Английн Лондон хотноо удахгүй болох Miss World тэмцээнд Монголоо төлөөлөн оролцох Т.Батцэцэгтэй уулзлаа. Тэрээр энэ сарын 18-нд Английг зорих юм.
Дэлхийн миссийн тэмцээн болоход бага хугацаа үлдлээ. Бэлтгэлээ хэр базаагаад байна. Дэлхийн миссүүдтэй өрсөлдөхөд бэлэн үү?
-Бэлтгэлээ сайн хийсэн. Сайн бэлдсэн учраас тэмцээндээ оролцоход бэлэн гэж хэлж болно.
Миссийн тэмцээний бэлтгэл гэж хэр их ажил байдаг юм бэ. Хүмүүс хувь оролцогчийн зүгээс хэрхэн бэлддэгийг тэр бүр сайн мэддэггүй. Ганцаараа бэлдэж байна уу, тусгай бэлдэж тусалж байгаа хүн байна уу?
Маш олон зүйлд өөрийгөө бэлдэх хэрэгтэй болдог. Тэр болгоныг энд хэлнэ гэвэл хэцүү байх болов уу. Өөрийн зүгээс хувийн бэлтгэлээ хангана, мөн Miss Mongolia тэмцээний зохион байгуулагчидтайгаа ч хамтарч бэлтгэж байгаа. Ямартай ч бэлтгэлээ сайн хангаж, тэмцээндээ оролцоход санаа зовох зүйлгүй болсон.
Манай улсыг төлөөлөн оролцож байгаа миссүүд эх орондоо санаачлан зохион байгуулсан хүмүүнлэгийн ажил дээрээ ихэвчлэн оноо алддаг. Хүмүүсийн сэтгэлд хүрэхээр хүмүүнлэгийн ямар ажил зохион байгуулав?
Африк гэх мэт нэн хэцүү амьдралтай орнуудтай харьцуулахад манай миссүүдийн зохион байгуулсан хүмүүнлэгийн ажил тийм ч чухал биш мэт харагддаг байж болох юм. Миний хувьд өнгөрсөн хугацаанд зүрхний өвчтэй хүүхдүүдэд туслахаар төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байна. Монголд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүд олон болж байна. Гэвч яг хэдэн хүүхэд ийм өвчтэй талаар нарийн судалгаа байдаггүй юм билээ. Зүрхний өвчин хүндэрсэн үед Монголд эмчлэх боломжгүй байна. Тиймээс би энэ өвчнийг сонгон хүүхдүүдэд туслахаар сэтгэл шулуудсан юм.
Тэмцээний хугацаа дөхөх тусам их догдолж, бас тэр хэрээр айдас төрж байна уу?
Мэдээж догдлолгүй яахав. Гэхдээ айхгүй байна. Бэлтгэлээ сайн хангасан, сэтгэл зүйгээ ч сайн бэлдсэн учраас. Өмнө нь олон тэмцээнд оролцож заавал нэг шагналтай ирдэг байсан болохоор энэ тэмцээндээ ч зорьсондоо хүрэх зорилготой оролцоно.
Ямар зорилго өмнөө тавьснаа хэлж болох уу?
Яг одоо бол нууцалмаар байна. Дотроо бодсон, зорьсон зүйл бол байгаа. Гэхдээ энд хэлэхээр өөртөө бардсан болчих вий гэж эмээж байна. Энэ асуултын хариултыг өөртөө үлдээчихэе.
Өмнө нь олон тэмцээнд оролцож байсны хувьд өөрт чинь нэг барагцаа , бас эмэгтэй хүн бүрт л байдаг зөн совин байгаа байх тийм үү?
Зөн совинтой шүү. Бас хувьдаа өөрийнхөө Дэлхийн мисс тэмцээнд гаргах амжилтыг ч төсөөлчихсөн л байгаа. Гэхдээ үүнийг одоо хэлээд хэрэггүй байх. Удахгүй тэмцээн болоход хүмүүс тэртэй тэргүй хариултыг нь олоод харчих болно.
Монголчууд өөрийг чинь нэлээд дэмжиж, “Дэлхийн мисс” –ээс энэ охин юм дуулгах байх гэж харж байгааг анзаарсан уу?
Хүмүүсийн надад өгсөн их итгэлийг мэдэрч байгаа. Анх “Miss Mongolia”-д орох үеэс л хүмүүс надад итгэж байгаа, дэмжиж байгаа нь мэдрэгдэж эхэлсэн. Олон ч хүмүүс надад одоо дэмжиж тусалж байна. Тийм ч учраас хүмүүсийн итгэлийг алдахгүй юмсан гэж л хичээж байна.
Дэлхийн 130 гаруй орны сайхан бүсгүйчүүд Лондонд цуглана. Өрсөлдөгчидөө хэр судласан бэ?
Судласан. Оролцох бүсгүйчүүдийн зураг, мэдээлэлтэй танилцсан. Гэхдээ зураг харах нэг ондоо, очоод уулзах, харах бас нэг ондоо шүү дээ. Тэгэхээр энэ жилийн тэмцээний өрсөлдөгчдийн тухайд очиж уулзаж байж л сэтгэгдэл, саналаа хэлэх хэрэгтэй байх.
Спорт, урлагт багаасаа сонирхолтой байсан гэж сонссон. Дэлхийн миссийн тайзан дээр ямар авьяасаа үзүүлэх вэ?
Багаасаа л урлаг спортод дуртай охин байсан. Тэмцээнд зориулж урлагийн номероо бэлдчихсэн байгаа. Нэлээд зүтгэл гаргаж бэлдсэн. Гэхдээ яг ямар номер бэлдсэнийг тайзан дээрээс л харвал илүү сонирхолтой болов уу.
Дэлхийн олон орны миссүүд дундаас Монголын миссийн онцлог, давуу тал юу байх вэ, юугаараа ялгарна гэж бодож байгаа вэ?
Мэдээж хамгийн том давуу тал, онцлог минь Монгол гэсэн улсын маань нэр байх болно. Тэнд намайг хэнч Батцэцэг гэж дуудахгүй Монголын мисс л гэж дуудаж, бас тэгж харна. Тиймээс Монгол Улсын маань их түүх, уламжлалт зан заншил тэр бүхэн миний бусдаас ялгарах давуу тал болно гэж бодож байна. Улсаа төлөөлөн тэмцээн уралдаанд оролцох үед нэрээрээ биш Mongolia гэж дуудуулах хэчнээн сайхан байдаг гээч.
Өмнө нь оролцсон тэмцээн бүртээ амжилт гаргаж заавал нэг сайн мэдээтэй ирдэг байсан. Үүний нууц юу вэ. Таныг гэрийнхэн чинь их сайн дэмждэг гэж сонссон?
Тийм ээ. Манай гэрийнхэн, найз нөхөд гээд намайг дэмждэг олон хүмүүсийн хүчгүйгээр би ийм амжилтуудыг гаргаж чадахгүй байсан. Аав, ээж маань намайг бүх төлөөр дэмждэг. Миний өөрийн зорилго, хатуужил, тэсвэр ч амжилт гаргахад нөлөөлсөн гэж боддог доо.
Олон улсын харилцааны чиглэлээр суралцдаг гэж сонссон, сургуулиа төгссөн үү. Цаашид мэргэжлээрээ ажиллах уу?
Өнгөрсөн хавар сургуулиа төгссөн. Мэргэжлээрээ ажиллах л байх. Гэхдээ яг одоо бол тодорхой зүйл хэлж мэдэхгүй нь. Хийх олон ажил, амжуулах зүйлүүд байгаа учир энэ талаар тэгж нарийн төлөвлөж амжаагүй л явна.
Та Шилмэл загварын ордонд багшилдаг. Нийгэм загвар өмсөгч, миссүүдийг ихэвчлэн хоосон толгойтой, буруу замаар хоолоо олж иддэг гэх ойлголт байдаг. Энэ талаар ямар хариулт өгөх вэ?
Иймэрхүү буруу ойлголт 2-3 жилийн өмнө нийгэмд байсан уу гэвэл байсан. Харин сүүлийн үед хүмүүс энэ талаар өөр ойлголттой болсон гэж би хараад байгаа ш дээ. Ер нь монгол хүмүүсийн дунд ямар ч тохиолдолд сайн ч бай муу ч аливаа зүйлээс өөг харах гэдэг, муу муухайг нь олж үзэх гэдэг зан байдаг юм уу даа гэж би боддог.
Жирийн иргэний хувьд манай нийгмийн сэтгэл эмзэглүүлсэн, үүнийг л хурдан шийдчихээсэй гэх ямар зүйл танд харагддаг вэ?
Агаарын бохирдол хамгийн хэцүү зүйл болоод байна. Өвөл хоолой ам гашуу оргиод гадаа алхахад ч хэцүү болчихлоо. Бас сүүлийн үед хүмүүсийн хүн чанар улам л муудаад байна. Хүн хүндээ итгэхэд хэцүү болж байгаа нь эмгэнэлтэй санагддаг. Хүн хүнээрээ байгаасай гэж би боддог, мөрөөддөг.
Та Дарханых. Танай хотоос олон мисс төрсөн?
Харин хүмүүс хэлдэг л юм. Дарханаас яагаад ийм олон мисс төрдөг юм бол гээд асуудаг. Гэхдээ би яаж энэ тухай мэдэхэв. Дарханаас төрсөн мисс гэж дуудуулах сайхан л санагддаг.
Найз залуутай гэж сонссон. Энэ чухал үед түүний дэмжлэг туслалцаа их байгаа байх?
Би найз залуугүй. Найз залуутай байсан. Гэхдээ одоо бол үерхдэг залуу байхгүй.
Түүний видёо танилцуулга:
Б.Сувд
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт