ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ж.Билгүүн: Сорогдогийн Жаргалсайхан хэмээх нэр Монголд өдгөө брэнд болсон байх

    Ж.Билгүүн 25 жилийн түүхтэй шоу бизнес, энтертэйнментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Avex компанид ажилладаг. Японы Беппү Их сургуульд суралцаж байхдаа тэдний хийсэн Чингис хаан кинонд продюсерийн туслах болон орчуулагчаар ажиллаж байсан. Тэрбээр хүүхэд байхдаа “Еэ эе шар Буд аа”, “Төрийн сүлд өршөө” зэрэг кинонд гол болон туслах дүрд тоглож байв. Түүний аав Монголын үргэлжилсэн үг, жүжиг, киноны нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайхан агсан билээ. Өдгөө тэрбээр Avex компанид зургаа дахь жилдээ ажиллаж буй. Хийсэн бүтээсэн зүйлтэй эгэл жирийн хэрнээ авьяаслаг, сэргэлэн залуу зочноор уригдаж, манай сайтын хойморт мориллоо.  

    Ж.Билгүүн: Япончууд надаас Монголчууд яах гэж эзэнт гүрнийг байгуулахаар олон аймаг нэгтгэв гэж их асуудаг

    -Ойрын өдрүүдэд зав гаргаж, цахим хуудсаар чинь зочиллоо. Та Японд ажиллаж, амьдардаг Монголчуудаа их дэмждэг бололтой?

    -Юуны өмнө намайг зочноор урьж, ярилцаж байгаад баярлалаа. Би Монгол хүн. Монгол нутгаа дэлхийд дуурсгаж, нэрийг нь өндөрт өргөж яваа элэг нэгт ахан дүүстээ тусалж дэмжихийг миний үүрэг гэж боддог. Тэднийгээ дэмждэг минь эх орон, аав ээж, найз нараасаа авсан хүмүүжилтэй минь холбоотой байх. Бид цөөхөн шүү дээ. Монголчууд эвтэй бие биеэ найрсгаар дэмжиж байвал өсөн дэвжих болно гэж итгэдэг.

    -Аавын тань ном зохиолын тухай өмнө нь мэдээгүй нэлээд зүйлийг цахим хуудаснаас чинь мэдэж авсан. “Чингис хааны нууц түүх” роман одоогоор хэдэн улсын хэл дээр хэвлэгдсэн бэ. Удахгүй Солонгос хэлээр хэвлэгдэх гэж байгаа тухай сонссон?

    -Одоогоор солонгос хэл дээр хэвлэгдсэн байгаа. Мөн уйгаржин монгол бичгээр хэвлүүллээ. Аавынхаа энэ зохиолыг Англи, Япон, Орос, Хятад хэл дээр хөрвүүлэн түгээхийг зорьж байгаа.   

    -Япончууд Монголын түүхийг хэр судалдаг бол. Тэр дундаа аавын тань түүхэн сэдэвтэй романууд тэдний сонирхлыг лав татдаг байх аа?

    -Япон үндэстэн түүхээсээ их суралцдаг. Тэд амьдралын хатуу, хэцүүг өөрийн биеэр даван туулж, түүхээ хойч үедээ уламжлуулан хадгалж ирсэн. Манай Монголын эзэнт гүрний түүх соёл өв уламжлалыг их сонирхдог. Миний ажигласнаар бол Монголын Нууц Товчоо, Хубилай хааны үеийн түүх бичмэл болон романыг уншин судалж байсан. Одоо бид Монгол хүнийхээ оюун ухаан сэтгэлгээ, ёс заншлаа дэлгэрүүлэхгүй бол энд Өвөрмонгол, Буриад, Казах зэрэг улс өөрсдийгөө Монгол хэмээн ярьж байна. Тэд бидний түүхийг үнэн гэхээсээ илүү өөрсдийн өнцгөөс харж Япончуудад мэдээлэл олгож байгаад сэтгэл дундуур явдаг. Хурал цуглаан, эрдэмтэн томоохон компанийн захиралуудтай уулзах үед Монголчууд яах гэж эзэнт гүрнийг байгуулахаар олон аймаг нэгтгэв гэж их асуудаг. Монголчууд биднээс өөр дэлхийн хэмжээнд сэтгэж хийсэн улс алга. Гэтэл бид ёс төдий шүтэх бус тэр их хүмүний амьдралын гол тэмцэл, үзэл санаа хоорондын мяндсан харилцааг хойч үедээ задалж өгөхгүй бол зүгээр л хөшөө мэтээр сэтгэх нь олон болж байна. Би Япон болоод Монголдоо “Чингис хааны нууц түүх” романаар дамжуулан хүмүүст хувь хүн талаас нь харуулах гэсэн аавын санааг өвлөж яваа. Үүнийг хэлбэрийн хувьд ямар нэг муухай талаас нь авч мушгих гэсэн хэсэг бүлэг хүмүүс бий. Гэхдээ тэдний тархиар хэзээ ч ийм охь болсон зохиол мэндлэхгүй. Тэд хээ нэмж, зургаа сольж тавихаас цаашлахгүй.        Нутгаа санахаараа аавынхаа зохиолыг уншиж, ээжтэйгээ ярьж тайвширдаг  

    -Таныг “Монгол хүн Монголын бахархал” нэвтрүүлгээр гарч байхыг харсан. Энэ нэвтрүүлгийн хэд дэх зочин болж оролцсон бэ. Монголчууд хаана ч очсон, ажиллаж байгаа салбартаа шилдэг нь байж чаддаг гэдгийг өөрийн тань ярилцлагаас ойлгосон. Японд ажиллаж. амьдраад та олон жил болжээ. Хэзээ эх орондоо ирж, хүний нутгаас өвөртөлж ирсэн эрдэм мэдлэгийн “эрдэнээ” задлах гэж байна даа?

    -Монгол хүмүүс гүйлгээ ухаан, амьдралд дасан зохицох чадвараараа дэлхийд тэргүүлнэ. Утаатай ч гэсэн Улаанбаатарт маань хөгжил өрнөж л байна. Энэ дэлхийд -30 хэм хүртэл хүйтэрдэг нийслэлтэй улс бол Монгол. Бид байгалийн болоод нийгмийн талаас  ямар хатуу чанга нөхцөлд амьдарч чаддагаа харуулж байна. Тамирчид хөлөндөө хүнд зүйл зүүж бэлтгэл хийж байгаад тэмцээнд ордог шиг манай улс хүнээ хүртэл шигшиж байна шүү дээ. Дэлхийн хөгжилтэй орны соёлтой, бас хариуцлагатай нийгэм хүний оюуныг дээдэлж хүндлэхээр Монгол хүний толгой илүү ажиллаж, ухаантай гэдгээ харуулж цахиур хагалж байна.Чингис хааны үед ч гэсэн Орос, Хятад улсаас хэд дахин бага хүнтэй байж ухааны гайхамшиг, биеийн хүчээр дэлхийн талыг буулгаж авсан биз дээ. Одоо ч Монголчууд оюун ухаан, биеэрээ хаана ч гологдохгүй, ганцхүү амьдарч, ажиллаж буй тухайн орондоо дасан зохицож, хууль ёс жаягийг нь баримтлах хэрэгтэй. Эх орон минь миний зүрхэнд лугшиж, цээжинд цохилдог. Тиймээс Япончуудтай хамтраад Монголынхоо хөгжилд тодорхой хувь нэмэр оруулаад явж байна. 

    -Өмнө нь би тантай ярилцсан хэрнээ ямар кинонд тоглон, дүр хэрхэн бүтээж байсан талаар чинь асууж байгаагүй юм билээ. Саяхан цахим хуудастаа тавьсан “Еэ Еэ шар будаа” гэдэг уран сайхныг киног үзэж жаал инээв? 

    -Та инээсэн бол энэ киноны юу хэлэх гэсэн утга учир нь гарч. Хүн хүүхэд байхдаа ямар ч хар муу санаагүй байдаг. Энэ зүйл Монгол оронд үгүйлэгдэж буй санаа юм шүү дээ. Нэг нэгэндээ итгэх итгэл, төр засагтаа хандах хандлага алдарч, бүгд баг зүүчихсэн, бие биеэ  үнэг чоно мэтээр ойлгож, хэн нь их идэх үү, бага идэх үү, чи хуураад идчихлээ гээд үлгэр шиг зүйл ярьж, өгүүлж байна. Кинонд Буд хүү гэр хороололд амьдарч, хойд эхийн хатуу шүрүүн занг тэвчиж өсдөг. Монголын нийгэмд ийм амьдрал туулж яваа хүүхэд олон бий. Энэ киногоор хүнд хэцүү амьдрал туулж байгаа хүүхдийн сэтгэлийг  харуулахыг зорьсон. Том хүмүүс энэ киног үзээд утга агуулгыг нь ойлгох тул цахим хуудастаа үзээсэй гэж тавьсан юм.    

    -Токиод хайртай, тэнд амьдрах дуртай хэмээн өгүүлж байсныг чинь санаж байна. Гэхдээ эх орон гэдэг ямар ч хүний зүрх сэтгэлд байнга бодогдож явдаг шүү дээ. Монголоо хэр санадаг вэ?

    - Японд 14 жил амьдарч байгаа ч би Монголоо үргэлж санадаг. Миний цохилж буй зүрх, судсаар минь урсаж буй цус эх орныхоо төлөө байдаг. Нутгаа санахаараа аавынхаа зохиолыг уншиж, ээжтэйгээ ярьж тайвширдаг. 

         Би хааяа Монголоо хэт их ярилаа гэж шүүмжлүүлдэг

    -Монголд хамгийн сүүлд ирэхдээ юун тухай их бодсон бэ. Токио бол дэлхийн хөгжилтэй, бас хамгийн өртөг өндөртэй орны нэг. Тэгэхээр эх орноо ч гэсэн түүн шиг хөгжүүлэх юмсан гэдэг бол танд тэр үед төрсөн л биз дээ?

    -Би ажил дээрээ зарим үед Монгол орноо хэт их ярилаа гэж шүүмжлүүлдэг. Эх орноо хүчирхэг Монгол болгож, нэг өдөр эд нарыг өөрсдөө гуйгаад иртэл нь хөгжүүлэх юмсан гэж боддог. Тэгэхээр Монголоо хөгжиж цэцэглэхэд өөрийн хувь нэмрээ харамгүй оруулах болноо.

    -Монголын хөгжлийг юу хойш их чангаадаг гэж  бодож байна?

    -Итгэл, хариуцлага бусдаа гэсэн энэрэнгүй хүмүүнлэг сэтгэл, ухаан, тэвчээр байхгүй болсон нь Монголын хөгжлийг хойш татдаг биз ээ. Энэ нь өөрийгөө бодсон, бусдаас хамааралгүй мэт авирлагчид олон болсонтой холбоотой байх. Түүнээс биш бид хийвэл чадна, Монголчуудад бололцоотой бүх зүйл бий. Харин бусдаас суралцах, бусдын үгийг сонсох, нэгнээ хүндэлж дээдлэх  сайхан монгол зан замхарч алга боллоо. Аливаа юманд өнгө мөнгө, гадаад үзэмжээр хандах хандлага эх орны хөгжлөөс хумслаад байна.  

    -Япончуудын олон сайн давуу чанараас суралцсан байх л даа. Тэд их энгийн хүмүүс шиг санагддаг. Монголчууд тэднээс хамгийн түрүүнд ямар зүйлийг сурвал хөгжих бол. Өөрийн тань ажигласнаар манайханд ямар соёл их дутагддаг вэ?

    -Японд бүх зүйл байгаа. Гэхдээ Монголд байхгүй биш л дээ. Гаргаж ирэх бэлтгэл нийгмийн үе шат маань одоо явагдаж байгаа тул бид бухимдаад байна шүү дээ. Монголчууд японтой яг адил болж байна. Энэ нь улс хөгжих зам руугаа явааг харуулж байна. Одоо жиших хэрэггүй, харин эдлэх ёстой, давах ёстой даваан дээрээ л явна.  Япончуудаас хамгийн түрүүнд авах хэдэн зүйл бий. Бид цаг баримталж чаддаггүй юм гэхэд “чадахгүй” гэж үнэн хэлж сурсан, бас хэлсэн үгэндээ эзэн болдог зангаас нь суралцвал тэднээс дутахгүй хөгжиж чадна.

                    Уурласан ч уучлах орон зайг үлдээдэг      

    -Ням гаригийг өөртөө зориулж, үр дүнтэй өнгөрүүлэхийг хүсдэг байлгүй. Юу ч хийхгүй унтаж өнгөрүүлэх таны дургүй зүйлийн нэг үү?

    -Юу ч хийхгүй унтах ч заримдаа сайхан. Гурваас дөрвөн цаг унтчихвал сайхан амралт болчихно.Оюун тархи маань ачаалалтай яваад байвал ядаргаанд орно шүү дээ. Үргэлж юм уншаад, юм бодоод явахаар хүний бие мах бодь, оюун ухаан амрах ёстой цагаа өөрөө үгүйлж сануулдаг. Сүүлийн үед миний өөрийн бүтээмж амьдралаа бүрдүүлэх нэг түлхүүр гэж боддог болсон.-Спортоор хичээллэх зав өөртөө хэр гаргадаг вэ?

    -Бямба, ням гаригт гэрийнхээ хажуугийн цэцэрлэгт очиж гүйдэг. Тэнд ирсэн хүмүүстэй  хааяа сагс тоглоно. Амарсан өдрөө иог хийнэ, усан санд сэлнэ. Ахлах сургуульд сагсан бөмбөг, усан спортоор гурван жил хичээлэсэн болохоор муугүй тоглочихно, бас сэлчихнэ.-Та Монголынхоо сүмо бөхчүүдтэй ойр дотно нөхөрлөдөг шиг санагдсан. Тэдэн дээр хааяа зочилж, ямар сэдвээр яриа өрнүүлж суух дуртай вэ?

    -Надад тэдэнтэй жирийн нэг энгийн яриа өрнүүлэхээс илүү Япон, Монголын нийгмийн тулгамдсан асуудлыг ярилцаж, Монголд юу хийх ёстой вэ, эх орныхоо ирээдүйн хөгжилд ямар зүйл хэрэгтэй байгаа талаар ярилцахыг хүсдэг. 

    -Монголд өвөл болж, ойрд хүйтэрч байна. Хааяа цастай мөстэй нутагтаа хөл тавьж, сайхан амрах юмсан гэж боддог уу?

    -Шинэ оноо Монголдоо угтах шиг сайхан зүйл хаана ч байхгүй. Ээжтэйгээ хамт шинэ жилийг сэтгэл өөдрөг угтах юмсан гэж боддог. Би одоо нас залуу байна. Баярлах, жаргах цаг мундахгүй. Харин ээжийгээ л баярлуулж, сэтгэл тэнэгэр явуулах л чухал гэж боддог.

    -Сүүлийн үед ямар бүтээл дээр ажиллаж байна вэ. Аавынхаа нэг зохиолыг жүжиг болгож толилуулахаар найруулагч Г.Цоггэрэлтэй хамтран ажиллах тухай коммэнт бичсэн байсан?

    -2001 онд бичсэн “Чингис хаан” жүжгийг нь энэ зун УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ахыг Токиод ирэхэд нь уулзаж, аавын минь хөдөлмөр, хүсэл шингэсэн нэг жүжгийг тайзнаа амилуулах талаас нь ярилцсан. Би цахим хуудастаа өөрийн амьдралд өрнөж буй зүйлсээ тавьдаг болохоор хүмүүст хүрнэ гэж найдаж байгаа.-Цаг хугацаа, он жил өнгөрөх тусам хүний зан чанар танигддаг. Билгүүн ямар зан чанар,хүсэл мөрөөдөл тэмүүлэл, зорилготой хүн бэ?

    -Миний зан чанарыг намайг хүрээлж буй хүмүүс үнэнээр нь хэлэх болов уу. Би тууштай зантай, амьдралд итгэлтэй, тэр бүр хүний үгээр яваад байдаггүй өөрийн гэсэн ертөнцтэй хүн. Өөрөө хийхээр зорьсон зүйлээ бусдаас туслалцаа авалгүйгээр хийдэг. Эрэгтэй хүн гэхэд өрөвч зөөлөн сэтгэлтэй, нэг шийдсэн бол шийдвэрээ өөрчилдөггүй. Хүмүүстэй ямарваа зүйл яривал цаг нөхцөөх гэж суух дургүй. Цаашлаад аялах дуу хүртэл сэтгэл сэргээх утга санаагүй бол дуулахгүй л гэж боддог хүн дээ. Хүний сэтгэлд нийцүүлэхий тулд өөрийн хүсэхгүй зүйлээ хүчлэн барьж хийх үнэхээр дургүй.

    -Муухай зан гаргасан хүнийг уучилж байсан удаа бий юу. Эргээд нөхөрлөхдөө хуучин шигээ байж чаддаг уу?

    -Би уурласан ч уучлах орон зайг үлдээдэг. Хамгийн гол нь хүн өөрийн алдаанаас суралцаж, түүгээрээ дамжуулан дараа нь юу хийхгүй байх ёстой вэ гэдгээ мэддэг байх ёстой. Буруу зүйл хийчихээд “Уучлаарай” гээд яг хэвэндээ яваад байдаг хүмүүсийг ойлгодоггүй. Уучлал бол хамгийн хүнд хэрнээ амархан. Харин итгэл нэг алдарсан бол нөхөж болохгүй гэж үздэг. 

    -Та ч бас найз нөхдөө гомдоож байсан л биз. Нэг удаа “Хүн өөрөөсөө ч хүртэл нууж явдаг үгээ хамгийн сайн найздаа хэлж чаддаг юм билээ” гээд хэлж байсан чинь гэнэт санаанд буулаа л даа?

    -Гомдол дунд өөрийн сэтгэл санаа үнэн гардаг. Гомдлоос дамжиж, хүний тэр хүнд хандах үнэн төрх илэрдэг. Бүтэхгүй зүйл их ярьдаг, ойлгох сэтгэлгүй хүнтэй бол заавал нөхөрлөх албагүй. Амьдрал богинохон. Үлгэр шиг зүйл яриад явдаг хүмүүс байдаг. Амьдрал хүнээс заримдаа тэвчээр гаргахыг шаарддаг. Харин зорилго бол хүмүүсийг хооронд нь бат холбож чаддаг гэж төсөөлж байна.   

    Аавын минь тухай ярихад Токиогийн гудамжинд би нулимс унагасан

    -Өөрийн нэрээ уншигчдад брэнд болгож чадсан аав шиг ээ хүн болохыг зорьдог гэж байсан. Тиймдээ ч  таныг аавынхаа уран бүтээлийг үргэлжлүүлж яваа гэж боддог?

    -Аав маань оюун ухаанаа булаг мэт ундруулж байсан хүн. Амьдралын замнал хийсэн бүтээсэн зүйлээрээ гангарах бус ухаантай, даруу, бас тэвчээртэй хүн байсан. Саяхан аавын минь дотны анд Ү.Хүрэлбаатар ах Токиод оюуны өмчийг хамгаалах байгуулага JASRAC-ийн 75 жилийн ойн хуралд ирж, хоёр өдөр суугаад буцсан. Би Дэлхийн Хайкугийн холбооний ерөнхийлөгчтэй уулзах уулзалтыг нь мөн түүний дараа MEIJI дээд сургууль дээр болсон хайкугийн шүлэгч нарийн уулзалтад тусалж орчуулга хийж өгсөн. Түүнийг аавын минь тухай ярихад Токиогийн гудамжинд би нулимс унагасан. Яагаад ч юм аавын минь хийсэн бүтээсэн бүхэн нь намайг “Чи сайн явах ёстой миний хүү. Алдвал аавынх нь анд найз нар чамайг түшнээ. Миний хүү огтхон ч гудайж болохгүй шүү” гэх шиг санагдсан. Монгол бахархлын өдөр аавын бичсэн “Үхэж үл болно Чингис хаан” кино гарсан. Сорогдогийн Жаргалсайхан хэмээх нэр Монголд өдгөө брэнд болсон байх. Хэрвээ аавд амьд сэрүүн байхад нь ингэж хэлсэн бол уурлах байсан болов уу. Гэхдээ хүү нь  аавынхаа тухай ярихгүй бол хэн ярих билээ дээ. Би хийж буй ямарваа зөв зүйлээ хүмүүст хүртэл нь ойлгуулахыг боддог. Тиймээс аавынхаа хийгээгүйг хүү нь хийнэ.

    -Хамгийн сүүлд юун тухай өдрийн тэмдэглэл хөтөлсөн бэ. Олон жилийн өмнө бичсэн өдрийн тэмдэглэлээ сөхөөд үзэхэд дараа нь хэрэгжүүлж болох хэрэгтэй зүйл байдаг уу?

    -Маргаашдээ үлдээх юмтай хүн өдрийн тэмдэглэл хөтөлж, дараа нь эргэцүүлдэг байх. Миний хувьд өдрийн тэмдэглэл хөтлөхөөс илүү өнөөдөр юу хийх хэрэгтэй вэ гэдгээ сайн боддог. Би маргаашаар амьдрах дуртай, маргааш түүнээсээ дээр гишгэхийн төлөө л бодож, сэтгэж амьдрах ёстой.

    -Хамгийн сүүлд ямар кино үзсэн бэ. Амьдралд хэрэг болох зүйлийг киноноос ч гэсэн олж харж чаддаг байх. Үзсэн кино чинь ямар бодол төрүүлэв?

    -“ FURY” хэмээх Брэд Питийн тоглосон киног үзлээ. Би түүх, дайны үеийн ном зохиол, баримтат кино үзэх дуртай. Энэ бүхэн бас л аавтай минь холбоотой. Намайг бага байхад аав хамт кино үзнэ, ном уншина. Аав намайг дэргэдээ суулгаж байгаад үзсэн кино, уншсан номынхоо тухай ярьдаг байлаа. Тэр нь миний хувьд хичээл болсон гэж боддог юм. Энэ киноноос цэрэг хүн дайн, байлдаанд үхэх, амьд үлдэх нь жирийн хүний амьдралд төсөөлөгдөхгүй аймшигтай байдаг юм байна гэдгийг ойлгож авсан. Кино болгон өөрийн гэсэн өнгө аястай байдаг. Гэхдээ хөөс шиг кино үзэх цагийн гарз шүү.

       

    Сайхан байлгах гэж хичээдэг минь миний ээждээ өгч буй хамгийн сайхан бэлэг

    -Жил бүр ээжийнхээ төрсөн өдрөөр гоё бэлэг илгээдэг гэж байсан. Энэ жил ээждээ ямар бэлэг өгсөн бэ?

    -Нэг найзаараа ээждээ цэцэг явуулсан. Мөн хэдэн ном борлуулаад түүгээрээ дуртай юмаа аваарай гэсэн. Манай ээж их амархан баярлаж, амархан гомддог хүн. Ээжийгээ үргэлж сайхан байлгах гэж хичээдэг минь миний ээждээ өгч буй хамгийн сайхан бэлэг минь байх.  

    -Хэдийгээр Японд амьдарч байгаа ч өөр улс гүрнээр аялах хүсэл төрдөг үү. Тэгвэл ямар газрыг хамгийн түрүүнд очиж үзэх вэ?

    -Өмнө нь  Орос, Солонгос, АНУ, Австралид очиж байсан. Одоо бол Египет, Африк, Мехсик рүү аялж үзмээр санагддаг. Магадгүй аавынхаа төрсөн нутаг болох Хөвсгөлийн Ханх суманд очиж, сурч байсан сургуулиар нь орж, нөхөрлөж байсан найзуудынхаар нь зочлох төлөвлөгөөтэй байгаа.  -Та үсэндээ анхаарал их тавьдаг. Токиогийн ямар салонд очиж үсээ засуулдаг бол гэсэн сониуч бодол төрөөд байна л даа?

    -Үсний засалт бол миний имиж юм даа. Манай гэрийн ойролцоо AKASAKA хэмээх салон бий. Миний үсийг ингэж засаарай гэсэн санааг хамгийн сайн ойлгодог нэг үсчин тэнд ажилладаг юм. Дахиад очихоор надаас “Энэ удаа өмнөхтэйгээ адил уу, эсвэл өөрчилж, өөр хэлбэртэй засуулах уу” гэж асуудаг юм. Би гэрээсээ үсээ янзлахгүй гарна гэж хэзээ ч байхгүй шүү.

    -Лади Гага, Моданнаг Токиод урьж тоглуулах бодол бий гэж ярьж байсан. Энэ асуудал бүтсэн үү?

    -Яригдаж л байна. Саяхан дэлхийд томоохонд ордог ULTRA MUSIC JAPAN-ыг манай компани амжилттай зохион байгууллаа. Одоо Katy Perry-г Тайваньд тоглуулах талаар ярьж байгаа. Манайх Индонезэд тоглуулах гэтэл лалын шашны улмаас тоглуулж чадаагүй байна. Английн компани АНУ-ын компаниудтай дараа жил тоглогдох боломжтой эсэх талаар ойрд ярилцаж байгаа. Одоогоор Сингапур, Тайваныг хариуцан ажиллаж байгаа болохоор юм юм л хийж байна даа.

    -Өөртэйгээ ярилцах цаг гаргадаг байлгүй. Хамгийн сүүлд дотоод ертөнц тань танд юу гэж зөвлөсөн бэ?

    -Өөрөө өөртэйгээ ярьдаг зүйлээ хүнд хэлнэ гэдэг амар биш санагдаж байна. Би Монголд хэрэгтэй хүн болсон болов уу, үгүй болов уу гэж ойрд өөрөөсөө асууж байгаа.

    -Аавын тань ямар захиас сэтгэлд чинь хоногшиж үлдсэн бэ?

    -“Хүн хүнээрээ л байх шиг сайхан юм үгүй” гэж аав минь хэлдэг байсан. Энэ үгийг нь хойшдоо ч баримталж явна.

    -Удахгүй шинэ жилийн баяр дөхөж байна. Японд шинэ жилийн баярыг найзуудтайгаа сайхан тэмдэглэж өнгөрүүлдэг үү?

    -Монголчуудын, найз нөхдийн, мөн ажиллаж буй байгууллага, япон найз нөхдийн гээд дөрвөөс зургаан баяр тэмдэглэх байх. Шинэ жилийн баяр сайхан. Шинэ оноо угтаж, дараа жилд нэг зорилго тавих маш сайхан баяр болдог.

          

     Өөртөө даалгавар өгчихөөд бүтээх гэж 365 хоног хичээдэг

    -Цагийн зүүтэй уралдан он солигдох мөчид хүслээ шивнэсэн удаа бий юу. Ер нь хүсэл тань биелж байв уу?

    -Хүслээ шивнэх гэхээсээ илүү өөртөө даалгавар өгдөг. Түүнийгээ марталгүй бүтээх гэж 365 хоног хичээдэг. Энэ жилийн үлдсэн өдрүүдэд амжиж бүтээгээгүй зүйлээ дуусгана. Гэхдээ ихэнх нь бүтсэн шүү.

    -Ирэх онд хийхээр төлөвлөсөн зүйлээсээ товчхон сонирхуулаач?

    -Ирэх жилийн хоёрдугаар сард Хавай явж “Чингис хааны нууц түүх” романыг дахин хэвлүүлнэ.Монгол хүнийхээ үүргийг гүйцэтгэж Япончуудтай хамтран олон ажилд үр бүтээлтэй оролцоно. Тийм ээ, би Монголынхөө төлөө зүтгэнэ.   

    Сорогдогийн Жаргалсайханы Билгүүн  Япон Токио 2014 он 12 сарын 10

                                                                                          Ярилцсан Г.Батцэцэг

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй