Шинэ технологи
Нүүрсний талаарх нэгэн сонирхолтой судалгааг “Монголын геологич” сэтгүүлээс олж үзсэндээ ихэд олзуурхан, судалгааг хийсэн эрдэмтэнтэй уулзаж хөөрөлдөхсөн гэж бодож явсаар МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Геологи, геофизикийн тэнхимийн багш, дэд профессор, доктор Б.Эрдэнэцогттой саяхан уулзаж ярилцлаа.
-Нүүрсийг ямар ямар салбарт голчлон хэрэглэдэг вэ?
-Нүүрсийг хэрэглээгээр нь эрчим хүчний болон коксийн нүүрс гэсэн үндсэн хоёр бүлэгт хуваана. Коксийн (коксжих) нүүрс дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй, эрэлт ихтэй байдаг. Нүүрсний чанар өөр өөр байх тул зарим ордын нүүрс илүү сайн коксжино, зарим нь арай муу коксжино. Томоохон коксийн үйлдвэрүүд дунджаар 5-6, хамгийн дээд тал нь арав гаруй өөр ордуудын нүүрсийг хольж, холимог бэлдээд түүнийгээ коксжуулж, сайн чанарын кокс үйлдвэрлэдэг. Ингэснээр өндөр үнэтэй сайн чанарын коксжих нүүрсийг хэмнэж, чанар муутай, үнэ багатай нүүрс ашиглах боломжтой болно.
-Та Тавантолгой ордын нүүрсний холимог бэлдсэн судалгааны ажлынхаа талаар яриад байна уу?
-Тийм. Энэ судалгааг өнгөрсөн хавар хийсэн. Нүүрсний ордын газрын гадаргууд ойрхон хэсэг нь хөрсний уснаас болоод исэлдэн, чанар нь муудсан байдаг. Ийм нүүрсийг эрчим хүчний нүүрс байдлаар ашиглах боломжтой боловч, ихэнхидээ борлуулж чаддаггүй тул хаяхаас өөр аргагүй болдог. Манай нүүрсний бараг бүх уурхайнууд исэлдсэн нүүрсээ борлуулж чадахгүй байгаа тул овоолго болгоод орхиж байна. Тавантолгой ордын зөвхөн Цанхийн хэсэгт исэлдсэн нүүрсний хэмжээ 69 сая тонн байдаг. Энэ исэлдсэн нүүрс ирээдүйд хаягдал болж магадгүй байгаа тул өөр ордын сайн чанарын нүүрстэй холивол чанар нь дээшлэх эсэхийг, хэрэв чанар нь дээшилж байвал гадаад зах зээлд борлуулж болох эсэхийг судалсан.
Судалгаагаар Тавантолгойн исэлдсэн нүүрсийг Овоотын нүүрстэй холиход, уг холимогийн чанар одоо Тавантолгойн урагшаа гарган худалдаж байгаа нүүрснийхтэй ойролцоо болж байгаа нь тогтоогдсон. Мөн уг холимогоос гарган авч болох коксын чанар нь ч боломжийн төвшинд байхаар байна. Уг холимогийг Хятад болон Азийн зах зээлд борлуулах бүрэн боломжтой.
Ингэж коксжих чанар нь дээшлэхэд Овоотын нүүрс нөлөөлж байгаа юм. Овоотын нүүрс нь маш өндөр хөөлттэй коксждог нүүрс. Гэхдээ хар үгээр хэлэхэд хэт хөөдөг тул кокс нь бутрамтгай, хэврэг байдаг муу талтай. Ийм нүүрсийг муу хөөдөг нүүрстэй хольж, холимог бэлдэн, кокс үйлдвэрлэхэд ашигладаг. Өөрөөр хэлбэл, Овоотийн нүүрс шиг нүүрсийг зөвхөн донор нүүрс болгон, холимогт багахан хэмжээгээр ашигладаг гэсэн үг. Түүнээс гадна Тавантолгой болон Овоот ордууд нь коксжих нүүрсний нөөцийн хэмжээгээрээ Монголд эхний хоѐрт орох ордууд шүү дээ.
Манай нүүрс экспортолж буй компаниуд нүүрсний холимог бэлдэх талаар анхаарч, судлах хэрэгтэй болов уу гэж боддог. Уг нь холимог бэлдээд экспортолбол, манай компаниудад эдийн засгийн хувьд нэлээдгүй ашиг авчрах юм. Яагаад гэвэл, олборлож буй ордын хамгийн сайн чанартай хэсгийг нь олборлоод борлуулчихдаг. Гэтэл чанар арай муутай хэсэг нь борлуулах зах зээлгүйн улмаас үлдчих гээд байна. Сайн, муу хоёрыг хооронд нь холиход дундаж холимог гарч, борлуулагдахгүй байгаа нөөц эргэлтэнд орно. Ингэснээр тухайн ордын нөөцийг бүрэн, хаягдалгүйгээр ашиглах боломжтой болох юм
-Овоотын нүүрсийг заавал муу нүүрстэй холих ёстой гэсэн үг үү?
-Ер нь томоохон коксийн үйлдвэрүүд олон ордын нүүрсийг хооронд нь хольж, холимог бэлдээд түүнийгээ коксжуулдаг. Орд болгоны нүүрс өөрийн гэсэн өвөрмөц шинжтэй. Нөгөө талаас маш сайн чанарын коксжих нүүрсний нөөц нийт нүүрсний нөөцтэй харьцуулахад маш бага хэмжээтэй байдаг. Тиймээс өндөр үнээр зарагддаг. Харин муу коксждог нүүрс үнэ багатай, олдоц ихтэй. Коксийн үйлдвэрүүд олон ордын нүүрсийг хольж коксжуулдаг нь нэг талаас үнэ багатай олдоц ихтэй нүүрсийг ашиглаж, зардлаа бууруулахыг зорьдогтой холбоотой. Нөгөө талаас гангийн үйлдвэрүүд өөрийн гэсэн технологитой тул түүнд нь яг тохирох кокс үйлдвэрлэх шаардлагатай болдог. Технологид нь таарсан коксийг гарган авахын тулд олон ордын нүүрсийг холих хэрэгтэй болдог юм.
Мэдээж дуртай орд болгоны нүүрсийг хооронд нь хольж болохгүй. Хувирлын зэрэг гэх мэт олон шинж чанар нь ойролцоо нүүрсийг хольж коксжуулна. Жишээ нь, Багануурын нүүрсийг Тавантолгойн нүүрстэй холиод кокс гарган авч болохгүй.
-Хоёр нүүрсээ хольж хамгийн ойрын зах зээл болсон Хятад руу гаргаж үзсэн туршлага бидэнд бий юу?
-“Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс” компаниуд өөрийн олборлож буй ордын өөр өөр давхраасуудын нүүрсийг хольж, борлуулах талаар төлөвлөж буй ажлууд байгаа юм шиг байна лээ. Амьдралд хэрэгжүүлсэн эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Тавантолгой, Овоот хоёр ордын нүүрсийг холих талаар бол ажил хийгдээгүй байх.
Манай нүүрс экспортолж буй компаниуд нүүрсний холимог бэлдэх талаар анхаарч, судлах хэрэгтэй болов уу гэж боддог. Тийм ч учраас энэ судалгааг хийсэн юм. Уг нь холимог бэлдээд экспортолбол, манай компаниудад эдийн засгийн хувьд нэлээдгүй ашиг авчирна. Яагаад гэвэл олборлож буй ордын хамгийн сайн чанартай хэсгийг нь олборлоод борлуулчихдаг. Гэтэл чанар арай муутай хэсэг нь борлуулах зах зээлгүйн улмаас үлдчих гээд байна. Сайн, муу хоёрыг хооронд нь холиход дундаж холимог гарч, борлуулагдахгүй байгаа нөөц эргэлтэнд орно.
-Дээр дурдсан Тавантолгойн нүүрсийг Овоотын нүүрстэй холиход ямар хэмжээний зардал, ямар хэмжээний ашиг олох тооцоо гарсан бэ?
-Тойм тооцоог “Прожект майнинг” компанийн Баасанпүрэв гэж залуу хийсэн юм. Гэхдээ тэр тооцоог бараг жилийн өмнө хийсэн, түүнээс хойш нүүрсний үнэ нэлээн өөрчлөгдсөн тул дахиж тодруулах шаардлагатай. Тухайн үеийн тооцоогоор бол, жилд 10 сая тонн холимог бэлдэн, борлуулна гэж үзэхэд хөрөнгө оруулалтаа нэг жилийн дотор нөхөхөөр байсан.
-Үүнийг хэрэгжүүлэхэд юу саад болж байна?
-Нүүрсний холимог бэлдэх бол дэлхийд шинэ зүйл биш, харин Монголд бол шинэ зүйл болоод байна. Гэхдээ манай зарим компаниуд эхний алхмуудыг хийгдээд эхэлсэн гэж бодож байгаа. Удахгүй бодит ажил болох байх гэж найдаж байна.
Холимог бэлдэх нь зөвхөн Тавантолгойн хувьд чухал гэж бодож болохгүй юм. Нүүрс олборлож, экпортолж байгаа бүх уурхайн хувьд энэ зайлшгүй анхаарах ёстой зүйл. Цаашид Монголын аль аль ордуудын нүүрсийг, эсвэл ямар ордуудын аль аль давхраасуудыг хэр хэмжээгээр хольж болох вэ гэдгийг судлах шаардлагатай. Тавантолгойн хувьд бол эрчим хүчний нүүрсийг нь дан ганц Овоот гэлтгүй бусад ордын нүүрстэй, мөн Тавантолгой ордын өөрийнх нь давхраасуудтай нь хольж, коксжуулах судалгааг хийх хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Төв
.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт