ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Улаанбаатар хот 180 гаруй км ус зайлуулах шугамтай

    Улаанбаатарчууд улирал бүрт өөр өөр зовлонтой. Өвөл нь утаа, замын халтиргаа, хавар нь шар усны үерт автдаг. Зун нь бороондоо “урслаа”гэж зовнино. Өнгөрсөн жил бороо хур муутай гандуу байсан тул энэ зовлонгоос хол байсан. Сүүлийн хэд хоногийн бороо нийслэлийн хот төлөвлөлт, ус зайлуулах шугам сүлжээ, шуудуунд шалгалт хийсэн. Гэвч тун хангалтгүй байсан нь замын эвдрэл, болон иргэдийг уртын харайлтаар хичээллүүлсэн өдрүүдээс тодорхой харагдаж байгаа юм.

    АЖ АХУЙН НЭГЖИЙН БУРУУГААС УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ ГЭМТДЭГ

    Улаанбаатар хот нь дөрвөн уулаар хүрээлэгдсэн үерийн эрсдэлтэй бүсэд тооцогддог. Тиймээс үерийн аюулаас урьдчилан сэргийлж суваг, шуудуу, далангаа сайн барих хэрэгтэй хэмээн ярьдаг ч өнөөдрийг хүртэл энэ асуудлыг шийдэж чадаагүй байна. Шинээр суваг, шуудуу барьсан ч үүнийгээ анхаарахгүй байсаар хогоор дүүрдэг. Харин бороо орохоор нөгөө суваг, шуудуугаа ярьж эхэлдэг. Нийслэлийн хэмжээнд далд хэлбэрийн борооны ус зайлуулах шугам сүлжээ 180 гаруй км байдаг. Авто замын гадаргуугийн усыг 2,000 орчим худгаар дамжуулан авч зайлуулдаг талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлсэн юм. Гэвч бороо орох бүрт авто замууд усаар дүүрч машины хамраар татаж, явган зорчигчид руу ус цацрах нь энгийн үзэгдэл.

    Энэ онд 11 байршилд замын борооны ус зайлуулах шугамын ажил хийхээр болсон. Уг ажилд хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Сүүлийн байдлаар Усны гудамж, “И-Март” худалдааны төвийн уулзвар, Токиогийн гудамж, Ганц худгийн авто зам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам, Энхтайваны гүүрний зүүн талын төмөр зам доогуурх нүхэн гарцуудад ус зайлуулах шугамын ажил үргэлжилж байгаа юм. Жил бүр борооны ус зайлуулах далд шугам сүлжээ шүүрт болон үзлэгийн худгуудад цэвэрлэгээ, урсгал засвар, нөхөн сэргээлтийн ажил хийгддэг гэдэг.

    Ингэхэд зарим иргэн, аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан эвдрэл үүсдэг хэмээн албаныхан хэлдэг билээ. Аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй холболт хийж, худгийн ачааллыг нэмэгдүүлдэг, шүүрт худаг руу замын шороо болон хог хийж битүүрүүлэх, дур мэдэн барилга байгууламж барих зэргээс шалтгаалж борооны ус зайлуулах шугам сүлжээ хэвийн ажиллах боломжоо алддаг гэнэ. Нийслэлийг анх 600 мянга гаруй хүн амд төлөвлөн барьсан байдаг бол өдгөө хүн ам нь 1.3 сая хүрсэн байна.

    Жил ирэх тусам хөдөөгөөс хотыг зоригсдын тоо нэмэгдсээр байдаг. Нийслэлийн даац ийнхүү хэтэрсээр байгаа тул үерийн эрсдэлтэй газар буух нь түгээмэл болсон. Өнгөрсөн жил үерийн эрсдэлтэй нөхцөлд 2000 гаруй айл байсан бол энэ жил уг тоо өөрчлөгдөөгүй байгаа юм. Тэдгээрийн 1700 гаруй нь газар эзэмших, өмчлөх зөвшөөрөлгүй аж.

    ИРГЭДИЙН ГЭР, ХАШАА УСАНД АВТСАН ГЭХ ДУУДЛАГА ЗОНХИЛЖЭЭ

    Энэ сарын 17-нд Улаанбаатар хотод түр зуурын олон удаагийн давтамжтай орсон усархаг аадар борооны улмаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргийн авто зам, орон сууцны байрны орц болон зоорийн давхар айл өрхүүдийн гэр, хашаа, байшин усанд автсан байна. Мөн цахилгаан дамжуулах агаарын шугам унасан, авто зам дээр их хэмжээний лаг шавар зөөгдөн ирж автомашины хөдөлгөөнд саад учруулсан, иргэд усанд боогдсон. Энэ дагуу нийт 31 удаагийн дуудлага ОБЕГ-т очжээ.

    Нийт дуудлагын 73.3 хувь нь иргэдийн хашаа гэрт ус орсон, 24.9 хувь нь орц болон газар доорх зоорийн давхар усанд автсан, 1.8 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто зам усанд автсан зэрэг дуудлага байжээ.

    Өнгөрсөн 2015 онд хийсэн судалгаагаар манай улсад үер болбол 80 сая ам.долларын эдийн засгийн хохирол учирна гэсэн байдаг. Сүүлийн өдрүүдэд орсон борооны улмаас учирсан хохирол ч багагүй байгаа юм.

    Тухайлбал, Баян-Өлгий аймагт гарсан үер урьдчилсан тооцоогоор 10 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа юм. Тус аймагт 530 айл өрхийн 2,512 хүн гамшигт нэрвэгдэж, гэр, байшин, хашаа усанд автжээ. Ингэснээр тус газраас 225 өрхийн 1566 хүнийг аюулгүй газарт гаргаж, 185 өрхийн 668 иргэнийг найман байрлалд түр хоргодох байраар ханган, 58 өрхийг нүүлгэн шилжүүлж, таван км далан босгож, 300 метр шуудуу татсан. Тус аймагт тусламж үзүүлэх үүднээс таван ханатай наян гэр аваачсан байгаа. 2016 онд тус аймагт мөн үер болж 2.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байдаг.

    Баян-Өлгий аймгийг хонхор газар байрладаг үерийн эрсдэл хамгийн өндөртэй гэдгийг мэргэжлийн байгууллагаас аль хэдийн тогтоосон байтал яагаад өнөөдрийг хүртэл далан, ус зайлуулах шугам, суваг, шуудуу нь хангалттай байгаагүйг гайхах хүмүүс олон байна.

    Мөн энэ сарын 19-нд Өвөрхангай аймгийн нутгаар усархаг аадар бороо, хүчтэй салхины улмаас Өвөрхангай, Булган чиглэлийн “Хангайн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ,” ТӨХК-ийн харьяа Хархорин дахь 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын долоо, Архангай аймгийн Хотонт, Хашаат сумдад 35 кВ-ын 20, нийт 27 тулгуур багана унасан. Үүний улмаас Архангайн 14, Баянхонгорын 20, Булганы зургаа, Дундговийн хоёр, Өвөрхангайн 16, Хөвсгөлийн гурав, Төв аймгийн дөрөв буюу нийт долоон аймгийн 65 сумын цахилгаан тасарсан. Дээрх цахилгаан дамжуулах агаарын шугамыг өнгөрсөн Бямба гаригт засварласан. Урьдчилсан байдлаар 175 сая төгрөгийн хохирол учирсан.

    Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн зооринд ус орж гурван сая ам.долларын өртөг бүхий туяаны шинэ аппаратын суурь эвдэрсэн. Аппаратыг тус давхарт суурилуулах ажил үргэлжилж байсан бөгөөд мотор болон цахилгааны хэсэг нь усанд автаж, ашиглах боломжгүй болсон.

    Төв аймгийн Борнуур сумын гүүр эвдэрч, одоогоор хаасан. Сэлэнгэд төмөр зам дээр борооны улмаас чулуу овоорон вагон хоёр цаг саатсан. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Монелийн уулзвараас, Дарь эхийн зам хүртэлх зам эвдэрсэн. Тухайлбал, Монелийн уулзвар орчмын 330 метр чулуун замд үерийн усны улмаас цөмрөлт үүссэн. Энэ сарын 17-нд Баянзүрх дүүрэг үер буусны улмаас тус дүүргийн IX, XI хороонд хүн нас барсан юм. Хэдхэн хоногийн үргэлжилсэн борооноор энэ мэт хохирол улсын хэмжээнд амсав. Тэгэхээр урьдчилсан сэргийлэх нь чухал байна. Ядаж л Улаанбаатартаа замын ус зайлуулах хоолойгоо хангалттай хийхгүй бол иргэд нь машинтайгаа урсах нь.

    Эх сурвалж: Үндэсний шуудан 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй