Түүний найруулж буй "Буруугүй буруутан" жүжиг 10 сарын 4-нд олны хүртээл болно.
-“Буруугүй буруутан”олны хүртээл болох өдөр ойртсоор. Энэ жүжиг танд хойшдоо олон бүтээл туурвих урам өгсөн гэж бодож байна?
-Өөрийгөө найруулагч гэж бардам хэлж чадахгүй. Найруулагч хүн олон зүйлийн тухай уншиж судалсан байж хүний амьдралын тухай өгүүлнэ. Би одоо 27 настай. Амьдралд дөнгөж хөл тавьж байна. Туршлагатай уран бүтээлчид жүжигт тоглох болохоор надад дэмтэй л байна. Би найруулагч болох хүсэл өвөртөлж, театрын босгоор алхсан. Түүнийхээ төлөө зүтгэж буй. Найруулагч гэж хэлүүлэх амархан, сайн найруулагч байна гэдэг хэцүү. Бүтээл нь өөрийг нь олонд таниулж, нэрийнх нь хуудас болж чадсан найруулагчийг сайн гэж хэлэх байх. Харин хүмүүс юу найруулсныг мэдэхгүй бол тэр хүн өөрөө, өөртөө л найруулагч шүү дээ.
-Энэ жүжиг нэрнээсээ л сонирхолтой санагдсан. Бидний амьдарч буй нийгэмд “Буруугүй буруутан” улам л олшроод байх юм?
-Энэ жүжгийн зохиолыг Ардын жүжигчин А.Очирбат гуай бичиж, нэрийг нь өгсөн. Миний хувьд сайн найруулагчтай хамтарч ажилласандаа баяртай байгаа. Хүн буруугүй хэрнээ буруутан болох тохиолдол амьдралд олон. Эцэг, эх үр хүүхдүүдийнхээ төлөө муу зүйл хийхийг хэзээ ч хүсдэггүй. Харин ч аз жаргалтай, өөдрөг явуулахын төлөө бие, сэтгэлээ багагүй чилээдэг. Жүжигт гэрлэх гэж байсан хосыг аав, ээж нь янз бүрийн зүйл ярьж ятгасаар салгадаг. Ийм зүйл амьдралд байж л байдаг. Хүнд хамааралтай бүх зүйлийг өнөөгийн нийгэмд зохиож болж байна шүү дээ. Аав, ээж хүүхдүүддээ сурах сургууль, эзэмших мэргэжил, ажиллах байгууллага, ямар бүсгүйтэй гэрлэж, хэдэн хүүхэдтэй болохыг нь хүртэл заасаар. Үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө санаа тавих нь эцэг эхийн буруу биш. Гэхдээ үр хүүхдийнхээ хувь заяаны өмнө тэд буруутан болдог. Амьдрал заримдаа хүсэх тусам хясдаг тохиолдол бий. Эцэг эхийнх нь хүслээр бүх зүйл болсон нь амьдралд биеллээ олж хэрэгжих нь ховор. Жүжгийн зохиолыг уншаад өөрийнхөө ертөнцөд олж харсан зүйл ерөөсөө энэ. Юутай ч уг бүтээл намайг үзэгчидтэй холбох гүүр боллоо, харин би гүүрээр хэрхэн алхаж, хүмүүст үнэлэгдэхийг цаг хугацаа л харуулна. Аливаа зүйл хоёр талтай. Найруулагчийн хувьд магтаал, шүүмжлэлийн аль алийг нь сонсох биз.
-Хавар толилуулах бүтээлээ намар хүртэл сойсон нь нэлээд нухацтай бодсоных биз?
-Эхэндээ ханцуй шамлаад л хурдан толилуулчихъя гэж яараад байлаа. Тэгтэл Б. Баатар найруулагч “Чи чинь галзуураа юу. Энэ жүжиг чиний найруулах анхны бүтээл. Өөрөөрөө туг тахихыг хүсээ юү” гэсэн. Би түүний шударга зан, аливаа зүйлийн голыг олж хэлдэгт дуртай. Надад энэ хүний ухаан, мэдрэмж, ур чадвараас суралцах зүйл их бий. Хэдэн зууны амьдралыг бүтээлээрээ олоод харчихсан авьяастай найруулагчдын дэргэд байж суралцана гэдэг миний хувьд том аз. Театрын дөрвөн найруулагчаас дөрвөн өөр ертөнц олж хардаг. Дотоод ертөнц нь өвөрмөц, арга барил нь давтагдахгүй. Тэдний хэлсэн, хийсэн, туурвисан бүхэн надад хичээл болж байна.
-Театрт ирээд хэнийх нь бүтээлд анх туслах найруулагчаар ажилласан бэ?
-Ч.Түвшин найруулагчийн “Норовын намтар”. Түүнтэй зохиолыг нь бичихээс авахуулаад тайзан дээр толилуулж дуустал нь хамт байсан. Дараа нь Н.Наранбаатар найруулагчийн “Эцсийн зогсоол зөвхөн чи”, Б.Баатар ахын “Дон Кихот” жүжиг дээр хамтарч ажилласан. Найруулагч бүрээс суралцсан зүйл чамгүй бий.
-Өөрийгөө 20 жилийн дараа гээд төсөөл дөө?
-Надад 30 жил найруулагчаар ажиллах зорилго тэмүүлэл бий. Урлагт зүрхээ зориулсан бол гарч чаддаггүй гэдгийг би мэдэрсэн. Намайг театрт ороход туслах найруулагч Э.Батхүү “Би жилийн чөлөө авсан. Чи намайг иртэл ажлыг маань хийж байгаарай. Чамд найдлаа” гэж хэлсэн. Туслах найруулагчийн ажил амаргүй. Театрт тавигдсан уран бүтээлүүдэд байнга оролцоно. Гэхдээ би ажилдаа дуртай. Жилийн дараа Батхүү ах ирээд надаас “Чи театрт ажилламаар байна уу” гэхэд нь “Тийм ээ, ажилламаар байна” гэж хариулсан.
-Ингэхэд яаж яваад урлагийн адармаатай ертөнцөд хөл тавьчихав?
-Би Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрж өссөн. Аав, ээж минь насаараа мал дагасан. Хүүхэд байхдаа урлаг гэдэг зүйлийн тухай зүүдлээ ч үгүй явлаа. Хөдөөгийн амьдралд ойр өссөн болоод ч тэр үү уяач болно гэж боддог байв. Нэг өдөр адуунд яваад иртэл аав “Миний хүү аавынхаа амьдралаар амьдрах хэрэггүй. Залуу насандаа хот суурин газар бараадаж, эрдэм сур” гэж хэлсэн. Удалгүй гэрийн гадаа машин ирж, би их хотын зүг жолоо залсан түүхтэй. Намайг явахад аав минь “Хүний газар олонтой эвсэг яваарай. Таван үгний цаанаас хүний тар танигддаг юм шүү. Үг хэл, үйл хөдлөлөө хянаарай” гэж захисан. Аавынхаа захиасыг одоо ч мартаагүй явна. Хөдөө байхдаа малын бэлчээрт лимбэ тоглож, өдрийг өнгөрүүлдэг байлаа. Хөгжмийн аялгуу хүний сэтгэлийг татах ямар гайхалтай увдистай болохыг тэр үед мэдэрч билээ. Аравдугаар ангиа дүүргээд, СУИС-ийн жүжигчний ангид элсэлт өгч тэнцсэн дээ.
-Зун урт өдрүүдэд юу хийж өнгөрүүлэв?
-Хавар төлөвлөгөө гаргаж, намар болтол юу хийж, амжуулах талаар их бодсон. Надад алсдаа ОХУ-ын Москва хотод найруулагч мэргэжлээр суралцах бодол бий. Би Лхасүрэн багшийн отгон шавь. Багш маань Москвад найруулагч мэргэжлээр суралцаж дүүргэсэн байдаг. Зун орос хэл үзэж, ном уншин, судалгаа хийж өнгөрүүлсэн. Ном унших олон давуу талтай. Юмыг олон талаас нь бодож дүгнэлт хийдэг. Хэн нэгний найруулсан бүтээлийн эх зохиолыг уншиж, гол дүр, үйл явдлыг тухайн хүнийхээр бус өөрийнхөө ертөнцөд олж хардаг. Ном уншихад өдөрт хоёр цаг заавал зарцуулдаг. Анх “Нора” жүжгийн зохиолыг уншчихаад зохиолч Хенрик Иохан Ибсений авьяасаар их бахархсан. Тэрбээр зохиолдоо хүний дотоод сэтгэлийн нандин харилцааг хөндөж гаргасан байдаг.
-Уяач болно гэж боддог байсан хүүгээ театрын найруулагч болсныг хараад аав тань баярласан л байх?
-Би нутагтаа, Хэрлэн голдоо очилгүй уджээ. Нутагтаа очиж амжихгүй намайг сайн явбал аав, ээжийн минь магнай тэнийж, адуу манаж өгснөөс дутуугүй баярладаг. Малчин хүний хөдөлмөр ямар хүнд байдгийг хүүхэд байхаасаа мэднэ. Хэрвээ надад монгол ёс заншил, нүүдлийн амьдралын өвөрмөц хэв маягийг харуулсан бүтээл найруулах санал тавьбал дуртай зөвшөөрнө. Хотод ирчихээд нутгаа их үгүйлдэг байж билээ. Тэр дундаа адуугаа их санана. Цайзад байдаг түлээний зах дээр очоод адууны хомоол үнэртээд зогсчихно. Тэр үеэ бодвол одоо би хотожсон байна.
-Эхнэр тань уран бүтээлч гэл үү?
-Бид СУИС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр дүүргэсэн. Одоогоор эхнэр маань охиноо хараад гэр зуур байгаа. Ирэх жилээс уран бүтээлийнхээ ажилд орно.
-Өөрт байгаа давуу чанараа ганц удаа ч гэсэн магтаач?
-Хүн өөрийгөө таньдаггүй гэдэг үг бий. Гэхдээ нэг зүйл эхэлвэл ард нь гарч байж санаа амардаг зантай. Дундаас нь орхисон удаагүй. Энэ зан, чанарыг хэн нэгнээс сураагүй. Аав, ээжийн минь үйл хөдлөлөөрөө надад үлгэрлэж заасан амьдралын хичээл. Би ээжийнхээ зан чанарыг илүү дуурайсан. Манай ээж ажил зугалган хийвэл дахиад эхнээс нь хийлгэдэг. Дахиж хийхгүйн төлөө хичээдэг байсан маань хожим юманд тууштай хандаж сурахад нөлөөлсөн. Хүн ямар ч үед өөрийгөө хэн бэ гэдгээ мартаж болохгүй. 27 насандаа амьдралаас олж харсан зүйл багагүй. Тэр харсан зүйлүүдээ хэтдээ уран бүтээл болгох бодол бий.
Г.Батцэцэг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт