ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ц.Бодьцэцэг: Чихрийн шижин ”Чимээгүй тахал”

    Өнөөдөр чихрийн шижин өвчтэй тэмцэх дэлхийн нийтийн өдөр. Дэлхийд хамгийн түгээмэл болоод буй энэ өвчин Монголын хүн амын дунд газар авч байгаа нь  нийгмийг эмзэглүүлсэн асуудал боллоо. Энэ нь буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол, хэт таргалалт, нийгмийн стресст өртөх, ходоод, элэг, цөс, нойр булчирхайн өвчлөл ихэссэнтэй холбоотой. УКТЭ-ийн дотоод шүүрлийн булчирхайн их эмч Д.Бодьцэцэгтэй чихрийн шижин өвчин болоод, жирэмсний үеийн чихрийн шижин өвчний талаар ярилцлаа.

    Ц.Бодьцэцэг: Цусан дахь сахарын хэмжээ өдөр бүр, цаг минут тутамд өөрчлөгдөж байдаг

    -Сүүлийн үед хүмүүс чихрийн шижин өвчинд өртөх боллоо. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ өвчний талаар байнга сонсдог хэрнээ өвчлөөд байгаагийн шалтгаан юунд байна вэ?

     -Миний ажилладаг салбар чихрийн шижин өвчнөөс гадна дотоод шүүрлийн булчирхай, өнчин тархи, бөөрний дээд булчирхай, бамбай булчирхай, бамбайн ойролцоох булчирхай, нойр булчирхай, бэлгийн булчирхай гээд олон зүйл судалдаг. Цусны сахар хэвийн хэмжээнээс их болдог халдварт бус өвчин юм. Чихрийн шижин  өвчин нь архаг явцтай, удаан хугацааны эмчилгээ шаарддаг. Бодисын солилцоо алдагдан, глюкоз их хэмжээгээр үлдсэнээс цусан дахь сахарын  түвшинг ихэсдэг. Ийм үед глюкоз шээстэй хамт ялгарч эхэлнэ. Цусны сахар эрүүл хүнд 5.4 ммоль литрээс 110 мг/дл-ээс бага байх ёстой. Чимээгүй тахал мэт нүүрлэж буй чихрийн шижин өвчний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүмүүс өдөр тутам хэрэглэдэг хоол хүнсээ зөв сонгох нь чухал юм. Өргөн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний орцонд агуулагдах нүүрс ус, уураг, өөх тосны зохистой харьцааг мэдэж байх нь эрүүл амьдрахад ихээхэн тустай. Монголчууд зөв хооллож ирсэн өвөг дээдсийнхээ ухаан, сургаалийг дагаж мөрдөх цаг хэдийнэ болжээ. Энэ өвчин ганцхан Монгол бус дэлхийн нийтэд тархаж байна. Энэ нь буруу хооллолттой холбоотой. Энэ үгийг хэлэх амархан боловч үүний цаана маш том асуудал бий. Өнөө үед хөдөлгөөний хомсдолд орсон хүн их бий. Суурин амьдралтай бид гэрээсээ гарч машинд суугаад ажилдаа ирнэ. Ирчихээд ширээний ард суудаг ажилтай. Суугаа ажил хүнийг хөдөлгөөний хомсдолд оруулдаг. Хүмүүс хоол, хөдөлгөөн гэж ярьдаг бол би өвчтөндөө архи уухгүй, тамхи татахгүй байхыг зөвлөдөг. Архи, тамхинаас үүдэж үүссэн өвчин олон. Тэр дундаа архи нойр булчирхайн хор. Хүмүүс залхуу амьдарч болохгүй. Идэвхтэй хөдөлж, хөдөлмөрлөж сур. Бид хамтдаа эрүүл энхийн төлөө зүтгэж байж, аз жаргалтай амьдарна шүү дээ. Эрүүл байна гэдэг амьдралын баяр баясал, юугаар ч сольшгүй аз жаргал.  

     -Чихрийн шижин өвчинтэй хоол ямар уялдаатай вэ?

    -Бие махбодид нойр булчирхай хэмээх эрхтэн бий. Нойр булчирхай инсулин даавар ялгаруулдаг. Инсулины шүүрэл багасах, инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусан дахь глюкозын хэмжээ ихэсдэг. Энэ нь ам цангах, ойр ойрхон шээс хүрэх шинжээр илэрч, олон эрхтэн гэмтэн бодисын солилцоог хямраана. Хүний цусны глюкозын хэмжээ өдөр бүр, цаг минут тутамд өөрчлөгдөж байдаг. Энэ өөрчлөлтөд таны хэрэглэж буй хоол хүнс, хөдөлгөөн, хэрэглэж байгаа эм нөлөөлдөг. Үүнээс хамгийн чухал нь хоол хүнс юм.  

    -Цусан дахь сахарын хэмжээ багасаж, ихсэх байгааг хэрхэн мэдэж болох вэ?

    -Эмч А1с тестийг ашиглан  цусны сахарыг өнгөрсөн гурван сарын туршид хэр зэрэг байсныг процентоор гаргаж өгнө. Харин глюкометр буюу сахар хэмжигч багажаар цусны сахарын одоогийн түвшинг хэлнэ. Хоолны өмнө, хооллосны дараа цусны глюкозоо хэр зэрэг байгааг мэдэж болно. Хэрвээ А1с ойролцоогоор 6.5 хувь байвал энэ үед эмч танд ямар зөвлөгөө өгөхийг сайтар сонсоорой.

    -Өвчний шинж тэмдэг илэрсэн үед нүүрс усыг хэмжээнд нь яаж барих вэ?

    -Чихэр, сүү, жимс үр тариа зэрэг хүнсний бүтээгдэхүүнд нүүрс ус их агуулагддаг. Хүний бие махбодь нүүрс уснаас эрч хүч энергээ нөхөж авдаг. Мөн бусад олон төрлийн хоол хүнснээс цусны сахар ихэсдэг. Иймд өөрт тань хэдий хэмжээний нүүрс ус хэрэгтэйг хоолны эмчтэй тооцон олох нь чухал. Цусан дахь сахарын хэмжээг ихэсгэхгүйн барихын тулд нүүрс усны тооцоог гаргадаг. Нүүрс усыг хэмжих нь хоол болон хөнгөн зууш ямар хэмжээтэй хэрэглэхийг хэлж өгнө. Чихрийн шижинтэй өвчтөнд тодорхой хэмжээний нүүрс ус агуулсан бүтээгдэхүүн зайлшгүй шаардлагатай. Хоногт авах нүүрс усны хэмжээг тооцоход талхан нэгж гэсэн хэмжигдэхүүн чухал ач холбогдолтой. Нэг талхан нэгж нь 12-15 гр шингэдэг нүүрс ус агуулдаг. Тиймээс хоногт дунджаар 18-25 талхан нэгж хэрэгтэй.

    -Нэг талхан нэгжид юу юу багтдаг бол?

    -Нэг жижиг алим, нэг ширхэг тоор, дөрвөн ширхэг чавга, нэг аяга зэрлэг жимс, нэг тал гадил, гурван ширхэг чангаанз, гурван аяга попкорн, нэг тал зайрмаг багтдаг.

    Өлсөж байгаад их идвэл цусан дахь сахар гэнэт ихэсдэг

    -Хамгийн их нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнээс дурдаач?

    -Нэг цагариган талх 60 гр нүүрс ус (4 тн), нэг лааз сахартай кола 40 гр нүүрс ус (3тн), 680 гр жимс 90 гр нүүрс ус (6 тн) агуулдаг.

    -Тэгвэл ямар бүтээгдэхүүн нүүрс ус бага агуулдаг бол?

    -Навчит ногоон ургамлууд, бууцай, урт байцаа, шинцай, мөөг, улаан, ногоон чинжүү, зуны хурган гуад нүүрс ус хамгийн бага агуулагддаг. Өөрийнхөө идэх дуртай хүнсний бүтээгдэхүүнээ нэг бүрчлэн мэддэг байх нь зүйтэй юм. Цусан дахь сахараа тогтмол хэвийн хэмжээнд нь байлгаж чадсанаар чихрийн шижин өвчний хожуу гарах хүндрэлээс өөрийгөө сэргийлж чадна. Хоол болон хооллох цагаа нарийн баримтлах хэрэгтэй. Хоолны өмнө болоод хооллосны дараа цусны сахараа хэмжиж бай. Хооллосны дараа хэмжихэд олон үеийнхээс 50 мг/дл-с их байвал хэрэглэж буй нүүрс усныхаа хэмжээг багасгах шаардлагатай. Өвчтөн бүр өөрийн хяналтын карттай байх нь зөв юм. Картандаа өдөр тутам идсэн хоолныхоо цаг, хэмжээ, орц, сонголтыг бичиж тэмдэглэ. Тухайлбал, өглөө кофе, чанасан өндөг, цөцгийтэй талх, талх нэг зүсэм, нэг аяга жүүс уусан гэх мэт. Миний сахар 55мгр/дл-аар өссөн тул цатгалан байна, эсвэл дараагийн удаа жүүсээ багасгаж уух хэрэгтэй гэж өөртөө дүгнэлт хийх хамгийн чухал.

    -Хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгохдоо шошго, танилцуулгаас юуг олж мэдэх нь чухал вэ?

    -Орцын хэмжээ, нэг орцын доторх нүүрс усны хэмжээ, хоол болоод хөнгөн зуушны нүүрс усны хэмжээг олно. Сахар орлуулагч хэрэглэвэл нүүрс усны хэмжээг тогтвортой барьдаг. Сахараа хэмжээнд нь барихын тулд хоолоо тохируулж сур. Хоолны дараа сахараа 140 мг/дл барьж байх зорилго тавиарай. Хэрэв байх ёстой хэмжээнээсээ өндөр байвал нүүрс ус ихтэй хоолноос зайлсхий. Зарим хүн өлсөж байгаад их иддэг. Энэ нь маш буруу хэвшил. Үүний улмаас цусан дахь сахар гэнэт ихэсдэг. Тиймээс хоолоо зөв тохируулан хэрэглэж занш. Хэрвээ тохирсон хоол хэрэглэсэн үед өөрт хэрэгтэй нүүрс усыг битгий хасаарай. Танд хоногт 45-60 гр нүүрс ус буюу (3-4 тн) хэрэгтэй. Эрүүл хүнд өдрийн туршид цусны сахар 3,3-7,8 ммоль/л орчимд хэлбэлздэг. Өглөө өлөн үед 3,3-5,5, хоол идсэнээс хойш хоёр цагийн 3,3-7,8 ммоль/л байх ёстой

    -Чихрийн шижин өвчтэй хүн хяналтын дор хэрхэн хооллох вэ?

    -Ийм өвчтэй өвчтөнд эрүүл хооллолт чухал. Өвчтөнд олон төрлийн хоол хэрэгтэй. Тэр тусмаа өвчний хэв шинж II хэлбэрийн үед таргалалт, жин нэмэх асуудал адилхан зэрэгцэж явдаг тул тохирсон зөв хоол, олон төрөлтэй байх хэрэгтэй. Зөв хооллосноор цусны сахар бага байна, жин нэмэхгүй хэмжээндээ барьж чаддаг. Өөх тос холестрины түвшинг бууруулна. Артерийн даралтыг бууруулж, өвчний хожуу үеийн хүндрэлээс сэргийлж урт насална. Хооллох цагаа нарийн баримтлах нь хамгийн чухал. Өмнө нь чихрийн шижин өвчтэй хүмүүс хоолны дэглэм нарийн чанд, хатуу баримталдаг байсан. Өнөө цагт анагаах ухаан хөгжихийн хэрээр өвчтөн хоолны цэсээ чөлөөтэй сонгох болсон.  Хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнээ сонгож авахдаа сахар их, бага хэмжээгээр заавал байдаг гэдгийг санаарай. Өвчтөн  “Та тохируул, Та сайн хөдөлмөрлө, Та өөрийгөө сайн хяна” гэсэн гурван зарчим сайн баримтлах ёстой.

    Чихрийн шижиний II хэлбэрийн үед хүмүүс өвчнөө мэдэхгүй явсаар хүндрүүлдэг

    -Цусны сахарын түвшинг хэвийн хэмжээнд барьж байхад юу нөлөөлдөг вэ?

    -Хооллолт, инсулин, биеийн дасгал хөдөлгөөн, бухимдал, бусад шалтгаан нөлөөлдөг. 3,3 ммоль/л бага байхыг сахар багадалт, 8,0 ммоль/л их байхыг сахар ихдэлт гэнэ. Инсулины дутагдал нь цусанд сахарын түвшин ихдэлтэд хүргэдэг. Цусны сахар  9,0-10,0 ммоль/л-с их үед сахар шээсээр ялгарна. Ийм үед ойр ойрхон шээж, ам цангана, ядарч жин буурна, бие махбодь өөхөө шатааж эхлэхэд бодисын солилцооны үлдэгдэл хорт бодис кетон хуримтлагдана. Гэдсээр өвдөж, бөөлжис цутгана, шингэнээр бие засаж тураалд орох шинж тэмдэг илэрнэ. Биед чинь эдгээр шинж тэмдэг илэрвэл даруй арга хэмжээ авахгүй бол комд орох аюултай. Чихрийн шижин өвчин I хэлбэрийн үед илрэх шинж тэмдэг ховор, цусны сахар хэт өндөр байдаг. Чихрийн шижиний II хэлбэрийн үед эдгээр шинж тэмдэг аажим үүсдэг тул ихэнх өвчтөн мэдэхгүй явсаар хүндрүүлдэг.

    -Цусан дахь сахар юунаас үүдэж ихэсдэг юм бол?

    -Цусан дахь сахар ихсэхэд нүүрс ус их агуулсан хоол унд түлхүү хэрэглэх, инсулины дутагдал, цусны сахар бууруулах эм тогтмол хэрэглэхгүй, халдварт өвчинд өртөмтгий байх, антибиотик, гормоны бэлдмэл эмчийн зааваргүй удаан хэрэглэх, ямар нэгэн юмнаас цочин, айн түгших, биеийн хөдөлмөр зайлсхийх зэрэг зүйл нөлөөлдөг. Цусны сахар ихэссэн өвчтөн чихрийн шижин өвчний I хэлбэрийн үед шүтлэг шингэн их уудаг. Тиймээс хэт богино, богино хугацааны үйлчилгээтэй инсулиныг тохирсон тунгаар нэмэлт хийнэ. Шээсэнд кетон байгаа эсэхийг өдөрт хоёр удаа үзнэ. Үзэхдээ тусгай тууз ашиглан үзэх аргыг ашигладаг. Хэрвээ кетон илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй. Эмч үзэх хүртэл биедээ гарч буй өөрчлөлтүүдийг өөрөө сайн ажиглаж тэмдэглээрэй.

    -Кетоныг яаж илрүүлэх вэ?

    -Тусгай тест тууз ашиглана. Тухайлбал, туузыг шээсэн дотор дүрэхгүй, зөвхөн шээсийг дээрээс нь гоожуулна. Туузыг хайрцган дээр байгаа харьцуулах шкалтай шалгах нь зөв. Үүнээс гадна Оптиум эксид аппаратын тусламжтайгаар кетоныг цусанд үзэж болдог юм. Кетон гэдэг нь өөхний задралын үр дүнд үүсэж байгаа химийн бодис. Инсулин бага хэмжээгээр ялгарсны улмаас сахар эсэд зөөвөрлөгдөн очиж чадахгүй. Сахар эсэд байхгүйгээс өөхийг эс рүү оруулж энергийг сэлгэх эх үүсвэр болгодог.  

       Хоолны хачир, элдэв амтлагчаас татгалз

    -Чихрийн шижин өвчтөнд таргалалт сөргөөр нөлөөлдөг шүү дээ. Илүүдэл жин хаана хуримтлагддаг вэ?

    -Голдуу гуя, өгзгөнд өөх илүү хуримтлагддаг. Тарга нь гэдэс, хэвлийгээр хэт их байх нь сөрөг үр дагавартай. Эмэгтэй хүний бүсэлхийн тойрог 80 см орчим, эрэгтэй хүнийх ойролцоогоор 95 см-ээс дээш удаан хугацаанд байхыг төвийн таргалалт гэнэ. Энэ үед чихрийн шижин өвчинд илүү өртдөг. Хооллолтын хооронд битгий ид. Хооллох бүртээ нүүрс усаа тооцож хэрэглэ. Хэрвээ өвчтөн тарган бол бага ид. Давсны хэрэглээгээ багасга. Хоолны хачир, элдэв амтлагч, салатаас татгалз. Амттанд давс хэрэглэхгүй, архи, дарс, пивоноос хол байх, хүнснийхээ хэрэглээндээ цагаан будаа, цагаан талх, цагаан гурил гоймонг багасгаж, гурвалжин будаа, хар талх, хөц будаагаар орлуулаарай. Өдөр бүр өөртөө санаа тавьж, спортоор хичээллэн, хүнсний бүтээгдэхүүн сонгож авахдаа найрлага дахь нүүрс ус, уураг, өөх тосны хэмжээг сайн хянаж авч сурч занших чухал шүү.    

    -Цусанд сахар багасахаас хэрхэн сэргийлэх вэ?

    -Цусанд сахар хэт багасах үед их өлсөнө, анхаарал суларч, зүрх дэлсэн, толгой таллаж өвдөнө. Сэтгэл гутарч, толгой эргэн, нүд бүрэлзэнэ. Царай цонхийж, нойрмоглох шинж тэмдэг илэрдэг. Яг ийм үед хоолны дэглэм сайтар сахих шаардлагатай. Дасгал гимнастик хийх үедээ инсулин тунг багасган хийж, архи дарснаас бүрэн татгалзах хэрэгтэй. 

    -Чихрийн шижин өвчний II хэлбэрийн үед юу чухал хэрэгтэй байдаг вэ?

    -Хоол эмчилгээ, хөдөлгөөн, эмчилгээ хамгийн чухал. Энэ нь хоргүй, өртөггүй эмчилгээ юм. Гэвч танд эмч эмийн эмчилгээ зөвлөсөн бол бүү татгалзаарай.

    Чихрийн шижиний I хэлбэрийн үед инсулин эмчилгээг насан туршдаа хийлгэнэ

    -Өвчний ямар үед инсулиныг тарьдаг вэ?

    -Чихрийн шижиний I хэлбэрийн үед инсулин эмчилгээг насан туршдаа хийлгэж, өдөр бүр тариулна. Өвчний II үед инсулин тарих заалтаар тарина. Дунджаар өвчин эхэлснээс хойш 10 жил өнгөрсөн  тохиолдолд тариулна. Эмэнд тодорхой үр дүн өгөхгүй бол тарианд орно. Тариулахгүй олон жил явсны сайн гэж байдаггүй. Харин ч хүндрэлээс урьдчилан сэргийлж тариулсан нь зөв алхам болдог. Инсулин тариаг хийснээр бие махбодид нэмэлт нөөцтэй болох сайн талтай. Эс рүү сахар нэвтрэн орох боломжтой болно гэсэн үг.

    -Инсулиныг яаж хийдэг юм бэ?

    -Инсулиныг ууж хэрэглэж болохгүй. Учир нь ходоодны шүүрэл түүнийг задалж орхидог. Инсулиныг арьсан дор хийнэ. Хийхдээ үзгэн, энгийн 1 мл-ын шприцээр тарина. Зүүний уртыг жин их, жин багаас хамаарч сонгодог. Дунджаар 8 мм-ын зүү, 5-6 мм-ын зүү 12,7 мм-ын зүү байдаг. Ямар зүүгээр тарихыг эмч зөвлөнө.  Инсулиныг ихэвчлэн гэдэс, гуянд хийнэ.Арьсны үрчээтсэн хэсэгт хийхгүй. Толигор хэсгийг сонгож тарьдаг. Буруу хийснээс шимэгдэлтэд сөргөөр нөлөөлж хүндрэл гардаг. Тиймээс тариа хийх бүртээ тарих газраа өөрчилнө. Инсулин тариаг өвчтөн болгонд өөр өөр схемээр тарьдаг. Амьдралын хэв маяг, эрхэлж буй ажил, чихрийн шижингийн хэв шинж, хэлбэр, наснаас хамаардаг. Инсулиныг хадгалах үедээ бортгыг онгойлгож болохгүй. Хөргөгчний хаалганы доод тавиурт хадгална. Хөлдөөж болохгүй. Нарны тусгалтай газраас далд байлгана. Машины радиатороос хол байлгах хэрэгтэй. Алс хол нутагт байгаа өвчин инсулиныг тасалгааны хэмд хадгалж болно.

    Инсулины үйлдлийг сайжруулах эм: Бугуаниды, глюкофакс, сиофор, глитазон, актос, авандия.

    Инсулины ялгаралтыг өдөөн цочроож өгөх эм:

    Амарил, глюренорм, диабетон, глинидах, новонорм. Эмийн нэр, тунг өөрөө дур мэдэн хэзээ ч бүү солиорой. Өвчний I хэлбэрийн үед эмийг хоолтой хамт, эсвэл хоолны дараа хэрэглэнэ. II хэлбэрийн үед эмийг хооллохоос өмнө 15-30 минутын өмнө эсвэл хоолтой хамт хэрэглэнэ. Хоол идээд дараагийн хоол идэх хугацаанд сахар бууруулах эм ууж болохгүй. Тиймээс эм уухын өмнө эмийн заавар болон нэрийг сайн тогтоож уугаарай.

    Өвчний үед судасны хана удаан хугацаагаар гэмтдэг тул хөл амархан гэмтдэг

    -Чихрийн шижин өвчин захын мэдрэлын судсанд сөргөөр нөлөөлж, хөлийн хуруунуудыг гэмтээдэг гэж сонссон. Энэ тухай та яриач?   

    -Өвчний үед хөлөнд цусны эргэлт удааширч, арьсны мэдрэх чанар ихсэн төрөл бүрийн  бактери мөөгөнцөрт үрэвсэлд өртөмтгий болдог. Хөлд сахар бий болдог учир халдвар өсөн үржих таатай нөхцөл бий болгодог. Тиймээс өдөр тутам

    * Хөлөө сайн угааж бай

    * Хурц үнэртэй саван хэрэглэхгүй, зөөлөн үнэртэй саван сонгож хэрэглээрэй

    * Хөлөө усанд таван минутаас илүү байлгаж болохгүй

    * Хөлийн хуруунуудын завсрыг анхааралтай ажиглаж, шалгаж байх

    * Зөөлөн даавуун алчуураар хөлөө арчаарай.

    Хамгийн гол нь хөлийнхөө арьсны уян хатан байдлыг хадгалах нь чухал. Өвчний үед судасны хана удаан хугацаагаар гэмтдэг тул хөлийн арьс хуурай болж амархан гэмтдэг. Иймд зөөлрүүлэгч тос, тосон түрхлэг тогтмол хэрэглэ. Тод гэрэлтэй үед хөлөө анхааралтай үз. Хөлийн хуруунуудын завсрын арьсыг анхаарч, улан доороо толь тавиад шалгаарай. Хэрэв харахад хэцүү байвал хэн нэгэнд хандаж, туслалцаа хүс.Хөлөө шалгаж байхдаа арьсны урагдалт, шалбархай, цэврүү, шарх, арьсны өнгө өөрчлөгдөх, арьсны хүйтэн халууныг байнга шалгаж байх нь зүйтэй. 

    -Өвчний үед хөл өвдвөл ямар эмчилгээ хийх вэ?

    -Бага зэрэг зүсэгдсэн шарх байвал сулавтар уусмал фурацаллин, маргенцаар эхэлж сайн ариутгаж цэвэрлээд хуурай болтол боолт хийнэ. Шарх хоёроос гурван өдрийн туршид эдгэхгүй бол тусламж зайлшгүй авах хэрэгтэй. Өөрөө эмчлэх гэж оролдох нь сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй тул эмчид үзүүлж зөвлөгөө ав. Өвчтэй үед хөл нүцгэн явж болохгүй. Хөлс шингээж авдаг оймс хэрэглээрэй. Даавуун цэвэр оймс хөлийг хуурай байлгахад тусална, цусны эргэлтийг сааруулна. Оймсоо өдөр бүр сольж бай. Гутлаа зөв сонгож, өөртөө таарсан хэмжээг өмсөж байх хэрэгтэй. Хөлийн хумсаа хэт богино бүү ав. Хумсныхаа буланг бөөрөнхийлж авалгүй тэгш хэвээр нь үлдээ. Хорт зуршлаас татгалзаж, спортоор тогтмол хичээллэж заншвал өвчин хүндрэхгүй.   

                                

          Жирэмсний үеийн чихрийн шижин

    -Жирэмсний үеийн чихрийн шижин ямар хэлбэрээр илэрдэг вэ?

    -Жирэмсэн үед дааврын өөрчлөлт орсноор цусан дахь глюкозын зохицуулга хямрах эмгэгийг жирэмсний үеийн чихрийн шижин гэдэг. Жирэмсэн болсноос хойш төрөх хугацаанд үүсэж буй чихрийн шижинг үүнд хамруулдаг. Жирэмсэн эхчүүдийн тав орчим хувь нь цусан дахь сахарын хэмжээг хэвийн барьж чадахааргүй инсулинтэй байдаг. Өвчнийг эрт илрүүлэн, цусны сахарыг хэвийн хэмжээнд барьж, эмчилгээг даруй эхэлбэл эх болоод ирээдүйд мэндлэх хүүхдэд хүндрэл өгөхөөс урьдчилан сэргийлж чадна.

    -Үүнийг эрт илрүүлэхийн тулд сорил тавиулах шаардлагатай юу?

    -Жирэмсэн эхийн цусанд байх сахарын хэмжээ нь өлөн байх үед 5.5 ммоль литрээс их глюкозын ачаалалт сорил хийснээс хойш хоёр цагийн дараа үзэхэд 8.0 ммоль литрээс их байвал жирэмсний чихрийн шижин гэж үздэг. Жирэмсний үеийн чихрийн шижин өвчинг эрт илрүүлэхийн тулд глюкозын ачаалалт сорил тавьж үзнэ. Сорилыг хоёр аргаар хийдэг.

    Нэг. Жирэмсэн эхэд хоол идсэн байхаас хамааралгүйгээр 75 грамм глюкозыг 200 ммоль литр усанд уусгаж уулгаад, нэг цагийн дараа сийвэнгийн сахар хэмжиж үзнэ.

    Хоёр.Жирэмсэн эхийг урьд өдөр нь шинжилгээнд бэлтгэж, маргааш өглөө өлөн үед нь 200 мл глюкозын уусмал уулгаад, хоёр цагийн дараа мөн сийвэнгийн сахарыг тодорхойлж үзнэ. Хэрвээ эх өмнө нь жирэмсний диабет хэмээн оношлогдож, сорил хийсний дараа эрүүл гарвал 12 долоо хоногтойд сорилд дахин оруулна. Жирэмсэн байх үеийн чихрийн шижинг эрт илрүүлэх сорилыг тогтмол хийх нь нарийн мэргэжлийн эмчийн анхаарах чухал асуудлын нэг.

    Чихрийн шижингийн II хэлбэр оношлогдоогүй үед эмэгтэйчүүд жирэмслэх тохиолдолд их байдаг

    -Жирэмсэн эх өвчний үед ямар дэглэм барих вэ?

    -Тухайн эх жирэмсэн байх хугацаандаа төдийгүй төрсний дараа таван жил нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байна. Өвчнийг чихрийн шижин, эмэгтэйчүүдийн эмч давхар хянана. Хоолзүйч эмчээс зөвлөгөө авч, сургагч багшийн хичээлд дөрвөөс зургаан удаа сууж, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

    -Жирэмсний үеийн чихрийн шижин өвчин эдгэрдэг үү?

    -Төрсний дараа бүрэн эдгэрч болдог. Гэхдээ өвчний 10-50 хувь нь таван жилийн дараа чихрийн шижингийн II хэлбэрт шилждэг тулд төрсний дараа эх жин ихтэй бол хасах шаардлагатай. Төрөхөөсөө өмнө дасгал, хөдөлгөөнөө сайжруулж, спортоор идэвхтэй хичээллээрэй.

    -Чихрийн шижингийн I, II хэлбэрийн өвчтэй эх жирэмсэлбэл ямар эмчилгээ хийлгэх вэ?

    -Инсулин эмчилгээ хийлгэнэ. Энэ үед эмчилгээний менежмент сайн байх шаардлагатай. Өвчтөн хоолны өмнө, хоолны дараа, унтахын өмнө цусны сахараа өдөр бүр үзүүлнэ. Өлөн үеийн цусны сахарыг 5.5 ммоль литрээс бага, хоолны дараа хоёр цагийн дараах сахарыг 7.0 ммоль литрээс бага барьж байх ёстой. Жирэмсний эхний гурван сард инсулины 4-5 удаа тохирсон тунгаар килограмм жинд бодож тарина. Хийх тунг диабетолог эмч тохируулна. Чихрийн шижингийн II хэлбэр оношлогдоогүй үед эмэгтэйчүүд жирэмслэх тохиолдолд их байдаг. Энэ үед хүндрэл их гардаг тул урьдчилан сэргийлэлтийг эрт эхлэх хэрэгтэй. Чихрийн шижингийн  II хэлбэрийн өвчтэй эх жирэмсэлбэл сахараа хатуу хяналтад байлгана. Сахаржсан гемоглобины шинжилгээг хэвийн хэмжээнд барьж, артерийн даралт буулгах эм эмчийн зөвлөснөөр ууна.

    Сахар цусанд ихсэж, багасдаг тул төрөлтийг эмч хариуцлагатай удирдана

    -Жирэмсэн эхчүүдэд гардаг хүндрэл?

    -Өвчний хожуу үед нүд болоод бөөрний хүндрэлтэй эмэгтэй жирэмсэлбэл амаргүй. Энд эх, үрийн амь насны тухай томоохон асуудал яригдаж байна шүү дээ. Эх хэт өндөр, эсвэл хэт бага сахартай байвал амь насанд нь аюултай. Чихрийн шижингийн  I, II хэлбэрийн өвчтэй жирэмсэн эх нарийн мэргэжлийн эмчийн хяналтад төрөх ёстой. Төрөх явцад эхийн сахар цусанд ихсэж, багасаж болдог. Тиймээс төрөлтийг эмч хариуцлагатай удирдана. Зарим эх хугацаанаас өмнө хоёроос гурван долоо хоногийн өмнө төрөх тохиолдол байдаг.

    -Төрсний дараа эх юунд анхаарал тавих вэ?

    -Төрсний дараа цусан дахь сахараа тогтмол хэвийн хэмжээнд барина. Эх хүүхдээ хөхөөр хооллох нь зүйтэй. Харин хэрэглэж буй хоол хүнсээ зөв тохируулан, эмчийн зөвлөгөөний дагуу төмрийн бэлдмэл, иодын нэмэлт бэлдмэл хэрэглэх шаардлагатай.

    -Жирэмсний чихрийн шижингийн үед ямар хоол хүнс хэрэглэж болох вэ?

    -Хар гурил, хар талх, хивэг, хөц будаа, алим, лийр, өргөст хэмх, байцаа, лууван, вандуй, булчин махаар хийсэн хоол түлхүү хэрэглээрэй.

    Хоолоо усанд чанан, ууранд жигнэж боловсруулах нь хамгийн тохиромжтой

    -Хориглох хоол хүнс?

    -Амьтны гаралтай өөх тосоор баялаг хоол, хиам, дотор мах, маргарин, самрын тос, гахай, хонины мах, лаазалсан бэлэн бүтээгдэхүүн, шарсан тахиа, давсалсан загас, тосонд чанасан боорцог, шар тос, айраг, чихэрлэг зүйл хориглоно. Мөн жигнэмэг, гурилан бүтээгдэхүүн, жимсний чанамал, зөгийн бал, хийжүүлсэн ундаа, зайрмаг, квас, усан үзэм, банан хэрэглэж болохгүй. Хоол амтлагч хэрэглэхээс аль болох татгалзаарай. Хоолоо усанд чанах, эсвэл ууранд жигнэж боловсруулах нь хамгийн тохиромжтой.

    -Жирэмсний чихрийн шижин өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

    -Эрүүл зөв хооллож, идэвхтэй дасгал, хөдөлгөөн хий. Илүүдэл жингүй байж, хорт зуршлаас татгалзаж сураарай.

                                                                                             Г.Батцэцэг

                                                                                                                                         

     

     

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй