Автомашин, мотоциклийн олимп буюу 36 дахь удаагийн “Дакар ралли”-д Монголоос энэ жил анх удаа автомашины төрөлд ОУХМ Н.Лхамаа багийнхантайгаа дэлхийн олон орны тамирчидтай хурд, авхаалж самбаагаа сорих гэж байгаа. Мотоциклийн төрөлд уралддаг байсан Монгол тамирчдын хувьд энэ тэмцээнд автомашинтай уралдана гэдэг мөрөөдөл мэт санагддаг байсан цаг саяхан. Тэгвэл Монгол тамирчдын хүсэл, зорилго Унгарын “Uniga Sandlander” багийн ахлагч Шондар Себястьяны тусламжтайгаар мөдхөн биелэх нь ээ.
Ө.Бямбацогт: Автомашин дээрх лого, зураг манай тамирчдын зорилго тэмүүлэл
-Автомашинаар уралддаг тамирчдын догдлон хүлээдэг “Дакар ралли 2015” тэмцээн сарын дараа эхлэх нь. Монголын тамирчдын багаараа оролцох автомашиныг та спортын мастер Б.Батболдын хамт Францад хүргээд иржээ. Автомашинаар тив дамнаж, алс зам туулна гэдэг амаргүй. Явсан газрынхаа сонин хачнаас яриач?
-Бид уралдааны арын албанд явах механикийн багийн автомашиныг Монголоос Францад хүргэх үүргээ амжилттай гүйцэтгээд ирлээ. Унгараас цааш Европын орнуудын нутгаар 10.000 км зам туулж зорьсон газраа хүрсэн. Миний хувьд дэлхийн олон орны тамирчид уралддаг Дакар Ралли тэмцээнд анх удаа оролцох гэж байна. Тэмцээнд 431 дугаартай автомашины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр надтай хамт спортын мастер Б.Сүрэндорж уралдах юм.
-Монголд болдог автомашин, мотоциклийн тэмцээнд та байнга оролцдог туршлагатай тамирчин. Тэмцээнд гаргасан амжилтууд чинь энэ уралдаанд оролцох боломж олгосон байх л даа?
-Би 2001 оноос эхэлж, авто спортоор идэвхтэй хичээллэж байгаа. УАШТ болоод Азийн аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа амжилттай оролцсон. Тэмцээнүүдэд өөрийн төрсөн ах ОУХМ Ө.Бямбадэлгэрийн хамт нэг баг болж оролцдог юм.
-Автомашины уралдаанд чиглүүлэгч ямар үүрэг гүйцэтгэдэг юм бэ. Жолооч хэр амжилттай уралдах нь чиглүүлэгчээс хамаардаг тухай өмнө нь сонсож байсан л даа?
-Автомашины уралдаанд чиглүүлэгч хүн хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг. Уралдаж буй автомашинд хэдэн метрийн цаана саад бартаа гарч ирж байгааг зургаас урьдчилан харж уншаад жолоочдоо хэлж зөвлөнө. Жолооч зөвхөн чиглүүлэгчийн зааснаар уралддаг. Уралдааны тактикийг багаараа боловсруулж, богино хугацаанд зөвлөлдөн ярилцаж тэмцээнээ үргэлжлүүдэг.
-Автомашины уралдаан сонирхогчдын сонирхлыг уралдах автомашины чинь загвар, лого их татаж байгаа нь анзаарагдсан. Төрийнхөө дууллыг уйгаржин монгол бичгээр бичсэнийг хараад үндэснийхээ түүх соёлыг сурталчлах зорилго тавьжээ гэж ойлгосон?
-Дэлхийн олон орны тамирчид өрсөлддөг энэ тэмцээнд Монголын маань нэр гарна. Бидний зорилго спортоор дамжуулж, эх орноо дэлхийд сурталчлах нэг алхам юм. Автомашин дээрх лого, зураг манай тамирчдын зорилго тэмүүлэл, бас хүсэл мөрөөдөл. Бид энэ бүхэнд сэтгэл их гаргасан. Манай багийнхнаас гадна бидэнд зөвлөдөг найз нөхөд, дүү нарын сэтгэл, хөдөлмөр, зүтгэл ч бас шингэсэн.
-Олон орны хүмүүс Монголын автомашиныг хараад гайхан сонирхож, бас бахархсан биз?
-Бид Унгарын тамирчидтай хамтран нэг баг болж тэмцээнд уралдана. Манай автомашин бусдад орныхоос хамгийн загварлаг нь байсан болохоор гадаадын олон иргэн, тамирчны анхаарлыг татсан. Автомашин сонирхдог хүмүүс бидэнтэй танилцаж, найз нөхөд болох санал тавьж байлаа. Монгол Улс агуу түүхтэй, ухаалаг ард түмэнтэй. Спор бол олон улсыг нэгэн дээвэр дор холбодог гүүр шүү дээ. Бид өвөг дээдсийнхээ үлдээсэн өв соёлыг дэлхийд, спортын төрөлд ч сайнаар харуулах ёстой.
-Монгол орон эрс тэрс уур амьсгалтай. -38 хэмийн хүйтэнд амьдардаг тамирчид маань дулаан орныг зорьж +38 хэмийн халуунд уралдана. Уур амьсгалд нь дасан зохицоход бие, сэтгэлзүйгээ хэрхэн бэлдсэн бэ?
-Тамирчин хүн ямар ч нөхцөлд дасан зохицож чадах хатуужил тэвчээртэй байх ёстой. Бид энэ тал дээр өөрсдийгөө сайтар бэлтгэж чадсан. Уралдааны бэлтгэл сургуулилтаа ч чамлахааргүй базаалаа. Багаараа нэгдмэл зорилготой, нэг хүн шиг байж бүх хүчээ дайчилж оролцоно.
-Унгарын “Uniga Sandlander” баг Дакар Ралли уралдаанд ангилалдаа дээгүүр ордог. Энэ багийн ахлагч Шондар Себястьянтай танилцсан та нарын түүх их сонирхолтой санагдлаа?
-Бидний анд болох нөхөрлөлийн эх суурийг ОУХМ Н.Лхамаа тавьсан. Нөхөрлөлийг маань итгэл, найдвар, зорилго тэмүүлэл, хүсэл мөрөөдөл холбож байгаа. Өнгөрсөн жилийн Дакар Ралли уралдаанд Н.Лхамаа, Б.Батболд нар оролцохдоо түүнтэй танилцсан юм билээ.Тэднийг танилцаж нөхөрлөхөд Лхамаагийн аав их нөлөөлсөн. Азийн орнууд уг уралдаанд цөөн оролцдог. Тэр дундаа Монголчууд энэ тэмцээнд уралдаж байгаа түүнд их сонирхолтой, билгэшээлтэй санагдсан гэдэг. Унгарчууд өөрсдийгөө Хүннүчүүдээс гаралтай, Монголчуудын удам гэж үздэг гэсэн. Түүний хүүхдүүд төрөхдөө хөх толботой төрсөн нь бидэнтэй нөхөрлөхөд түлхэц өгсөн байх. Өнгөрсөн жилийн тэмцээнд ОУХМ Н.Лхамаагийн аав хүүгийнхээ унаж уралдсан мотоцикль болон механикийн машиныг Франц руу хүргэхээр явахдаа Шондар Себястьянтай танилцаж, хүүгээ Монголоос оролцох гэж байгаа тухай ярьсан юм билээ. “Дакар ралли 2014” уралдаан эхлэх үеэр тэрбээр Н.Лхамаагийн багийнхныг олж уулзсан. Өнгөрсөн долдугаар сард Монголд зочилж, манай тамирчдад автомашинаар уралдах санал тавьсан юм.
-Эрчүүд хэцүү зүйл рүү тэмүүлж, эрсдэлтэй спортод дурлах юм аа. Гэр бүл тань таныг уралдахыг сонсчихоод эхэндээ тийм ч таатай хүлээж аваагүй л байх, тийм үү?-
-Авто, мото спорт эрсдэл ихтэй. Гэхдээ эрсдэлээс айж байна гээд хүсэл мөрөөдлөө зэврүүлж, зорилго тэмүүллээсээ шантарч буцвал амжилт хэзээ ч гаргахгүй. Тамирчин хүнийг амжилт гаргахад сэтгэлзүйн дэмжлэг ихээхэн нөлөөдөг. Бэлтгэл сургуулилт хийх, тэмцээн уралдаанд оролцоход ар гэрийн бүх ажлыг гэр бүл маань зохицуулдаг. Хэрвээ ойлгож дэмждэггүй байсан бол би энэ тэмцээнд оролцох тухай ярихгүй л болов уу. Орон гэрээ олон хоног хаяад автомашинтай уралдана гэдэг амаргүй. Тамирчин хүний гэр бүлээс спортын орчин тэвчээртэй байхыг шаарддаг. Намайг ямар ч үед сайн ойлгож, тэмцээнд оролцох боломж олгодог гэр бүлдээ баярладаг юм.
-Та найз нөхдөө автомашины спортод хөл тавиулах гэж уриалдаг уу?
-Уриалдаг, уриалдаг. Найз нөхөд маань түрүүчээс автомашины уралдаан сонирхоод, тэмцээнд оролцдог болж байгаа. Миний хувьд тэднийгээ сайн дэмждэг. Өөрийн мэдэх чадах зүйлээр тусалж, тэмцээнд хэрхэн уралдах талаар харамгүй зааж зөвлөдөг.
-Дакар Ралли таны мөрөөдөл байв уу?
-Тийм ээ. Авто спорттой нөхөрлөсөн үеэсээ л мөрөөдсөн. Олон жил бодсон хүсэл минь энэ жил биелж байгаад баяртай байна. Энэ тэмцээн зөвхөн ганц минийх бус авто спорт сонирхдог олон орны тамирчдын хүсэл юм.
Н.Лхамаа:Дакар Раллид автомашинтай уралдана гэдэг миний мөрөөдөл байсан
-Дакар Ралли тэмцээний тов гарчихлаа. Монголын маань тамирчид энэ сарын 18-нд Францыг зорино. Таны сэтгэл догдолж байна уу?
-Тэмцээний товлосон хугацаа өдөр ирэх тусам ойртсоор байгаа болохоор сэтгэл их хөдөлж байна. Би өмнө нь энэ тэмцээнд мотоциклийн төрөлд уралдаж байлаа. Харин автомашинаар анх удаа уралдах гэж байгаадаа нэг л итгэж өгөхгүй байна. Товчхон хэлбэл надад энэ бүхэн мөрөөдөл минь байсан болохоор зүүд зэрэглээ мэт санагдсан.
-Энэ тэмцээн танаас авьяас мэдрэмж, ур чадвар, туршлага гээд нэлээд зүйл шаардах нь дээ?
-Багаараа оролцох болохоор өмнө тулгарах саад бэрхшээлийг даван туулж чадна гэж бодож байна. Бид уралдах автомашин дээрээ төрийн сүлдээ зурж, төрийн дууллаа монгол бичгээр бичсэн. Дакар Раллид уралдах олон орны тамирчид Монголын автомашиныг харчихаад “Ямар гоё загвартай автомашин бэ” гэж гайхаж, их сонирхсон гэнэ лээ. Хүн хаана ч явсан эх орноо сэтгэл зүрхэндээ тээж явдаг. Бид ч гэсэн уралдаанд оролцохдоо Монголчуудтайгаа хамт уралдана хэмээн бодож энэ бүхнийг сэдсэн. Биднийг хаана ч очсон дэлхийн улс орнууд Монголчууд гэж таних биз ээ.
-Монголын тамирчдад Дакарт уралдах санал тавьсан Унгарын алдартай тамирчин Шондар Себястьянтай аав тань танилцсанаар танд сайхан боломж олджээ гэж ойлгож болох уу?
-Тэрбээр 2013 оны арваннэгдүгээр сарын 21-нд Дакар Раллид оролцохоор техник механикийн автомашинаа хүлээлгэж өгч байхдаа аавтай танилцсан гэдэг. Аав түүнд Аргентинд очихдоо манай хүүтэй танилцаарай гэж хэлсэн юм билээ. Миний хувьд ааваараа дамжуулж түүнтэй танилцан, анд нөхөд болсон. Өнгөрсөн долдугаар сард Монголд аялал жуучлалаар ирэхдээ бидэнтэй уулзаж, Дакар Раллид уралдах санал тавьснаар мөрөөдөл минь ийн биелж байна. Монголын түүх соёл, ёс заншлыг сонирхож судалдаг тэрбээр зан чанарын хувьд энгийн, нээлттэй, наргианч бас хөгжилтэй хүн.
-Аав тань авто спортоор хичээллэдэг байв уу. Эсвэл өөр мэргэжилтэй хүн үү?
-Манай аав спортын хүн биш ээ. Гадаад харилцааны яаманд дипломатичаар олон жил ажилласан Намчин гэдэг хүн бий. Аав маань миний уралдахын харах гэж хааяа дагаж явдаг. Намайг авто спортоор хичээллэхэд аав эхэндээ дуртай байгаагүй л дээ.Анхныхаа тэмцээнд ааваасаа нуугдаж оролцоод мөнгөн медаль хүртсэн. Тэр цагаас хойш гэрийнхэн маань намайг ойлгож, дэмждэг болсон шүү.
Б.Сүрэндорж: Ямар ч саад бэрхшээл миний хүсэл, тэмүүллийг мохоож чадаагүй
-Танд Дакар Раллид уралдах боломж тохиожээ, баяр хүргэе. Сэтгэл их догдолж байгаа чинь анзаарагдаад л байна?
-Олон тамирчны дундаас намайг сонгож, ийм сайхан боломж олгосон ОУХМ Н.Лхамаа ахдаа баярлалаа. Би хүүхэд байхаасаа авто спорт сонирхсон. “Батхүлэг” УАЗ 469 автомашины уралдааныг дурлаж их үздэг байсан маань хожим тамирчин болоход нөлөөлсөн. 2008 оноос эхэлж УАЗ 469 автомашинаар уралдаж, тэмцээнд жил бүр оролцох болсон. Манай гэрийнхэн намайг авто спортын тамирчин болж, тэмцээнд уралддаг байсныг эхэндээ ер мэдээгүй. Эхнэр маань мэддэг ч манайханд хэлэлгүй нэг хэсэгтээ нуусан. Тэмцээнд уралдаж байхдаа Н.Лхамаа ахтай танилцаж билээ. Өнгөрсөн зун бид Замын-Үүдийн чиглэлд болсон дугуйн уралдаанд хамт оролцсон юм. Тэрбээр надад Дакар Раллид уралдах талаар санал тавьсан. Дакар Ралли бол дэлхийн авто спорт сонирхогчдын хамгийн алдартай тэмцээн. Үүнд оролцоно гэдэг тамирчин хүний хувьд ховор аз. Хүсэл маань биелэх, бас хообийгоо хөгжүүлэх тэр баярт мөч ойртож байна. Би тэмцээнд чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс англи хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлж, автомашины бүх таних тэмдгийг цээжилж байгаа.Өөрөөс шалтгаалах хувийн бэлтгэлээ сайтар базаалаа. Бидэнд одоо уралдах л үлдлээ дээ.
-Азиас Монголоос гадна ямар улс энэ уралдаанд оролцох вэ?
-Энэ жил Хятадын тамирчид оролцохоор бүртгүүлсэн байна лээ. Өмнө нь Азийн орнуудаас Монгол, Японы тамирчид оролцдог байсан. Энэ удаа ч бас өрсөлдөнө. Монголынхоо тамирчдыг энэ уралдаанд амжилт үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа. Япончууд Монголд жил бүр “Монгол Ралли” тэмцээн зохион байгуулдаг. Тиймээс Дакар Раллид уралддаг Японы тамирчдыг бид сайн танина. Тэдэнтэй бид анд нөхдийн харилцаатай байдаг.
-Монголынхоо тамирчдыг ивээн тэтгэж буй байгууллага хэр олон байх юм?
-Одоогоор уралдах багийг маань ивээн тэтгэсэн байгууллага алга. Бид өөрсдөө л бүх зүйлээ гаргаж байна. Уралдах шинэ автомашиныг “ Uniga Sandlander” компани өгсөн. Манай тамирчдын арын албанд зүтгэх механикийн автомашиныг Францчууд харчихаад “Монголчууд зоригтой юм.Тэдний ямар хол зам туулж энд ирсэн зүрх сэтгэл, зорилгоор нь бахархаж байна” гэж ярьсан гэнэ лээ. Бид уралдах автомашин дээрээ Монголын газрын зураг, Бөртө чонын зургийг зурж, Миний Монгол хэмээн бичсэн нь их учиртай. Энэ нь Монголчууд Ази тивийн цээжинд оршдог улс, эцэг өвгөдийн маань дээдэлж ирсэн Бөртө чоно бол бидний шүтээн, бас эр зориг, омогшил, эрч хүч, дайчин байдал юм гэдгийг гадаадын олон орны тамирчдад харуулах, бас уралдаанаараа мэдрүүлэхийг зорьсон юм.
-Авто спортод хөл тавиад хэр амжилт гаргав?
-Би 2013 онд болсон тэмцээнээс хоёр ч удаа алтан медаль хүртсэн. Олон улсын тамирчид оролцдог “Цайны зам” авто раллид оролцож мөн түрүүлсэн. Анх авто раллид уралдах ямар хэцүү юм бэ, замын донсолгоонд элэг бөөр, зүрх сугарчих дөхлөө” гэж халширч байлаа. Түүнээс хойш ямар ч саад бэрхшээл миний хүсэл тэмүүллийг мохоож чадаагүй. Намайг тэмцээнд түрүүлээд, алтан медаль хүртэх үеэс гэрийнхэн маань дэмжиж, энд тэндхийн компаниуд ч тоож эхэлсэн. Би “Дельта”авто сервис компанийн тамирчин. Нэр дээр нь 2008 оноос хойш өнөөг хүртэл уралдаж байгаа. Спортод дуртай Монголынхоо ард түмнийг бидний уралдааныг үзэж, сэтгэл зүрхээрээ дэмжинэ гэдэг итгэж байна.
“Дакар Ралли 2015 тэмцээнд” эх орноо төлөөлж уралдах та бүхэнд спортын өндөр амжилт хүсье. Эргээд ирэхэд тань дахин уулзъя.
Г.Батцэцэг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт