Хавдар Судлалын Үндэсний Төвийн эмэгтэйчүүдийн хавдар судлаач, анагаах ухааны доктор, профессор М.Ариунболдыг “Эрүүл мэнд” буланд урьж, эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог умайн хүзүүний хавдар өвчин, хавдрын өвчлөлийг багасгахад эрүүл мэндийн салбарт дорвитой ахиц гарахгүй байгаа шалтгаан, мөн энэ өвчнөөс охид бүсгүйчүүд хэрхэн сэргийлж, эрүүл явах талаар ярилцлаа.
-Та эмэгтэйчүүдийн хавдар судлаач мэргэжлээр олон жил ажиллаж байна уу?
-Би Анагаах ухааны дээд сургууль 1978 онд дүүргээд, ХСҮТ-д мэргэжлээрээ өнөөг хүртэл ажилласан. Тухайн үед эх барих эмэгтэйчүүд, хавдар судлал, эмэгтэйчүүдийн хавдар судлаач мэргэжил эзэмшсэн анхны эмч нарын нэг. Мэргэжлийнхээ чиглэлээр хорт хавдрын онолын асуудал, эмэгтэйчүүдийн өвчнийг илрүүлэн оношилж эмчлэх эмчилгээний талаар судалгаа хийж, эрдмийн зэрэг хамгаалан, анагаах ухааны доктор, профессор цол хүртсэн.
-Судалгаа хийх явцдаа та эмэгтэйчүүдийн өвчнөөс умайн хүзүүний хавдрын тухай олж мэдсэн зүйл их биз?
-Монголд зүрх судасны өвчин тэргүүлж яваа, хоёрдугаарт хавдрын өвчнүүд орж байна. Энэ нь нийгмийн хөгжилтэй холбоотой. Монгол Улс хавдар тэр дундаа эмэгтэйчүүдийн умайн хавдраар судалгаа сайн хийгдсэн орон. Одоогоор манай улсад элэг, уушиг, ходоод, умайн хүзүү зэрэг таван төрлийн өвчин байрлалаа өөрчлөлгүй зонхилж буй. Монголд судлагдаад бүрэн эмчлэгдсэн нэг өвчин бий, тэр бол умайн хүзүүний хавдар. Умайн хүзүүний хавдар өвчин 30-45 насны эмэгтэйчүүдэд голдуу зонхилдог. Үүнийг оношилж эмчлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ өнөө үед улам боловсронгүй болсон. Хавдар гэнэт хэзээ ч үүсдэггүй. Заавал тодорхой үе шат дамждаг. Өвчний урьдал үед эмчлүүлэхгүй удаан хугацаанд даамжируулснаас хожуу хэлбэрт шилжиж хорт хавдар үүсдэг. Хавдар хэдэн үе шат дамжиж үүсдэг тул эрт оношлуулж, эмчилгээ хийлгэвэл бүрэн эдгэрэх боломжтой. Нэгдүгээр үе шатанд нь эмчлүүлсэн хүн тав буюу түүнээс дээш жил амьдарвал хорт хавдар бүрэн эмчлэгдсэн гэж үздэг. Тэгэхээр эдгэрэх боломж нь 80 хувь юм. Харин дөрөвдүгээр үед орвол хүндэрсэн гэсэн үг.
-Умай хүзүүний хавдар өвчин газар авч буй талаар байнга ярих юм. Эсвэл урьдал өвчний илрэлт их байгааг хүмүүс ингэж ойлгоод байна уу?
-Сүүлийн үед эрүүл мэндийн салбарт өвчтнүүдийг хэт айлгах, эсвэл тайвшруулах байдал газар авч байна. Ямарваа нэгэн өвчнийг хэт ихэссэн мэтээр хүмүүст айдас төрүүлж ярих нийгэмд хор уршигтай. Зөвхөн ганц умайн хүзүү гэлтгүй хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэхэд иргэдийн эрүүл мэндийн суурь мэдлэг хэрэгтэй болоод байна. Хүмүүс өөрийнхөө төлөө санаа тавьж, эрүүл мэндийн боловсрол эзэмшихгүй байгаа нь өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудлын нэг болсон. Эрүүл мэндийн боловсрол энгийн зүйлээс эхэлдэг. ЕБС-ийн сурагчдад бэлгийн замын өвчин, ДОХ-оос сэргийлэх талаар заадаг ч үр дүнд төдийлэн хүрдэггүй. Тэгэхээр эрүүл амьдрах арга, ухааныг төлөвлөгөөтэй заах нь зүйтэй санагддаг. Хавдар өвчин газар авахаасаа илүү эрт үеийн илрүүлэлт ихсэж байна. Хүн өөрийн эрүүл мэндэд юу юунаас илүү хариуцлагатай ханддаг байх хэрэгтэй. Эрүүл амьдрах ухааныг амьдралдаа чухал зүйл болгож хэрэгжүүлж заншмаар байна. Хүмүүс хүүхдүүддээ эрүүл мэндийнхээ төлөө эмчээс зөвлөгөө авч сурах дадалд сургах ёстой юм. Монголчууд хэзээ ч өвчлөхгүй юм шиг бодож, хэнэггүй амьдардаг.
-Монголд эмэгтэйчүүдийн эмч, эмнэлэг олон бий. Гэтэл охид, бүсгүйчүүдийн өвчлөл жилээс жилд нэмэгдээд л байх юм?
-Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн хавдар судлалын практикт умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх эсийн шинжилгээний арга нэвтэрсэн хэдий ч хавдрын өвчлөлийг багасгахад дорвитой ахиц гарахгүй байна. Азийн орнуудаас олон сая хүн амтай Тайланд, Сингапур, Япон улсад бол 100 сая хүнд 10 мянган мэргэжлийн эмч үзэж оношлоод эмчилдэг. Иргэддээ хавдрын урьдал өвчнөөс хэрхэн сэргийлж болох талаар зааж, зөвлөгөө өгдөг. Энэ өвчнийг эмчлэхэд багаж, тоног төхөөрөмж, эмч, эмчилгээ Монголд дутагдаагүй, харин эрүүл мэндийн зөв зохион байгуулалтын асуудал дутагдаж байгаа. Монгол эмч нар багаж, тоног төхөөрөмж худалдаж аваад хувийн эмнэлэг энд тэндгүй байгуулаад байхаас биш энэ асуудалд анхаарал хандуулдаггүй. 10 мянган өвчтөнд оногдох эмчийн тоогоор Монгол дэлхийд нэгдүгээрт зогсдог. Монголд гадаадын эмнэлэг бууриа засаж, иргэдийг жуулчилж өгдөг байгууллага бий болчихлоо. Энэ нь өвчнийг багасгах бус харин ч бизнес болчихлоо шүү дээ. Монголд эрүүл мэндийн байгууллагыг одоогоор үнэ төлбөргүй байлгаж, эрүүл мэндийн даатгалын системийг боловсронгуй болгох хэрэгтэй. Иргэд эрүүл мэнддээ санаа тавьж тогтмол үзүүлж хэвшээгүй. Энэ нь ямарваа өвчнийг газар авахад нөлөөлж байна шүү дээ.
-Эмэгтэйчүүд умайн хүзүүний хортой хавдартай эсэхээ үзүүлэхэд бөөн шинжилгээ өгөх болдог гээд хойш суух нь их. Хялбар аргаар хийдэг шинжилгээ байдаг уу?
-Эсийн шинжилгээ нь хамгийн хялбар. Мазокийн шинжилгээ шиг түрхлэг аваад үздэг. Ямар ч өвдөлт өгдөггүй, энэ шинжилгээ нь дэлхийд батлагдсан шинжилгээ. Умайн хүзүүний хорт хавдар эрсдэлт өвчнүүдийн тэргүүнд бичигдэж байгаа тул эсийн шинжилгээг жилд нэг удаа өгөх хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарт тангараг өргөсөн, тамга тэмдэгтэй эмнэлгийн эмч нар иргэдээ эмчлэхээс илүү бизнес тал руугаа хэлтийчихлээ.Эрүүл мэндээ тоохгүй хэрнээ эд хөрөнгөдөө санаа их тавьдаг хүмүүс ч өнөө цагт олширсон. Эмч нар ажилдаа хариуцлагатай хандаж, өвчтөнөө эмчилж, эрүүл амьдруулахын тулд баталгаатай үзлэг хийх ёстой. Ажиглахад Монголчуудад өвчнөөс урьдчилан сэргийлэх бус эмнэлэгт хэвтэх сэтгэлгээ давамгайлах болжээ. Хүмүүс өвчин туссан л бол эмнэлэгт хэвтэж заавал эмчлүүлэх ёстой гэж ташаа ойлгоод байх юм. Гэтэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхгүйгээр өвчнөөс урьдчилан сэргийлж болохыг сайн ойлгоосой. Аливаа өвчнийг анагаахад эмчилгээ 20 хувь, 80 хувийг нь дэглэм гам сахиж эдгэрдэг. Гэтэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлчихээд, маргааш нь эрүүл болчихлоо гээд архи тамхи хэрэглээд эхэлдэг. Ингэх нь үр дүнтэй эмчилгээ болохгүй.
-Умайн хүзүүний хавдар өвчин газар авахад гэр бүлийн салалт, тогтворгүй амьдрал тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байх гэсэн бодол төрөөд байна л даа?
-Хавдар болгон өөр, өөр шалтгаантай. Харин умайн хүзүүний хорт хавдар хамгийн сайн судлагдсан, дэлгэрэнгүй мэдээлэлтэй байдаг тул шалтгааныг нь тодорхой хэмээн үздэг. Үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйл бол бэлгийн замбараагүй амьдрал. 1970-1980 оны үед хүн амын дунд газар авсан заг хүйтэн, яр тэмбүү зэрэг нийгмийн халдварт өвчнийг дарахын тулд Монгол Улс хууль цагдаагийн байгууллагатай хамтарч, өвчтөнүүдийг тусгай хяналтад авч, уйгагүй эмчилж эдгээж байсан. Нийгмийн хөгжил, орчин нөхцлөө дагаад одоо гэр бүлийн салалт, тогтворгүй амьдрал ихэслээ. 1970-аад оны үе шиг албадаж эмчилбэл хүний эрх зөрчсөн асуудалд тооцогдох болчихоод байна. Монголчууд худ ураг болох асуудалд тун гярхай, ухаалаг ханддаг ард түмэн. Ургийн бичээс хөтөлж, цус ойртохоос хамгаалж ирсэн. Гэтэл өнөө үед энэ байдал алдагдаж, гэр бүл болох асуудалд хөнгөн хайнга хандаж байна. Эрүүл амьдрахад энэ мэтчилэн эртнээс уламжилж ирсэн зан үйл, ёс заншил, нийгмийн хөгжил, мэдлэг боловсрол, ажиллаж, амьдрах орчин, нөхцөл, дадал хэвшил гээд олон зүйл нөлөөлж байдаг. Тиймээс иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх асуудал чухал болоод байна. Эмэгтэйчүүд жил бүр үзлэгт тогтмол орж, умайн хүзүүний хорт хавдар илрүүлэх үзлэг хийлгэх, гэр бүлтэй хүмүүс тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах, ганц бие охид бэлгийн олон хавьтагчтай залуустай нөхөрлөхөөс зайлсхийх, бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч заавал хэрэглэж, хорт зуршлыг тэвчих, боловсрол мэдлэгээ дээшлүүлэх нь умайн хүзүүний хорт хавдар хэмээх таагүй өвчнөөс өөрийгөө хамгаалах хамгийн сайн арга юм. Энэ нь дан ганц эмэгтэйчүүдийн асуудал биш. Эрэгтэйчүүд гэр бүлийн гадуурх болон тохиолдлын бэлгийн харьцаанаас татгалзаж, бэлгийн ариун цэврийг сахиж, эмэгтэйчүүдээ хайрлаж, гэр бүлдээ үнэнч байх ёстой. Ингэснээр гэр бүлээ уг өвчний эрсдлээс бүрэн хамгаалах боломжтой юм. Монгол хүн бүр өвчинд өртсөн хойноо харамсах бус харамсахаасаа өмнө сэргийлдэг болох хэрэгтэй шүү дээ.
-Та “Эмэгтэй танд” хэмээх ном хэвлүүлсэн шүү дээ. Энэ номонд эмийн ургамлаар олон өвчнийг анагаах тухай өгүүлсэн байдаг. Тухайлбал эмэгтэйчүүдийн өвчин, умайн хүзүүний шархлаа, мөн хоргүй, хортой хавдрыг эмийн ургамлаар хэрхэн эдгээж болохыг яриач?
-Тийм ээ. “Эмэгтэй танд” хэмээх номоо 2002 онд анх хэвлүүлсэн. Энэ номд олон янзын өвчнийг эмийн ургамлаар анагааж болдог тухай судалгаа хийж бичсэн юм. Энэ удаа эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог умайн хүзүүний шархлаа болоод, хорт хавдрын тухай ярьж байгаа болохоор энэ өвчнөөс сэргийлэхийн тулд ямар ургамал хэрэглэж болох талаар өгүүлье. Охид бүсгүйчүүд үтрээний үрэвслийг эмчлүүлэхгүй удах, умайн хүзүүний урагдал, жирэмснээс хамгаалах химийн эмийн бэлдмэл олон жил хэрэглэх, ерөндөг болон ураг хөндүүлэхэд умай хүзүүнд шархлаа үүснэ. Энэ нь даамжирсаар эцэстээ умайн хүзүүний хавдар болох эх суурь нь болдог. Сарын тэмдгийн мөчлөг алдагдах, умайн хүзүүний шархлаа болоод эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчний үед Алтан товч цэцгийг хэрэглэдэг. Энэ цэцэг нь нарийхан голлосон үндэстэй, 50 см хүртэл өндөр, олон салаалсан иштэй, нийлмэл цэцэгтний овгийн нэг наст өвслөг ургамал юм. Навч нь суумал цувраа байрлалтай. Алтан товч цэцэг өвөрмөц анхилуун үнэртэй. Зуны улиралд цэцэглэдэг тул Монголд тарималжуулахад тохиромжтой. Хавар зургадугаар сараас цэцэглэж эхлэнгүүт энэ цэцгийг гараар зулгаан түүж, сүүдэр газар байшингийн дээвэр, хонгилд эсвэл, +40 градусын хэмжээтэй дүйх хатаах шүүгээнд хатаана. Хоёр жилийн хугацаатай хадгалж хэрэглэдэг. Зөв бэлтгэж хатаасан цэцэг анхилуун үнэртэй байхаас гадна гашуувтар, хурц амттай байна. Алтан товчинд эфирийн тос, флавнойдууд, никотин изовалерион, терпен, сексвитерпен, камедь, гликозидууд, уургийн бодис, салс 3 циклт спирт, холин, өөхний тос, салицилийн хүчил, аскорбины хүчил, линолин зэрэг агуулагддаг.
-Энэ цэцгийг эмчилгээний чиглэлээр яаж хэрэглэж болдог вэ?
-Сарын тэмдгийн мөчлөг алдагдах , сарын тэмдэг хүчтэй ирэх, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин, умайн хүзүүний шархлаанд хэрэглэнэ. Чанамалыг 1-2 хоолны халбагаар цэцгийг авч, буцалсан халуун усанд хийж, 3-5 минут үргэлжлүүлэн буцалгаж идээшүүлнэ. Тунгааж шүүгээд хоолны халбагаар өдөрт хоол идэхээс өмнө ууна. Эцэст нь зөвлөхөд эмэгтэйчүүдийн өвчин эмгэг хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн соёл, мэдлэг боловсролтой их холбоотой. Нэгэнт илэрсэн өвчинг цаг тухайд нь эмчлүүлэх хэрэгтэй боловч мэргэжлийн эмчид өвдчихөөд очихдоо бус өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлж зөвлөгөө авч байх нь хамгаас чухал болохыг дахин сануулъя.
Умай хүзүүний хавдар өвчин ямар шинж тэмдэг, зовиураар илэрдэг вэ?
Умайн хүзүүний эсийн хэвийн бус өөрчлөлтийн үед гарах шинж тэмдэг байдаггүй тул зөвхөн эсийн шинжилгээгээр эмгэг өөрчлөлтийг оношилдог. Харин өвчний хожуу үед
-Бэлгийн хавьтлын дараа үтрээнээс цус гарах
-Үтрээнээс идээрхэг, эвгүй үнэртэй ялгадас гарах
-Хэвлийн доогуур, ууц нуруугаар чилж хөшиж өвдөх
-Гуя руу дамжиж өвдөх
-Тодорхой шалтгаангүй турах
-Бие сульдан, ядарч тамирдах шинж илэрдэг байна.
Умайн хүзүү нь бусад эрхтэн дотроос хамгийн мэдрэлжилт муутай (дүлий) эрхтэн тул зовиур шаналгаа мэдэгдэхгүй даамжирсаар байдаг. Хавдрын урьдал өвчин болоод эхэн үед биед ямар ч зовиур илэрдэггүй. Өөрт дээрх шинж тэмдэг бараг мэдэгдэхгүй болохоор эмэгтэйчүүд алгуурлаж цаг алддаг тал бий. Харин хүндэрсэн тохиолдолд энгийн үед ч цус алдана. Хажуу эрхтнүүддээ нөлөөлсөн бол үйл ажиллагаа нь өөрчлөгдөж хямарна. Хавдрын урьдал өвчин нь хөнгөн, дунд, хүнд хэлбэр гэсэн гурван үе шаттай. Дараагийн шат нь хорт хавдарт шилждэг.
Хавдар олон жилийн дараа илэрдэг
Умайн хүзүүний хавдар тийм ч хурдан үүсдэггүй. Суурь, урьдал өвчнүүдийн үе шатыг дамждаг. Үүнд 5, 10, 15 жил болж байж хавдар үүснэ. Энэ хугацаанд хавдрын өвчнөөс эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Эрт илрүүлвэл өвчин бүрэн эдгэрдэг. Эмчилгээ ч үр дүн сайтай байна.
Эмэгтэйчүүд энэ өвчнөөр өвчлөхгүйн тулд
Умайн хүзүүний хавдар, амны хөндийн, арьсны хавдруудыг ил хэлбэрийн хавдарт тооцдог. Бүсгүйчүүд эрүүл мэндийнхээ төлөө сэтгэл гаргаад эмчид хандаж, жил бүр эсийн шинжилгээ өгч байвал энэ өвчнөөс өөрийгөө хамгаалж чадна. Бэлгийн ариун цэврийг сайн сахиж, үрэвсэлт өвчнөө сайн эмчлүүлж, биеийн эсэргүүцлээ сулруулахгүй байх хэрэгтэй.
Эсийн шинжилгээ хийлгэхийн ач холбогдол
30, 33, 36, 39, 42, 45, 48, 51, 54, 57, 60 насны эмэгтэйчүүд эсийн шинжилгээ хийлгээрэй. Энэ шинжилгээ нь оношилгооны өндөр үр дүнтэй. Урт удаан цаг хугацаа шаардахгүй. Өвчтөнд ямар ч өвдөлт өгөхгүй, гэмтэл учруулахгүй. Тодруулбал үтрээнд толь тавиад, зориулалтын тусгай багажаар умайн хүзүүнээс арчдас авна.Эсийн шинжилгээ өгөх гэж байгаа бол үтрээний дотор угаалга хийхгүй, хоёр хоногийн өмнө бэлгийн харьцаанд ороогүй байх шаардлагатай.
Умайн хүзүүний хавдартай эмэгтэй хүүхэд төрүүлэх боломжтой юу?
Хэрвээ урьдал шатанд эмчлүүлвэл үр хүүхэдтэй болж болно. Харин умайн хүзүүний хавдраар өвчилсөн тохиолдолд хүүхэд төрүүлэх асуудал дэндүү оройтсон байдаг. Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор заавал PAP буюу эсийн шинжилгээ, умайн хүзүүний дурангийн шинжилгээ хийлгэх шаардлагатай. Хамгийн гол нь хавдар болохоос нь өмнө эрт илрүүлэх нь чухал. Уг өвчнийг эрт илрүүлвэл олон эмэгтэйн амь насыг авраад зогсохгүй олон гэр бүл, үр хүүхэд элэг бүтэн үлдэнэ.
Эсийн шинжилгээг хэзээ хийлгэвэл хамгийн тохиромжтой вэ?
Эсийн шинжилгээнд сарын тэмдгийн яг дунд үед орох нь хамгийн тохиромжтой. Хэрэв та цэвэршсэн бол хэзээ ч орж болно. Танд хэвийн бус цус алдалт, өвдөлт зэрэг шинж илэрвэл сүүлийн шинжилгээний хариу эрүүл гарсныг үл харгалзан эсийн шинжилгээнд орох хугацаагаа хүлээлгүй эмчид яаралтай хандаарай.
Умайн хүзүүнд хорт хавдар үүсдэг шалтгаан
Хавдар үүсэх үндсэн гурван шалтгаан бий. Хамгийн эрсдэл өндөртэй нь хүний папиллом (хөхөнцөр) вирусээр үүсэх явдал юм. Энэ вирус нь бэлгийн замаар дамжиж халдварладаг. Өөрөөр хэлбэл, замбараагүй бэлгийн хавьталд орох, бэлгийн замын өнгөний өвчин тусах, мөн олон хавтагчтай байх зэргээс үүдэж өвчин тусах магадлал өндөр. Вирус авахад эрэгтэй хүн дамжуулагч болдог байна. Тухайлбал, нэг эмэгтэй хүнээс вирус аваад өөр эмэгтэйд дамжуулан халдаадаг гэсэн үг юм. Тиймээс бэлгийн олон хавьтагчтай байх нь аюултай.Түүнчлэн эмэгтэй хүн олон удаа үр хөндүүлсэн болоод ямар нэгэн үрэвсэлт өвчтэй, ерөндөг удаан тавиулсан бол умайн хүзүүний хорт хавдар тусах эрсдэл ихэсдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Өвчин үүсдэг хамгийн сүүлчийн шалтгаан нь гормоны өөрчлөлт байдаг. Умайн хүзүүний хавдраар ихэвчлэн бэлгийн харьцаанд орсон эмэгтэйчүүд өвчилдөг. Тиймээс гол үүсгэгч нь бэлгийн замаар халдварладаг вирусын өвчин юм. Хэдийгээр вирусын гаралтай гэж үздэг боловч эрэгтэй хүн өөрөө уг хавдраар өвчилдөггүй харин вирус тараадаг.
Хүний хөхөнцөр вирус гэж юу вэ?
Хүний хөхөнцөр вирусээр халдвар авсан эмэгтэйчүүдэд умайн хүзүүний эсийн өөрчлөлт илэрч хавдар үүсдэг.Вирусын халдвар авсан хүнд ямар нэг зовиур илэрдэггүй тул зөвхөн эсийн шинжилгээнээс өөр ямар ч үзлэгээр оношлогдох боломжгүй. Хүний хөхөнцөр вирус бэлгийн хавьтлын үед умайн хүзүүний олон давхаргат хавтгай хучуурын суурин давхаргад нэвтрэн орж, вирусын бөөгнөрөл үүсгэснээр хэвийн эсүүд өөрчлөлтөд орж эсийн хувирал явагддаг. Ингэснээр хорт хавдар үүсдэг болохыг эрдэмтэд тогтоосон. Умайн хүзүүний хавдар үүсэхэд энэ вирус нөлөөлдгөөс гадна охид бэлгийн харьцаанд эрт орох, олон удаа үр хөндүүлэх,18 нас хүрээгүй байхдаа төрөх зэргээс хамаарч өвчилдөг.
Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх
Бэлгийн олон хавьтагчгүй байх, үр хөндүүлэлт удаа дараа хийлгэхгүй, жирэмслэлтээс хамгаалах ерөндөг удаан тавиулахгүй байх зэрэг олон арга бий. Уг өвчин нь бэлгийн харилцаанаас үүдэн өвчилдөг учраас эмэгтэйчүүд өөртөө хариуцлагатай байх хэрэгтэй. Бас бэлгэвч байнга хэрэглэх нь олон өвчнөөс хамгаалдаг гэдгийг санахад илүүдэхгүй.
Гэр бүлд нь умайн хүзүүний хорт хавдрын тохиолдол гарч байсан бол энэ эмгэг үүсэх эрсдэл мөн л нэмэгдэнэ гэсэн үг. Ээж, эсвэл эгч, эмэгтэй дүү нь умайн хүзүүний хорт хавдраар өвдөж байсан эмэгтэйчүүдийн хувьд энэ эрсдэл өндөр байдаг.
Умайн хүзүүний хорт хавдрын дийлэнх нь урьдал үеийн өвчнөөс үүсдэг болохоор урьдчилан сэргийлэх хоёр арга бий. Эхнийх нь хавдрын өмнөх байдал үүсэхээс сэргийлэх. Хоёр дахь нь хорт хавдар болохоос нь өмнө илрүүлэн эмчлэх эмчилгээ юм.
Өвчтөн хэдийчинээ хожуу эмнэлэгт хандана төдий чинээ эмчлэгдэх боломж буурна. Тиймээс эмэгтэйчүүд энэ талаарх боловсролоо дээшлүүлж, өөрийгөө эрүүл, зөв амьдрах мэдээллээр хангасан байх ёстой юм.
Г.Батцэцэг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт