр гаргаж байгаа хүмүүст нэг зүйлийг хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүнд туслахын тулд их хэмжээний мөнгө хайх шаардлагагүй. Миний хэлсэн энэ аргаар багахан ч гэсэн сэтгэл гаргахад боломж бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч явж байгаа хүмүүс нь тэдний ар гэрийнхэн л байдаг. Хамаг ажлаа орхиод үр, хүүхэд, хань ижлийнхээ төлөө зүтгэдэг. Гэтэл тэдний дунд Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулахаар хүмүүс зөндөө бий шүү дээ.

                                      "Тэргэнцэртэй гоо бүсгүй" тэмцээний шүүгчид

    -Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хоорондоо мэдээлэл хэр солилцдог бол?

    -Бидэнд зориулсан сувилал олон бий. Тийм газрууд тусгай заалтай. Тэр зааланд  мэргэжлийн багш хичээл заана. Бид яаж хөл, гараа хөдөлгөх вэ гэх зэргээр олон талын  зөвлөгөө авдаг. Бид хоорондоо их мэдээлэл солилцдог. Нэг тийм дасгал байдаг юм байна гээд л нэгэндээ хэлнэ.Өдөр нь сурсан хөдөлгөөнөө орой унтахынхаа өмнө хийдэг. Би 2012 онд өөрөө алхуулагч протез захиалж хийлгэсэн. Захиалж хийлгэчихээд өмсөхөд яг л өөрөө явж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн. Ерөнхийдөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хийдэг дасгал яг адилхан ижил байх боломжгүй. Өөр өөр шалтгаанаар өвдсөн болохоор арчилгаа, асаргаа нь өөр байдаг.  

    -Спортоор хичээллэхийг хүсдэг үү?

    -Би 2009 оноос спортын арга хэмжээнүүдэд оролцож эхэлсэн. Хүмүүс тэргэнцэртэй марафон болох гэж байна оролцооч гэхээр нь бараг бэлтгэлгүй шахуу явж очоод л оролцсон. 2012 онд “XIII их наадам болох гэж байна. Чи ирж бэлтгэл базааж байгаад оролцооч” гэж хүсэлт тавьсан. Би тэр үед Мобикомд ажилладаг байсан болохоор ажлынхаа цагийг харж байгаад л болъё гэж явсаар тэмцээнд 14 хоног дутуу байхад бэлтгэл хийж эхэлсэн. Тухайн үед манайх гэр хороололд байдаг байсан юм. Ажил маань “Тэди” төв болохоор өглөө гэрээсээ гараад тэргэнцэртэйгээ ажил руугаа явна. Ажлаа тараад бэлтгэлийнхээ хувцсыг өмсөөд стадион руу тэргэнцэртэйгээ яваад очно. Бэлтгэлээ тараад гэр рүүгээ мөн л тэргэнцэртэйгээ явна. Биеийн тамирынхаа хувцсыг тайлахгүй шууд явчихдаг байсан болохоор хүмүүс туслах нь ховор. Бүр зарим нь тоодог ч үгүй байлаа. Тэгэхээр нь “За яахав, би гүрийнэ дээ” гээд л явдаг байсан. Гэртээ хүрэх зам хорооллоор дайрна. Их өгсүүр. Тэгээд л би өмнөө яваа хүнийг хараад би энэ хүнийг гүйцчихвэл марафондоо түрүүлнэ гээд их хүч гаргадаг байв. Тэмцээнд оролцохын тулд шаргуу бэлдэх хэрэгтэй байсан. Бэлтгэлээ тараад орой 23.00 цагийн үед  гэртээ ордог байлаа. Тэгээд би 1500 метрийн марафонд оролцож алтан медаль авч байсан. Тэгэхэд л хүн тэвчээр гаргаж, хичээж чадвал амжилтад хүрдэг юм байна гэдгийг ойлгосон. Би урлагт их сонирхолтой, багадаа  бүжиглэх дуртай байв. Тэргэнцэр дээр суудаг болчихоод дахиж бүжиглэж чадахгүй болчихлоо гэж бага зэрэг эмзэглэсэн.

      Өөрийгөө хэзээ нэгэн цагт алхана гэдэгт итгэдэг

    -Уучлаарай. Ямар шалтгаанаар тэргэнцэр дээр суух болсон юм бэ?

    -Би 2005 онд нуруу нугасны хавдартай гэж оношлогдож, Хавдар Судлалын Үндэсний Төв дээр очиж зураг авахуулсан. Эмч зураг хараад ээжид аарцагныхаа хөндийд их том хавдар ургаад ямар ч боломжгүй болчихжээ гэж хэлсэн.Тэгээд зургаа гуравдугаар эмнэлэгт аваачаад үзүүлсэн чинь ямар ч хавдар алга, дахиад нугаснаас нь ус авч тариа хийж байгаад зургийг нь авч үзье гэсэн. Ингээд долоо, наймдугаар үедээ хавдартай болох нь тогтоогдсон. Онош тогтоосноос 21 хоногийн дараа хагалгаанд орж байлаа. Хагалгаанд орчихоод намайг нэг эмч дуудахаар нь сэрээд цаг асуутал оройн долоон цаг болж байна гэсэн. Би эмчээс “Яагаад ийм их удсан юм бэ” гэж асуухад “Чи сэрэхгүй их удлаа. Нуруунаасаа биш, нугасныхаа цагаан голоос хавдар ургасан байна. Нурууны гурван сэртэнг нь авчихсан гэж хариулсан. Хагалгаа хийсэн эмч надад дахиж алхахгүй гэж хэлсэн ч би өөрийгөө хэзээ нэгэн алхана гэдэгт итгэлтэй байдаг. Би дотоод сэтгэлдээ өөрийгөө босоод бүжиглэж байна гэж төсөөлдөг. Хүн тэмүүлэлтэй амьдарч байж л амжилтад хүрнэ.

    -Ээж хэмээн дуудуулна гэдэг эмэгтэй хүний хамгийн сайхан бахархал. Хүүгээ анх харчихаад ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

    -Эмэгтэй хүн төрж байж л ээжийгээ илүү мэдэрч, амьдралын жаргал зовлонг ойлгодог юм билээ. Хүүгээ анх харчихаад ингээд л би ээж болчихлоо гэж үү гэж их гайхсан, бас баярласан. Тэр үед эх хүний хайр ямар аугаа вэ гэдгийг ойлгосон. Ээж минь надад “Миний охиныг гадуур явахаар хүмүүс яагаад тэгж их хардаг вэ гэвэл дэндүү хөөрхөн болохоор л тэр” гэдэг. Тийм болохоор би “Энэ хүмүүс намайг ойлгож байна даа” гэж аль болох эерэгээр бодохыг хичээдэг. Ингэж бодохыг гэр бүлийнхэн маань надад сургасан. Би өвдсөнөөсөө хойш олон эмнэлгээр явсан. Шинжилгээний хариу зөв гаралгүй цаг хугацаа их алдаж байлаа. Тухайн үед элэг, цөс гээд бүх эрхтэний шинжилгээ өгсөн. Ээжийн цалин буухаар 14 хоноод л шинжилгээ өгдөг ажилтай болчихсон байсан. Үе тэнгийнхээ хүүхдүүдтэй өдөржин тоглоод орой унтах гэхээр хамаг бие хөшин, татаж өвдөөд хэцүүднэ. Сүүлдээ сагс тоглох гэхээр бөмбөгөө дийлэхээ больсон. Хүн шүргэнгүүт л уначихдаг байв. Тэр үед ээж автобусанд явж байхад надад “Эхтэй хүн үхдэггүй юм. Миний охин тэвчээртэй байгаарай” гэж хэлсэн. Тэр үг миний санаанаас одоо ч гардаггүй юм. Ээжийн минь энэ үг  намайг өдий зэрэгтэй явахад их түлхэц болсон доо.

    -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан олон янз тэргэнцэр байдаг. Хаанаас худалдаж авдаг юм бэ?

    -Монголд асаргааны, эмнэлгийн тэрэг түлхүү байдаг. Халамжаас ихэвчлэн тийм тэргэнцэр өгдөг. Асаргааны тэрэг нь хүний биед сайн тохирдоггүй. Хэврэг байхаас гадна чийг татдаг Асаргааны тэргэнцэр зөвхөн эмнэлэгт ашиглагдах зориулалттай. Гадагшаа гараад явахад хугарч эвдрэх нь их. Миний хувьд түшлэг муутай тэргэнцэр дээр суух боломжгүй. Нурууныхаа доод хэсгээр түших хэрэгтэй учраас урт түшлэгтэй бас байж болохгүй. Хэрвээ түшлэг өндөр дээд хэсгээрээ тулаад байвал яваандаа нуруу бөгтийж, буруу суулт өгч цооролт үүсэх аюултай байдаг. Нэг үеэ бодвол Япон, Солонгосоос сайн тэргэнцэр орж ирж болсон. Гэхдээ тэр болгоныг худалдаж авах боломжтой хүн Монголд цөөн.Монголд “Никель Ганбаа” буюу Г.Дашням хэмээх ах тэргэнцэр үйлдвэрлэж байгаа.Дөнгөж хийгдэж байгаа учраас тийм тохиромжтой гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ дотооддоо тэргэнцэр хийж эхэлж байгаа том дэвшил. Чанарын хувьд Хятадын хуванцар тэрэгнээс дээр, онгоцны хөнгөн цагаан, чийг татдаггүй давуун материал ашиглаж байгаа. Нэг давуу тал нь хэрэглэх гэж байгаа хүнээс нь хэмжээг авч, том, жижгийг нь тохируулж болно. Одоо байнга л зам янзалдаг болж. Зам засаад байгаа хүмүүст багахан хэмжээний сургалт өгч болдоггүй юм байхдаа гэж боддог. Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр гэдэг үг байдаг. Хотын нэг газарт харааны бэрхшээлтэй хүнд зориулсан хээтэй зам хийж байна. Гэтэл нөгөө зам хийж байгаа хүмүүс нь гоёлын чулуун зам гэж ойлгоод өнгийг нь өөр болгоод хээг нь ялгарахгүйгээр хийж байх юм. Би нэг удаа зам янзалж байгаатай хүмүүстэй тааралдаад “Энэ налуу зам чинь энд байх ёстой” гэхэд өөдөөс “Чи бол тийм, ийм. Чи гэртээ сууж байх ёстой. Энэ бол зүгээр л үзэмж гэдэг үүднээс харьцсан. Тэр бол үзэмж биш шүү дээ. Тэр замаар зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүн явахгүй. Хүүхдээ түрж яваа хүн хүртэл явна. Тиймээс ямар ч насны хүнд зориулсан түгээмэл орчинг бий болгоосой. 

    -Тэргэнцэртэй иргэдийн дунд дээд боловсрол эзэмшсэн олон хүн байдаг юм билээ. Тэднээс та ч гэсэн суралцахыг хүсдэг байлгүй?

    -Тэгэлгүй яахав. Бидний дунд хоёр, гурван дээд боловсрол эзэмшсэн хүн олон бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нүдээ олсон дэмжлэг бол боловсрол олгох  юм. Тэгэхгүй болохоор эрүүл хүмүүс нь ажиллаж, тэргэнцэртэй иргэд нь зүгээр л гэртээ суугаад тэтгэмж авдаг байхаар шийдэгдээд байна. Боловсрол эзэмших, хөдөлмөрлөх гэдэг зүйлийг цогц болгож, шийдвэрлэх хэрэгтэй. Гадны нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ярьж байхыг би сонссон. “Би нутагтаа байхдаа өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж хэзээ ч боддоггүй байсан. Чөлөөтэй гарч ордог, хэнээс ч хараат бусаар хүссэн газраа очдог байсан. Гэтэл Монголд ирээд онгоцноос буунгуутаа хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ илүү их ойлгож мэдэрсэн” гэсэн. Энд нөгөө л түгээмэл орчингийн ялгаа л гарч байгаа юм. Ийм л болохоор бид түгээмэл орчинтой байхыг  үргэлж хүсдэг. Энэ зүйл бий болчихвол тэргэнцэртэй иргэд өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж бодохгүй. Би нэг үгийг хэлэх дуртай. Эгч маань надад “Би ганцаараа хөгжлийн бэрхшээлтэй биш шүү гэж бодож яваарай” гэж хэлдэг. Магадгүй ямар нэг байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болчихоод шаналж буй хүн байгаа бол “Та ганцаараа хөгжлийн бэрхшээлтэй биш шүү. Хэдий тийм байлаа ч нийгэмтэйгээ хөл нийлүүлэх эрч хүч, урам зориг, өөдрөг сэтгэлээ бүү гээгээрэй” гэж хэлье. 

                                                                                                                      Ярилцсан Г.Батцэцэг

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй